Семинар
15-р хэсэг: 1 дэх өдөр, Алма 5:1–36


15-р хэсэг: 1 дэх өдөр

Алма 5:1–36

Оршил

Сүм ёс бус байдал, зөрчилдөөнтэй байсан үед (Алма 4:9–11-ийг үзнэ үү), жинхэнэ шинэчлэлт нь зөвхөн сүмийн гишүүдийн зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтөөр ирэх болно гэдгийг Алма мэдэж байв. Алма сүмийн дээд пристийн хувьд Зарахемлагийн хүмүүсийг буцаан авчрах номлолоо Есүс Христийг гэрчлэн, хүмүүсийг наманчлалд дуудсанаар эхэлсэн юм. Тэрээр тэднийг Бурханы үгэнд итгэлтэй байж, зүрх сэтгэлийнхээ сүнслэг байдлыг дүгнэснээр Их Эзэний шүүлтэнд бэлтгэхэд уриалж байв. Та Алма 5-р бүлгийн эхний хагасыг судлахдаа сурсан зүйлүүдээ хэрхэн хэрэгжүүлж болохыг бод, тэгснээр та энэ бүлэгт гарч байгаа зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг хүлээн авч эсвэл энэхүү үйл явцыг үргэлжлүүлж чадна.

Алма 5:1–13

Алма аавынхаа болон түүнийг дагасан хүмүүсийн хөрвөлтийн тухай өгүүлсэн нь

Та 8 настайгаасаа хойш хэр зэрэг их өөрчлөгдсөн бэ? Та 12 настайгаасаа хойш хэр зэрэг их өөрчлөгдсөн бэ? Хүмүүсийн гаднах төрх, зан авир, хандлага өөрчлөгдөж болох янз бүрийн арга замуудын талаар бод. Хүмүүст гардаг эдгээр өөрчлөлтүүдэд юу нөлөөлж болохыг эсвэл юу ийм өөрчлөлтийг авчирч болохыг тунгаан бод. Дараа нь Алма 5:12-ыг уншиж, ахмад Алмад гарсан өөрчлөлтүүдийг олж мэд. Алма 5:1–13-ыг судлахдаа хүний зүрх сэтгэл хэрхэн өөрчлөгдөж болох талаар бод.

Хожим нь далын гишүүнээр үйлчилж байсан ахлагч Жэралд Н.Ланд зүрх сэтгэл гэдэг үг нь сударт хэрэглэгдэхдээ ихэвчлэн “хүний жинхэнэ дотоод сэтгэл” гэсэн утгыг илэрхийлдэг гэж заажээ (“Understanding Scriptural Symbols,” Ensign, 1986 оны 10-р сар, 25). Энэ хичээлийг судалж эхлэхдээ бодсон зүйлүүдээ оролцуулан хүмүүсийг өөрчилж болох бусад зүйлүүдээс “зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлт” ямар ялгаатайг хэсэг хугацаанд бод.

Бенжамин хааны хүмүүс “хилэнцийг үйлдэх хүслийг үгүй болгож, харин үргэлж сайныг хийх болгосон” (Мозая 5:2) зүрх сэтгэлийн “хүчит өөрчлөлтийг” мэдэрсэн юм гэдгийг эргэн сана. Та ахлагч Ландын тайлбар болон Мозая 5:2-ын эшлэлийг судартаа Алма 5:11–13-ын хажууд бичих хэрэгтэй.

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон тайлбарласан нь: “Надад энэ хүчит өөрчлөлт яагаад хурдан ирэхгүй байна вэ? гэж та асууж болох юм. Та Бенжамин хааны хүмүүс, Алма болон судар дахь бусад хүмүүсийн онцгой жишээнүүд нь зөвхөн онцгой тохиолдлууд байсан бөгөөд байнга тохиолддоггүйг санах хэрэгтэй. Ихэнх хүмүүсийн хувьд өөрчлөлтүүд нь алгуураар, удаан хугацааны дараа ирдэг. Дахин төрөх гэдэг нь бидний бие махбодын төрөлттэй адилгүй зүйл бөгөөд нэг удаагийн үйл явдал биш, харин урт хугацааны үйл явц юм. Энэхүү үйл явцыг туулах нь мөнх бус амьдралын гол зорилго юм” (“Born Again,” Ensign ба Лиахона, 2008 оны 5-р сар, 78).

Алма 5:3–7-г уншиж, Алма Зарахемлагийн хүмүүст зүрх сэтгэлээ өөрчлөхөд бэлтгэхэд нь туслахын тулд юу гэж хэлснийг олж мэд.

Гарын авлага дээрээ дараах асуултад хариулан бич: Алма Зарахемлагийн хүмүүст эцгийнхээ болон бусад хүмүүсийн хөрвөлт ба тэд боолчлолоос хэрхэн чөлөөлөгдсөн тухай ярьжээ. Та эдгээр туршлагууд нь тэдгээр хүмүүст зүрх сэтгэлийн өөрчлөлтийг мэдрэхдээ бэлтгэхэд нь хэрхэн тусална гэж бодож байна вэ?

Алма 5:10-ыг уншиж, хүмүүсээс Алмагийн асуусан гурван асуултын төгсгөл дэх асуултын тэмдгүүдийг дугуйл. Дараа нь Алмагийн эдгээр асуултад хариулсан хэсэг болох Алма 5:11–13 дахь дараах нотолгоог дэмжих мэдээллийг ол: Бид Бурханы үгэнд итгэж, Есүс Христэд итгэх итгэлээ үйлдэл болгох үед зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг мэдэрч чадна.

Бурханы үг бидэнд Аврагчийн тухай заадаг учраас Бурханы үгэнд итгэх итгэл нь зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлт рүү хөтөлдөг. Алмагийн хүмүүс ариун бошиглогчдоор дамжин тэдэнд ирсэн Бурханы үгэнд итгэсэн юм. Тэд Есүс Христийн Цагаатгалын гэтэлгэгч хүчийг мэдэж, Аврагчид итгэх итгэлээ хөгжүүлснээр, зүрх сэтгэл нь өөрчлөгдөж байв.

  1. Есүс Христийн Цагаатгалд итгэх итгэл нь зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлт рүү хөтөлдгийг судар судлах тэмдэглэлдээ өөрийн үгээр тайлбарла.

  2. Зүрх сэтгэл тань хэрхэн өөрчлөгдсөн тухай судар судлах тэмдэглэлдээ бич. Хэрэв та энэ жилийн семинарт Мормоны Номыг судалснаар зүрх сэтгэлдээ гарсан өөрчлөлтийг анзаарсан бол хариултынхаа нэгэн хэсэг болгон туршлагаа бичиж болно.

Алма 5:14–36

Алма тэнгэрийн хаант улсад ороход зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлт шаардлагатайг заав

Бурханы үгэнд итгэх итгэл нь бидэнд зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг хүлээн авах үйл явцыг эхлүүлэхэд тусалдгийг Алма заасныхаа дараа, хүмүүсийг маш олон асуултын тухай бодож үзэхэд урьжээ. Эдгээр асуултууд нь, зүрх сэтгэлийнхээ сүнслэг байдал—дотоод сэтгэлийн хүсэл, мэдрэмжүүдээ дүгнэхэд бидэнд тусалж чадна.

Алма 5:14-ийг уншиж, хүмүүсийг өөрсдийнхөө талаар бодож үзэхэд урьсан Алмагийн гурван асуултыг тэмдэглэ. Эдгээр гурван асуулт нь Есүс Христийн санал болгодог гэтэлгэлийн талаарх итгэлээ үйлдэл болгоход ирдэг өөрчлөлтийг дүрслэн харуулдаг. Өмнөх хичээлүүдээс үзвэл (Мозая 5, Мозая 27-г үзнэ үү) “дахин төрөх” гэдэг нь хүн зөвхөн Есүс Христийн дагалдагчийнхаа хувьд бус мөн Түүний сүнсэн хүү эсвэл охины хувьд Түүнийг хүлээн зөвшөөрч, шинэ амьдралаа эхлэх гэсэн утгатай юм (Мозая 27:25-ыг үзнэ үү).

  1. Зүрх сэтгэлийн өөрчлөлтийг хүний царай төрхөөс хэрхэн харж болох талаар судар судлах тэмдэглэлдээ бич. Энэхүү хам сэдэвт царай төрх гэдэг үг нь хүний зан авир, санаа сэтгэлийн байдал эсвэл сүнслэг байдлыг илэрхийлдэг нүүр царайны төрх гэсэн утгатай. Аврагчийн дүр төрхийг царай төрхөндөө хүлээн авсан, өөрийнхөө мэддэг нэг хүнийг дүрсэл.

Эрүүл мэндийн салбарт хэрэглэдэг зүрхний бичлэг нь эмч нар бидний зүрхний үйл ажиллагааг шалгахдаа ашигладаг зураг юм. Энэ нь эмчилгээ хэрэгтэй эсэхийг оношлоход тусалдаг. Доорх сүнслэг байдлын зүрхний бичлэгийн төгсгөлд жагсаасан Алма 5-р бүлгийн шүлгүүдийг судал. Та шүлэг тус бүрийг судлахдаа, шүлэг бүр дэх асуултуудад хариулах таны хариултыг хамгийн сайн дүрсэлсэн үгийн нүдийг тэмдэглэ. (Хэрэв та хариултуудаа нууц байлгахыг хүсвэл, энэ хүснэгтийг өөр цаасан дээр эсвэл хувийн тэмдэглэлдээ хуулж авсныхаа дараа бөглөж болно.)

Алма 5 Сүнслэг байдлын зүрхний бичлэг

Үргэлж

Бараг үргэлж

Ихэнхдээ

Заримдаа

Хааяа нэг

Алма 5-р бүлгийн шүлгүүд

15

16

19

26

27

28

29

30–31

Сүнслэг байдлын зүрхний бичлэгээ бөглөж дуусаад, Алма 5:21–25-ыг унш. Алма дараах үнэний талаар юу гэж заасныг олж мэд: Бид зүрх сэтгэлийн өөрчлөлтийг мэдэрснээр өөрсдийгөө тэнгэрийн хаант улсад (селестиел хаант улсад) байр хүлээн авахад бэлтгэдэг.

  1. Судар судлах тэмдэглэлдээ дараах дасгалыг хий:

    1. Таны одоо байхыг хүсч байгаа нөхцөл байдлыг дүрслэхийн тулд Алма 5:21–25-д Алмагийн ашигласан үг хэллэгүүдийг жагсаан бич.

    2. Зүрх сэтгэлийн өөрчлөлт нь биднийг тэнгэрийн хаант улс дахь байрыг хүлээн авахад хэрхэн бэлтгэдгийг тайлбарла.

Та Алма 5:33–36-г уншиж, Алмагийн захиасын талаар юу мэдэрч байгаагаа бодож үзнэ үү. Дараах асуултуудад хариулахад тань туслах үг хэллэгүүдийг ол:

  • Их Эзэн намайг юу хийхэд урьж байна вэ?

  • Энэ урилгыг хүлээн авснаар ямар шагнал авах вэ?

  • Эдгээр шүлгүүд Аврагчийн талаар надад юу зааж байна вэ?

Зүрх сэтгэлийн өөрчлөлтийг хүлээн авсан хүн яаж амьдрах хүсэлтэй байдгийг харуулсан Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны дараах үгсийг унш:

Зураг
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

“Та Христийг дагахаар сонгохдоо өөрчлөгдөхийг сонгодог. …

“Их Эзэн эхлээд хүний дотоод сэтгэл дээр, дараа нь гадаад төрх байдал дээр ажилладаг. Харин дэлхий хүний гадаад төрх байдлаас эхэлж, дотоод сэтгэл рүү нь орж ажилладаг. Дэлхий хүмүүсийг ядууралд нэрвэгдсэн нутгуудаас гаргаж болох юм. Харин Христ ядуурлыг хүмүүсийн дотоод сэтгэлээс гаргасны дараа тэд өөрсдийгөө ядуурлаас гаргадаг. Дэлхий хүмүүсийн хүрээлэн буй орчинг өөрчлөх байдлаар тэднийг төлөвшүүлдэг. Харин Христ эхлээд хүмүүсийг өөрчлөхөд, тэд дараа нь хүрээлэн байгаа орчноо өөрчилдөг. Дэлхий хүмүүсийн зан төлөвт нөлөөлж болох ч, харин Христ хүмүүсийн зан төлөвийг өөрчилж чадна. …

Христийн төлөө өөрчлөгдсөн “эрэгтэй, [эмэгтэйчүүд] Христээр удирдуулах болно. Тэд Паулын адил, ‘Их Эзэн, та надаар юу хийлгэхийг хүсэж байна вэ?’ гэж асуух болно. (Үйлс 9:6.) …

“Тэдний хүсэл нь Эзэний хүслийг хүлцэх юм. (Иохан 5:30-ыг үзнэ үү.)

“Тэд үргэлж Их Эзэнд тааламжтай зүйлсийг үйлддэг. (Иохан 8:29-ийг үзнэ үү.)

“Тэд Их Эзэний төлөө зөвхөн үхэх төдийгүй, үүнээс илүү чухал нь тэд Түүний төлөө амьдрахыг хүсдэг.

“Тэдний гэрт ороход, хананд нь өлгөөстэй зургууд, тавиурт нь байгаа номууд, эгшиглэх дуу хөгжим, тэдний үгс ба үйлдлүүд нь тэднийг Христэд итгэдгийг харуулдаг.

“Тэд бүх цагт, бүх зүйлд, бүх газарт Бурханы гэрчлэгч болж зогсдог. (Мозая 18:9-ийг үзнэ үү.)

“Тэд санаа бодол болгондоо Христ рүү харахдаа тэд оюун ухаандаа Түүнийг байлгадаг. (С ба Г 6:36-г үзнэ үү.)

“Тэдний хайр Христэд үүрд байрлахад, тэд Түүнийг зүрх сэтгэлдээ шингээдэг. (Алма 37:36-г үзнэ үү.)

“Тэд бараг долоо хоног бүр ариун ёслолоос хүртэж, өөрсдөдөө Түүний Хүүгийн нэрийг авч, үргэлж түүнийг санаж, түүний зарлигуудыг дагахад бэлэн гэдгээ Мөнхийн Эцэгтээ гэрчлэн гэрээгээ шинэчилдэг. ( Моронай 4:3-ыг үзнэ үү.)” (“Born of God,” Ensign, 1985 оны 11-р сарын 5–7).

Энэ хичээлийн төгсгөлд та зүрх сэтгэлийн өөрчлөлтийг мэдрэхийн тулд хэрхэн амьдрах талаар бодоход тань туслах Ерөнхийлөгч Бэнсоны мэдэгдлүүдээс нэг санааны доогуур зур. Зүрх сэтгэлийн өөрчлөлтийг мэдрэх талаар Алмагийн заасан зүйлийг судлах үед мэдэрсэн зүйлээ хэрэгжүүлэхэд тань туслахуйц зорилго тавь (та үүнийг тусдаа цаасан дээр эсвэл хувийн тэмдэглэлдээ бичиж болно). Та үргэлжлүүлэн Бурханаар төрөхийг үргэлж эрэлхийлэн, зүрх сэтгэлийн өөрчлөлтийг мэдэрч байвал Бурханы хаант улсад орохоор бэлтгэгдэж байна гэсэн үг.

  1. Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Алма 5:1–36-р шүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: