2016
Сүнслэг тогтвортой байдал: Живдэггүй усан онгоц барих нь
April 2016


Сүнслэг тогтвортой байдал: Живдэггүй усан онгоц барих нь

2014 оны 9-р сарын 16-нд Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт дээр хэлсэн үгнээс. Англи хэл дээрх бүрэн эхийг http:speeches.byu.edu хаягаар орж үзнэ үү.

Бид мөнх бус амьдралдаа амжилттай аялж, тэнгэрлэг гэртээ аюулгүй харихын тулд сүнслэг байдлын хувьд хангалттай тогтвортой байх хэрэгтэй.

Зураг
carpenter and tools

Усан онгоцны тэмдэг ба гэрэл зургууд © lublubachka/Thinkstock, MicheleBolero/Thinkstock, David Harding/Thinkstock

17-р зууны эхэн үед Шведийн хаан II Густав Адольф Ваза хэмээх нэртэй байлдааны хөлөг онгоц барихыг тушаажээ. Уг онгоцыг царс модоор барих зэргээр асар их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулжээ. Густав Адольф Ваза усан онгоцыг яг өөрийн хүссэнээр бариулахын тулд барилга баригдахыг ойрхноос ажиглаж байв.

Барилгын ажил эхэлсний дараа Густав Адольф Ваза-г арай урт болгохыг тушаасан юм. Онгоцны өргөнийг хэмжээнийх нь дагуу үнэт царс модоор аль хэдийн барьчихсан байсан тул хаан барилгачдад онгоцны өргөнийг өөрчлөлгүй, уртыг нь сунгахыг зааварлажээ. Тийнхүү өөрчлөх нь Ваза-гийн далайд хөвөх чадварт нөлөөлнө гэдгийг усан онгоцны дархад мэдэж байсан ч сонсохыг хүсэхгүй зүйлийг нь хаандаа хэлэхээсээ тээнэгэлзсэн байна. Тэд тушаалыг гүйцэтгэжээ. Мөн Густав Адольф уг онгоцон дээр бууны энгийн нэг тавцан биш, их буунууд бүхий гурван тавцан байрлуулан, хамгийн дээд тавцанд хамгийн хүнд их буунуудыг байрлуулахыг шаардсан байна. Дархад дахиад л үнэнийг хэлэхийн оронд тушаалыг ёсоор болгожээ.

1628 оны 8-р сарын 10-нд Ваза хамгийн анхны аялалдаа гарав. Ваза эргээс хөдлөхөд хүчтэй салхи далбааг ороож, онгоц хазайж эхэлжээ. Тун удалгүй “усан онгоц хазайн унаж, бууны нүхнүүдээр нь ус орсны улмаас туг далбаа гээд бүхий л зүйлсийн хамт аажмаар далайн гүнд живсэн байна”1 Ваза-гийн хамгийн эхний аялал ердөө л 4200 тохой (1280 м) үргэлжилжээ.

Ийнхүү Густав Адольф хэмжээ хязгааргүй нэр хүнд олж авах гэж хөөцөлдсөнөөс болоод тухайн үедээ хамгийн агуу байлдааны хөлөг онгоц болох байсан энэхүү сүр жавхлант дарвуулт онгоцны загвар сүйрсэн юм. Усан онгоцны дархад хаанаа дургүйцэх вий гэж айсандаа түүнд үнэнийг хэлээгүйгээс болж хаанд тэдний мэдлэг, төсөөлөн бодох гүн ухаан дутагдсан аж. Хөлөг онгоцыг барих болсон гол зорилго болох Швед орныг хамгаалж, улсынхаа бүрэн эрхийг гадаад ертөнцөд дэмжүүлэх ажил энэ хүмүүсийн энэхүү үйлдлээр үгүй болсон юм. Физикийн хуульд үл захирагдахыг оролдогч усан онгоц бол зүгээр л хөвдөггүй завь гэсэн үг.

Бид мөнх бус амьдралдаа амжилттай аялахын тулд салхи, урсгалыг сөрөн, шаардлагатай эргэлтүүдийг хийж мөн тэнгэрлэг гэртээ аюулгүй харихын тулд сүнслэг байдлын хувьд хангалттай тогтвортой байх хэрэгтэй. Бидэнд өөрсдийнхөө сүнслэг тогтвортой байдлыг нэмэгдүүлэхийн тулд хийж чадах зүйлс бий. Тэдгээрээс би дөрвийг дурдъя.

Бурханы зарлигуудыг дуулгавартай дагах

Нэг дэх зүйл нь Бурханы зарлигуудыг дуулгавартай дагах явдал юм. Ваза физикийн хуульд захирагдах ёстой байсантай адил бид бүгд сүнслэг хуульд захирагддаг. Хэн ч үүнээс ангид байдаггүй. Бид Бурханы зарлигууд болох тэдгээр сүнслэг хуулийг дагах ёстой.

Онгоцоо физикийн хуулийн дагуу барих нь Густав Адольфын хувьд хязгаарлагдмал байсан байж болох ч, эдгээр хуулийг дагасан бол Ваза зорилгоо эхлүүлж ч чадалгүйгээр живэхгүй байх байсан юм. Харин ч уг усан онгоц хийх ёстой зүйлээ хийх эрх чөлөөтэй бас уян хатан байх байлаа.

Үүний нэгэн адил Бурханы хуулиудыг дуулгавартай дагах нь бидний эрх чөлөө, уян хатан байдал ба зорьсондоо хүрэх чадварыг хадгалан хамгаалдаг юм. Зарлиг тушаалууд биднийг хорьж хязгаарлахын тулд өгөгдөөгүй. Яг үнэндээ дуулгавартай байдал нь өсөн нэмэгдсэн сүнслэг тогтвортой байдал ба урт хугацааны аз жаргалд хүргэдэг.

Дуулгавартай байдал нь бидний сонголт юм. Есүс “Болгоогтун, би та нарт зарлигууд өгсөн билээ; тиймийн тул зарлигуудыг минь дага” хэмээн зааж чиглүүлсэн байдаг (3 Нифай 15:10). Тэгээд л боллоо. Үүнийг сонго. Яг дуулгавартай байх эсэхээ одоо л шийд. Үүнээс өөр юу ч сүнслэг тогтвортой байдлыг илүү их нэмэгдүүлэхгүй. Үүнээс өөр ямар ч зүйл бидэнд амьдралынхаа зорилгыг биелүүлэх илүү их эрх чөлөөг өгөхгүй.

Зөвлөгөөг анхааран үзэж, насан туршдаа суралцагч болох нь

Зураг
carpenter’s tools

Хоёр дахь зүйл нь, бид найдвартай эх сурвалжаас ирэх зөвлөгөөнд анхаарал хандуулж, насан туршдаа суралцагч болохоо амлах явдал юм.

Мэдлэгтэй болохын нэг аюул нь бид их зүйлийг мэддэг тул өөр сурах зүйл байхгүй хэмээн бодсоноос үүсэх бардам зан юм. Бид үүнийг өөрсдийн чадварлаг байдалд бүрэн итгэлтэй байдаг хүмүүсээс харж байсан билээ. Бүхнийг мэдэгчид заахад үнэхээр хэцүү байдаг.

Үүнийг анхаардаг мөн насан туршдаа суралцагч байх хүсэлтэй Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх ерөнхийлөгч Хэнри Б.Айринг “Би ихийг сурах хэрэгтэй хүүхэд хэвээр байгаа. Ихэнх нь надад ямар нэгэн зүйл заадаг”2 хэмээн хэлсэн. Ерөнхийлөгч Айринг намайг ерөнхий эрх мэдэлтнээр дуудахдаа надад нэгэн чухал хичээл заасан юм. Тэрээр хэн нэгэн нь түүний урьд сонссон түүхийг ярих юм уу түүний сайн мэддэг судрыг хэрэглэх юм бол “Яагаад Их Эзэн надад үүнийг онцолж байгаа юм бол?” мөн “Энэ түүх эсвэл судраас би юу сурах ёстой вэ?” хэмээн өөрөөсөө асуудаг гэж хэлсэн юм. Хэрэв бид сүнслэг тогтвортой байдлаа нэмэгдүүлэхийг хүсвэл, сурах хүсэлтэй байж мөн өөрсдийн нас, туршлагаас үл хамааран заавар удирдамж хүлээн авахдаа хангалттай даруухан байх хэрэгтэй.

Энэ нь үнэхээр бидний сонголт юм. Бид Сүмийн удирдагчдын, ялангуяа бидний бошиглогч, үзмэрч, илчлэгчид хэмээн дэмждэг тэр хүмүүсийн зөвлөгөөг мөн эцэг эх, итгэлтэй найзуудынхаа зөвлөгөөг сонсож, анхаарал хандуулж болно эсвэл анхаарахгүй байж ч болно. Бид насан туршдаа суралцагч байхыг эрэлхийлж эсвэл эрэлхийлэхгүй ч байж болно. Бид сүнслэг тогтвортой байдлаа нэмэгдүүлэх юм уу нэмэгдүүлэхгүй ч байж болно. Хэрэв бид сүнслэг тогтвортой байдлаа нэмэгдүүлэхгүй бол Ваза шиг хөвдөггүй завь болох болно.

Бусдад үйлчлэх нь

Гурав дахь зүйл нь гадагш чиглэсэн байх ба бусдыг халамжлан, бусдад үйлчилснээр сүнслэг тогтвортой байдлыг нэмэгдүүлдэг.

Бид Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд туслахыг эрэлхийлж, бусдад анхаарал хандуулах юм бол мөнх амьдрал бидний зорилго хэвээр үлддэг. Би зөвхөн өөрийнхөө төлөө залбирахаасаа илүүтэй, бусдад хэрхэн тусалж чадахаа мэдэхийг хүсэн залбирвал илчлэлт авахад илүү хялбар байдгийг анзаарсан.

Бид хэзээ нэгэн цагт бусдад туслах илүү боломжтой байх болно гэдэгт итгэдэг байж болох юм. Тэгвэл үнэндээ, туслах цаг нь одоо юм. Бид илүү их цаг завтай, илүү их мөнгөтэй эсвэл илүү их ямар нэгэн зүйлтэй болсон үедээ бусдад үйлчлэхэд илүү амар байх болно гэж бодож байвал бид эндүүрч байна. Нөхцөл байдлаас үл хамааран, бусдад туслах уу, үгүй юү? гэсэн сонголт бидэнд байдаг. Бид тусламж хэрэгтэй хүмүүст туслахыг сонгохгүй бол мөнх бус амьдралынхаа чухал шалгалтад унана. Хэрэв бид туслах юм бол сүнслэг тогтвортой байдлаа нэмэгдүүлж чадна.

Есүс Христийг сууриа болгох

Зураг
the ship Vasa

Усан онгоцны тэмдэг ба гэрэл зургууд © lublubachka/Thinkstock, MicheleBolero/Thinkstock, David Harding/Thinkstock

Сүүлийн, хамгийн чухал дөрөв дэх зүйл бол сүнслэг тогтвортой байдал маань бидний Есүс Христийг сууриа болгосон тэр хэмжээгээр өсөн нэмэгддэг.

Бид Христгүйгээр давалгаан дунд шидэгдсэн усан онгоц мэт явах болно. Бидэнд дарвуул байхгүй тул хүч ч байхгүй. Зангуу байхгүй тул ялангуяа шуургатай үед бид тогтвортой байж чадахгүй. Залуурдан удирдах жолоогүй тул бидэнд зорилго, чиглэл байхгүй. Бид Есүс Христийг сууриа болгох ёстой.

Бид амьдралын салхи ба урсгалыг сөрж, даван туулж, тэдгээрт бэлтгэлтэй байхын тулд Бурханы зарлигуудыг даган, насан туршдаа суралцагч байхаар даруу, хичээнгүй байж, бусдад үйлчлэн, Есүс Христийг амьдралын сууриа болгох ёстой. Хэрэв бид үүнийг хийвэл, сүнслэг тогтвортой байдлаа өсгөн нэмэгдүүлж чадна. Ваза-тай адилгүй нь бид хувь заяаныхаа эзэн нь болж, боомт дээр аюулгүй эргэн очих боломжтой юм.

Эшлэлүүд

  1. Шведийн хаант улсын зөвлөлөөс II Густав Адольф хаанд ирүүлсэн захиа; эшлэлийг орчуулсан Ричард О.Мэйсон, “Ваза хөмөрсөн нь,” virtualschool.edu/mon/CaseStudies/Vasa/vasa.html. Ваза-гийн тухай олон түүх байдаг ба тухайлбал vasamuseet.se/en хаягаар эсвэл өөр хаягуудаар орж түүхийг үзнэ үү.

  2. Хэнри Б.Айрингийн тухай Робэрт И.Ийтон, Хэнри Ж.Айринг нар, Би чамайг урагш удирдах болно: Хэнри Б.Айрингийн амьдрал (2013), 409.