2016
Бидний орон зай
April 2016


Бидний орон зай

Аравны нэгийн хуулийг дуулгавартай дагаснаар адислагдсан нь

Сабрина Т., Бразил, Сан Пауло

Зураг
young woman with cell phone

Намайг бага байхад манай гэр бүл ч мөн би ч санхүүгийн олон хүндрэлтэй учирсан бөгөөд энэ байдал намайг 10 нас хүртэл үргэлжилсэн юм. Эцэг маань өөр ажил олж чадаагүй учир гудамжинд юм зарж, багахан орлого олдог байв. Ээж маань эрэгтэй дүү бид хоёрыг харж гэртээ үлддэг байлаа.

Өчнөөн олон сорилт бэрхшээл тохиолдож байсан ч бид аравны нэгээ болон бусад өргөлийг төлөх талаар гэрчлэлтэй байсан юм. Бид сар бүр аравны нэгээ итгэлтэй төлж, юугаар ч дутагддаггүй байлаа. Их Эзэн хязгааргүй нинжин сэтгэлтэй учраас мөн биднийг зарлигуудыг нь дуулгавартай дагахад амлалтуудаа биелүүлдэг учраас бид үргэлж адислагдаж байснаа баттай мэддэг.

Бидний санхүүгийн хүнд хэцүү өдрүүд эцэст нь төгсгөл болсон юм. Их Эзэний сүүлийн хэдэн жил бидэнд өгсөн адислалууд гайхалтай байлаа.

Аравны нэгээ итгэлтэй төлдөг, бусдын амьдралыг адислахын тулд өргөлүүдээ хайраар төлдөг хүмүүст надад болон миний гэр бүлд тохиолдсонтой адил юу ч дутагдахгүй, бүр илүү сайн сайхан зүйлс тохиолдох болно гэдгийг би мэднэ. Адислал улам бүр нэмэгдэнэ. Би үүнийг мэднэ. Би үүний дагуу амьдарсан.

Бүх зүйлд шударга хандах нь

Аливси Х., Мексик, Халиско

Бид хичээлийн жил эхлэх бүрд тэмдэглэлийн дэвтэр, төлөвлөгөө болон янз бүрийн зүйлээс бүрдэх бүтээгдэхүүний үнэгүй багц авдаг юм. Би нэг удаа дараалалд зогсон байж, энэхүү багцыг авчхаад, авсан зүйлс маань надад тун их хэрэгтэй болохыг ойлгов.

Орой болоход тэд нэг бүтээгдэхүүнээс хоёрыг өгч байгааг би харлаа. Дахиад дараалалд зогсож, хоёр дахь багцаа авах нь тийм ч хэцүү биш байсан учраас би үүнийг авахаар шийдэв. Эцсийн эцэст, тэдгээр зүйл үнэгүй байсан бөгөөд надад хэрэгтэй байлаа.

Би ариун цэврийн өрөөнд хальт ороод, хэн нэгэн охин гар утсаа санамсаргүй орхисон байсныг харсан юм. Тэр гар утас сүүлийн үеийн загвартай байсан бөгөөд би долоо хоногийн өмнө утсаа алга болгосон байв. Гэвч би тэр утсыг өөрөө авчихъя гэж бодоогүй. “Тэгэх нь хулгай хийж байгаа хэрэг” гэж би өөртөө хэлсэн.

Тэгээд би хоёр дахь удаагаа үнэгүй багц бүтээгдэхүүн авахаар явж байхдаа багцыг өмнө нь аваагүй гэж худлаа хэлж, дахиад авах нь тэр утсыг өөртөө авсантай адил шударга бус зүйл болохыг ойлгосон юм.

Би надад агуу зүйлийг заасан энэ жижиг үйл явдалд талархдаг. Би утсыг эзэнд нь эргүүлэн өгөөд, гэртээ зөвхөн нэг дэвтэр, нэг төлөвлөгөө болон нэг өөр бүтээгдэхүүний багцтай харьсан ч жижиг гэлтгүй бүх зүйлд зөв шударга байсандаа сайхан сэтгэгдэлтэй үлдсэн билээ.