23-р бүлэг
Аммон бол агуу зарц
Мозаягийн дөрвөн хүү Зарахемлаг орхиж, сайн мэдээг заахаар леменчүүд рүү явав. Тэд бүгд өөр өөр хот руу явцгаав.
Аммон Ишмэилийн нутаг руу явав. Түүнийг хотод орж ирэхэд леменчүүд түүнийг хүлээд, өөрсдийн хаан Лемонай дээр аваачсан.
Аммон леменчүүдийн дунд амьдрахыг хүсэж байгаагаа Лемонай хаанд хэлэв. Лемонай зөвшөөрөөд, хүмүүстээ Аммоны хүлгийг тайл гэж хэлсэн.
Аммон хааны зарц нарын нэг болмоор байна гэж хэлжээ. Хаан түүнийг мал сүргээ хариулуулахаар явуулав.
Нэг өдөр Аммон бусад зарцын хамт мал сүргээ услахаар явж байтал леменчүүдийн дээрэмчид малыг нь тарааж, хулгайлахыг оролджээ.
Аммонтой хамт байсан зарц нар ихэд айж байв. Лемонай хаан дээрэмчдэд малаа алдсан бусад зарцаа шийтгэж, алсан байлаа.
Энэ нь Аммоны хувьд Их Эзэний хүчийг ашиглан леменчүүдийн тааллыг олж авах завшаан мөн гэдгийг тэрээр мэдэж байв. Тэгвэл тэд түүний заах сургаалыг сонсож болох байлаа.
Аммон хэрэв тарсан малыг цуглуулбал хаан тэднийг алахгүй хэмээн зарц нарт хэлэв.
Аммон зарц нарын хамт мал сүргээ даруй олж, усалдаг газартаа буцааж авчрав.
Леменчүүдийн дээрэмчид буцаж ирсэн. Аммон өөрийг нь дээрэмчидтэй тулалдаж байх хооронд малаа манаж байхыг бусад зарцад хэлэв.
Леменчүүдийн дээрэмчид Аммоноос айсангүй. Тэд түүнийг хялбархан алж чадна гэж бодож байв.
Бурханы хүч Аммонтой хамт байлаа. Тэр хэдэн дээрэмчинг чулуугаар цохиж алсан нь бусад дээрэмчний уурыг ихэд хүргэжээ.
Тэд бороохойгоор Аммоныг алахыг оролдсон боловч бороохойгоо өргөж Аммоныг цохих гэж оролдох бүрд тэр тэдний гарыг цавчиж байв. Айсан дээрэмчид зугтан оджээ.
Зарц нар цавчигдсан гарнуудыг Лемонай хаанд аваачиж өгч, Аммоны хийсэн зүйлсийн тухай ярив.
Аммоны агуу хүч чадлыг хаан гайхан биширч байв. Тэр Аммоныг харахыг хүсэж байсан боловч айж байлаа. Учир нь тэр Аммоныг Агуу Их Сүнс байх гэж бодож байв.
Аммоныг өөр дээр нь ирэхэд Лемонай хаан юу гэж хэлэхээ мэдэхгүй байлаа. Тэр бүтэн цаг юу ч ярьсангүй.
Хааны юу бодож байгааг мэдэхэд нь Ариун Сүнс Аммонд туслав. Аммон өөрийгөө Агуу Их Сүнс биш, жирийн хүн гэдгээ тайлбарлав.
Хаан Аммонд, хэрэв дээрэмчдийг алахад болон хааны бодлыг мэдэхэд ямар хүч чадал ашигласнаа хэлэх юм бол хүссэн зүйлийг нь өгнө гэж хэлжээ.
Хаан Лемонайгаас хүсэх цорын ганц зүйл бол өөрийнх нь хэлсэн үгэнд итгэх явдал гэж Аммон хэлжээ. Аммоны хэлсэн бүх зүйлд итгэх болно гэж хаан хэлэв.
Аммон Лемонай хаанаас Бурханд итгэдэг эсэхийг асуув. Хаан Агуу Их Сүнсэнд итгэдэг гэж хэлэв.
Агуу Их Сүнс бол Бурхан мөн тэр тэнгэрт болон газарт байгаа бүх зүйлийг бүтээсэн бөгөөд хүмүүсийн бодлыг мэддэг гэдгийг Аммон түүнд хэлж өгчээ.
Хүмүүс Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн хэмээн Аммон ярив. Тэрээр мөн Бурхан өөрийг нь Лемонайд мөн түүний ард түмэнд сайн мэдээг заалгахаар дуудсан гэдгийг хэлэв.
Аммон судруудыг ашиглан хаан Лемонайд Бүтээлтийн тухай мөн Адам, Есүс Христ хоёрын тухай заасан.
Хаан Лемонай Аммонд итгэж, нүглээсээ өршөөгдөхийн тулд залбирав. Дараа нь тэр газарт унаж, үхсэн мэт байв.
Зарц нар хааныг өргөн, эхнэрт нь аваачиж, орон дээр нь хэвтүүлэв. Хоёр өдрийн дараа зарц нар түүнийг үхсэн гэж бодоод, оршуулахаар шийдэв.
Нөхрөө үхсэн гэдэгт хатан итгэхгүй байлаа. Аммоны агуу их хүч чадлын тухай сонссон тэрбээр хаанд туслахыг түүнээс хүсэв.
Лемонайг Бурханы хүч чадлын доор байгаа гэдгийг Аммон мэдэж байлаа. Лемонай маргааш сэргэнэ гэж тэр хатанд хэлэв.
Хатан нь Лемонайн хажууд шөнөжингөө сахиж хоножээ. Дараа өдөр нь Лемонай босож ирээд, Есүс Христийг харснаа ярив. Хаан, хатан хоёр Ариун Сүнсээр дүүргэгдэв.
Лемонай ард түмэндээ Бурхан, Есүс Христ хоёрын тухай заав. Итгэсэн хүмүүс нүглээ наманчлан, баптисм хүртэв.