2016
Аав, ээж хоёр маань хараал хэлж, хэт чанга хөгжим сонсон, телевизийн зохисгүй нэвтрүүлгүүд үздэг. Би Сүнсийг гэртээ, ялангуяа ням гарагт мэдрэхийн тулд юу хийж чадах вэ?
June 2016


Асуулт, хариултууд

“Аав, ээж хоёр маань хараал хэлж, хэт чанга хөгжим сонсон, телевизийн зохисгүй нэвтрүүлгүүд үздэг. Би Сүнсийг гэртээ, ялангуяа ням гарагт мэдрэхийн тулд юу хийж чадах вэ?”

Чи баптисм хүртэхдээ Ариун Сүнсний бэлэг хүлээн авсан. Энэ нь хэрэв чи өөрийгөө зохистой байлгаж, хувийн сайн сонголтуудыг хийвэл нөхцөл байдлаас үл хамааран Сүнсний нөхөрлөлийг хүлээн авч чадна гэсэн үг юм.

Чи долоо хоног бүр ариун ёслолоос хүртэхдээ “түүний Сүнсийг өөртэйгөө үргэлж хамт байлгаж болохын тулд … өөртөө [Түүний] Хүүгийн нэрийг авч, мөн үргэлж түүнийг санаж, мөн [чамд] өгсөн түүний зарлигуудыг дагахад бэлэн гэдгээ танд гэрчилж болохын тулд” (С ба Г 20:77) Тэнгэрлэг Эцэгтэй хийсэн гэрээнүүдээ санах болно. Чи гэрээнүүдээ сахиснаар Сүнстэй нөхөрлөх эрхтэй байх болно.

Ариун ёслолын болон Сүмийн бусад цуглаанд оролцох нь таны ням гаргийг гэрээгээ сахихад зориулдаг цорын ганц арга зам биш юм. Чи гэр орныхоо нөхцөл байдлаас үл хамааран гэр бүлийн түүх дээрээ ажиллаж, сайн мэдээг судалж, бусдад үйлчилж, ялангуяа ганцаардсан эсвэл өвчтэй байгаа хүмүүст үйлчлэх замаар гэрээнүүддээ үнэнч байгаагаа Тэнгэрлэг Эцэгтээ харуулж чадна. Гэр бүлийн гишүүд чинь үүнийг хийдэггүй байлаа ч ийм төрлийн үйл ажиллагаануудыг сонгох нь чамд баяр, баясал авчрах болно. (Рассэлл М.Нэлсон, “Хүндэтгэлийн өдрийг баясгалант болго,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 122.)

Ярилц

Ээж, аав хоёр чинь Сүмийн гишүүд биш байсан ч гэр орондоо, ялангуяа ням гарагт Сүнстэй үргэлж хамт байх нь яагаад чухал байдаг талаар тэдэнтэй ярилц. Ийм нөхцөлд чи гэрийнхээ хамгийн тайван газрыг сонгож, Сүмийн гишүүдийг өөртэйгөө хамт байхад урьж мөн тэдэнтэй хамт Сүнсийг урьж болно. Хэрэв чи Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих юм бол Их Эзэн чамайг агуу ихээр адислах болно гэдгийг би мэднэ.

Жоскарэс С., 16 настай, Бүгд Найрамдах Доминикан Улсын Санто Доминго хот

Аав, ээжийнхээ төлөө залбир

Чи аав, ээжийнхээ төлөө залбирч болно. Мормоны бичсэнээр “Их Эзэн тэдний төлөө түүнд өргөгдсөн зөв шударгыг үйлдэгчдийн залбирлуудыг санах болно” (Mормон 5:21). Эцэг эх тань яг одоо болихгүй байж болох ч Их Эзэн чамд туслах болно.

Көүл М., 17 настай, АНУ-ын Аризона муж

Сайн зүйлсийг хийхэд анхаарлаа хандуул

Ням гарагт гэртээ байх нь миний хувьд үргэлж хэцүү байдаг. Би гэрээсээ ганцаархнаа Сүмийн гишүүн бөгөөд ээж, аав, ах дүү нар маань Хүндэтгэлийн өдөр телевиз үзэж, хөгжим сонсдог. Би хүндэтгэлийн өдрийг ариунаар сахиж, Тэнгэрлэг Эцэгтээ хайраа үзүүлэхийг хүсдэг. Би өрөөндөө орж, судраа уншин, Сүмийн дуулал сонсож, найзуудтайгаа эсвэл номлогчидтой хамт айлуудаар айлчлах боломжтой байдаг. Би Хүндэтгэлийн өдрийг хичээнгүйлэн сахихад Их Эзэний өгдөг тусламжуудад болон Түүний надад өгдөг хүч чадалд маш их талархдаг.

Лайс Де Жесүс M., 19 настай, Бразилийн Сэржипэ муж

Судруудад ханд

Ээж, аав хоёрынхоо хийдэг зүйлсийн талаар тэдэнтэй ярилц. Хэрэв тэд сонсохгүй байвал гэр орондоо Сүнсийг мэдрэхэд туслах удирдамж хүсэн залбирч болно. Би гэртээ Сүнсийг мэдрэхийн тулд судар уншдаг бөгөөд энэ нь Сүнсийг өрөөнд тэр даруй авчирдаг.

Блэйк И., 14 настай, АНУ-ын Юта муж

Сүмийн материалуудыг ашигла

Хэрэв чи ухаалаг гар утастай эсвэл таблеттай бол Mormon Channel болон LDS Youth программуудыг татан авч болно. Эдгээр нь Сүнсийг үргэлж урьж байдаг гайхалтай дуу, видео бичлэг, хэлсэн үгсээр дүүрэн байдаг. Энэ нь энгийн байдаг ч дуу чимээ ихтэй үед Сүнсийг мэдрэхэд надад үнэхээр их тусалдаг юм. Энэ нь өөрчлөлтийг мөн гэр оронд бүхэлд нь амар амгаланг авчирдаг.

Хантерев В., 16 настай, АНУ-ын Техас муж

Христийн жишээг дага

Гэр орон Сүнсээр дүүргэгдэх нь чухал ч хувь хүн Сүнстэй байх нь илүү чухал юм. Христ бол Сүнсийг Өөртэйгөө үргэлж хамт байлгахын төгс жишээг үзүүлсэн. Зөвхөн Христтэй илүү адил болохыг хичээх, бусдад сайхан сэтгэлээр хандах, дэлхийг Түүний харах байсан тэр арга барилаар харах нь магадгүй хаа байгаа газраа Сүнсийг өөртэйгөө хамт байлгах шилдэг арга байж болох юм.

Изабел В., 16 настай, АНУ-ын Орегон муж

Гэр бүлийн үйл ажиллагаануудыг санал болго

Ням гарагт гэр бүлээрээ хамтдаа хийж болох үйл ажиллагаануудыг санал болгож болох юм. Эдгээр зохистой бус зүйлийг хийхгүйн тулд гэр бүлээрээ хамтдаа хийж болох ямар нэгэн зүйлийг санал болго. Хэрэв та нар гэр бүлээрээ хамтдаа ямар нэгэн зүйлийг хийвэл, энэ нь та нарыг илүү ойртуулна. Энэ нь тэдэнд ням гаргуудад хийж болох зүйлсийн талаар шинэ санаа өгөх болно. Тэд дараагийн ням гарагт “Бидний өнгөрсөн удаа хийсэн зүйл хөгжилтэй байсан шүү дээ, үүнийг дахин хийцгээе” гэж хэлж болох юм.

Раин Б., 19 настай, АНУ-ын Айдахо муж