Семинар
16-р хэсэг: 3 дахь өдөр, Алма 13


16-р хэсэг: 3 дахь өдөр

Aлмa 13

Оршил

Алма хүмүүсийг наманчилж, Их Эзэний амралтад ороход нь туслахын тулд Мелкезедек санваарт томилогдсон дээд пристүүдийн талаар Аммонайхагийн эсэргүүцэгч хүмүүст заав. Тэрээр хүмүүстээ наманчлахад нь болон амар амгаланд ороход нь тусалсан Мелкезедекийн үлгэр жишээг ярив. Алма Аммонайхагийн хүмүүст итгэл найдвараар дүүрэн байж, Их Эзэний амралтад ороход бэлтгэгдэж болохын тулд өөрчлөгдөхөд нь туслан тэдэнд заахыг хичээв.

Алма 13:1–12

Алма Аммонайхагийн хүмүүст дээд пристүүдийн дуудлагын тухай заасан нь

  1. Дараах эшлэлийг уншаад асуултуудад хариул:

    “Бурхан мөнх бус байдлын өмнөх сүнсний дэлхийд зарим сүнснүүдийг мөнх бус амьдралынх нь үед онцгой үүрэг гүйцэтгүүлэхээр томилсон юм. Үүнийг урьдчилсан томилолт гэдэг.

    “Урьдчилсан томилолт нь хувь хүмүүс тодорхой дуудлага эсвэл ажил үүрэг хүлээж авна гэсэн баталгаа биш юм. Мөнх бус байдлын өмнөх амьдрал дахь зөв шударга байдлын үр дүнд урьдчилсан томилолт ирсэн шиг сонгох эрхээ зөв шударга ашигласны үр дүнд энэ амьдралд ч мөн тийм боломжууд ирдэг” (True to the Faith: A Gospel Reference [2004], 69).

    1. Мөнх бус байдлын өмнөх амьдралд хийгдсэн сонголтууд болон урьдчилсан томилолт хоёр хоорондоо ямар холбоотой вэ?

    2. Мөнх бус амьдралын үед хийсэн сонголтууд урьдчилсан томилолтод хэрхэн нөлөөлдөг вэ?

Хэдийгээр Алма 13-т санваар атгагчдын талаар яригдаж байгаа ч, Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл мөнх бус байдлын өмнөх амьдралд эгч нарт ч мөн хүндтэй дуудлагууд өгөгдсөнийг бидэнд ийн сануулжээ: “Биднийг энд ирэхээс урьд, өмнөх дэлхийд итгэлтэй эрэгтэйчүүд санваарын тодорхой үүргүүдэд урьдчилан томилогдсон хэдий ч итгэлтэй эмэгтэйчүүдэд ч бас тодорхой үүргүүд өгөгдсөн гэдгийг санаарай” (“The Role of Righteous Women,” Ensign, 1979 оны 11-р сар, 102).

Зураг
Их зөвлөгөөн

Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл А.Максвэлл заасан нь: “Мөнх бус байдлын өмнөх амьдрал нь амар тайван байх талаар сургаал биш юм. Бидний хүн нэг бүрд хийх ёстой сонголтууд, биелүүлэх ёстой байнгын хүнд хэцүү ажил үүрэг, тэвчиж өнгөрүүлэх ёстой доог тохуу болон сорилт бэрхшээлүүд, үр дүнтэй өнгөрүүлэх ёстой цаг зав, сайтар хөгжүүлж ашиглах ёстой авьяас билиг байдаг. Бид зөвхөн ‘тэнд тэр үед’ сонгогдсон учраас ‘одоо энд’ хайхрамжгүй байж болно гэсэн хэрэг биш юм. Урьдчилан томилогдсон эрэгтэйчүүд эсвэл урьдчилан тодорхойлогдсон эмэгтэйчүүд болох дуудагдаж мөн бэлтгэгдсэн тэдгээр хүмүүс ‘сонгогдсон бөгөөд итгэлтэй’ гэдгээ мөн нотлох ёстой. (Илчлэлт 17:14; С ба Г 121:34–36-г үзнэ үү.)” (“Premortality, a Glorious Reality,” Ensign, 1985 оны 11-р сар, 17).

Олон эрэгтэйчүүд мөнх бус байдлын өмнөх амьдралд санваарыг хүлээн авахаар урьдчилан томилогдсон талаар Алма Аммонайхагийн ах дүүст заав. Алма 13:1, 8–9-ийг уншиж, Алма ямар санваарын талаар ярьсныг тодорхойл. Энэ бүлэг дэх “ариун жаяг” гэсэн хэллэг нь Мелкизедек санваар эсвэл “Бурханы Хүүгийн жаягаар Ариун санваар хэмээн нэрлэгддэг” гэдгийг ойлгох хэрэгтэй (С ба Г 107:3). Та энэ бүлгийн үргэлжлэлийг судлахдаа “ариун жаяг” гэсэн хэллэгийг тэмдэглэх хэрэгтэй (Алма 13:2, 6–7, 10–11, 16, 18-ыг үзнэ үү). Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Брүс Р.Макконки ийн хэлжээ: “Итгэлтэй бөгөөд Мосегийн хуулийг үнэнч дагадаг нифайчууд Мелкизедек санваартай байсан нь тэдэнд бүрэн сайн мэдээ байсан гэсэн үг юм” (The Promised Messiah: The First Coming of Christ [1978], 421). Энэ нь Мормоны Номын бошиглогчид Мелкизедек санваартай байсан бөгөөд энэхүү санваараар хэрхэн үйлддэгийг мэддэг байсан гэсэн үг юм.

Дараах асуултуудын хариултыг Алма 13:2–6 10-аас олж, гарын авлага дээрээ бич.

  • Мелкизедек санваарт томилогдсон хүмүүс ямар зан төлөвтэй байдаг вэ? (Aлма 13:3–5, 10-ыг үзнэ үү.)

  • Эдгээр Мелкизедек санваартнууд юу хийхээр томилогдсон бэ? (Aлмa 13:6-г үзнэ үү.)

  • Танай тойрог эсвэл салбарын Мелкизедек санваартнууд хийхээр томилогдсон зүйлсээ хэрхэн хийж байгааг болон тэр нь таны эсвэл бусдын амьдралыг хэрхэн адисалж байгааг та харсан уу?

Алма 13-р бүлэг нь Мелкизедек санваарын талаар маш тодорхой мэдээллийг агуулдаг. Энэ нь уг санваарыг хүлээн авсан эрэгтэйчүүд үүнийг хүлээн авахаар урьдчилан томилогдсоныг заадаг (3-р шүлэг-ийг үзнэ үү). Энэ санваарыг атгадаг хүмүүс Бурханы зарлигуудыг бусдад заадаг бөгөөд энэ нь “тэд ч бас түүний амралтад орж болохын тулд” юм (6-р шүлэг). Санваар нь үүрдийнх (9-р шүлгийг үзнэ үү) бөгөөд энэ нь эрэгтэйчүүдэд “тэдний үлэмж итгэл хийгээд наманчлал, мөн Бурханы өмнөх тэдний зөв шударга байдлаас нь үндэслэн” олгогддог (10-р шүлэг). Санваартнууд нүглийг жигшиж (үзэн ядаж) сурсан үедээ Ариун сүнсээр ариусгагдан “цэвэршигдэж мөн Их Эзэн Бурханыхаа амралтад [орно]” (12-р шүлэг).

Алма 13:11–12-ыг уншиж, итгэл, наманчлал болон зөв шударга байдлынхаа улмаас санваартнуудын хүлээн авсан Есүс Христийн Цагаатгалын ариусгагч нөлөөг тодорхойл.

  1. Судар судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариулж бич: Та эдгээр Мелкизедек санваартнуудын үлгэр жишээнээс Цагаатгалын ариусгагч нөлөөг амьдралдаа хүлээн авахын тулд хийж болох зүйлсийн талаар юу сурсан бэ?

  2. Судартаа Алма 13:1–12-ын хажууд эсвэл судар судлах тэмдэглэлдээ дараах үнэнийг бич: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн бөгөөд агуу итгэлээ ашиглан, зөв шударга сонголт хийдэг эрэгтэйчүүд бусдыг Бурханд авчрахаар Мелкизедек санваарт дуудагддаг. Тиймээс сайн мэдээний энэ зарчмыг мэдэх нь бүх амьдралынхаа туршид санваарын удирдагчдадаа хандах таны хандлагад хэрхэн нөлөөлж болохыг судар судлах тэмдэглэлдээ бич.

Алма 13:13–20

Алма хүмүүсийнхээ дунд амар амгаланг тогтоосон агуу дээд прист Мелкизедекийн тухай заасан нь

Зураг
Мелкизедек Абрамыг адисладаг

Алма 13:13–18-ыг уншиж, Мелкизедекийг тодорхойлохдоо хэрэглэсэн Алмагийн үгсийг болон хүмүүсийнхээ төлөө Мелкизедекийн хийсэн зүйлсийг олж мэд. Эдгээр үгс нь Мелкизедек Христийн адилаар амьдарч байсныг харуулж байгааг бод. Мелкизедек санваартнууд нь “Эцэгийн Төрсөн Ганц Хүү, Есүс Христийн жаягийн дагуу” томилогддог бөгөөд (Алма 13:9; мөн С ба Г 107:2–4-ийг үзнэ үү) тэд биднийг үлгэр жишээ, заавар зөвлөгөөгөөрөө Түүн рүү чиглүүлдгийг Алма заадаг. Ахлагч Брүс Р.Макконки ийн хэлжээ: “Олон бошиглогчдын амьдралд тэдгээр зөв шударга хүмүүсийг өөрсдийнх нь Мессиагийн хэв шинж ба загвар болгон онцгойлон адисалсан олон үйл явдал тохиосон нь эргэлзээгүй юм. Христтэй адил зүйлсийг хаа сайгүй эрж хайн, Түүнийг болон Түүний хуулиудыг оюун ухааныхаа гүнд байлгахын тулд дээрх зүйлсийг дахин дахин ашиглах нь ашиг тустай бөгөөд зүй ёсны хэрэг юм” (The Promised Messiah, 453).

Алма 13:19-ийг уншиж, энэ шүлэг бидэнд Мелкизедекийн талаар юу зааж байгааг олж мэд. Мелкизедекийг хаан болох үед Салемийн хүмүүс ямар байсныг Алма хэрхэн дүрсэлснийг мэдэхийн тулд Алма 13:17-г дахин хар. Эдгээр үгс мөн Аммонайхагийн хүмүүсийг хэрхэн дүрсэлж байгааг ажигла (Алма 8:9; 9:28-ыг үзнэ үү). Салем дахь хүмүүс Мелкизедекийн тавьсан саналын үр дүн болгон юу хийсэн бэ? (Aлмa 13:18-ыг үзнэ үү.)

Алма 13:18-д Мелкизедек юуг хэрэгжүүлж, юу хүлээн авсан болон заасныг ажигла. Мелкизедекийн үлгэр жишээнээс санваарын удирдагч ямар байх ёстой талаар сурч мэдсэн зүйлээ эргэцүүлэн бод.

  1. Судар судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариулж бич: Та эсвэл таны мэддэг хэн нэгэн хэзээ зөв шударга санваарын удирдагчийнхаа зөвлөгөөг дагасны дараа амар амгаланг мэдэрсэн бэ?

Алма 13:21–31

Алма хүмүүсийг Их Эзэний дууг сонсож, Түүний амралтад ороход урьсан нь

Алма 13:12, 13, 16 болон 29 дэх “Их Эзэний амралт” гэсэн (эсвэл ойролцоо утгатай) хэллэгүүдийг олж тэмдэглэгээ хий. Их Эзэн хүмүүст Их Эзэний амралтад ороход нь туслахын тулд эрэгтэйчүүдийг санваарт дууддагийг Аммонайхагийн хүмүүст Алма заав. Тэрээр алдас болоод ёс бус байдлаар дүүрэн хүмүүс наманчилж, Их Эзэний амралтад орж болно гэдгийг тэдэнд харуулахын тулд Мелкизедекийн үлгэр жишээг ашиглажээ (Алма 13:17–18-ыг үз; мөн С ба Г 84:24-ийг үзнэ үү).

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит Бурханы амралтад орно гэдэг нь юу болох тухай ийн хэлжээ: “Бид Бурханыг мэдэж, хайранд нь багтан, түүний зорилго, төлөвлөгөөнд итгэн, үүгээр өөрсдийгөө зөв зам дээр байгааг болон бид үүнээс өөр зүйлийг эрэлхийлдэггүйгээ мэдэх явдал мөн. Бид аливаа сургаалын салхинд эсвэл хууран мэхлэх санаа өвөрлөсөн хүмүүний башир аргуудад автдаггүй. Энэ бол Бурханы сургаал гэдгийг бид мэднэ” ( Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith [1998], 56).

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийн тодорхойлсноор энэ амьдралдаа Их Эзэний амралтад орсон эрэгтэй, эмэгтэйчүүд ямар зан төлөвтэй байх ёстой гэж та боддог вэ?

Ахлагч Брүс Р.Макконки ийн заажээ: “Үнэнч шударга гэгээнтнүүд үнэнийг дагаснаар энэ амьдралдаа Их Эзэний амралт-д ордог бөгөөд тэрхүү адислагдсан байдлаа тэнгэр дэх Их Эзэнийхээ амралтад орох хүртлээ хадгалах болно. … Үүрд мөнх дэх Их Эзэний амралт нь мөнхийн амьдралыг өвлөн, Их Эзэний алдар суугийн бүрэн байдлыг олж авах явдал юм” (Mormon Doctrine, 2 дахь хэвлэл [1966], 633).

Алма Христийн ирэлтэд бэлтгэхийг Аммонайхагийн хүмүүст анхааруулсныхаа дараа (Алма 13:21–26-г үзнэ үү) Их Эзэний амралтад яаж орох талаар нэмэлт удирдамж өгчээ. Энэхүү удирдамж нь юу болохыг мэдэхийн тулд Алма 13:27–29-ийг унш.

Алмагийн заасан зүйлсийг дараах зарчмаар хураангуйлан дүгнэж болно: Бид наманчлах урилгыг даруухнаар хүлээн авч хэрэгжүүлснээр эцэст нь Сүнс биднийг Их Эзэний амралт руу удирдах болно.

  1. Та Алма 13:27–29-д дурдсан адислалуудаас хүлээн авахыг хүссэн нэг адислалаа нэрлэ. Уг адислалыг нэрлэсний дараа түүнийг хүлээн авахад бэлтгэхэд тань туслах Алмагийн өгсөн зөвлөгөөг олж мэд. Дараа нь энэ болон ирэх амьдралд Их Эзэний амралтад орохын тулд Алмагийн зөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх нэг зорилгыг судар судлах тэмдэглэлдээ бич.

  2. Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Алма 13-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: