Бишопын зөвлөл
Эхнэр, нөхрийн зөрчилдөөн


“Эхнэр, нөхрийн зөрчилдөөн,” Зөвлөгөө өгөх эх сурвалж (2020).

“Эхнэр, нөхрийн зөрчилдөөн,” Зөвлөгөө өгөх эх сурвалж.

Эхнэр, нөхрийн зөрчилдөөн

Амжилттай мөнхийн гэрлэлтүүд Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл, Түүний сургаалыг дагах үндэс суурин дээр үүсдэг.

Бүх төрлийн харилцааны нэгэн адил гэрлэлтэд зөрчилдөөн гарах болно. Гэхдээ заримдаа хосууд санал зөрөлдсөнөөр харилцааныхаа хүч чадлыг бууруулж, нэг нэгэндээ хохирол учруулдаг. Удирдагчийн хувьд та зөрчилдөөнийг өөрөө шийдэх гэж оролдохоос илүүтэй хосуудын өөрсдийн хүчин чармайлтыг дэмжих хэрэгтэй. Хариуцлага, үнэнч байдлыг урамшуул, ингэснээр гэрлэсэн хосууд Ариун Сүнснээс удирдамж авч, ялган таних чадвартай болно.

Ойлгохыг эрэлхийл

Эхнэр, нөхрийн аль алиныг бие биенээ сонсож, ойлгодог байхад туслах нь таны өгч чадах аливаа зөвлөгөөний нэгэн адил чухал юм. Та эхнэр, нөхрүүдтэй ярилцахдаа Аврагчийн адил хайрлах, өрөвдөх сэтгэлээ илэрхийлэхээ мартуузай. Нөхцөл байдлыг илүү сайн ажиглаж, ойлгох мөн хэрэгцээг нь олж мэдэхэд туслах дараах асуултуудыг эхнэр, нөхөр тус бүрээс эелдгээр, хайраар дүүрэн байдлаар асуух талаар залбиран байж бодож үз. Зүгээр л сонсох цаг гаргахад бэлэн бай.

  • Танд яг одоо ямар асуудал байна вэ?

  • Таны гэрлэлтийн хамгийн их санаа зовоодог зүйл юу вэ?

  • Та гэрлэлтийн гэрээнийхээ талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ?

  • Ta энэ асуудлыг ханьтайгаа хэр нээлттэй ярилцаж байна вэ эсвэл нээлттэй ярилцахад бэлэн байна уу?

  • Та өөрийн хүссэн хүн, хүссэн хань байж чадаж байна уу?

  • Та Тэнгэрлэг Эцэгтэй харилцаагаа сайжруулахын тулд юу хийж байгаа вэ?

  • Та өөрсдийн харилцаан дахь зөрчилдөөнд хэрхэн нөлөөлсөн байж болох вэ?

  • Сайн мэдээний ямар зарчим асуудлыг шийдэж болох вэ?

  • Та асуудлыг шийдвэрлэхэд туслахын тулд юу хийхэд бэлэн байна вэ?

  • Та харилцаандаа юуг уучлах эсвэл уучлуулах хэрэгтэй байна вэ?

  • Танд туслах ямар дэмжлэг үзүүлэх эх үүсвэр эсвэл бусад эх сурвалж байна вэ?

  • Та Аврагч Есүс Христэд хандаж, Түүний авралын хүчийг хүртэхийн тулд юу хийж чадах вэ?

Хувь хүнд тусал

Та хосуудад туслахдаа тэднийг тулгарч буй бэрхшээлүүдийг шийдвэрлэх шийдлийг олох үүргээ ухамсарлаж байгаа эсэхэд анхаар. Дараах зөвлөмжүүдийн заримыг авч үзэхдээ хосуудад хайр халамжаа зохих ёсоор илэрхийл.

Гэр бүлийн харилцаан дахь эхнэр, нөхөр тус бүрийн хувь хүний хувьд хүлээх үүрэг, хариуцлагыг онцлон тэмдэглэ. Өөрийнхөө зан авирыг шударгаар үнэлж, наманчлах төдийгүй сайжруулах шаардлагатай арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авдаг эхнэр, нөхрийн гэрлэлтийн харилцаа сайжирдаг.

  • Эхнэр, нөхрийн хэн нь ч өөр хэн нэгнийг өөрчилж чадахгүй, гэхдээ итгэл, хүчин чармайлт, Бурханы тусламжтайгаар хүн бүр өөр өөрийн зүрх сэтгэлийг өөрчилж чадна гэдгийг ойлгоход тусал.

    Өөрийн хүссэнээр үйлдэхийг шаардах, ёс суртахууны хувьд дээрэнгүй байдлаар ярих, өөрийгөө зөвтгөх зэргээс зайлсхийхийг эхнэр, нөхөр бүрээс хүс.

    Эхнэр, нөхөр бүрийг энэ харилцаанд хань ижил нь юу мэдэрч байгааг эргэцүүлэн бодож, өрөвдөн энэрэх сэтгэлээ хөгжүүлэхэд тусал. Тэднийг асуудлаа хамтдаа ярилцахад урь.

Хосуудад нэгнээ уучлах шаардлагатай ямар нэгэн зүйл байгаа эсэхийг бодож үзэхэд тусал.

Гэр бүлийн зөрчлийг илэн далангүй хэлэлцэхийн тулд эхнэр, нөхрийн аль аль нь аюулгүй гэдгээ мэдэрч байгаа эсэхийг нягтал. Заримдаа эхнэр, нөхрүүд бие махбод, сэтгэл санааны хувьд аюулгүй гэж боддоггүй тул шууд харилцахаас татгалзаж болзошгүй.

  • Гэр бүлийн харилцаанд болон гэр оронд тодорхой хил хязгаар тогтоох сүнслэг удирдамжийг авч чадна гэдгийг ойлгоход тусал.

  • Эхнэр, нөхөр бүр зөвхөн өөрийн зан байдлыг хариуцах бөгөөд хүчирхийллийн ямар ч зан байдлыг тэвчих ёсгүй гэдгийг ойлгуул.

  • Хэрэв та ямар нэгэн хүчирхийлэл байгааг мэдвэл иргэний эрх бүхий байгууллагуудтай холбоо барь. Бишопын хувьд мөн тусламжийн утас руу хандах боломжтой. Хүчирхийлэл (Хохирогчид үзүүлэх тусламж), Хүчирхийлэл (Хэрэгтэнд үзүүлэх тусламж) зэрэг эх сурвалжийг үзнэ үү.

Хэрэв гэрлэсэн хосод нэмэлт тусламж хэрэгтэй бол тэдний хооронд үл ойлголцол үүсэхээс урьдчилан сэргийлж, үнэнч шударга байдлыг дэмжихийн тулд боломжтой үед хамтдаа мэргэжлийн туслалцаа авахыг нь дэмж.

Хосыг болон гэр бүлийг дэмж

Эхнэр, нөхрийн зөрчилдөөн гэр бүлийн бүх гишүүнд нөлөөлдөг. Гэр бүлийн бусад гишүүнд үзүүлж буй зөрчилдөөний нөлөөллийг тодорхойлж, үүссэн асуудлуудад анхаар.

Харилцааны эрүүл хэв маягийг дэмж (“Хайраар харилцах,” Гэрлэлтийг бэхжүүлэх нь: Хосуудад зориулсан эх сурвалжийн удирдамж [2006], 4, 7-г үзнэ үү).

  • Хосуудад бие биенээ шүүмжлэх, үл тоомсорлох гэх мэт сөрөг, хор уршигтай харилцааны хэв маягийг таньж, өөрчлөхөд тусал.

  • Ханиа хурдан уучилж, бие биенээсээ уучлал хүсэхэд уриал.

  • Хосуудад “чи” гэхээсээ илүү “би” гэж өөр лүүгээ хандахад тусал. Жишээлбэл, “Чи надад хайргүй” гэхийн оронд “Чамаас хариу сонсохгүй бол надад өөртөө итгэлгүй, хайрлагдаагүй юм шиг санагддаг.” Эсвэл “Би хэзээ ч зөв зүйл хийж чадахгүй юм шиг сэтгэгдлийг чи надад төрүүлдэг” гэхийн оронд “Би чиний шаардлагад үргэлж тэнцэхгүй байгаа юм шиг санагддаг” гэх мэт.

Эхнэр, нөхрүүдэд бие биенээ адил түвшний хамтрагч гэж авч үзэхийг зөвлө.

  • Хосуудыг шударга, нээлттэй, бие биенээ хүндэлдэг байхад уриал.

  • Эхнэр, нөхрүүдийг чухал, хэрэгцээтэй мэдээллийг хуваалцаж, уг мэдээлэл рүү нэвтрэх боломж олгоход уриал.

  • Хосын хувьд санал нэгтэй шийдвэр гаргахад урамшуул.

  • Гэрлэгсдийг аль нэг нь давамгайлах эсвэл нэгнээ гэрлэлт дэх хоёрдугаар зэргийн хамтрагч гэж харьцах, иймэрхүү уламжлалт эсвэл түүхэн зан заншлуудаас зайлсхийхэд уриал. Эдгээр зан заншил сайн мэдээний зарчмуудтай зөрчилддөг бөгөөд эхнэр, нөхрүүд үүнийг зөв зан үйлийн хэв маягаар солих хэрэгтэй.

Хосод итгэлийн хэв маяг, гэр бүлийн хил хязгаар, бусад зан заншлыг үнэлэхэд нь туслаарай.

  • Гэр бүлээрээ Сүмийн цуглаанд оролцох, долоо хоног бүр гэр бүлийн үдэш хийх, хувиараа болон гэр бүлээрээ залбирах, судар судлах, гэр бүлээрээ хооллох цаг гаргах зэргийн талаар ярилц.

  • Эхнэр, нөхрүүд хэвлэл мэдээллийн болон цахим хэрэгсэл ашиглах нь тэдний харилцаанд хэрхэн нөлөөлж байж болох тухай ярилц.

  • Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал медиа, цахим төхөөрөмж зэргийг ашиглахад хил хязгаар тогтоохыг хосуудад зөвлөөрэй. Хань ижилдээ нууц үгээ өгөх, сошиал медиа хэрэглээгээ ил тод байлгах, интернэтийн аливаа нууц хэрэглээтэй байхаас зайлсхийхийг дэмж.

  • Эхнэр, нөхөр бүрийг хань ижлийнхээ нандин итгэлийг хөсөрдүүлэх эсвэл зохимжгүй зан байдал гаргах замаар бусадтай холбогдохоос зайлсхийхэд урамшуул.

Хэрэв тухайн гэр бүл хүүхдүүдтэй бол тэд эцэг эхийнхээ харилцаанд санаа зовж, түгшиж магадгүй юм. Тулгарч болзошгүй бэрхшээлүүдийг давж гарахад нь тэдэнд туслаарай.

  • Хосуудад тэдний маргадаг асуудал, санал зөрөлдөөн хүүхдүүдэд нь ямар нөлөө үзүүлдгийг ойлгоход тусал.

  • Хосуудыг зөрчилдөөн нь улам бүр хурцдаж байгааг хүүхдүүддээ зохих ёсоор мэдэгдэхийг хүс. Ингэснээр хүүхдүүд уг зөрчилдөөний үр нөлөөг дангаараа даван туулахгүй байх болно.

  • Зөрчилдөөнөө арилгахын тулд хэрхэх талаар хүүхдүүдийнхээ насны онцлогт тохируулан тэдэнтэй тус тусад нь ярилцахыг эхнэр, нөхрүүдээс хүсээрэй.

  • Хэрэв та хүүхдийг хүчирхийлэх эсвэл гэр бүл дэх хүчирхийллийн талаар олж мэдвэл нэн даруй иргэний эрх бүхий байгууллагуудад ханд. Бишоп энэ нөхцөл байдлуудыг шийдвэрлэхийн тулд тусламж хүсэж болох тусламжийн утастай байдаг.

Хосыг бие биетэйгээ болон хүүхдүүдтэйгээ харилцаагаа сайжруулахад нь туслах боломжтой эх сурвалжуудыг тогтооход урь.

  • Хосыг гэр бүлийн зөрчилдөөнөө арилгахад туслах авьяас билиг, ур чадвар, холбоо хамаарал, эх сурвалж, гэр бүлийн гишүүд, бусад эх үүсвэрийн жагсаалт гаргахад урь.

  • Зөрчилдөөний эсвэл тодорхой маргааны аль нэг талд эх сурвалж эсвэл хүмүүсийг оролцуулахаас зайлсхийхийг хосод зөвлө.

Гадас, тойргийн нөөц бололцоог ашигла

Нөхцөл байдлын талаар бусадтай ярилцахын тулд хосын зөвшөөрлийг авсныхаа дараа тогтмол дэмжлэг, зөвлөмж, туслалцаа үзүүлэхийг тойргийн удирдагчдаас эсвэл бусад итгэмжлэгдсэн хүнээс хүсэх талаар бодож үзээрэй.

Сүмийн цуглаанаас гадуур нэмэлт ангиудыг зохион байгуулах эсвэл зөвлөгчийг Strengthening Marriage, Strengthening the Family хичээл, сургалтын материалуудыг ашиглан уг хостой ганцаарчлан уулзуулах боломжийн талаар бодож үз.

Бишопын удирдлаган доор энэ хосын зөвлөгч болж болох итгэл хүлээсэн хосыг тодорхойл. Энэ хос ижил төстэй бэрхшээлийг амжилттай даван туулсан байвал илүү тохиромжтой боловч сүнслэг байдлын хувьд төлөвшсөн, энэрэнгүй ямар ч хос дэмжлэг тусламж үзүүлж чадна.

Мэргэжлийн тусламж эсвэл зөвлөгөө өгөх үйлчилгээнд хандахыг уг хосод зөвлөхийг бод. Сайн мэдээний зарчмуудын дагуу үйлчилгээ үзүүлдэг орон нутгийн эх сурвалжуудыг олж мэд.

  • Гэр бүлийн үйлчилгээний алба (боломжтой бол) удирдлагуудад зөвлөгөө өгч, танай орон нутаг дахь эх сурвалжуудын талаар зөвлөгөө өгөх боломжтой.