Семинар
6-р хэсэг: 4 дэх өдөр, 2 Нифай 9–10


6-р хэсэг: 4 дэх өдөр

2 Нифай 9–10

Оршил

Өмнөх хичээлд та Есүс Христ өөрийн Цагаатгалаар дамжуулан бидний төлөө хийх зүйлсийн талаарх Иаковын гэрчлэлийг судалсан. Энэ хичээлээр 2 Нифай 9-р бүлэг болон Иаковын номлолын эхний өдрийг судалж дуусах бөгөөд Цагаатгалын адислалыг хүлээж авахын тулд бид юу хийх ёстойг суралцана. Иаков Бурханаас тусгаарлагдсан байдал руу хөтлөх шийдвэр гаргахын эсрэг сэрэмжлүүлсэн ба бүх хүмүүнийг Христэд ирж, аврагдахыг урив. Та түүнчлэн 2 Нифай 10-ыг уншиж Иаков дараагийн өдөр нь хүмүүст юу хэлснийг судлах болно. Хэдийгээр Израил гэм нүглээсээ болж тараагдах боловч Их Эзэн тэдэнтэй хийсэн гэрээгээ эргэн санаж, тэд наманчилж, Өөрт нь эргэн ирэх үед нь Тэрээр тэднийг цуглуулна хэмээн Иаков дахин заажээ. “Өөрсдийн Бурханыг цовдлох өөр ямар ч үндэстэн энэ дэлхий дээр үгүй” хэмээн Иаков хэлэв (2 Нифай 10:3). Тэрээр Америк нь эрх чөлөөний нутаг байж, бусад бүх үндэстнүүдийн эсрэг бэхлэгдэн, тэнд хаан гэж үгүй байх болно хэмээн урьдчилан хэлжээ. Хүмүүс Бурханы таалалд өөрсдийгөө эвлэрүүлж, зөвхөн Бурханы ач ивээлийн дагуу аврагдана гэдгээ санах ёстой хэмээн Иаков гэрчлэв.

2 Нифай 9:28–54

Иаков биднийг Бурханаас тусгаарладаг үйлдэл болон хандлагуудын талаар сэрэмжлүүлж, бүх хүмүүнийг Христэд ирэхийг урив

Уналтын улмаас мөн өөрсдийн гэм нүглийн улмаас хүн бүрд Аврагч хэрэгтэй. Цагаатгалаар дамжуулан бид уналтын үр дагавраас чөлөөлөгддөг бөгөөд нүглийг даван гарч, мөнх амьдралыг хүлээн авах болно хэмээн Иаков гэрчлэв. Иаков үүнийг тайлбарлахын тулд хаалга болон замын зураг ашиглав. 2 Нифай 9:41-ийг уншаад, мөнх амьдралд хүрэхийн тулд бидний алхах ёстой замыг Иаков хэрхэн дүрсэлснийг ол. Дараах асуултуудыг тунгаан бод: Таны бодлоор “Их Эзэнд ирэх” гэдэг нь ямар утгатай вэ? (Таныг Аврагчид илүү ойртуулах зам дээр байгаа эсэхээ эргэцүүлэн бод.) “[Аврагчид хүрэх] харгуй нарийн, гэвч энэ нь шулуунаар зурайна” гэдэг нь таны бодлоор ямар утгатай вэ?

Зураг
голоороо шулуун замтай төөрдөг байшин

Иаков Аврагчийг “их хаалганы сахиул” хэмээн дүрслэв. Энэ нь биднийг шүүх Аврагчийн дүрийн бэлгэдэл юм. Энэ бол бидний хандлага болон үйлдлээс шалтгаалан Цагаатгалынхаа адислалуудыг нэмэгдүүлдэг Тэр хүн юм. Түүнчлэн Иаков Аврагчид ирэх чадварт маань бидний хандлага болон үйлдэл хэрхэн нөлөөлдөг болохыг илүү дэлгэрэнгүй заасан.

  1. Биднийг Аврагч руу чиглүүлэх хандлага, бодол санаа болон үйлдлүүдээ тодорхойлоход маань тус болох зорилготой дараах зүйлсийг судрын тэмдэглэлдээ хий.

    1. Судрын тэмдэглэлийнхээ нэг хуудсыг голоор нь хувааж шугам тат, тэгээд нэг талд нь Биднийг Христээс холдуулах, нөгөө талд нь Христэд ирэх гэж бич.

    2. 2 Нифай 9:27–39-ийг уншаад, Иаковын сэрэмжлүүлсэн, биднийг Аврагчаас холдуулж болох ямар нэгэн үйлдэл юмуу хандлагыг тодорхойл. Судрын тэмдэглэл дэх “Биднийг Христээс холдуулах” гэсэн багананд юу тохирохыг олж, жагсаалт гарга. Олсон зүйлсээ судартаа тэмдэглэх хэрэгтэй. (2 Нифай 9:28–29 нь төгс эзэмших судар гэдгийг анхаар. Дараа нь олоход хялбар болгож бусдаас ялгагдахаар тэмдэглэх хэрэгтэй.)

    3. Өөрийн тодорхойлсон үйлдэл, хандлагуудаасаа нэгийг нь сонгоод судрын тэмдэглэлийнхээ өөр нэг хуудсан дээр дараах асуултад хариулж бич: Энэхүү үйлдэл нь биднийг хэрхэн Христэд ирэхээс болон Түүний Цагаатгалын бүрэн адислалуудыг хүлээж авахаас холдуулдаг вэ?

    4. Биднийг Их Эзэнээс холдуулдаг үйлдэл болон хандлагуудын тухай сэрэмжлүүлэхээс гадна Есүс Христэд ирэхэд тусалдаг үйлдэл болон хандлагуудын тухай Иаков заасан. 2 Нифай 9:23, 42, 45–46, 49–52-ыг уншаад, Иаковын зааснаар биднийг Их Эзэнд авчрах зүйлсийг ол. Хүснэгтийнхээ “Христэд ирэх” гэсэн багананд олсон зүйлсээ жагсаан бич.

Зураг
Есүс Христ

2 Нифай 9:28–54-ийг судлахдаа та дараах зарчмыг сурсан: Их Эзэнд ирж, Түүний хүслийн дагуу амьдрахыг сонгосноороо бид Цагаатгалын бүрэн адислалуудыг хүлээн авч чадна.

  1. Сурсан зүйлсээ хэрэгжүүлэхийн тулд судрын тэмдэглэлдээ дараах даалгавруудаас хоёр юмуу түүнээс дээш асуултад хариулж бич.

    1. 2 Нифай 9:23-р шүлэгт Их Эзэн бидэнд наманчлаад баптисм хүртэхийг зарлиг болгосон талаар та уншсан. Харин та аль хэдийн баптисм хүртсэн байж болно. Тэгвэл ариун ёслолоор дамжуулан баптисмынхаа гэрээг шинэчлэх нь Их Эзэнд ирж, Түүний Цагаатгалын адислалуудыг хүртэхэд тань хэрхэн тусалж байна вэ?

    2. “Израилын Ариун Нэгэнд төгс итгэлтэй” байх гэдэг нь таны бодлоор ямар утгатай вэ (2 Нифай 9:23)? Та Их Эзэнд итгэх итгэлээ сүүлийн үед ямар арга замаар үзүүлж байгаа вэ?

    3. “Нүглүүдээсээ салах” гэдэг нь ямар утгатай вэ (2 Нифай 9:45)? Танд нүглүүдээсээ салахад тань юу тус болох вэ?

    4. “Үнэт биш зүйлд” мөнгөө, “хэрэгцээ хангахгүй зүйлд” хөдөлмөрөө үрэх ямар жишээ байна вэ (2 Нифай 9:51)? Хилэнцэт болон ач холбогдолгүй зүйлсээс зайлсхийх нь Их Эзэнд ирэхэд тань хэрхэн туслах вэ? Та сургууль, сурлага, сүм, амралт болон нийгмийн үйл ажиллагаанд оролцох цагаа хэрхэн илүү сайн зохицуулж чадах вэ?

    5. “Мөхөх нь үгүй түүний дээр найрлах” ямар аргууд танд байгаа вэ (2 Нифай 9:51)?

    6. Иаков хүмүүст “талархал мэдүүл”, “зүрх сэтгэлээ баясга” хэмээн ухуулав (2 Нифай 9:52). Аврагчид ирэхийг хичээх зуураа энэхүү зөвлөгөөг дагах нь яагаад чухал гэж та бодож байна вэ?

  2. Таны суралцсан үйлдэл болон хандлагуудын зарим нь таныг Аврагчид хэрхэн ойртуулсан тухай судрын тэмдэглэлдээ бичнэ үү.

Зураг
төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судар—2 Нифай 9:28–29

Одоогийн боловсролын боломжуудаа бүрэн дүүрэн ашиглахын тулд та юу хийж байгаа вэ? Ирээдүйн боловсролын тань төлөвлөгөө юу вэ?

Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хэлсэн дараах үгсийг уншаад суралцахаас ирдэг адислалуудын доогуур зур: “Та ирээдүйд агуу сорилт бэрхшээлүүдийг амсах болно. Ширүүн тулааны дэлхий рүү та орж байна. Та чадах чинээгээрээ боловсрол эзэмших ёстой. Их Эзэн бидэнд боловсролын чухлын талаар заасан. Энэ нь илүү агуу боломжуудад таныг бэлтгэх болно. Энэ нь ирээдүйн агуу боломжийн ертөнцөд ямар нэгэн үр ашигтай зүйл хийхэд таныг бэлтгэнэ. Хэрвээ та коллежид сурах боломжтой бөгөөд сурахыг хүсч байгаа бол суралц. Хэрвээ та коллежид сурах хүсэлгүй бол мэргэжлийн сургалт, бизнесийн сургуульд явж авьяас чадвараа хөгжүүлж, чадамжаа дээшлүүлээрэй” (“Converts and Young Men,” Ensign, 1997 оны 5-р сар, 49–50).

2 Нифай 9:28-ыг уншаад, буруу хандлагатайгаар суралцахын үр дагаврын талаар Иаковын хэлснийг тэмдэглэ.

  1. Судрын тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:

    1. “Тэд аливааг сураад өөрсдийгөө ухаантай хэмээн санадаг” гэсэн өгүүлбэр таны бодлоор юу гэсэн үг вэ?

    2. Бид эцэг эх болон бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчөөсөө, бошиглогч эсвэл Тэнгэрлэг Эцэгээсээ илүү ухаантай гэж бодох нь ямар аюултай вэ?

2 Нифай 9:29-ийг уншаад, боловсрол эзэмшихдээ юуг анхаарах хэрэгтэйгээ тодорхойл.

  1. Судрын тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич: Судраас хичээнгүйлэн суралцах нь 2 Нифай 9:29 дэх зарчмын дагуу амьдрахад тань хэрхэн тусалж байна вэ?

2 Нифай 10

Иаков хүмүүсийг Их Эзэнд ирж, баясахыг уриалав

Хоёр дахь өдрөө зааж байхдаа Иаков нүглийн үр дагавраас чөлөөлөх Их Эзэний хүчийг дахин гэрчлэв. Иаков түүнчлэн өөрийн хүмүүст Цагаатгалын нигүүлсэнгүй бэлэгт хэрхэн хандах хэрэгтэйг заажээ. 2 Нифай 10:20, 23–25-ыг уншаад, бидний төлөөх Аврагчийн золиослолд хариу болгон юу хийх хэрэгтэй гэж Иаков заасныг харуулах хэллэгийг олж тэмдэглэ.

  1. Дараах асуултуудын аль нэг эсвэл тэрнээс олонд судрын тэмдэглэлдээ хариулж бич:

    1. Аврагчийн тухай сурсан зүйлсийг тань авч үзвэл та яагаад үргэлж “түүнийг санахыг” хүсдэг вэ (2 Нифай 10:20)?

    2. Хийж буй буруу зүйлээ наманчлах эсвэл хийхээ болих нь яагаад Аврагчийн төлөөх хайр болон талархлыг тань харуулна гэж та боддог вэ?

    3. Урам хугарах үед тэргүүнээ гудайлгахаас илүү найдварыг мэдрүүлдэг Аврагчийн тухай та юу сурсан бэ?

Энэ бүлгийн нэгэн чухал хэллэг бол “Бурханы таалалд өөрсдийгөө эвлэрүүлэх” юм (2 Нифай 10:24). Энэ нь бид дуулгавартай байж, Их Эзэний хүсэлд нийцсэнээр Түүнтэй дотно харилцааг дахин тогтоох хэрэгтэй гэсэн үг. 2 Нифай 9–10-р бүлгүүдэд тэмдэглэсэн судруудаа эргэж хар. Бурханы таалалд өөрсдийгөө эвлэрүүлэхийн тулд хийж чадах зүйлээ тодорхойлохдоо Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.

  1. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлийнхээ өнөөдрийн даалгаврын доор бич:

    Би 2 Нифай 9–10-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: