43-р бүлэг
Есүс Христ нифайчууд дээр хүрч ирсэн нь
Хүмүүс Есүс Христийн тухай мөн түүний нас баралтын тэмдгийн тухай ярьж байв.
Тэд ярьж байх үедээ тэнгэрээс гарах намуухан дуу хоолойг сонслоо. Энэ нь тэдний зүрхийг шатаах шиг болов.
Эхэндээ тэд уг дуу хоолойг ойлгож чадахгүй байсан ч гурав дахь удаагаа ярихад нь ойлгов.
Уг дуу хоолой Тэнгэрлэг Эцэгийнх байлаа. Тэр Есүс Христийг танилцуулж, хүмүүст түүнийг сонсогтун гэж хэллээ.
Есүс Христ тэнгэрээс бууж ирэн, хүмүүсийн дунд зогсов. Тэд юу болоод байгааг ойлгохгүй байсан тул ярихаас айж байлаа. Тэд Есүсийг тэнгэр элч гэж боджээ.
Тэр өөрийгөө бошиглогчдын ирнэ гэж хэлж байсан Есүс Христ гэж хэлжээ.
Есүс хүмүүст өөр дээр нь ирж, хөл, гар, хавирган талынх нь загалмайд хадуулсан шархны ормыг тэмтэрч үз гэж хэлэв.
Есүс бол тэдний Бурхан бөгөөд тэдний нүглийн төлөө нас барсан гэдгийг хүмүүс мэдээсэй гэж тэр хүсэж байлаа.
Хүмүүс нэг нэгээрээ Есүсийн хавирга, хөл, гаран дээрх шархны ормыг тэмтэрч үзэв. Түүнийг Аврагч гэдгийг тэд мэджээ.
Дараа нь хүмүүс Есүсийг магтан дуулж, хөлийнх нь өмнө сөгдөн, шүтэн бишрэв.
Есүс Нифайг болон арван нэгэн эрийг өөр дээрээ ирүүлэхээр дуудав. Тэр санваарын хүчийг тэдэнд өгч, баптисм хүртээх зөв арга замыг заасан.
Тэр нифайчуудад өөрт нь итгэж, наманчлан, зарлигуудыг биелүүл гэж хэлэв. Хэрэв тэд үүнийг хийхгүй бол хаант улсад орж чадахгүй гэв.
Тэр нифайчуудад хэрхэн Тэнгэрлэг Эцэгт залбирахыг заасан. Тэр мөн мацаг барих тухай зааж, хэрэв тэд бие биенээ уучилбал өөрсдөө ч бас өршөөгдөнө гэж хэлэв.
Есүс хүмүүст олон зүйлийг заасныхаа дараа тэднийг гэртээ харьж, Өөрийнх нь хэлсэн зүйлүүдийг эргэцүүлэн бодоод, залбир гэж хэлжээ.
Нифайчууд уйлж эхлэв. Тэд Есүсийг ингээд явуулчихыг хүсэхгүй байлаа.
Есүс нифайчуудыг хайрлаж байлаа. Тэр өвчтэй, зовлонтой хүмүүсийг эдгээж болохын тулд Өөр дээр нь авчир гэж хэлжээ.
Есүс тэр хүмүүсийг эдгээв. Хүн бүр сөгдөж, Түүнийг шүтэн биширч байлаа.