2016
Бид үхлийн дараах амьдралын тухай юу мэддэг вэ?
June 2016


Бид үхлийн дараах амьдралын тухай юу мэддэг вэ?

“Хэрэв хүн үхвэл тэрээр амилах уу?” Тийм ээ! Тэгээд юу болох вэ?

Зураг
life after death

Олон зууны турш тоо томшгүй олон хүн Иовын “Хэрэв хүн үхвэл тэрээр амилах уу?” хэмээх асуултыг тавьсаар ирсэн юм (Иoв 14:14). Энэ асуултад “Тийм!” гэж баттай хариулах нь Есүс Христийн тухай болон Түүний Амилалтын тухай гэрчлэлтэй болсон хүмүүсийн хувьд маш том давуу тал юм.

Бидний эргэн тойронд байгаа олон хүн “ертөнцөд Бурхангүй” (Ефес 2:12) амьдардаг бөгөөд тэд үхлийн талаарх олон янзын үзэл баримтлал, итгэл үнэмшлийг хооронд нь ялгаж салгаж мэдэх ёстой болдог. Зарим нэгний хувьд, энэ нь тэдний нүдээрээ харсан хувийн ажиглалт эсвэл үхэл бол тэдний хэн нэгнийг эргэж ирж байгааг хэзээ ч хараагүй нийтлэг бөгөөд туйлын “харамсалтай үнэн” юм. Мөн хоорондоо гайхалтай ижил төстэй, үхэлд хүргэх шахсан үйл явдлуудын талаар дэлхий даяар тархсан мэдээлэл их байдаг. Дэлхий даяарх хүн төрөлхтний соёл иргэншил үхлийн дараах амьдралын тухай зарим төрлийн ойлголт юм уу тайлбарыг шаарддаг өөр ижил төстэй зүйлсийг үргэлж бий болгосоор ирсэн.

Бидний амьдрал үхлээр төгсгөл болдоггүй гэх баталгаа нь бошиглогч, төлөөлөгчид болон хамгийн чухал нь Ариун Сүнс зэрэг маш олон гэрчээр дамжуулан эхлэлээс илчилсээр ирсэн Бурханаас ирдэг юм.

Эхлэлээс

Авралын төлөвлөгөө нь энэ дэлхий дээр хамгийн анх бидний анхдагч эцэг эх болох Адам, Ева хоёрт заагдсан. Тэд Есүс Христийн сайн мэдээний тухай болон Тэнгэрлэг Эцэгийнхээ оршихуйд хэрхэн эргэж очих талаар мэдэж авсан бөгөөд эргэн очно гэдэг нь бид өмнө нь Түүнтэй хамт байсан гэдгийг илэрхийлдэг болохыг ойлгосон юм. Тиймээс, эхлэлээс Адам, Ева хоёр энэ амьдрал бол бүх зүйл биш гэдгийг маш сайн мэддэг байжээ. Тэд Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан энэ амьдралын дараа амилуулагдаж, хэрэв дуулгавартай байвал мөнх амьдралыг хүлээн авах болно (Мосе 5:10–12-ыг үзнэ үү) гэдгээ мэддэг байсан ба үүнийг хүүхдүүддээ заадаг байсан.

Шашны бус онолууд үхлийн дараах амьдралын тухай итгэл үнэмшил бол зарим нийтлэг тохиолддог сэтгэл зүйн хэрэгцээний бие даасан үр дүн юм хэмээн үздэг. Гэхдээ үхлийн дараах амьдралын тухай өргөн тархсан ойлголт нь эхлэлээс илчлэгдэж, дараа нь үеэс үед дамжин өвөг дээдсээс эсвэл нийтийн дурсамжуудаас (хэрэв энэ нь мөнх бус байдлын өмнөх дурсамж биш бол) бүрэлдэн бий болдог. Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит (1838-1918) үхлийн дараах амьдрал гэх мэт нийтлэг итгэл үнэмшилд хамаардаг зарим шашны зан үйлийн тухай нэг удаа хэлэхдээ: “[Үүний] тухай мэдлэг нь Адамын үр удмаар дамжуулан бүх нутаг даяар, … Ноагаар дамжуулан бүх үндэстэн, улс орон даяар тархаж, түүний дараа амьдарч байсан хүмүүст үргэлжлэн хүрсэн нь лавтай” гэжээ (“Discourse,” Deseret News, 1873 оны 2-р сарын 19, 36).

Иймээс амьдралын дараах амьдралын тухай ойлголтын гарал үүсэл хүн төрөлхтний өөрийнх нь гарал үүсэлтэй давхацдаг учир ийнхүү нийтлэг байдаг.

Тодорхой хийгээд эрхэм үнэнүүд

Бид хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд, үхэл бол төгсгөл биш хэмээх өөрсдийн амьдралын тухай үнэнийг итгэлтэй гэрчилснээр дэлхий дээр Бурхангүй амьдарч байгаа хүмүүсийн амьдралд найдвар төрүүлэхэд тусалж чадна. Үүнээс гадна, бид илчлэгдэн сэргээгдсэн сайн мэдээний талаарх тодорхой хийгээд эрхэм үнэнүүдийн ачаар үхлийн дараах амьдралын тухай олон асуултад хариулж чадна. Ийм цөөн асуултын хариултыг доор оруулав.

Биднийг нас барсны дараа яг юу болдог вэ?

Биднийг нас барах үед бидний сүнс биеэсээ салж, дараа нь сүнсний дэлхийд очдог (Иаков 2:26; Алма 40:11-ийг үзнэ үү).

Бидний сүнс ямархуу харагддаг вэ?

Бидний сүнсэн бие мөнх бус оршихуйн өмнөх амьдралд байсантай адил, төгс насанд хүрсэн хүний хэлбэртэй харагддаг (Ифер 3:16; Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith [1998], 131–132). Үхлийн дараа бидний сүнс үхэх үед маань байсантай адил хандлага, дур хүсэл, хүсэл мөрөөдлүүдтэйгээ сэргээгдэх болно (Алма 34:34-ийг үзнэ үү).

Сүнс гэж юу вэ?

Бүх сүнс матери бөгөөд “илүү нарийн, эсвээс цэвэр” юм (С ба Г 131:7).

Сүнсний дэлхий ямар байдаг вэ?

Сүнсний дэлхий дээрх сүнснүүдийн дунд диваажин ба сүнсний шорон гэгддэг хоёр үндсэн байдал эсвэл хэсэг байдаг. Зөв шударга сүнснүүд “өөрсдийн бүх бэрхшээлүүд мөн санаа зоволт хийгээд харамслаасаа амрах” диваажин руу явдаг (Алма 40:12). Есүс Христийн сайн мэдээг хараахан хүлээн аваагүй хүмүүсийн сүнснүүд сүнсний шоронд байна гэж яригддаг (1 Петр 3:18–20-ийг үзнэ үү). Тэд сайныг эсвэл хилэнцтийг сонгох, сайн мэдээг хүлээн авах эсвэл татгалзах эрхтэй хэвээр байх болно. Диваажин дахь сүнснүүд тэдэнд сайн мэдээг тунхаглаж болно (C ба Г 138-ыг үзнэ үү). Сүнс биенээс нь урт удаан хугацаанд салсан хүмүүс энэ салалтыг “боолчлол” хэмээн үздэг (С ба Г 45:17; 138:50).

Тэнгэр гэж юу вэ?

Тэнгэр нь ерөнхийдөө Бурханы оршдог мөн эцэст нь зөв шударга хүмүүсийн оршин амьдарч болох газар юм. Энэ ойлголтоор авч үзвэл, энэ нь сүнсний дэлхийн диваажингаас өөр.

Там гэж юу вэ?

Судрууд дээр там нь: (1) “мөнх бус оршихуйд байхдаа дуулгаваргүй байсан хүмүүсийн сүнсний дэлхий дээр түр орогнох байр” эсвэл (2) “Есүс Христийн Цагаатгалаар гэтэлгэгдээгүй хүмүүсийн байнга оршин суух газар” байж болно (Судруудын удирдамж, “Там,” scriptures.lds.org). Ерөнхийдөө бол энэ нь сайн мэдээнээс татгалзсан хүмүүсийн хүлээн авах нөхцөл байдал юм. Иосеф Смит: “Сүнсний дэлхийд очсон сүнснүүдийн агуу гаслан зовлон нь бусдын эдэлж буй тэрхүү алдар сууг тэд өөрсдөө хүлээн авч болох байснаа мэдэх явдал бөгөөд эдгээр нь тэдний өөрсдийнх нь яллагч болдог” гэж заажээ (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 253).

Амилуулалт гэж юу вэ?

Амилуулалт бол сүнс мөн бие төгс хэлбэрээрээ, үхэшгүй байдалд дахин нэгдэх үйл явц юм (Алма 11:43-ыг үзнэ үү).

Ямар хүмүүс амилуулагдах вэ?

Газар дэлхий дээр амьдарч байсан бүх хүн амилуулагдах болно (1 Коринт 15:22; Алма 11:44-ийг үзнэ үү).

Бид хэзээ амилуулагдах вэ?

Хүмүүс өөр өөр цаг үеүдэд амилуулагдах болно. Есүс Христийн Амилалт нь эхний амилуулалтаар эсвэл зөвт хүмүүсийн амилуулалтаар эхэлсэн. Тэр цагаас хойш зарим зөвт хүн аль хэдийн амилуулагдсаар байгаа билээ. Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн дараа илүү олон зөв шударга хүн амилуулагдах болно. Мянган жилийн үеэр бусад сайн хүн амилуулагдана. Мянган жилийн дараа ёсон бусчууд амилуулагдах болно. (С ба Г 76:32–112; 88:97–101-ийг үзнэ үү.)

Амилуулагдсан биес ямархуу харагдах вэ?

Амилуулагдсан биес яс, махтай (Лук 24:39-ийг үзнэ үү), үхэшгүй (Алма 11:45-ыг үзнэ үү), төгс (Алма 11:43-ыг үзнэ үү), алдар суут, үзэсгэлэнтэй байдаг. “Амилуулагдсан эрэгтэй эсвэл эмэгтэй хүнээс илүү үзэсгэлэнтэй харагдах юу ч байхгүй билээ” (Ерөнхийлөгч Лорэнзо Снөү, [1814–1901], The Teachings of Lorenzo Snow, ed. Clyde J. Williams [1996], 99).

Амилуулалтын дараа бидэнд юу тохиолдох вэ?

Бүх хүн амилуулагдаж, Мянган жил төгсгөл болсны дараа бид өөрсдийн үг хэл, үйл хэрэг, бодол, хүслийн дагуу шүүгдэхээр Бурханы оршихуйд аваачигдах болно (Илчлэлт 20:12; Алма 12:14; С ба Г 137:9-ийг үзнэ үү). Есүс Христ бидний Шүүгч байх болно (Иохан 5:22, 27–29; Ром 14:10-ыг үзнэ үү).

Эцсийн шүүлтийн дараа юу тохиолдох вэ?

Эцсийн шүүлтийн дараа бид дараах мөнхийн шагналуудаас аль нэгийг хүлээн авах болно. Үүнд:

Селестиел хаант улс: Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ ба сайн мэдээний бүх гэрээг хийж, сахиснаар мөнх амьдралыг авах эрхтэй болсон тэд бүгдийн гэр орон (С ба Г 76:50–70-ыг үзнэ үү).

Террестриел хаант улс: Есүс Христийн сайн мэдээг хүлээн аваагүй боловч сүнсний дэлхийд байхдаа үүнийг хүлээн авсан эсвэл амьдралдаа Есүс Христийн тухай гэрчлэлдээ зоригтой байгаагүй тэдгээр сайн хүний гэр орон (С ба Г 76:71–80-ыг үзнэ үү).

Телестиел хаант улс: ёсон бус мөн Есүс Христийн сайн мэдээг хүлээн аваагүй, Мянган жилийн дарааг хүртэл амилуулагдаагүй хүмүүсийн гэр орон (С ба Г 76:81–89-ийг үзнэ үү).

Төгсгөлгүй шийтгэл: мөхлийн хөвгүүд болон чөтгөр, түүний элчүүдийн эцсийн байдал (С ба Г 76:31–49-ийг үзнэ үү).

Хүмүүс селестиел хаант улсад юу хийх вэ?

Селестиел хаант улсын хамгийн дээд зэрэглэлийг өвлөн авагчид өргөмжлөгддөг бөгөөд энэ нь мөнх амьдралыг хүлээн авч, Тэнгэрлэг Эцэгтэй адил болж, Эцэгт байгаа бүхнийг хүлээн авна гэсэн үг юм. Тэнгэрлэг Эцэгтэй адил болно гэдэг нь хайр, үйлчлэл гэх мэт Түүний төгс зан чанарыг олж авна гэсэн үг юм.1 Энэ нь бас “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” (Moсе 1:39) Түүний ажил болон алдар сууг хуваалцана гэсэн үг юм. Өргөмжлөл нь ариун сүмд мөнхөд лацдан холбогдох, мөнхийн гэр бүл болж амьдрах, мөнхөд сүнслэгээр өсөн нэмэгдэх зэргийг багтаадаг. (С ба Г 76:59, 62; 130:2; 132:19–23-ыг үзнэ үү.)

Хүмүүс бусад хаант улсад юу хийх вэ?

Бусад хаант улсад байдаг тэдгээр нь “улам илүү, мөн үлэмж, мөн мөнхийн жинтэй алдар сууд зохистой тэд бүгдийн тулд тохинуулах тэнгэр дэх тэнгэр элчүүд буюу тохинуулагч үйлчлэгчид болохоор томилогддог болой” (С ба Г 132:16). Тэд гэрлэж эсвэл өсөн нэмэгдэж үл чадна (С ба Г 131:1–4; 132:16–17-г үзнэ үү).

Эшлэл

  1. “Үйлчлэл бол бидний селестиел хаант улсад амьдрах эрхтэй болохын тулд энэ дэлхий дээр хийдэг зүйл биш юм. Үйлчлэл бол селестиел хаант улсад өргөмжлөгдсөн амьдрал үүссэн үндсэн шалтгаан, мөн чанар юм” (Ерөнхийлөгч Марион Ж.Ромни [1897–1988], Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, “The Celestial Nature of Self-Reliance,” Ensign, 1982 оны 11-р сар, 93).