2016
Уухай!
June 2016


Эргэцүүлэл

Уухай!

Зохиогч нь АНУ-ын Орегон мужид амьдардаг.

Нэгэн дөрвөн настай хүү ариун ёслолд шинэ арга замаар талархалтай хандахад надад тусалсан юм.

Зураг
hooray

Зураг чимэглэлийг Кэролин Виббэрт

Цугларагсдыг ариун ёслолын дууллыг дуулж дуусахад оюун бодол минь Аврагч дээр төвлөрч, дууны номоо хаахад хөгжим үргэлжилж байлаа. Тэр өдөр олон хүн ирсэн байсан учир пристүүдийг талхаа хувааж дуустал орган хөгжимчин дахин хоёр бадаг тоглох шаардлагатай болсон юм. Би илүү цаг гарсанд баяртай байлаа. Энэ нь ариун ёслолын залбирлаас өмнө бишрэл хүндэтгэлтэй бясалган бодох нэмэлт хормыг надад гаргаж өгсөн юм.

Би пристүүдийг Христийн бидний төлөө хийсэн золиослолын бэлгэдлүүдийг адислан залбирах үеэр тэдний хэлсэн үг бүрийг анхааралтай дагаж байв. Сүүлийн залбирлыг хэлж дуусаад, цугларагсдыг санал нэг байгаагаа илэрхийлэх яг тэр мөчид надаас хоёр эгнээний ард сууж байсан дөрвөн настай хүүгийн дуу “амен” гэх олон дуун дундаас ялгарч сонсогдлоо.

Тэр “Уухай!” гэж уулга алдав.

Түүний амнаас өөрийн эрхгүй гарсан энэ үг ойр хавийн хүүхдүүдийг инээлгэхээр чанга байв. Энэ нь намайг ч бас инээмсэглэхэд хүргэснийг нуух юун.

“Уухай гэнэ үү?” гэж би бодлоо. Энэ бол ариун ёслолын залбирлын хувьд их хачин хариулт байлаа. Энэ нь миний өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй бас хэзээ ч дахин сонсохгүй тийм хариулт байсан нь ойлгомжтой. Тэгээд энэ бүхний эцэст бид залбирлаа “амен” гэж дуусгасан. …

Тэр бяцхан хүү миний мэддэг үнэнээс ч илүү их зүйлийг ойлгосон байж болох юм.

Уухай гэдэг нь сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг. Хөөрч баярласан, ихэвчлэн ялан дийлсэн үед ингэж уухайлдаг. Зарим үед хэцүү даалгаврыг сайн хийж дуусгасан хэн нэгнийг дэмжиж буйгаа харуулахын тулд мөн ийнхүү уухайлдаг.1

Гэнэт миний оюун бодолд нэг санаа орж ирэв. Тийм ээ, Есүс Христ бид бүгдийг амилуулагдаж болохын тулд үхлийг ялан дийлсэнд нь уухайлмаар санагдлаа. Түүний Цагаатгалын ачаар Тэр бидний гэм нүглийг өршөөж чадна гэдэгт уухайлъя! Үүнээс гадна, Тэр миний гэм нүглүүдийг өршөөж чадна! Түүний ач ивээлээр дамжуулан би Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очиж, мөнх амьдралын найдварт баясаж болох болсонд уухайлъя! Тийм ээ! Уухай!

Ийнхүү дотроо Тэнгэрлэг Эцэгтээ эдгээр талархлын магтаалыг хашгирах үед Ариун Сүнс намайг бараг уйлтал зүрх сэтгэлийг минь баяр хөөрөөр дүүргэсэн юм. Би тэр өдөр бяцхан хүүхдээр удирдуулж (Исаиа 11:6-г үзнэ үү), өөрийнхөө амьдралд байдаг Аврагчийн Цагаатгалын адислалуудыг шинээр олж харсандаа баяссан билээ.

ЭШЛЭЛ

  1. Merriam Webster’s Collegiate Dictionary, 11 дэх удаагийн хэвлэлээс (2003), “hooray” гэдэг үгийг харна уу; мөн en.wiktionary.org/wiki/hooray-г үзнэ үү.