2016
Цочрол, харуусал, Бурханы төлөвлөгөө
April 2016


Цочрол, харуусал, Бурханы төлөвлөгөө

Зохиогч нь Албанид амьдардаг.

Амьдралын минь хамгийн аймшигтай үйл явдлын туршид Тэнгэрлэг Эцэг надтай хамт байсныг би мэдэрсэн юм.

Зураг
illustration like a stained-glass window

Зураг чимэглэлийг Дэвид Куртис

2008 онд нэгэн өглөө эрт ээж маань намайг сургуульд явуулахаар сэрээв. Би тэр өглөө их баяртай байсан ч энэ өдөр миний амьдралын хамгийн муу өдөр болон хувирахыг мөн ээжтэйгээ хамгийн сүүлийн удаа хамт байгаагаа мэдээгүй юм. Би тэр өдөр хичээлүүддээ бүрэн сууж чадаагүй бөгөөд манай гэр бүлийнхний найз ирж, намайг сургуулиас авч яван, ээжийг амиа хорлосон болохыг надад хэлсэн юм. Би дөнгөж 12 настай байлаа.

Би “ээжгүйгээр яаж амьдрах юм бэ?” гэж бодов. Тэр миний хамгийн сайн найз байсан шүү дээ.

Би олон сар уйлсан. Хүүхдүүд надтай өөрөөр харьцаж, намайг өрөвдөж байсан тул би сургуульд явах дургүй болов. Би юу хийхээ мэдэхгүй байсан бөгөөд зөвхөн өөрөө өөрийнхөө төлөө хүчтэй байх ёстойгоо л мэдэж байлаа.

Би ээжийгээ нас барснаас хойш тав, зургаан сарын дараа нэгэн өдөр өрөөнийхөө цонхны хажууд суугаад, энд юуны төлөө амьдарч байгаагаа ойлгохыг хичээн уйлж суулаа. Тэгтэл би гэнэт “Чи бол миний охин, би чамайг зовж шаналгахгүй” гэх дуу хоолойг зүрх сэтгэлдээ сонслоо. Энэ бол Бурхан байсан гэдгийг би мэдэж байсан. Гэхдээ би Бурханд итгэхээ больсон байсан учраас ялангуяа Тэр надаас ээжийг минь авсан гэж бодож байсан тул энэ явдалд гайхав. Тэр яг ямар утгатай үгс хэлснийг би мэдэхгүй байсан ч аюулгүй байдлыг мэдэрсэн.

Би гурван жилийн дараа Италийн Ром хотод авга ах дээрээ зочилж очсон юм. Тэр надад өөрийнхөө явдаг энэ сүмийн талаар олон удаа ярьж өгөв. Нэгэн ням гарагт тэр намайг дагуулан явлаа. Би анх удаа сүмийн хаалгыг чиглэн явж байгаад, хаалгаар оронгуут Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдэрснээ үргэлж санах болно. Надад яг л гэртээ байгаа мэт санагдсан.

Би ням гараг бүр сүмд очиж, долоо хоногт болдог үйл ажиллагаануудад оролцож эхлэв. Би Сүмийн өсвөр үеийнхэнтэй хамт байхдаа дуртай байлаа. Тэд намайг илүү аз жаргалтай болгож байв. Тэд надтай адил бодож, ижил зүйлд итгэдэг байлаа. Тэгээд гурван сарын дараа миний зуны амралт дуусаж, би Албани руу буцах болов.

Би гэртээ хариад, аавдаа энэ бүх хугацаанд мэдэрсэн мэдрэмжүүдээ болон хэрхэн аз жаргалтай байсан тухайгаа ярив. Түүнд энэ бүхэн огт таалагдсангүй. Тэр намайг сүмд явахыг эсвэл сүмийн талаар илүү ихийг сурахыг зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн юм. Тиймээс би 18 нас хүртлээ гурван жил тэвчээртэй байх ёстой болов. Тэр үед би өөрөө шийдвэр гаргаж, баптисм хүртэж болох байлаа.

Энэ цаг хугацаанд би ням гараг бүр сүмд сурсан зүйлсээ надтай хуваалцдаг байсан олон хүнээр адислагдсан юм. Тэдний нэг бол Стефани байв. Стефани манай авга ахыг Сүмд нэгдэх үед Италид амьдарч байгаад, Нэгдсэн Улс руу гэртээ буцсан байв. Авга ах маань бид хоёрыг хоорондоо юм бичиж харилцвал сайн гэсэн тул би түүнийг Фэйсбүк дээр найзаа болгосон.

Бид бие биетэйгээ уулзаж байгаагүй ч би түүнд намайг итгэлээ хөгжүүлж, Есүс Христийн сайн мэдээний талаар илүү ихийг мэдэхэд тусалсанд нь үргэлж талархах болно. Тэр бараг ням гараг болгонд над руу ямар нэгэн юм бичиж, сүмд сурсан зүйлсээ ярьж, асуултуудад маань хариулдаг байв. Тэр миний хувьд гайхалтай сайн найз байсан юм.

Би олон жил тэвчээртэй байсны эцэст, 18 нас хүрээд хоёр өдрийн дараа баптисм хүртэв. Би тэр өдөр мэдэрсэн аз жаргалаа ээжтэйгээ удахгүй хуваалцах болно. Учир нь би түүний төлөө баптисм хүртэх болно. Миний сонгосон амьдралаар ээж минь бахархана гэдгийг би мэднэ.

Тэнгэрлэг Эцэг намайг маш олон зүйлээр адисалж, аяллын минь туршид олон арга замаар надтай хамт байсан. Надад зориулсан төлөвлөгөө Түүнд байсан учир би зүгээр л хүлээх, тэвчээртэй байх хэрэгтэй байсан юм. Тэр тулгарсан бүхий л сорилтуудыг даван туулах хүч тэнхээг надад өгсөн. Тэр намайг илүү их аз жаргалтай болгохын тулд надад тусалж байсан билээ.