Семинар
4-р хэсэг : 2 дахь өдөр, 1 Нифай 16


4-р хэсэг: 2 дахь өдөр

1 Нифай 16

Оршил

Ах нар нь Нифайн үгсийн хүчийг мэдрээд Их Эзэний өмнө өөрсдийгөө даруусгажээ. Лихайн гэр бүлийг цөлд аялж явахад нь Их Эзэн, тэднийг аян замд нь удирдах Лиахонаг өгсөн билээ. Лихайн гэр бүл аяны замдаа нум нь хөвчгүй болж, Нифайн нум хугарснаас хүнс залгуулах боломжгүй болсон гэх мэт олон бэрхшээлтэй учрав. Үүнд гэр бүлийн гишүүдийн ихэнх нь дургүйцэн бувтналдсан ч Нифай шинэ нум хийж, анд хаашаа явах талаар Их Эзэнээс зөвлөгөө хүсчээ. 1 Нифай 16-г судлах нь зовлон бэрхшээл, засч залруулах зүйлд хэрхэн хандах талаар сайтар бодох боломжийг танд олгодог. Их Эзэн Лихайн гэр бүлийг бэрхшээлүүдээ даван туулахад нь удирдсан шиг, хэрэв та Түүний зөвлөгөөг даруухнаар эрэлхийлж дагах юм бол амьдралд тань тохиолдох сорилтуудын дундуур Тэр таныг удирдах болно.

1 Нифай 16:1–6

Нифай ах нарынхаа дургүйцэлд хариулсан нь

Та хэн нэгнийг ямар нэг буруу зүйл хийснийхээ төлөө зэмлүүлэх эсвэл залруулга сонсож байхыг харсан уу? Тэр хүн үүнд хэрхэн хариулсан бэ?

Ёс бус хүмүүст амьдралын модны жимснээс хүртэх боломж байдаггүйг Нифай, Лемен Лемүел хоёрт заахад тэд өөрсдийг нь зэмлэж байна гэж бодсон ажээ (1 Нифай 15:36–16:1-ийг үзнэ үү). 1 Нифай 16:1–2-ыг уншиж, зарим хүмүүс үнэний дагуу амьдрахгүй байгаа үед энэ талаар сонсоод ямар хандалага гаргадаг талаар Нифайн хэлснийг олж, доогуур нь зур.

“Тэдний зүрхийг зүсэх” гэсэн хэллэг нь тэдний гэм бурууг илчлэх гэсэн утгатай. “Гэмтнүүдэд үнэн хатуу санагдах бөлгөө” гэсэн нь юу гэсэн утгатай гэж та бодож байна?

  1. Үнэнийг сонсоход хэцүү бөгөөд “зүрхийг [тань] зүсэх” шиг (1 Нифай 16:2) санагдсан үед ч гэсэн үнэнд дуулгавартай байхын тулд хийж чадах хэдэн зүйлээ судрын тэмдэглэлдээ жагсаан бич. Тодорхой үнэнүүдэд дуулгавартай байх нь зарим өсвөр үеийнхэнд яагаад хэцүү байдаг гэж та боддог вэ? 1 Нифай 16:3–4-т, Лемен Лемүел хоёрт Нифайн хэлсэн зүйлстэй өөрийнхөө хийсэн жагсаалтыг харьцуул.

1 Нифай 16:5-д өгүүлснээр, Лемен Лемүел хоёр Нифайн зааварт хэрхэн хандсан бэ? Ямар нэг үнэн бидний зүрхийг зүсэх шиг болсон үед бид юу хийх ёстойг энэ шүлэгт ямар үг эсвэл хэллэгээр дүрсэлсэн байна вэ? Эдгээр асуултуудын хариуг судартаа тэмдэглэ.

1 Нифай 16:7–33

Лихайн гэр бүл Лиахонагаар удирдуулсан нь

Зураг
Лиахона

Дараах таавар дахь өгүүлбэрүүдэд зөв (З), буруу (Б) гэсэн хариултын аль нэгийг өгч хариултаа дугуйл.

  • Нифай Ишмэилийн ууган охинтой гэрлэсэн.

  • Бөмбөрцөг хэлбэртэй Лиахона хэмээх луужин Лихайд өгөгдсөн.

  • Тэр бөмбөрцөг дөрвөн зүүтэй бөгөөд Лихай болон түүний гэр бүлд зүг чиг өгдөг байв.

  • Лихайн гэр бүл уг бөмбөрцгийг хүлээж авсны дараа цөл дэх тэдний аян хөнгөрсөн.

1 Нифай 16:7–10-ыг болон бүлгийн тоймыг судлахдаа эхний гурван асуултын хариугаа нэгтгэн дүгнэ (мөн Алма 37:38-ыг үз). 1 Нифай 16:17–19-ийг уншиж, дөрөв дэх асуултад зөв хариулсан эсэхээ шалга. (Зөв хариултууд нь энэ хичээлийн төгсгөлд байгаа.)

Дуулгавартай байгаа үед ч гэсэн бидэнд урьдын адил зовлон тохиолдох л болно. Бидэнд тохиолддог зовлон зүдгүүрүүдээс олон нь буруу сонголт хийсний үр дагавар байдаггүй. Харин зовлонгууд бидэнд мөнх бус амьдралын жам ёсны үр дүн болж ирдэг ч, яг Аврагчийн адилаар, бид мөнх бус амьдралынхаа турш сурч мэдэх, өсч хөгжих боломжтой болдог (С ба 122:7–8-ыг үзнэ үү). Бидэнд тохиолддог амьдралын сорилтуудын нэг нь эдгээр зовлонгуудад хэрхэн хандах явдал юм.

1 Нифай 16:10 дахь бөмбөрцгийн тухай Нифайн дүрслэлээс үзэхэд, энэхүү бэлэг нь Лихай болон түүний гэр бүлийг амлагдсан нутаг руу аялахад нь хэрхэн тусалж болох вэ? Лиахона Лихайн гэр бүлд хэрхэн ашиг тусаа өгснийг 1 Нифай 16:16-аас олж тэмдэглэ.

1 Нифай 16:20–22-ыг судалж, Нифайг нумаа алдахад Лихайн гэр бүлийн зарим гишүүд үүнд хэрхэн хандсаныг ол. 1 Нифай 16:23–25, 30–32-ыг судалж, Нифайн хандлагыг тодорхойл. Түүний хариу үйлдэл гэр бүлд нь хэрхэн нөлөөлсөн бэ?

  1. Дараах асуултад судрын тэмдэглэлдээ хариулж бич: Нэг ижил асуудалд Нифай болон түүний гэр бүлийнхэн өөрөөр хандаж байгааг харьцуулснаар та юу сурав?

Нифай үглэж гомдоллолгүй шинэ нум хийж, хүнс залгуулахын тулд хаашаа явбал зохих талаар удирдамж хүссэн юм. Хэрэв бид чадах бүхнээ хийж, Их Эзэний удирдамжийг эрэлхийлбэл Тэр, бидэнд бэрхшээл тулгарсан үед туслах болно гэдгийг Нифайн үлгэр жишээ харуулж байна.

Их Эзэн эдгээр үйл явдлуудын үеэр Лиахона хэрхэн ажилладгийг Лихайд тайлбарлажээ. Лихайн гэр бүлийг Лиахонагаар дамжуулан удирдахын тулд Их Эзэнд юу шаардлагатай байсныг 1 Нифай 16:26–29-өөс ол.

  1. Өөрийгөө, бага насны хүүхдэд Лиахонагийн тухай зааж байна гэж төсөөлөн бод. Лиахона Лихайн гэр бүлийг хэрхэн удирдаж байсан болон цаашид тэднийг энэ бөмбөрцөг удирдахын тулд тэд юу хийх ёстой байсныг судрын тэмдэглэлдээ энгийн үгээр тайлбарла.

  2. Дараах асуултад судрын тэмдэглэлдээ хариулж бич: “Их Эзэн өчүүхэн жижиг зүйлсээр агуу том зүйлүүдийг тохиолгон авчирч чадна” гэдгийг Лиахона бидэнд хэрхэн харуулж байна вэ? 1 Нифай 16:29

Их Эзэн Лихайн хүмүүсийг адисалсан шиг хувийн удирдамж хүлээн авахад туслах олон бэлгээр таныг хангасан байгаа. Эдгээр бэлгүүдийн заримынх нь талаарх дараах гурван зүйлийг уншиж, Их Эзэний эдгээр бэлэг бүр нь Лиахонатай хэр зэрэг адилхан болохыг тунгаан бод.

Патриархын адислал

Ерөнхийлөгч Томас С.Монсон патриархын адислалыг хувийн Лиахона гэж үзсэн байдаг:

Зураг
Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Лихайг Лиахонагаар хангасан Их Эзэн өнөөдөр таныг бас намайг бидний амьдралыг залуурдаж, учирч болзошгүй аюулаас сэрэмжлүүлэн, амлагдсан нутаг руу биш харин тэнгэр дэх бидний гэр орон руу аюулгүй замаар удирдах үнэлж баршгүй ховор бэлгүүдээр хангасан юм. Миний хэлж буй энэ бэлэг бол та нарын патриархын адислал юм. Сүмийн зохистой гишүүн бүр үнэлж баршгүй эрдэнэс лүгээ адил энэ адислалыг хүлээн авах эрхтэй юм. …

Таны адислал бол цэвэрхэн нугалж, цааш хийж хадгалахад зориулагдаагүй. Мөн жаазанд хийж эсвэл нийтэд зарлахад зориулагдаагүй. Харин энэ нь уншихад, эрхэмлэн нандигнахад, мөн дагахад зориулагдсан юм. Патриархын адислал тань хамгийн хүнд хэцүү цаг мөчид танд туслах болно. Энэ нь таныг амьдралын аюул дундуур удирдан хөтлөх болно. … Таны патриархын адислал бол замыг тань зааж удирдах таны хувийн Лиахона юм” (“Your Patriarchal Blessing: A Liahona of Light,” Ensign, 1986 оны 11-р сар, 65–66).

Судрууд ба бошиглогчдын үгс

Зураг
Ахлагч В.Ролф Кэрр

Тухайн үедээ Далын гишүүнээр үйлчилж байсан Ахлагч В.Рольф Кэрр, Христийн болон Түүний үйлчлэгчдийн үгс бол сүнсний Лиахона гэдгийг батлан ингэж хэлсэн юм: “Христийн үгс бидэнд замыг заадаг учраас бид бүгдийн хувийн Лиахона байж чадна. Зам нь амархан гээд залхуурахгүй байцгаая. Ариун судруудад цэдэглэгдсэн бөгөөд амьд бошиглогч, үзмэрч, илчлэгчдээр дамжин ирдэг Христийн үгсийг итгэлээр оюун ухаан, зүрх сэтгэлдээ шингээцгээе. Итгэл, хичээл зүтгэлээр Христийн үгс дээр найрлацгаая. Учир нь Христийн үгс бидний хийх ёстой бүх зүйлсийг хэлж өгдөг бидний сүнсний Лиахона байх болно” (“The Words of Christ—Our Spiritual Liahona,” Ensign ба Лиахона, 2004 оны 5-р сар, 37).

Ариун Сүнс

Зураг
Ахлагч Дэвид А.Бэднар

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Дэвид А.Бэднар Ариун Сүнсийг Лиахонатай зүйрлэсэн байдаг: “Бид зан төлөв, үйлдлүүдээ улам бүр зөв шударга болгохыг хичээснээр, Лихай болон түүний гэр бүлд Лиахона хэрхэн замыг зааж байсантай адил Ариун Сүнс өнөөдөр бидэнд замыг заадаг. Лихайн гэр бүлийн төлөө Лиахонаг ажиллуулдаг байсан хүчин зүйлүүд мөн тийм байдлаар Ариун Сүнсийг бидний амьдралд урьдаг. Эрт үед Лиахонаг ажиллахгүй болгодог байсан хүчин зүйлүүд мөн тийм байдлаар өнөөдөр биднийг Ариун Сүнснээс хөндийрүүлэхэд хүргэж байна” (“That We May Always Have His Spirit to Be with Us,” Ensign ба Лиахона, 2006 оны 5-р сар, 30).

  1. Патриархын адислал, судрууд, бошиглогчдын үгс болон Ариун Сүнсийг Лиахонатай адилтгаж болох гурван арга замын тухай судрын тэмдэглэлдээ бич.

  2. Дээр жагсаасан эх сурвалжуудын нэгнээс ирсэн зааврыг дагахад, таныг, Их Эзэнээс удирдамж авахад хүргэсэн үеийн тухай судрын тэмдэглэлдээ дүрслэн бич.

1 Нифай 16:34–39

Ишмэилийн охид аавыгаа нас барсанд гашуудаж байхад Лемен, Лихай Нифай хоёрыг алахаар хуйвалдаж байв

Ишмэил цөлд олон хоног аялсны эцэст нас барсныг бид 1 Нифай 16:34–38-аас мэддэг билээ. Түүний охид аавыгаа алдсаны төлөө үлэмж ихээр гашуудаж байсан бол гэр бүлийнх нь зарим гишүүд Лихай Нифай хоёрт уурлан, Иерусалим руу буцахыг хүсч байв. Тэр ч бүү хэл Лемен, Нифай Лихай хоёрыг алахаар сэм хуйвалджээ. Нифайн ах нар Их Эзэний хүслийг эрэлхийлээгүй учраас сул дорой байдал ба итгэлгүйгээ дахин харуулсан юм. Тэд Ариун Сүнсийг болон Түүний өгсөн тусламжийг үгүйсгэж байв.

1 Нифай 16:39-ийг уншиж, Их Эзэн ийм нөхцөлд юу хийснийг олж мэд. Энэ шүлэгт дурдсанаар Их Эзэн биднийг яагаад цээрлүүлдэг вэ?

Их Эзэн бидний ашиг тусын төлөө биднийг удирддаг бас цээрлүүлдэг. Хэрэв бид Их Эзэнээс хүлээн авсан удирдамж эсвэл цээрлэлийн дагуу ажиллавал Тэр биднийг адислах болно.

  1. Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би 1 Нифай 16-р бүлгийг судалж энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна:

  • Зөв/Буруу тааврын хариу: (1) Б, (2) З, (3) Б, (4) Б.