Семинар
5-р хэсэг: 2 дахь өдөр, 2 Нифай 1


5-р хэсэг: 2 дахь өдөр

2 Нифай 1

Оршил

2 Нифай 1-ийг судлахдаа энэ нь удахгүй насан эцэс болох гэж байгаа халамжит эцэг бөгөөд санваарын удирдагчийн үгсийг агуулж буйг анхаараарай. Эцэг Лихай нь Бурханы зарлигуудад дуулгавартай байхыг гэр бүлийнхнээсээ хүсэв (2 Нифай 1:16-г үзнэ үү). Бурханы зарлигуудад дуулгавартай байх аваас тэд амлагдсан нутагт дэгжих болно хэмээн Лихай бошигложээ. Түүнчлэн тэрээр хүүхдүүддээ болон Иерусалимаас тэднийг дагаж ирсэн хүмүүст Нифайн бошиглол удирдлагыг дагахыг ухуулав. Энэхүү бүлгийг судлах явцдаа та, Их Эзэний зарлигуудыг дагах хувийн дуулгавартай байдлаа дүгнэж цэгнэ. Та сүмийн удирдагчдын зөвлөгөөг хэр сайн дагадаг вэ?

2 Нифай 1:1–23

Лихай өөрийн хүмүүст зөв шударгаар амьдрахыг ухуулдаг

Та гэр бүлээ гэнэт орхин явах болсон бөгөөд дахин хэзээ ч тэднийгээ харахгүй хэмээн төсөөлөөд үзээрэй. Та тэдэнд хандан хамгийн сүүлийн удаа ярих боломжтой байгаа. Ийм нөхцөлд та юу хэлэх байсан бэ?

2 Нифай 1–4-т эцгийнхээ гэр бүлдээ хандан хэлсэн сүүлчийн зөвлөгөөг Нифай цэдэглэжээ. Эдгээр бүлгүүдийг судлах явцдаа Лихайн сүүлчийн зөвлөгөө танд хэрхэн хамаарч байгаа талаар бодно уу.

2 Нифай 1:1–4-ийг уншаад Лихайн гэр бүлийн төлөө “Их Эзэний үйлдсэн агуу зүйлс” юу байсныг тодорхойл.

  1. Дараах асуултуудын товч хариултыг судрын тэмдэглэлдээ бич:

    1. Их Эзэн ямар арга замуудаар Лихайн гэр бүлд нигүүлсэл үзүүлж байсан бэ?

    2. Танд болон танай гэр бүлийн төлөө Их Эзэн ямар “агуу зүйлс” үйлдсэн бэ? Их Эзэн танд болон танай гэр бүлд хэрхэн нигүүлсэнгүй хандсан талаар бодох үед танд Түүний талаар ямар мэдрэмж төрдөг вэ?

Лихай амьдралдаа “Бурханы нигүүлсэл” болон “агуу зүйлс”-ийг үргэлжлүүлэн хүлээж авах эсэх нь Бурханы зарлигуудыг дагах сонголтоос шалтгаална хэмээн өөрийнхөө гэр бүлд заажээ.

  1. Биднийг Их Эзэний зарлигуудыг дагах үед Тэрээр биднийг адисалдаг, харин бид зарлигуудыг нь дагахгүй байх үед Тэрээр адислалуудаа өгөхөөс татгалздаг гэдгийг харуулсан доорхтой адил бүдүүвч зургийг судрын тэмдэглэлдээ зур. 2 Нифай 1:7–11-ийг уншаад (“хэрвээ”) Лихайн хэлсэн тодорхой үр дагавруудыг авчирдаг (“дараа нь”) үйлдлүүдийг тодорхойлж бич. Судрын тэмдэглэл дэх бүдүүвч зургийн тохирох баганын доор олж мэдсэн зүйлсээ бич.

Хэрэв (үйлдлүүд)

Дараа нь (үр дагаврууд)

Зураг
Лихайн заасан зүйл

Лихай ялангуяа Лемен, Лемүел нарын сүнслэг байдлын төлөө санаа зовж, тэднийг наманчлах хэрэгтэй гэдгийг мэдэж байлаа. Тэрээр тэдэнд ухуулахдаа нүгэл болон наманчлалыг ойлгоход нь туслах хэд хэдэн тэмдгүүдийг ашиглав. 2 Нифай 1:13–14-ийг уншин, Лихай хөвгүүддээ наманчлахыг заах үедээ ашигласан тэмдгүүдийг олж, доорх хоосон зайнд бичнэ үү.

-оос

зайлуулаасай

-оос

  1. Дараах асуултад судрын тэмдэглэлдээ хариулж бич: Наманчлал нь дээрх дасгал дахь үг хэллэгтэй юугаараа төстэй вэ?

2 Нифай 1:15-ыг уншаад, Лихайн Бурханы зарлигуудад дуулгавартай байснаар хүлээж авсан адислалуудаа дүрслэн хэлэхдээ ашигласан гурван үг хэллэгийг олж, судартаа тэмдэглэ. Эдгээр адислалуудыг 2 Нифай 1:17–18, 22-р шүлгүүдэд Бурханы зарлигуудыг дагадаггүй хүмүүст ирнэ хэмээн Лихайн заасан сөрөг үр дагавруудтай харьцуул.

2 Нифай 1:23-т гардаг Лихайн зөвлөгөөг тэмдэглээд, энэхүү бүлэг дэх Лихайн ярьсан “сэрж”, “сэгсрэн хаяж” эсвэл “бос”-соноор ирэх адислалуудыг хүлээн авахын тулд та амьдралдаа юу хийх хэрэгтэйгээ тунгаан бод.

2 Нифай 1:24–32

Лихай хөвгүүддээ Нифайн бошиглолыг дага хэмээн ухуулав

Дараа нь Лихай гэр бүлдээ болон бусад хүмүүст тэдний хүлээж авсан, амьдралдаа зөв шийдвэрүүдийг гаргахад нь туслах сүнслэг удирдамж, чиглүүллийн өөр нэгэн эх сурвалжийг сануулав. 2 Нифай 1:24-ийг уншаад уг эх сурвалжийг ол.

2 Нифай 1:24–27-г уншихдаа Лихай хэрхэн өөрийн хүмүүсийг Нифайг дагахыг урамшуулан дэмжиж байсныг ажиглаарай. Дараах асуултуудын хариултуудыг бодоорой:

  • Нифайг удирдагч хэмээн итгэхэд тань туслах ямар ямар шинж чанаруудыг Лихай онцолсон бэ?

  • Та яагаад эдгээр шинж чанаруудтай удирдагчид итгэх ёстой вэ?

  • Одоогийн сүмийн удирдагчид эдгээр шинж чанаруудыг харуулж байгааг та харсан уу?

2 Нифай 1:28–32-ыг уншаад, Нифайн удирдлагыг дагасан хүмүүст ирэх Лихайн амласан амлалтуудыг судартаа тэмдэглэ. Энэхүү амлалтууд нь биднийг удирдахаар Бурханаар дуудагдсан хүмүүсийг дагах үед бид сүнслэг хөгжил дэвшил, аюулгүй байдлаар адислагдах болно гэдгийг харуулдаг. Сүнслэгээр нөлөөлсөн зөвлөгөөг дуулгавартай дагах нь таныг сүнслэг хөгжил дэвшил, аюулгүй байдал руу хөтөлдөг тухай сүмийн удирдагчид хамгийн сүүлд юу гэж заасныг тунгаан бод.

Зураг
Ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф

Ерөнхийлөгч Вилфорд Вүдраффын хэлсэн дараах үгсийг уншаад, Их Эзэний үйлчлэгчдийн зөвлөгөөг дагаснаар ирэх амлалтуудын доогуур зур: “Бид бүгдээрээ Их Эзэний үйлчлэгчдийн зааж өгсөн замаар явах байх хэмээн би найдаж байна. Учир нь бид уг замаар явбал энэ дэлхийд аюулгүй байж, ирэх дэлхийд аз жаргал, өргөмжлөлийг хүлээн авах болно. … Хэрэв бид итгэлтэй байвал тэд биднийг амьдралын замаар удирдах бөгөөд тэдний зааврууд болон тэднээр дамжуулан Ариун Сүнсний заасан зүйлсэд итгэх итгэлтэй байхын хэрээр бид үргэлж аюулгүй зам дээр байж, гарцаагүй шагнагдах болно” (Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff [2004], 199).

  1. Их Эзэний зарлигууд болон Түүний үйлчлэгчдийн зөвлөгөөг амьдралынхаа туршид дуулгавартай дагах нь яагаад чухал гэж боддогоо судрын тэмдэглэлдээ бич.

  2. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би 2 Нифай 1-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: