Бишопын зөвлөл
Би бусдыг төлөвлөгөө гаргахад нь хэрхэн дэмжих вэ?


“Би бусдыг төлөвлөгөө гаргахад нь хэрхэн дэмжих вэ?” Зөвлөгөө өгөх эх сурвалж (2020).

“Би бусдыг төлөвлөгөө гаргахад нь хэрхэн дэмжих вэ?” Зөвлөгөө өгөх эх сурвалж

Зөвлөгөө өгөх эх сурвалж

Би бусдыг төлөвлөгөө гаргахад нь хэрхэн дэмжих вэ?

Сүмийн удирдагчийн хувьд танд порнографын хэрэглээний эсрэг тэмцэж буй хүмүүс, тэдний хань ижил, эцэг эх, бусад хүнд дэмжлэг үзүүлэх онцгой боломж байна. Таны дэмжлэг порнографын хэрэглээтэй холбоотой гутамшигт байдлыг багасгахад тусална (Вэнди Улрич, “Сул дорой байх нь нүгэл биш,” Ensign, 2015 оны 4-р сар, 30–35-ыг үзнэ үү).

Олон хүн порнографын донтолтыг даван туулах хувийн төлөвлөгөө гаргаж, даган биелүүлснээр амжилтад хүрдэг. Порнограф үзэж байгаа хүн болон түүний хань эсвэл гэр бүлийн гишүүний аль аль нь эдгэрэх тусгай төлөвлөгөө гаргах хэрэгтэй байж магадгүй. Хувийн илчлэлт эрэлхийлэх, хариулт олох, төлөвлөгөө гаргаж, дагах зэрэг нь хувь хүн бүрийн үүрэг юм. Удирдагчийн хувьд та хүмүүсийг төлөвлөгөө гаргахад урамшуулж, дэмжих боломжтой ч төлөвлөгөө гаргах, үр нөлөөг үнэлэх нь хүмүүсийн үүрэг хариуцлага юм.

Та хувь хүмүүс, тэдний хань ижил эсвэл гэр бүлийнхэнтэй сүнслэгээр өдөөгдсөн ярилцлага хийх замаар тэднийг энэ хэцүү сорилтыг даван туулах төлөвлөгөө гаргахад дэмжих боломжтой. Хүмүүсийг өөрчлөгдөх төлөвлөгөө гаргаж байх үед та тэднийг дараах арга замаар дэмжиж болно. Үүнд:

  • Христэд анхаарлаа төвлөрүүл.

  • Бусдыг оролцуул.

  • Тохиромжтой эх сурвалж ашигла.

Христэд анхаарлаа төвлөрүүл

Хүмүүсийг урагшлахад туслах олон арга байдаг боловч удирдагчийн хувьд та бусдыг Христэд ирж, сүнслэг эдгэрлийг олж, Бурхантай болон зан байдлаасаа болж гомдоосон хүмүүстэйгээ эвлэрэхийг хичээхэд нь туслах үүрэгтэй.

Та хүмүүсийг төлөвлөгөө гаргахад урамшуулахдаа, тэднийг Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлэхэд нь туслахыг хичээгээрэй. Тэнгэрлэг Эцэгт дуулгавартай байснаар ирдэг адислалуудыг таньж мэдэхэд бусдад тусал. Тэднийг Есүс Христийн Цагаатгалын адислалуудыг хүртэж, гэрээгээ сахихад урамшуул. Тэднийг төлөвлөгөөгөө хэрэгжүүлж мөн сайжруулж байхад нь Сүнсний удирдамжийг эрэлхийлэхэд урь.

Аврагчид хандахад нь хүмүүст туслахыг хичээгээрэй. Тэр бол хүч чадлын дээд эх үүсвэр бөгөөд туйлын мэргэн ухааныг эзэмшдэг. Тэрээр хүн нэг бүрийг тус тусад нь мэддэг бөгөөд хайрладаг. Хүмүүс Их Эзэнд хандсанаар Тэрээр энэ асуудалд хэрхэн хандах талаар тэднийг удирдан чиглүүлж, тэдэнд тохинуулах болно. Хүмүүсийг болон тэдний хань ижлийг хэрхэн дэмжих, тэдэнд Аврагчтай харилцаагаа бэхжүүлэхэд нь хэрхэн туслах талаар сүнслэг удирдамж эрэлхийл.

Бусдыг оролцуул

Порнограф нууц байдалд хөгжиж, ихэвчлэн гутамшигт байдлыг тэтгэж байдаг. Хүмүүсийг бусадтай холбоо тогтооход урамшуулах нь тэдэнд хүч чадал мэдрэхэд тусалдаг. Хүмүүс болон тэдний хань ижил хамтдаа өөрсдийг нь мөн өсөлт хөгжлийг нь дэмждэг хүмүүсээс бүрдсэн дэмжих системийг бий болгох нь чухал юм.

Шаардлагатай дэмжлэгийн цар хүрээ, шинж чанар тухайн хүний онцлогоос хамаардаг. Порнографыг хэдхэн удаа үзсэн хүний хувьд асуудлыг арилгахад бага цаг хугацаа, гаднын багахан тусламж хэрэгтэй байж болно. Энэ нь түүний хань ижилд ч ийм байж болох юм. Гэвч порнографыг удаан хугацааны туршид ханьдаа мэдэгдэхгүй үзсэн эсвэл порнографыг бүр илүү их үздэг болсон хүний хувьд илүү их цаг хугацаа, илүү их тусламж хэрэгтэй болно. Түүний хань ижилд мөн илүү их цаг хугацаа, илүү их тусламж хэрэгтэй болж магадгүй.

Гэр бүл

Хайр, дэмжлэг, удирдамжийг гэр бүлийн гишүүдээс авч болно. Хүмүүсийг порнографтай холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ эхнэр, нөхөр, эцэг эх эсвэл төрөл садныхаа хүч чадлыг ашиглахад уриал. Гэсэн хэдий ч хүмүүс гэр бүлийн гишүүдийн мэдэрч буй зовлон шаналлыг анхаарч үзэх хэрэгтэй. Хүмүүсийг өөрсдийг нь дэмжихэд бэлэн байгаа гэр бүлийн гишүүдээсээ дэмжлэг хүсэхэд уриал. Порнографын хэрэглээ ихэвчлэн нууц байдалд өрнөдөг тул болгоомжтой илчлэх нь эдгэрэхэд тустай байж болох юм. Гэрлэсэн, сүй тавьсан, гэрлэхээр амлалт өгсөн хосуудын хувьд илчлэх нь чухал.

Тохиромжтой эх сурвалж ашигла

Хувь хүн порнограф хэрэглэхэд ихэнхдээ олон хүчин зүйл нөлөөлдөг. Хэдийгээр сүнслэг эмчилгээ чухал боловч энэ нь хүмүүст хэрэгтэй цорын ганц тусламж биш байж болох юм. Мөн тэд биологи, сэтгэл зүй, нийгмийн нөлөөлөл зэрэг амьдралынхаа бусад хүчин зүйлд анхаарах шаардлагатай болж магадгүй. Амьдрал дахь бусад нөлөөллийг арилгахад шаардлагатай тусламжийн талаар бодож үзэхэд хүмүүсийг зохих ёсоор уриалаарай. Эдгээр тусламжид найдвартай вэбсайтууд мөн эрүүл мэндийн болон сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд гэх мэт эх сурвалжуудыг багтааж болно.

Мэргэжилтнүүд

Порнографыг амьдралаасаа авч хаяхаар оролдохдоо маш их хүчин чармайлт гаргасан ч туйлын бага амжилтад хүрсэн тохиолдолд эмнэлгийн болон сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд хэрэгтэй болж магадгүй. Итгэлийг нь эвдсэн үйл явдалтай тулгарсан ханьд нь ч гэсэн ийм төрлийн тусламж хэрэгтэй байж болох юм. Тэд порнографыг даван туулах төлөвлөгөөндөө хэнийг хамруулахаа сонгохдоо сайн мэдээний жишигт нийцүүлэх ёстой.

Технологи

Олон янзын онлайн хэрэгсэл хүмүүст порнограф үзэхээр уруу татагдах байдлаа эсэргүүцэхэд тусалж магадгүй юм. ChurchofJesusChrist.org сайтын “Addressing Pornography” хэсгийн Support Guide: Help for Spouses and Family of Those in Recovery, Сүмийн хэвлэл мэдээллийн сувгууд, fightthenewdrug.org гэх мэт зарим хэрэгсэл хэрэгцээтэй мэдээллийг өгдөг. Зарим цахим эх сурвалж хандалтыг хянах эсвэл хаах шүүлтүүр зэргээр дамжуулан хөндлөнгөөс оролцдог бол fortify.com гэх мэт бусад эх сурвалж зохион байгуулалттай оролцоогоор хангадаг.

Үр дүнтэй төлөвлөгөөний хэсгүүд

Төлөвлөгөө гаргахдаа хүмүүсийг дараах зүйлийг анхаарахад уриал. Үүнд:

  • Төлөвлөгөө бичиж, тодорхой үйл ажиллагаа, зорилгоо ойлгомжтой дурдаж, дараа нь шаардлагатай бол төлөвлөгөөгөө хуваалцаж, үнэлж, тохируул.

  • Бэрхшээлтэй тулгарсан ч гэсэн хэрхэн тууштай байхаа тодорхойл.

  • Өөрийнхөө ахиц дэвшлийг гэр бүлийнхээ итгэл хүлээсэн гишүүн, найз эсвэл Сүмийн удирдагчид тайлагнах хариуцлагын төлөвлөгөө гарга. Хариуцлагын тайланг заавал бишоптой хамт гаргах шаардлагагүй.

  • Төлөвлөгөөнүүдийг үнэлж, биелэлтийг нь шалгахад эхнэр, нөхөр, эцэг эх, гэр бүлийн гишүүн эсвэл өөр хүнийг урь. Төлөвлөгөөнүүд хэр сайн хэрэгжиж байгааг хэн нэгэнд тогтмол тайлагнах нь тустай байж болох юм. (“What do I need to focus on to overcome my pornography habit?”-г үзнэ үү.)