2016
Судрын орчуулга: Зүрх сэтгэлийн хэлнээ хөрвүүлэх нь
April 2016


Судрын орчуулга: Зүрх сэтгэлийнхээ хэл рүү хөрвүүлэх нь

Их Эзэний мутар Өөрийн судруудыг орчуулах ажилд оролцсон тоймгүй олон тохиолдол бий.

Зураг
scriptures and woman

Лаура Сейтзийн авсан япон, португаль, герман хэл дээрх Мормоны Номын хуудасны зураг Deseret News

Энэхүү туршлагыг англи хэлнээс бусад хэл рүү судруудыг орчуулахад оролцсон хүмүүс сайн мэднэ. Энэ нь ахин дахин тохиолддог.

Нэгэн армен залуу өөрийнх нь хэл дээр саяхан орчуулагдан гарсан Мормоны Номын нэг хувийг гартаа бариад, орчуулах ажилд оролцсон багийн гишүүнд хандан: “Баярлалаа” гээд, “Би Мормоны Номыг англи хэл дээр уншсан. Би Мормоны Номыг мөн орос хэл дээр уншсан. Украйн хэл дээр ч уншиж байсан. Гэхдээ би армен хэл дээр унших хүртлээ бүрэн ойлгоогүй байжээ. Армен хэл дээрээ уншихад бүх зүйл ойлгомжтой болсон. Энэ нь яг л гэртээ ирж байгаатай адил санагдсан” гэж хэлэв.

Гэртээ ирсэн минь

Хэрэв Есүс Христийн сайн мэдээ бидний сүнслэг гэр юм бол энэ нь тохь тухтай, танил байх нь аргагүй юм. Бид гэртээ амардаг. Бид өөрсдийгөө хооллодог. Бид эхийнхээ өвөр дээр байхаасаа сурсан тэрхүү хэлээрээ хайртай хүмүүстэйгээ ярилцдаг. Энэ нь бидний зүрх сэтгэлийн хэл бөгөөд сайн мэдээ зүрх сэтгэлд хүрэх ёстой учраас судруудыг зүрх сэтгэлийнхээ хэл дээр унших нь үнэхээр амин чухал юм.

Сургаал ба Гэрээнд энэ талаар ийнхүү дурдсан байдаг. Их Эзэн Тэргүүн Зөвлөлд буй санваарын түлхүүрүүдээр дамжуулан үүнийг илчилсэн тухай бичихдээ “Үндэстнүүдийг … тэдний авралын сайн мэдээнд итгүүлэхийн тулд Их Эзэний гар сүр хүчээрээ дамжин илчлэгдэх тэрхүү өдөр ирэх болой.

Учир нь мөнхүү улиран тохиох дор Есүс Христийн илчлэлтийн учир тэдэн дээр урагш юүлэгдэх Тайтгаруулагчийн чиглүүллээр энэ хүчинд томилогдсон тэднээр дамжуулан тэрхүү өдөр хүн болгон сайн мэдээний бүрэн байдлыг төрөлх хэл дээрээ, мөн өөрийн хэлээр сонсох болно” (С ба Г 90:10–11) гэжээ.

Сүмийн удирдах газарт судрын орчуулгын багт ажиллаж байсан Жим Жүвел судрууд нь зүрх сэтгэлийн хэлнээ хөрвүүлэгдсэнээр бид судрыг хэрхэн илүү сайн мэдэрч чадах тухай дараах түүхийг ярьсан юм.

“Африкийн улс болох Лесотогийн хүмүүсийн ярьдаг сесото хэлнээ Мормоны Номыг орчуулж байхад бид орчуулгын багийн ажлыг үнэлж дүгнэхэд туслах хэн нэгнийг олох хэрэгтэй болсон юм. Төслийн ахлагч Ларри Фоли Юта мужийн их сургуулийн төгсөх ангийн оюутан болох Лесотогийн Сүмийн гишүүнийг олсон юм. Лесотод хичээлүүд англи хэл дээр явагддаг тул энэ эмэгтэй бас түүний хүүхдүүд англи хэлийг нэгдүгээр ангиасаа эхлэн сурсан байсан бөгөөд харин гэртээ сесото хэлээрээ ярьдаг байв.

“Тэр эмэгтэй орчуулгуудыг шалгахаар боллоо. Түүн рүү бүлгүүдийг илгээсэн бөгөөд түүний бүлгүүдэд өгсөн дүгнэлт үнэхээр их тус нэмэр болж байлаа. Бид үгсийн сан ба хэлний бүтцийн тухай бичсэн түүний дүгнэлтийн талаар тодорхой асуултуудыг тогтмол явуулж байв. Харин тэр эмэгтэй бидний асуултуудтай холбоогүй олон шүлгийг шар өнгөөр тодруулсан байхыг бид анзаарсан юм. Бид тодруулсан шүлгүүдийн талаар асуухад, тэрээр: ‘Өө, тэр шүлгүүд бол миний зүрх сэтгэлд гүн гүнзгий нөлөөлсөн шүлгүүд юм. Би тэдгээрийг англи хэл дээр уншаад хэзээ ч бүрэн ойлгоогүй байсан. Би тэдгээрийг тодруулаад, хүүхдүүдтэйгээ хуваалцах гэсэн юм’ хэмээн хариулж билээ.”

Судрын орчуулгын загвар

Библийн орчуулга нь Хуучин Гэрээн дэх еврей хэлнээс грек хэл рүү хэсэгчлэн орчуулснаас үүдэлтэй урт удаан хугацааг хамарсан гайхалтай түүхтэй. Дараа нь Библи грекээс латин руу, латин, еврей, грек хэлнээс бусад олон хэл рүү орчуулагдсан.1 Иймээс Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтний Сүм Библийг бусад хэл рүү орчуулдаггүй бөгөөд тэдгээр хэлээр ярьдаг Христийн шашинтнуудын хүлээн зөвшөөрсөн хувилбаруудыг авч хэрэглэдэг юм.2

Зураг
men at work translating

Сүмийн судрын орчуулгын ихэнх ажил нь Мормоны Ном (хамгийн эхэнд орчуулагдсан), Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувд судрууд дээр явагддаг. Эдгээр ном нь бошиглогч Иосеф Смитэд илчлэгдсэн, түүний зүрх сэтгэлийн хэл болох англи хэлнээс орчуулагддаг. Судруудыг англиас өөр хэл рүү хөрвүүлэх үйл явцыг Сүмийн түүхийн суралцагчид мэддэг байх хэрэгтэй. Энэ нь бошиглогч Мормоны Номыг англи хэлнээ хөрвүүлсэнтэй ижил үйл явц юм.

Иосеф Смит даруу төлөв, боловсрол нимгэн, тариачин хүү байв. Гэвч түүнд Их Эзэний ажлыг хийхэд шаардлагатай зан чанар, ур чадвар байсан юм. Чухамдаа, Иосеф болон түүний гэр бүл энэ чухал ажлыг хийхээр бэлтгэгдсэн байв.3

Иосефыг нифайчуудын цэдгийг орчуулахад тэнгэрлэг болон мөнх бус тусламж хоёулаа өгөгдсөн. Иосеф Смитийг цэдгийг авах хүртэл дөрвөн жилийн өмнөөс тэнгэр элч Моронай түүн дээр жил бүр айлчлан ирдэг байв. Бид Моронайн бошиглогчид заасан бүх зүйлийг мэдэхгүй ч түүний айлчлалууд Иосефыг ирээдүйн даалгаварт нь сүнслэг байдлын хувьд ч мөн оюун ухааны хувьд ч бэлтгэсэн гэдэг нь тодорхой.4

Их Эзэн мөн мартагдсан хэлнээс орчуулуулахын тулд “хөрвүүлэгчид”-ийг урьдаас бэлтгэсэн. Эдгээр хөрвүүлэгч нь металл хүрээнд суулгагдсан тунгалаг хоёр чулуу байсан ба эдгээр чулуу болоод үзмэрч чулуу гэгддэг ижил төстэй хэрэгслийн тусламжтайгаар бошиглогч нифайчуудын цэдгийг англи хэлнээ хөрвүүлжээ. Бошиглогч бүх явцыг дэлгэрэнгүй бичээгүй бөгөөд тэрээр Мормоны Номыг “Бурханы бэлэг болон хүчээр”5 орчуулснаа л гэрчилсэн байдаг юм.

Өгөгдсөн тэнгэрлэг тусламжаас гадна, мөнх бус туслахууд Иосефт бичээчээр ажиллаж, бусад олон хүн үсэг өрж, хэвлэж, худалдан авч, дэлхийд түгээж болох тэрхүү хэвлэмэл хувийг бий болгож байв.

Иосеф орчуулгын ажилдаа тэрхүү бэлтгэл ажил, тусламж хоёрыг хүлээн авсантай адил өнөөдөр судруудыг орчуулах үүрэг хүлээсэн хүмүүсийг Их Эзэн бэлтгэж, тэдний ажилд тэнгэрлэг ба мөнх бус хоёр тусламж үзүүлдэг.

Илчлэлтийн ажил

Зураг
local reviewers reading

Орчуулгын үйл явцын хэцүү хэсэг нь “зөвлөлийн илчлэлт” гэж болох сүнслэг эрч хүч юм. Хоёр юм уу гурван хүн орчуулагчаар сонгогдон, бусад хүнтэй нэг баг болж, уг ажлыг хийдэг. Тэдэнд Сүмийн удирдах газрын ахлах ажилтнууд ба орон нутгийн редакторууд мөн тайлбар толь бичиг,6 орчуулгын гарын авлага, компьютерийн программууд болон Тэргүүн Зөвлөлөөс байнга үзүүлдэг шашны дэмжлэг бий. (Дагалдах хүснэгтийг үзнэ үү.) Тэргүүн Зөвлөлийг орчуулгын хамгийн сүүлийн зөвшөөрлийг өгөх үед уг бүтээлийн үсэг өрөгдөж, хэвлэгдэн, тараагддаг. Дижитал хэлбэрээр бэлтгэгдсэн бол LDS.org дээр болон Сайн мэдээний номын сан аппликэшн дээр тавигддаг.

Энэхүү хамтын хичээл зүтгэл асар их хүч шаарддаг бөгөөд сүнслэгээр нөлөөлөгдсөн байдаг. Үүнд агуулгын болон бэлтгэгдэн хүргэгдэж буй бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарал хандуулах явдал орно. Орчуулгыг олон түвшинд, нэн ялангуяа шашны түвшинд Их Эзэний зөвшөөрлийг эрэлхийлэн хянадаг. Зөвхөн зөвшөөрөгдсөн үед л орчуулгыг цааш үргэлжлүүлдэг. Бошиглогч Иосеф Смит Мормоны Номыг орчуулсантай адил тийм илчлэлт байхгүй ч энэхүү үйл явц нь Их Эзэнээр, Түүний бэлгүүдээр болон Түүний хүчээр удирдагддаг нь тодорхой.

Энэ нь орчуулга анх орчуулагдахдаа төгс байдаг гэсэн үг биш юм. Ихэнхдээ төдийгүй хэсэг хугацааны дараа, судар судалдаг хүмүүс дүрмийн болон үгсийн сангийн эсвэл үсэг өрөлтийн юм уу үсэглэлийн алдааг олох нь бий. Ховорхон тохиолдолд сургаалын тайлбарт өөрчлөлт ордог. Эдгээр өөрчлөлтийг Тэргүүн Зөвлөлийн удирдамжийн дагуу хийдэг.

Их Эзэн бэлтгэж өгдөг

Их Эзэн энэхүү орчуулгын ажлыг өөр арга замаар дэмждэг. Сүмийн удирдах газрын орчуулгын багийнхан хэрэгцээтэй үед Их Эзэн тусалдаг хэмээн олонтоо ярьдаг.

Олон жишээнээс нэгийг дурдвал, мам хэлнээ (“мам” гэж дуудагддаг, маяа хэлнээс гаралтай, Гватемал улсад хэрэглэгддэг) Сүмийн материалуудыг орчуулах, дуу оруулах орчуулагч хэрэгтэй байлаа. Гватемалд дуудагдсан анхны номлогчдын нэгнийх нь өвөө мам хэлээр ярьдаг байв. Тухайн номлогч хотод өссөн бөгөөд зөвхөн испаниар ярьдаг байлаа. Харин шөнө бүр түүний зүүдэнд өвөө нь ирж, түүнд мам хэлийг заадаг байжээ. Энэ залуу ахлагч Сүм дэх мам хэлний анхны орчуулагч болсон.

Ихэнх тохиолдолд орчуулгын ажил нь хувийн агуу золиослолоор хийгддэг. Санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан, зарим орчуулагч өөрсдийн үйлчлэлийг хандивлаж, зарим нь орчуулгын ажилд цаг заваа зориулсны төлөө цалин хөлс авдаг.

Урду хэлний орчуулагч болсон нэгэн эрэгтэй Пакистанд багшаар ажилладаг байхдаа Сүмд хөрвүүлэгджээ. Сүмд хөрвөгдсөнөөсөө болж тэрээр ажилгүй болж, түүний багшилж байсан сургуулиас өгсөн орон гэрээ алдан, хүүхдүүдээ сургуульд сургах боломжгүй болсон байна. Сүмийн орчуулгын албаны ахлах ажилтан түүнийг орчуулагчаар үйлчлэх эсэхийг асуун, багахан төлбөр санал болгожээ. Орчуулагчаар хэдэн сар ажилласны дараа нөгөө эрэгтэй ахлах ажилтантайгаа уулзан, түүнээс шинэ бал авч өгөхийг зүрхшээнгүй гуйсан юм. Түүний хэрэглэж байсан балны бэх нь дууссан байжээ. Тэр үед л ахлах ажилтан бүртгэлийн алдаанаас болоод уг орчуулагч авах ёстой мөнгөнийхөө маш бага хувийг авч байгааг олж мэдэн, залруулсан байна.

Их Эзэн Иосеф Смитийг ажлаа дуусгах боломжуудаар адисалсан шиг Өөрийн орчуулагчдыг ч бас адисалдаг. Тухайлбал, латви судрын орчуулагч нь Орост хуулийн чиглэлээр суралцах үедээ сэргээгдсэн сайн мэдээнд хөрвүүлэгдсэн хуульч хүн байлаа. Тэр Латвид эргэн ирээд, бизнесээ эхэлжээ. Мөн тэрээр салбарын ерөнхийлөгчөөр үйлчилж байв. Тэр үнэхээр завгүй байсан ч Сүмд тэр өөрөө төдийгүй түүний англи хэлний чадвар хэрэгтэй байлаа.

Тэрээр уг хүсэлтийн талаар залбирах хугацаа өгөхийг хүссэн бөгөөд хэрэв тэр үүнийг хүлээн авбал “хүүхдүүдийнхээ амнаас хоолыг нь булаасантай” адил болж магадгүйг Сүмийн төлөөлөгчид хэлжээ. Залбирсныхаа дараа тэрээр уг хүсэлтийг хүлээн авахаар шийдсэн бөгөөд хүнд хэцүү, сүнслэг байдал болон цаг хугацаа их шаарддаг уг ажлыг хийх арга замуудаар түүнийг адислахыг Их Эзэнээс гуйсан байна.

Тэрээр өдөр бүр хуулийн байгууллага руугаа нэг цагийн өмнө очиж, тэр нэг цагаа Мормоны Номыг орчуулахад зориулж эхэлжээ. Тэрээр уг ажлыг хийхэд ихэнхдээ зарцуулдаг таван жилээс нь өмнө орчуулж дуусгасан юм. Үнэндээ, энэ нь бошиглогч Иосеф Смит Мормоны Номыг ойролцоогоор 60 өдрийн дотор орчуулснаас хойших хамгийн хурдан хийгдсэн орчуулгуудын нэг байлаа.

Их Эзэний мутар Өөрийн судруудыг орчуулах ажилд оролцсоныг харуулах өөр олон туршлага бий. Энэ бүхэн нь энэ бол Түүний ажил бөгөөд Тэр үүнд маш их санаа тавьдаг болохыг тод гэгч тунхагладаг. Тэрээр хүмүүсийг Өөрийнхөө ажлыг хийхэд бэлтгэдэг. Тэрээр ажлыг яаравчлуулахад хэрэгтэй байгаа хэрэгслүүдийг нь бэлтгэдэг. Тэгээд Их Эзэн энэ бүхнийг хийхэд тэдэнд сүнслэгээр нөлөөлж, адисалдаг юм.

Үүний үр дүнд Бурханы хүүхдүүдэд өгөгдсөн зүрх сэтгэлийн хэлэн дэх Түүний үгээр дэлхий баяждаг юм.

Зураг
family reading the scriptures

Эшлэлүүд

  1. Ленет Х.Рийдийн бичсэн “How the Bible Came to Be” найман хэсэг цувралыг 1982 оны 1-ээс 9-р сарын хооронд гарсан Ensign, сэтгүүлээс үзнэ үү.

  2. Жишээ болгон, “Church Edition of Spanish Bible Now Published”-ийг mormonnewsroom.org вэб сайтаас үзнэ үү.

  3. Мэттью С.Холланд, “Палмирад хүрэх зам,” Лиахона, 2015 оны 6-р сар, 14–19.

  4. Кент П.Жаксон, “Moroni’s Message to Joseph Smith,” Ensign, 1990 оны 8-р сар, 12–16.

  5. Иосеф Смит, Мормоны Номын удиртгал. Иосеф Смит Мормоны Номыг орчуулсан талаар илүү дэлгэрэнгүйг Сайн мэдээний сэдвүүд дэх “Мормоны Номын орчуулга,” topics.lds.org-оос үзнэ үү.

  6. Тайлбар толь бичигт англи судруудын бүх үгийг тодорхойлсон байдаг бөгөөд энэ нь орчуулагчдыг үгсийн утгыг илүү сайн ойлгоход тусалдаг. Ихэнхдээ үгс нь нэгээс илүү утгатай байдаг тул орчуулагчид зөв шийдлийг олохын тулд агуулга, сүнслэг өдөөлтөд болон багийн ажилдаа найдах хэрэгтэй. Тэргүүн Зөвлөл хааяа утга санаатай холбоотой асуудлыг шийдвэрлэдэг.