2016
Аавын минь хайраар дүүрэн үлгэр жишээ
June 2016


Бидний гэр орон, гэр бүл

Аавын минь хайраар дүүрэн үлгэр жишээ

Аав минь замаасаа бэдэрсэн хүүхдүүдээ хэрхэн хайрлахыг надад заасан юм.

Зураг
father and son walking on a beach

Зүүн талын зураг чимэглэлийг © iStock/Thinkstock; баруун талын гэрэл зургийг Дэл Бэнсон.

Би хоёр найзаасаа семинарт явах урилга хүлээн авсныхаа дараа Сүмд нэгдэв. Эцэг эх маань миний баптисм хүртэх, номлолд үйлчлэх, ариун сүмд гэрлэх шийдвэрүүдийг үргэлж дэмждэг байлаа. Гэхдээ намайг эхнэртэйгээ лацдан холбогдох үед эцэг эх маань Юта дахь Провогийн ариун сүмийн хүлээлгийн өрөөнд сайхан сэтгэл гарган хүлээж байгааг мэдээд, мэдэрсэн тэр шаналлаа би дурсан санадаг (эцэг эх маань ч бас тийм мэдрэмжтэй байсан байх гэж би боддог).

Бид дараа нь дөрвөн хүүхэдтэй болж, хүүхдүүд маань гэрээнд төрсөн учраас бүгдээрээ бидэнтэй лацдан холбогдсоныг мэдэх нь хэчнээн баяр баясгалантай зүйл байсныг би санадаг юм. Манай хүүхдүүд анхны ач нар нь байсан бөгөөд эцэг эх, ах дүү нар маань хэзээ ч Сүмд нэгдэж байгаагүй ч манай хүүхэд нэг бүртэй маш ойр дотно байдаг байсан. Бие биетэйгээ ойрхон амьдарсан олон жилийн туршид эцэг эх маань манай хүүхдүүдийг сургуулийн болон өсвөр үеийнхний спортын үйл ажиллагаануудад оролцохыг харах боломжтой байв. Тэд бүх хүүхдийн маань баптисм дээр ирсэн.

Гэвч манайх хүүхдүүдээ өсвөр настай байхад ажлын шаардлагаар өөр муж руу нүүв. Энэ хэдэн жилийн туршид ч эцэг эх маань хүүхдүүд дээр минь зочилж, ойр ойрхон захидал бичин, тэдэнтэй ойр байдаг байлаа.

Эцэг эх маань хижээл настай болох үед ээж маань алцхаймер өвчин тусав. Түүний нөхцөл байдал бүтэн асаргаа шаардахаар байсан ч аав маань ээжийг итгэлтэй асарч, үйлчлэхээр шийдсэн юм. Энэ сүүлийн жилүүдэд ч гэсэн аав маань долоо хоног бүр надтай холбоо барьж, зарим үед өдөр бүр утсаар болон захидлаар харилцдаг байлаа. Би эцэг эхийнхээ аль алинтай байнгын дотно харилцаатай байсан ч аавынхаа амьдралын сүүлийн 10 жилд аавтайгаа илүү дотно болсон юм. Хэдийгээр бидний ах дүү гурав бүгд өөр өөр сонирхол, итгэл үнэмшилтэй болж өссөн ч аав маань бидэнтэй яг адилхан ойр дотно байсныг би сүүлд олж мэдсэн.

Зураг
writing a letter

Зүүн талын зураг чимэглэлийг © iStock/Thinkstock; баруун талын гэрэл зургийг Дэл Бэнсон.

Гэр бүл, эцэг эх маань сүүлийн хэдэн жил Нэгдсэн Улсын нөгөө эргүүдэд амьдарч байсан бөгөөд ээжийн алцхаймер өвчний байдал хүндэрч, холын зайн нислэг аавд маань хэцүү байдаг болсон ч тэд хоёр ч удаа бүх нутгийг хөндлөн гулд туулан нисэж, манайд зочлон ирж байсан билээ.

Яг тэр цаг үед бүх хүүхэд маань сүмд явахаа болих шийдвэрийг нэг нэгээрээ гаргав. Тэдний хоёр нь сүүлдээ Сүмийн бүртгэлээс өөрсдийн нэрийг хасуулав. Энэ нь эхнэр бид хоёрын амьдралд сорилт болж байсан нь ойлгомжтой. Аав маань хожмын үеийн гэгээнтэн биш байсан ч хүүхдүүдийн маань хийсэн сонголтуудад бас зовж шаналан, яахаа мэдэхгүй байлаа. Тэр хувьдаа бол шашинд итгэдэг хүн байсан бөгөөд энэ олон жилийн турш бидэнтэй хамт тэдний төлөө залбирдаг байсан.

Аав маань хорт хавдартай гэж оношлогдсоныхоо дараа 2005 онд өөд болж, ээж маань түүнээс 3 жилийн дараа өөд болсон юм. Эхнэр бид хоёр тэднийг нас барсны дараа ариун сүмийн ёслолуудыг нь төлөөлөн гүйцэтгэхдээ баяртай байв.

Хүүхдүүд маань насанд хүрч, зарим нь гэрлэж, хүүхдүүдтэй болж, хэдийгээр тэд бүгд ХҮГ биш ч гэсэн би хүүхдүүдтэйгээ хэрхэн хамгийн сайнаараа харилцаж болохоо мэдэхийн тулд удаан хугацаанд залбирсан юм. Бид дөрвөн хүүхэдтэйгээ бүгдтэй нь зүрх сэтгэлээрээ ойр байдаг ба тэд бидэнтэй хайраар холбогддогт талархдаг.

Би эцэст нь насанд хүрсэн хүүхдүүдээсээ шалтгаалахгүйгээр, үлдсэн амьдралынхаа турш өөрийгөө хэрхэн авч явах талаар маш тодорхой хариулт авсан. Би аавынхаа миний төлөө хийсэн зүйлсийг хийх ёстой байв. Аав бид хоёр өөр өөр амьдралаар амьдарч, шашны талаарх ойлголтууд маань ялгаатай байсан ч мөн хүүхдүүдээ өөрийнхөөсөө өөр амьдралын хэв маяг, итгэл үнэмшил сонгохыг хараад намайг шаналдаг байхад ч аав маань эцгийн болон найзын хувьд надтай ойр үлдэхийг сонгосон юм. Би өөр итгэлийг сонгосон хүүхдүүддээ хэрхэн хандах ёстойг болон Аврагчтай адил тэднийг хэрхэн бүрэн дүүрэн хайрлахыг надад заасан аавынхаа үлгэр жишээг дагах ёстойг ойлгосон.