Семинар
8-р хэсэг: 2 дахь өдөр, 2 Нифай 28


8-р хэсэг: 2 дахь өдөр

2 Нифай 28

Оршил

Нифай хожмын өдрүүдэд баригдах хуурамч сүмүүдийн бардамнал, хуурамч сургаал зэрэг зарим сорилтот нөхцөл байдлуудын талаар бошиглов. Тэрээр хуурамч сургаал, дэлхийн хандлагыг хэрхэн таньж мэдэх талаар зааж, зөв зохистой амьдралаас эрэгтэй, эмэгтэйчүүдийг холдуулахыг хичээж байдаг Сатаны аргуудыг тодорхойлов.

2 Нифай 28:1–19

Нифай бидний өдрүүд дэх хуурамч сүмүүд болон хуурамч санаануудыг тайлбарлав

Ихэнх улсад жолооч нарт зориулсан ямар нэгэн аюул бартаанаас болгоомжлохыг сэрэмжлүүлсэн замын тэмдгүүд байдаг. Таны амьдардаг улс эсвэл хотод дөхөн ирж буй бартаа сааднаас сэрэмжлүүлсэн замын хөдөлгөөний тэмдгүүд ямар хэлбэр дүрстэй, ямар өнгөтэй байдаг вэ? Үүний нэгэн адил хортой болон бусад аюултай материалууд нь ихэвчлэн сав баглаан дээрээ сэрэмжлүүлсэн тэмдэгтэй байдаг. Таны амьдардаг газарт эдгээр нь хэрхэн тэмдэглэгдсэн байдаг вэ?

Эдгээр бие махбодын сэрэмжлүүлгийн тэмдгүүдтэй адил сүнсэнд тань хор хөнөөлтэй нөлөөллүүдээс зайлсхийхэд тус болох сэрэмжлүүлгийг Мормоны Ном агуулсан байдаг. Мормоны Ном Сатаны хилэнцэт төлөвлөгөөний эсрэг таныг хэрхэн хүчирхэгжүүлж, сэрэмжлүүлэх талаар Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон тодорхойлсон юм: “Мормоны Ном Христийн дайснуудыг илчилдэг. Буруу сургаалуудыг бүрмөсөн үгүйсгэж, маргаан тэмцлийг намжаадаг. (2 Нифай 3:12-ыг үзнэ үү.) Энэ нь Христийн даруухан дагалдагчдыг эдгээр өдрүүд дэх чөтгөрийн хилэнцэт төлөвлөгөө, бодлого болон сургаалын эсрэг хүчирхэгжүүлдэг. Мормоны Ном дахь урвагчид өнөөдөр бидний дэргэд байдаг урвагчидтай төстэй. Бид алдааг нь харж, өнөө үеийн боловсролын, улс төрийн, шашны, гүн ухааны худал ойлголтуудыг хэрхэн үгүйсгэхийг мэдэж болохын тулд Бурхан хэмжээлшгүй зөн билгээрээ Мормоны Номыг бүтээсэн юм” (“The Book of Mormon Is the Word of God,” Ensign, 1988 оны 1-р сар, 3).

Мормоны Ном чөтгөрийн хуурамч санаануудыг илчилж, түүний хилэнцэт төлөвлөгөөний эсрэг биднийг хүчирхэгжүүлдэг. 2 Нифай 28-д бичиглэснээр, бүхий л эрин үеүдэд нийтлэг байдаг чөтгөрийн хуурамч сургаалын заримыг Нифай тайлбарлажээ. 2 Нифай 28:3–9-ийг судлаад, Сатаны хуурамч сургаал, арга залийн талаар сурсан зүйлээ тэмдэглэ. (2 Нифай 28:7–9 нь төгс эзэмших судар гэдгийг анхаар. Дараа нь олоход хялбар болгож бусдаас өөрөөр тэмдэглэх хэрэгтэй.)

  1. 2 Нифай 28:3–9-р шүлгүүдээс таны бодлоор өнөөдөр өсвөр үеийнхэнд хамгийн аюултай болоод байгаа хуурамч сургаалуудын нэгийг олж судрын тэмдэглэлдээ бичээд, шалтгааныг нь тайлбарла. Түүнчлэн залуу хүмүүс тэрхүү хуурамч сургаалд хэрхэн уруу татагдаж болохыг харуулсан жишээ оруул.

2 Нифай 28:12–14-ийг уншаад, Нифайн сэрэмжлүүлсэн олон сүмүүд, хүмүүс болон “Христийн даруу дагалдагчид”-ын заримд хүртэл тохиолдох зүйлийг ол (14-р шүлэг). Эдгээр зүйлс нь 2 Нифай 28:3–9-д уншсан бардамнал, хуурамч сургаалаас үүдэлтэй юм. 2 Нифай 28:15–16, 19-ийг уншаад эдгээр хуурамч сургаалуудын зарим үр дагаврыг тодорхойл. Та 2 Нифай 28:19-д гардаг наманчилдаггүй хүмүүст чөтгөр юу хийхийг тайлбарласан өгүүлбэрийг тэмдэглэх хэрэгтэй.

Зураг
төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судар—2 Нифай 28:7–9

  1. 2 Нифай 28:7–9-ийг чангаар унш. 2 Нифай 28:8-ыг чээжлэхэд цаг зарцуул. Та судрын тэмдэглэлдээ чээжээр бичих юмуу гэр бүлийн гишүүн, найздаа чээжээр уншиж өгөх хэрэгтэй. Эцсийн өдрүүдэд олон нь хуурамч, хоосон, мунхаг сургаалуудыг заах болно. Судрын тэмдэглэлдээ мунхаг сургаалууд дэлгэрэх зарим арга замуудыг жагсаан бичиж, дэлхийн мунхаг сургаалуудыг та хэрхэн таньж, тэднээс зайлсхийх талаар товчхон тайлбарла.

2 Нифай 28:20–32

Нифай Сатаны заль мэхийн талаар сэрэмжлүүлэв

2 Нифай 28-ын үлдсэн хэсгийг суралцахад бэлтгэн, Арванхоёр төлөөлөгчийн чуулгын Ерөнхийлөгч Боид К.Пакэрын Африкт томилолтоор явж байхдаа дархан цаазат амьд байгалиар зочилсон тухай туршлагыг унш.

“Амьтад ус уухаар ирэхийг нь харахаар бид цөөрмийн дэргэд зогссон юм. Их халуун улирал байсан болохоор ус гэх юм бараг байхгүй, шавар л харагдаж байсан. …

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Ялангуяа гөрөөснүүд их сандарч байлаа. Тэд шаварт ойртон ирснээ шууд эргэн, айдаст автан гүйж одов. Тэр хавьд нь ямар ч арслан байхгүй байгааг би хараад, тэд яагаад уснаас уугаагүй тухай хөтчөөсөө асуув. Түүний хариулт буюу сурах зүйл нь ‘Матар’ байсан юм.

“Түүнийг тоглож байна гэж бодоод би түүнээс ‘Ямар асуудал байгаа юм бэ?’ гэж лавлан асуулаа. Тэрээр дахиад ‘Матар’ гэж хариулав.

“‘Ойлгосонгүй’ гэж би хэлээд, ‘Тэнд ямар ч матар харагдахгүй л байна шүү дээ. Хэн ч харсан тодорхой байна’ гэв. …

“Би түүнд итгэхгүй байгааг тэр мэдэж байгаа нь илэрхий байсан бөгөөд тэрээр надад хичээл заахаар шийдэв. Бид машинаар дэнж өөдөө явж, шавартай цөөрөм рүү доош харж болох газарт очив. ‘Тэр,’ ‘Өөрөө хар даа’ гэж тэр хэлэв.

“Би багахан устай шавар болон хол зогсох айдаст автсан амьтдаас өөр юуг ч олж харсангүй. Тэгээд гэнэт олж харав!—Том гэгчийн матар шавар дунд ямар ч сэжиг аваагүй, цангаж, ус уухаар ирэх амьтдыг хүлээн хэвтэж байлаа.

“Тэгээд би итгэв! Сонсох хүсэлтэй байгааг минь мэдээд тэр үргэлжлүүлэн хичээлээ заав. ‘Энэ газарт матар хаа сайгүй тархсан байгаа’, ‘зөвхөн голуудад ч биш. Энэ хавьд матаргүй ус гэж байхгүй, та итгэсэн нь дээр дээ’ гэж тэр хэллээ. …

“Африкт очсон бас нэгэн айлчлалаараа дархан цаазтай өөр газрын ан агнуурын хамгаалагчтай энэ талаар ярилцсан юм. …

“Тэр надад нэгэн харамсалт явдал тохиолдсон газрыг үзүүлэв. Англиас ирсэн залуу эр хэдэн сар зочид буудалд ажиллаж байв. Байнгын давтагддаг сэрэмжлүүлгийг үл хайхран тэрээр хашаа руу орж, гутлыг нь давахааргүй усыг туулан нэг юмыг шалгахаар явжээ.

“‘Тэр хоёр ч алхаж чадалгүй матарт бариулсан юм. Түүнийг аврах ямар ч арга бидэнд байгаагүй’ гэж хамгаалагч ярьсан юм” (“Spiritual Crocodiles,” Ensign, 1976 оны 5-р сар, 30–31).

Харагдахгүй байна гээд матар байдаг гэдэгт эргэлзэх нь ямар аюултай вэ? Ерөнхийлөгч Пакэр болон залуу эрийн туршлагууд нь 2 Нифай 28:22-т Нифайн дүрсэлсэнтэй юугаараа төстэй байна вэ?

Ерөнхийлөгч Пакэр ийнхүү тайлбарлажээ:

“Амьдралд түрүүлж хөл тавьсан хүмүүс нь усан цөөрмийн талаар бага зэрэг туршиж үзсэн бөгөөд матрын талаар сэрэмжлүүлгийн дуу хоолой өргөнө. Зөвхөн том саарал гүрвэл таныг хэдэн хэсэг болгон хазах биш, сүнслэг матрууд нь илүү аюултай, илүү хуурмаг, өөрсдийгөө сайн өнгөлөн далдалсан Африкийн хэвлээр явагчдаас ч илүү далдалсан байдаг.

“Эдгээр сүнслэг матрууд нь таны бодгалийг алж эсвэл бэртээж чадна. Тэд таны болон хайртай хүмүүсийн тань амар амгалан байдлыг устгаж чадна. Сэрэмжлүүлэгдэх хэрэгтэй нь тэд бөгөөд өнөөгийн мөнх бус байдалд тэднээр дүүргэгдээгүй устай газар гэж тун ховор болсон байна (“Spiritual Crocodiles,” 31).

Дараах асуултын хариултыг доорх мөрүүд дээр бич: Африкийн матрууд ямар талаараа Сатаны уруу таталтууд болон арга мэхтэй төстэй вэ?

2 Нифай 28:20–21, 24–26-г уншаад, биднийг устгахаар эрэлхийлдэг Сатаны арга барилуудыг ол. (2 Нифай 28:21-т гардаг тайтгаруулах хэмээх үг нь намдаах, тайвшруулах, эсвэл сүнслэгээр унтуулах гэсэн утгатай болохыг мэдэх нь тустай байж болно.) Эдгээр шүлгүүдэд гарсны дагуу биднийг тайвшруулж, өөрийн хүч рүү удирдахын тулд Сатан ямар арга хэрэглэж байна вэ? .

Эдгээр шүлгүүдэд заасан гол зарчим нь: Сатан бидний дээр хүчийг олохын тулд уур хилэнд өдөөх, тайтгаруулж тайвшруулах, зусардах гэх мэт олон арга заль хэрэглэдэг.

  1. Дараах асуултуудын аль нэгэнд судрын тэмдэглэлдээ хариулж бич:

    1. Хувь хүн, гэр бүлүүд, хамт олныг төөрөгдүүлж, сүйрүүлэхийн тулд Сатан уур хилэнг хэрхэн ашигладаг вэ?

    2. Сатан хүмүүсийг уурлуулахын тулд ямар сайн зүйлсээр тэднийг залилдаг вэ?

    3. Зарим хүмүүс хэрхэн тайвширч, Сатаны аюулыг анзаараагүй талаар дор хаяж хоёр жишээ бичиж тайлбарла.

Зураг
Бишоп Ричард К.Эжли

Биднийг урхидахдаа алгуурхан ашигладаг Сатаны арга мэхийн талаар ярьсан Тэргүүлэх Бишопын зөвлөх бишоп Ричард К.Эжлигийн дараах тайлбарыг унш: “Бид өсвөр насандаа зэрлэг овьёосны хэдхэн үр тарина эсвэл нүглийн зах хавиар л явна даа гэж хэлж болохгүй. Нүглийн зах гэж байдаггүй. Сайн ч бай, муу ч бай үйлдэл бүр үр дагавартай байдаг. Сайн үйлдэл бүр сайн зүйл хийх чадварыг маань нэмэгдүүлж байдаг ба нүгэл, уналтын эсрэг бат бөх зогсдог. Сатан биднийг дараагийн удаа уруу татахад зөрчлүүд нь хэр зэрэг жижиг байхаас үл хамааран биднийг түүний нөлөөнд илүү өртөмтгий болгодог. Сатан биднийг том нүгэл, зөрчил үйлдэх хүртэл жижиг нүгэл хэмээн нэрлэх нүглийн үр дагавар руу ямх ямхаар мэхлэн аваачдаг. Нифай энэхүү аргыг Сатан биднийг ‘чөлөөлөгдөх нь үгүй өөрийн аймшигт гинжээр хүлж автлаа’ тайвшруулж, хуурдаг хэмээн тайлбарлажээ (2 Нифай 28:22; мөн 21-р шүлгийг үзнэ үү)” (“That Thy Confidence Wax Strong,” Ensign, 1994 оны 11-р сар, 40).

Сатан биднээр буруу зүйлсийг бодуулах, хэлүүлэх, хийлгэх уран нарийн аргуудыг ашигладаг. 2 Нифай 28:27–29-ийг уншаад, нэмэлт сэрэмжлүүлгүүдийг ол.

Энэхүү бүлгийн төгсгөлд Их Эзэн бас нэгэн сэрэмжлүүлэг болон адислалыг өгсөн байдаг. 2 Нифай 28:30–32-ыг уншаад, дараах асуултуудын талаар эргэцүүлэн бод: Бурхан яагаад зарим хүмүүсийг адислагдсан гэж дууддаг вэ? Бурханы зөвлөгөөг сонсох нь чөтгөрийн арга мэхийг даван гарахад бидэнд хэрхэн туслах вэ?

  1. Энэхүү хичээлээс Сатаны арга мэхийг даван гарахад тань туслах ямар ямар зүйлсийг сурснаа судрын тэмдэглэлдээ бич. Та Сатаны нөлөөнд автахгүйн тулд ямар газар, үйл ажиллагаа болон зан байдлаас зайлсхийхийг хүсч байна вэ?

  2. Хичээлийн эхэнд сэрэмжлүүлгийн тэмдгүүдийн тухай ярилцаж байснаа сана. Таны бодлоор өнөө үед өсвөр үеийнхэн сэрэмжлэн болгоомжлох хэрэгтэй сүнслэг аюулыг харуулсан сэрэмжлүүлгийн тэмдгийг судрын тэмдэглэлдээ зур. Зурсан тэмдгээ багш болон ангийнхандаа хуваалцахад бэлд.

  3. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би 2 Нифай 28-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: