2016
Ариун сүмд Сүнс мэдэрсэн нь
June 2016


Ариун сүмд Сүнс мэдэрсэн нь

Кати Россиэр, АНУ, Калифорни муж

Зураг
taking pictures at the temple

Зураг чимэглэлийг Аллен Гарнс

Надад АНУ-ын Невадагийн Лас Вегаст амьдардаг охин Калли дээрээ айлчлах боломж гарсан юм. Охин маань тэнд нөхөр, хоёр хүүхдийнхээ хамт нүүж очоод удаагүй байлаа. Каллигийн тойрог үдээс хойш цуглардаг байсан учраас бидэнд сүмдээ бэлдэх мөн сүмийн дараа юу хийх талаараа ярилцах сайхан цаг гарсан юм. Калли тэндхийн ариун сүмд хараахан очиж амжаагүй байсан тул бид ариун сүм рүү явж, ариун сүмийн талбай дээр хүүхдүүдийнхээ зургийг авахаар шийдэв.

Бүх ариун сүмийн адил Лас Вегас Невада ариун сүмийн талбай үнэхээр сайхан бөгөөд үзэсгэлэнт усан оргилуур, цэцэгстэй байлаа.

Калли ерөнхийлөгч Томас С.Монсоны ярьсан нэгэн түүхийг уншсаныхаа дараа, хүүхдүүдээ ариун сүмд гарыг нь хүргэж үзүүлэхээр тэднийг авч явахыг хүсэж байв (“Finding Peace,” Liahona, 2004 оны 3-р сар, 5–6-г үзнэ үү). Тэр эхлээд охин Стэлладаа ариун сүмийн ариун нандин байдал ба чухал ач холбогдлыг тайлбарлав.

Стэлла ямар ч гурван настай хүүхдийн адилаар сайн ойлгож байсан ба бид түүнийг ариун сүмд гараа хүргэхийг ятгалаа. Бид Стэллагийн болон ариун сүмд гараа хүргэж байгаа гурван сартай дүүгийнх нь хэдэн зургийг авав.

Бидний явах цаг болоход ялангуяа Стэлла явах дургүй байлаа. Бид яагаад гэдгийг нь ойлгож байв. Бид тэр сайхан орчинд цагийг гайхалтай өнгөрөөсөн бөгөөд тэр бидэнтэй адил сүнсийг мэдэрсэн нь гарцаагүй.

Түүнийг машинд суулгаж, бүсийг нь бүсэлсний дараа бид хөдөллөө. Би эргэж хараад, даллан, “Баяртай, ариун сүм гэж хэлээрэй” гэж Стэллад хэлэв. Тэр ариун сүм рүү харан, даллаад, “Баяртай, ариун сүм ээ. Баяртай, өвөө” гэж хэлсэн юм. Би түүнийг зөв сонссон эсэхдээ эргэлзэж байсан ч Калли руу хараад, нүдэнд нь нулимс цийлэгнэсэн байсныг олж харсан ба бид хоёр адилхан зүйл сонссон болохыг ойлгосон.

Стэллагийн өвөө болох миний нөхөр Тим Стеллаг төрөхөөс дөрвөн жилийн өмнө өөд болсон байв. Тэр түүний зургуудыг харж, түүний тухай гэр бүлийнхнийхээ яриаг сонсож байсан нь мэдээж боловч тэр өдөр бид өвөөгийнх нь тухай огт яриагүй байсан юм.

Тимийг нас барах үед бид ердөө ганцхан ачтай байсан. Харин одоо бид 12 ач, зээтэй болсон. Би Тэнгэрлэг Эцэгийнхээ оршихуйг орхиод удаагүй байгаа эрхэм нандин шинэ хүүхдүүдээ тэврэх тоолондоо “Чи өвөөтэйгөө уулзсан уу? Тэр чамд ямар зөвлөгөө өгч, явуулсан бэ?” гэж асуухыг хүсдэг.

Тэр өдөр ариун сүмийн ариун нандин байдлын талаарх миний гэрчлэл хүчирхэгжсэн. Бид бяцхан хүүхдүүдийг дотогш авч орж болохгүй ч тэднийг хаалга хүртэл авч очиж, тоо томшгүй олон зохистой гишүүний Их Эзэний өргөөнд орохдоо татсан хаалганууд дээр гараа хүргэхийг нь зөвшөөрч болно.