2016
Замд тохиолдсон долоон нигүүлсэнгүй гайхамшиг
June 2016


Замд тохиолдсон долоон нигүүлсэнгүй гайхамшиг

Зохиогч нь АНУ-ын Невада мужид амьдардаг.

Их Эзэн миний амьдралыг гайхамшгуудаар адисалсан бөгөөд эдгээр гайхамшиг нь Түүний надад бэлдсэн тэрхүү замыг дагахад тусалсан юм.

Зураг
seven tender miracles along the way

Гэрэл зургийг Рэд Хансэн

Би Техасын Форт Ворт номлолд олон гайхалтай хүмүүст зааж, үйлчилж байх хугацаандаа үе үе өөрийнхөө адислагдсан амьдралыг тунгаан боддог байлаа. Надад тохиолдсон явдлуудаас долоо нь намайг илүү их гайхшируулдаг бөгөөд би тэдгээрийг гайхамшгууд гэж үздэг.

Эхлээд би хамгийн эгэл дорой нөхцөл байдалд эхэлсэн бага насны амьдралаа тэсэн гарсан юм. Би Этиопийн Дэссид ээжийнхээ амьдардаг байсан урцан дотор шороон шалан дээр төрсөн. Ээж маань миний мэдэх цорын ганц хамаатан минь байсан ба тэрээр 2.4 метрийн өндөртэй хагас бөмбөлөг хэлбэртэй урцаа өвс, навчаар хучиж; мод, шавар ашиглан өөрөө барьсан юм. Бидний амьдардаг газарт усжуулалтын систем болон бие засах газрын барилга байгууламж байдаггүй байв. Өвчин тахал болон үхэл манай кэбэлид буюу дүүрэгт гарсан юм. Хоол хүнс олоход маш хэцүү байсан ба бидний хувьд худалдаж авах боломж байхгүй байв. Ээж бид хоёрт өлсөөгүй өдөр байсныг би огт мэддэггүй.

Ээж маань намайг дөрөвтэй байхад хүнд өвчин тусаж, тэр хамаг чадлаараа шүдээ зуун, бид арай гэж сажлан эмнэлэгт очсон боловч миний хайрт, ядруу ээж тэнд нас барсан юм. Эмнэлгийн ажилтнууд намайг Этиопийн нийслэл Аддис Абаба хотын асрамжийн газарт амьдруулах боломж олгосноор би гудамжны амьдралаас болон өлсгөлөнгөөр үхэх үхлээс аврагдав.

Миний амьдрал гайхамшигтайгаар өөрчлөгдөх үед хоёр дахь гайхамшиг ирсэн. Би энэ асрамжийн газарт цэвэрхэн байранд амьдран, жинхэнэ орон дээр унтаж, хүссэн бүх хоолоо идэж үзэв. Бусад өнчин хүүхэд ч гэсэн хайртай нэгнээсээ хагацсан байсан бөгөөд тэд ээжээсээ хагацсантайгаа хэрхэн эвлэрэх ёстойг надад заасан юм. Бид оройн цагаар англи дуу дуулж, бидний төрөлх хэл болох амхарик хэл дээр залбирахаар цуглардаг байв. Бид бие биенийхээ төлөө залбирч, биднийг “сайхан сэтгэлтэй, хайраар дүүрэн” гэр бүлд үрчлүүлэхээр адислаач гэж Бурханаас гуйдаг байлаа. Дуу хөгжим, залбирал хоёр нь хоёулаа миний амьдралд агуу арга замаар нөлөөлсөн юм. Би хэзээ ч залбирахаа зогсоогоогүй.

Гуравдугаарт, би найман настай байхдаа номлогчидтой, Сүмтэй танилцав. Би 2003 оны 11-р сарын 30-ний ням гарагт Этиопт баригдаж байсан хамгийн анхны ХҮГ Сүмийн барилгын онцгойлон адислах ёслолыг харахаар уригдаж билээ. Би онцгойлон адислах үеэр Ариун Сүнсний хүчтэй нөлөөг мэдэрсэн бөгөөд тэнд оролцож байсан номлогчид баяр баясгалан, аз жаргалыг болон адилхан хүчирхэг сүнсийг цацруулж байв. Би яг тэдэн шиг болохыг хүсэж байснаа санадаг. Гэхдээ би энэ зорилгодоо хэрхэн хүрэхээ огт мэдэхгүй байлаа.

Үүний дараахан дөрөв дэх гайхамшиг ирсэн. Нэгдсэн Улсад амьдардаг нэгэн гэр бүл намайг үрчилж авав. Шинэ аав маань намайг асрамжийн газраас тосож аван, гэртээ аваачлаа. Бид танилцах үйл явцаа эхэлж, би шинэ орчиндоо суурьшиж эхлэв.

Ирсэн даруйд олон сорилт бэрхшээл тохиолдож байлаа. Очсон газар бүрд хүмүүс миний англи хэлийг шоолж байв. Мөн миний багахан боловсрол сургууль дээр асуудал гаргахад хүргэж байв. Би тусламж хүсэн залбирч, дараа нь мэдлэгийн ялгаагаа арилгахын тулд, ялангуяа англи хэлээ сайжруулахын тулд илүү шаргуу бөгөөд эрчтэй ажилласан. Тэнгэрлэг Эцэг миний залбирлуудад дахин нэг удаа хариулсан юм. Хоёр жилийн дараа би нэг ангийг амжилттай алгасав.

Тэгтэл миний гэрийн амьдрал ч үгүй болов. Их Эзэнд хандсан залбирлууд болон хувьдаа тавьсан томоохон зорилгууд, амжилтанд хүрэх чин хүсэл эрмэлзэл маань намайг энэ хэцүү цаг мөчийг даван туулахад тусалсан. Эцэст нь нийгмийн ажилтны тусламжтайгаар аав бид хоёр үрчлэлтийн асуудлыг дуусгавар болгохыг зөвшөөрсөн юм. Энэ бол залбирах, тэвчих, итгэх, Тэнгэрлэг Эцэгээс тусламж авах цаг мөч байв.

Би 15 настайдаа намайг үрчилсэн гэр бүлийнхэнтэйгээ нэг жил орчим хамт амьдрахаар очив. Энэ үеэр тав дахь гайхамшиг ирсэн. Би хоёр найзтайгаа чаргаар гулгаж байхдаа, хоёр сайхан охинтой ХҮГ нэгэн гэр бүлтэй танилцсан юм. Гэр рүүгээ явж байхдаа охидын нэг нь “Их Эзэн Эфрэм Смитийг өргөж авахыг биднээс хүсэж байна гэж би бодож байна” гэв. Хамгийн гайхалтай нь, энэ гэр бүлийн бусад гурван гишүүн мөн адил сүнслэг удирдамж хүлээн авсан байлаа. Аав нь Нийгмийн үйлчилгээний албатай хамтран ажиллаж, удалгүй би шинэ гэртээ нүүж очив. Гайхалтай шинэ аав маань надад эхнээсээ л сонгох эрхийг олгосон юм. Жишээ нь, түүний гэр бүлийнхэн ням гарагт сүмд явдаг тухай тэр надад тайлбарласан. Тэрээр өөрсөдтэй нь нэгдэх эсвэл гэртээ үлдэхийн алиныг нь ч сонгож болно гэж надад зөвшөөрсөн бөгөөд намайг сүмд явахгүй байхыг сонгосон ч намайг хайрласаар байх болно хэмээн хэлж билээ. Би сүмд явахыг сонгож, түүнээс хойш бусад олон зөв шударга шийдвэрийг гаргасан юм.

Намайг сайн мэдээний талаар хүчтэй гэрчлэл хүлээн авах үед зургаа дахь гайхамшиг ирсэн. Нэгэн ням гараг би “Би гайхширна” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу х. 22) хэмээх дууллыг дуулан, ариун ёслолын цуглаан дээр сууж байлаа. Есүс бол Христ бөгөөд энэ Сүм бол Түүний Сүм хэмээх хувийн гэрчлэл хүлээн авах үед нулимс хацрыг минь даган урсаж эхлэв.

Эцэст нь, 9 жилийн дараа би эдгээр номлогчтой хэрхэн адилхан болж болохоо мэдэж авсан юм. Номлогчийн нас 18 болсон ч миний үрчлэлтийн асуудал хараахан шийдэгдээгүй байв. Миний үрчлэлтийн асуудал шийдэгдэж дуустал би дахин долоон сар хүлээсэн юм. Эцэст нь би номлолын өргөдлөө илгээх боломжтой болов. Дөрвөн өдрийн хойно би номлолын дуудлагаа хүлээн авсан. Долоо хоногийн дотор Их Эзэн үрчлэлтийн бичиг баримтыг эцэслэн шийдвэрлэж, номлолын дуудлагаа авах боломжоор намайг адислав. Би энэ хоёр бичиг баримтыг хоёуланг тун их эрхэмлэн нандигнадаг! Эдгээр нь миний долоо дахь гайхамшиг юм. Тийм ээ, үнэндээ Этиоп дахь шавар урцнаас миний үнэ цэнтэй номлол хүртэлх замд олон гайхамшиг тохиолдсон билээ.