2016
Ахлагч Роналд А.Расбанд: Авьяаслаг удирдагч, үнэнч эцэг
April 2016


Ахлагч Роналд А.Расбанд: Авьяаслаг удирдагч, үнэнч эцэг

Зураг
Elder Rasband

Тэмдэглэж бичсэнээс бусад нь Расбандын гэр бүлийн зөвшөөрлөөр нийтэлсэн гэрэл зургууд

Рон Расбанд бүрэн цагийн номлолд үйлчилнэ гэдэгтээ хэзээ ч эргэлзэж байгаагүй. 19 настай түүнийг номлолынхоо дуудлагын дугтуйг задлах үед оюун санаанд нь хаана үйлчлэх тухай ганц л асуулт байлаа.

“Аав маань Германд номлолд үйлчилсэн. Ах маань мөн Германд номлолд үйлчилсэн. Ирээдүйн хүргэн ах маань ч бас Германд үйлчилсэн” хэмээн тэр санав. “Би өөрийгөө Герман руу л явах байх гэж бодож байлаа.”

Гэвч Их Эзэнд өөр төлөвлөгөө байсан юм. Рон АНУ-ын Нью-Йорк хотын төвд байдаг Ийстэрн Стэйтс Номлолд дуудагджээ. Сэтгэлээр унасан тэрээр дуудлагын хуудсаа унтлагын өрөөндөө авч орон, орныхоо дэргэд өвдөг сөгдөн залбираад, судраа таамгаар нээн уншиж эхэлжээ.

“Болгоогтун, мөн харагтун, энэ газарт мөн эргэн тойрны нутгуудад надад их хүмүүс буй; мөн дорнын энэ нутаг дахь эргэн тойрны нутгуудад үр дүнтэй хаалга нээгдэх болно.

Тиймийн тул, Их Эзэн бибээр энэ газарт та нарыг очихыг зөвшөөрч байна; учир нь энэ нь бодгалиудын авралын тулд надад шаардлагатай байна” (С ба Г 100:3–4; тодотгол нэмэгдсэн).

Ариун Сүнс тэр даруй Ийстэрн Стэйтс Номлолд дуудагдсан дуудлага нь буруу зүйл байгаагүй гэдгийг Ронд баталсан байна.

“Их Эзэний намайг явуулахыг хүссэн тэр газар нь энэ байна гэгдэх олон судрын илэрхийлэлтийн анхныхыг мэдэрснээр би сэтгэл гутралаас ангижирсан юм” хэмээн тэр дурсав. “Энэ нь миний хувьд амьдралыг маань өөрчилсөн сүнслэг туршлага болсон юм.”

Зүүн мужууд дахь номлол нь түүнийг очно гэж төсөөлж байгаагүй газруудад нь аваачих Сүмийн хэд хэдэн дуудлагын анхных байв. Ахлагч Роналд А.Расбанд багш, бишоп, дээд зөвлөх, номлолын ерөнхийлөгч, Далын гишүүн, Далын ахлах ерөнхийлөгч, Их Эзэн Есүс Христийн төлөөлөгч зэрэг дуудлага бүрээр Бурханы хүүхдүүдэд үйлчлэх үедээ Их Эзэний Сүнсэнд найдаж, Түүний хүслийг хүлээн зөвшөөрч байжээ.

Буянт сайн эцэг эхээс мэндэлсэн нь

Ахлагч Расбанд Есүс Христийн төлөөлөгчийн хувьд хэлсэн анхны үгэндээ өвөг дээдэстээ чин сэтгэлийн талархлаа илэрхийлсэн байдаг. “Би сайн мэдээн доторх буянт сайн эцэг эхээс мэндэлсэн, тэд ч мөн зургаан үеэрээ буянт сайн эцэг эхээс мэндэлсэн”1 гэж тэр хэлжээ.

Зураг
young Elder Rasband with parents

Түүний ээж Вэрда Андэрсон Расбанд хайраар дүүрэн удирдагч байсан ба Роныг сударт хайртай болгосон юм. Түүний аав Рулон Хавкинс Расбанд шаргуу хөдөлмөрийн үнэ цэнийг үлгэр жишээгээрээ харуулсан итгэлтэй санваартан байв.

Роналд Андэрсон Расбанд 1951 оны 2-р сарын 6-нд АНУ-ын Солт Лэйк хотод төрсөн бөгөөд эцэг эхийнхээ гэрлэсний дараа төрсөн цор ганц хүүхэд нь байв. Эцэг эх нь хоёулаа өмнөх гэрлэлтүүдээсээ хоёр хүү, нэг охинтой байсан ба Рон тэдний дүү болон өссөн юм.

“Тэр эцэг эхийн маань аль алиных нь зан чанарыг өвлөсөн учраас бид бүгд түүнд хайртай байлаа” гэж түүний эгч Нэнси Шиндлэр хэлсэн байдаг. “Рон хэзээ ч аав, ээж хоёрыг зэрэгцэж зогсохыг эсвэл хамт суухыг зөвшөөрдөггүй байсан ба үргэлж дунд нь суудаг байсан.”

Рон ер нь сайн хүү байсан ч дэггүй гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрдөг байв.

Тэрээр: “[Хүүхдийн хэсгийн] багш маань тухайн үед гадасны Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгч байсан ээжид маань хэд хэдэн удаа ‘Ронни Расбанд тун дүрсгүй хүүхэд шүү’ гэж хэлж байсан” гэж дурсаж билээ. “Гэвч тэд хэзээ ч надад бууж өгөөгүй. Тэд надад агуу хайрыг харуулж, намайг ангидаа үргэлж урьдаг байсан.”2

Роны хүүхэд нас Сүмд—тойргийн цуглаан, үдэшлэг, оройн зоог болон тойргийн спорт багуудад төвлөрсөн байдаг байв. Тэрээр Коттонвүүд нэгдүгээр тойргийн цуглааны байран дээр байхгүй байгаагүй үедээ янз бүрийн ажил хийж, скаутын үйл ажиллагаанд оролцож, найзуудтайгаа хамт байдаг байлаа. Гэртээ гэр бүлийн цагаа судар, тоглоом, гэрийн ажлуудад төвлөрүүлдэг байв.

Тэрээр “Аав маань надад ажил гэж юу болохыг үлгэр жишээгээрээ харуулсан. Ээж минь ажил гэж юу болохыг надад ажил хийх боломж өгснөөр заасан” гэж хэлжээ.

Роны аав талх түгээх тэрэг барьдаг байсан ба өглөө бүр 4 цагт босож, орой бүр гэртээ оройтож ирдэг байж. Ээж нь гэртээ хүүхдүүдээ харангаа шаазан хүүхэлдэй хийж, зарж борлуулан, гэр бүлийнхээ орлогод нэмэрлэдэг байв.

Роны төрөлхийн удирдах, ажил хуваарилах, гүйцэтгэх чадвар ажилд нь төдийгүй Сүмийн үүрэг хариуцлагад нь сайнаар нөлөөлөөд зогсохгүй, амьдралд нь ч нөлөөлсөн юм.

“Рон зүлэг тэгшлэх үүрэгтэй байсан” хэмээн эгч нь хэлэв. Гэвч Рон найзуудаа ятган, туслуулчихдаг байлаа.

“Намайг гадагшаа харахад Роны сайн найзууд түүний оронд зүлэг тэгшилж байдаг байлаа” гэж Нэнси хэлэв. “Дараагийн долоо хоногт өөр найзууд нь зүлэг тэгшилж, Рон зүгээр суунгаа өөрийнх нь ажлыг хийж буй найзуудтайгаа ярилцан, инээлдэж байдагсан.”

Эцэг эх нь санхүүгийн бэрхшээлтэй байдаг байсан ч, гэр бүлд нь сайн мэдээ байсан юм. “Бидэнд хэзээ ч их мөнгө байгаагүй, гэхдээ энэ нь миний аз жаргалд ердөө ч нөлөөлөөгүй” хэмээн Рон дурсав.

Итгэмжит найзууд болон удирдагчид

Рон өсөж, том болох үедээ сайн найзуудаар болон итгэмжит санваарын удирдагчдаар адислагдсан юм. Тэдний нэг нь 14 жилийн туршид түүний гадасны ерөнхийлөгч байсан, хожим нь Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгад болон Тэргүүн Зөвлөлд үйлчилсэн Жэймс Э.Фауст (1920–2007) байлаа. Роны гэр бүл ерөнхийлөгч Фаусттай болон түүний гэр бүлтэй ойр дотно байдаг байв. “Тэр намайг өсгөлцсөн учраас намайг үргэлж Коттонвүүд хөвгүүдийнхээ нэг хэмээн үзэж, дууддаг байж билээ” хэмээн тэр хэлсэн юм.

Рон ажил хийдэг байсан учраас ахлах сургуульд орсноосоо хойш сургууль дээр спортоор хичээллэх цаг гарахаа байсан хэдий ч насан туршид үргэлжлэх үнэнч нөхөрлөлд цаг гаргадаг байлаа.

“Би Роныг хувь хүнийх нь хувьд биширдэг байсан ч тэр төгс хүн байгаагүй” гэж хүүхэд насных нь найз Крэйг Макклэри хэлэв. “Хэрэв чи тэнгэрт очих юм бол би ч бас тэнд очно, яагаад гэвэл өсөж торнихдоо бид адилхан зүйл хийсэн шүү дээ гэж би түүнд хэлж билээ” хэмээн тэр инээмсэглэн хэллээ.

Рон 1970 оны эхээр номлолдоо явахад Крэйг намрын ан агнуурын улирал өнгөртөл номлолоо хойшлуулах талаар бодож байв. Тэр үед номлолд байсан Рон түүн рүү утасдав.

“Тэр яаж утасдах зөвшөөрөл авсныг би мэдэхгүй ч намайг номлолдоо гарахдаа илүү баяртай байхгүй байгаагийн минь төлөө зэмлэсэн юм” гэж Макклэри ах хэллээ. “Мэдээж, би номлолоо хойшлуулаагүй.”

Рон номлолоо “гайхалтай” туршлага гэж нэрлэдэг. “Их Эзэн намайг олон гайхамшигтай, итгэл хөгжүүлсэн туршлагаар адисалсан.” “Номлол маань сүнслэг амьдралд минь онцгой нөлөө үзүүлсэн” хэмээн тэр хэлэв.

Рон номлолынхоо нэг хэсгийг Бермудын арлуудад өнгөрүүлсэн юм. Түүний номлолын ерөнхийлөгч Харолд Нифай Вилкинсон тийшээ хааяа л очдог байсан учраас зөвхөн “төгс дуулгавартай номлогчдоо” тэр газар руу явуулдаг байжээ.

“Бид тусгаарлагдмал газарт байдаг байсан ч ерөнхийлөгч бидэнд санаа зовдоггүй байлаа.” “Бид номлолын ажлаа сайн хийдэг байсан” хэмээн Рон дурсав.

Дэлта Пи дэх “Мөрөөдлийн охин”

Рон 1972 онд номлолоо дуусгаад, намар нь ажилд орсон бөгөөд Ютагийн Их Сургуульд элсэн, коллежийн эргэж ирсэн номлогчдын клуб болох Дэлта Пи Каппад нэгджээ. Тэрээр клубын нийгмийн үйл ажиллагааг зохион байгуулахад оролцож чаддаггүй байсан ч Милани Твичэл хэмээх царайлаг залуу эмэгтэйг анзаарч хардаг байв. Милани Дэлта Пи клубын үйл ажиллагааг зохион байгуулахад тусалдаг “мөрөөдлийн охид”-ын нэг байсан юм.

Ронтой адил, Милани идэвхтэй хожмын үеийн гэгээнтэн гэр бүлтэй байлаа. Аав нь цэргийн албан хаагч, харин түүний ээж гэр бүл нь байнга шилжин нүүдэг ч сүмээ тасалдаггүй тийм нэгэн байв.

Роны сайхан сэтгэл, эелдэг зан, сайн мэдээний мэдлэг зэрэг нь Миланигийн сэтгэлд хүрчээ. “‘Би түүнтэй хэзээ ч болзож чадахгүй байсан ч бай хамаагүй, тэр бол гайхалтай залуу. Би зүгээр л түүний хамгийн сайн найз болохыг хүсэж байна’ гэж би өөртөө хэлсэн.”

Тэдний харилцаа дотносохын хэрээр Сүнс түүнд Роны талаарх болон түүний Их Эзэнд өгсөн амлалтын талаарх сэтгэгдлийг нь баталсан юм. Удалгүй тэдний нөхөрлөл гүнзгийрч, Миланигийн дурсан хэлснээр “үлгэрийн номд гардаг шиг хайр дурлалд” автжээ.

Милани төгс хамтрагч байлаа хэмээн ахлагч Расбанд хэлээд, “Сайн мэдээний өв, үйлчлэлд Милани надтай адил байлаа. Бид хамгийн сайн найзууд болсон бөгөөд тиймээс ч би түүнээс надтай гэрлэхийг гуйсан юм” гэж билээ.

Зураг
Rasbands wedding day

Тэд 1973 оны 9-р сарын 4-нд Солт Лэйкийн ариун сүмд гэрлэжээ. Түүнээс хойш “аминч бус мөнхийн хамтрагч маань … намайг илүү сайн Есүс Христийн шавь болоход тусалсан. Түүний маань болон бидний 5 хүүхэд, тэдний эхнэр нөхөр, 24 ач зээгийн маань хайр, тусламж надад дэмжлэг болж байдаг”3 гэж тэр хэлэв.

“Явцгаая”

Рон гэрлэснийхээ дараа гэрлэсэн оюутнуудын тойргийн ахлагчдын чуулгын ерөнхийлөгчөөр үйлчилж байхдаа тойргийнхоо дээд зөвлөлийн зөвлөх Бага Жон Хантсмантай танилцжээ. Хантсманд тэр даруй Роны чуулгаа удирдан авч яваа арга барил гайхалтай санагдсан байна.

1996–2011 онд Бүсийн далд үйлчилж байсан ахлагч Хантсман “Тэр гайхалтай удирдаж, зохион байгуулах чадвартай нэгэн байлаа” гэж дурсжээ. “Коллежийн оюутан залуу чуулгаа тэгж авч явна гэдэг энгийн зүйл биш гэж би бодсон.”

Жон хэдэн сарын турш Роныг санваарын үүргээ биелүүлэхийн зэрэгцээ санаагаа үйлдэл болгож байгааг ажигласан байна. Хожим Хантсманы химийн корпораци болох Жоны компанид ахлах борлуулагчийн орон тоо гарахад түүний хүссэн ур чадварууд Ронд байгааг мэддэг байсан тул түүнд ажиллах санал тавьжээ. Ажил нь долоо хоногийн дараа АНУ-ын Огайо мужид эхлэх байв.

“Би сургуулиа орхиод нүүхгүй гэдгээ Миланид хэлж билээ” хэмээн Рон дурсав. “Би коллежоо төгсөх гэж маш их хичээсэн, гэтэл одоо төгсөх тун дөхөөд байна.”

Гэтэл Милани түүний сурч байгаа шалтгаан бол сайн ажил олох явдал гэдгийг сануулжээ.

“Чи юунд санаа зовоод байгаа юм бэ?” гэж Милани асуугаад, “Би юмаа хэрхэн баглах мөн нүүхийг мэднэ. Би амьдралынхаа туршид нүүсээр ирсэн шүү дээ. Би чамайг орой бүр ээжтэй чинь утсаар яриулж байх болно. Явцгаая” гэсэн байна.

Зураг
Elder Rasband with Jon Huntsman Sr

Жоны Ронд итгэсэн нь талаар болсонгүй. Жоны заавар дор Рон хөгжиж буй компанид хурдан дэвшиж, 1986 онд уг компаний ерөнхийлөгч, үйл ажиллагаа хариуцсан захирал болжээ. Тэрээр ажлаараа улс дотроо болон улс хооронд маш их аялдаг байв. Рон завгүй хуваарьтай байсан ч амралтын өдрүүдэд гэртээ байхыг хичээдэг байлаа. Тэр аялах үедээ заримдаа гэр бүлийнхнээ авч явдаг байв.

“Тэр гэртээ байхдаа хүүхдүүддээ онцгой бөгөөд хайрын мэдрэмжийг жинхэнээсээ өгдөг байсан” хэмээн Милани хэллээ. Боломж гарах бүрийд тэрээр хүүхдүүдийнхээ оролцсон үйл ажиллагаа, спортын арга хэмжээнд оролцдог байв. Тэдний дөрвөн охины нэг Жэнэсса Макпэрсон, аав нь Сүмийн үүрэг хариуцлагынхаа үүднээс цуглааны үеэр гэр бүлээсээ тусдаа суудаг байсан тухай ярихдаа

“Түүнтэй хамт байх нь үнэхээр ховор зүйл байсан учраас бид аавынхаа дэргэд суух гэж хоорондоо тэмцэлддэг байж билээ. Би түүний гарыг атгаад, хэрэв би түүнтэй хэрхэн адил болохыг сурч мэдэж чадвал зөв зам дээр байгаад зогсохгүй Аврагчтай адил болж чадна гэж бодож байлаа. Тэр үргэлж миний баатар байсан” гэж хэллээ.

Зураг
Rasband family

Тэдний хүү Кристиан “эцэг, хүү хоёрын хамтын цаг хугацаа”-ны дурсамжаасаа ярив. Гэр бүл нь байнга нүүдэг байсан учраас бусадтай түр зуур л найзалдаг байсан гэж тэр хэлээд, “Гэхдээ аав маань үргэлж миний хамгийн сайн найз,” өрсөлдөх дуртай хүн байсныг ярьсан юм.

Рон Кристиантай сагсан бөмбөг тоглохдоо ч, охидтойгоо хөлөгт тоглоом тоглосон ч, гэр бүлийнхэн болоод найзуудтайгаа загасчилсан ч хожих дуртай байлаа.

“Биднийг өсөж том болох үед тэр хэнийг ч хожихыг хүлээн зөвшөөрдөггүй байж билээ” хэмээн Кристиан хэлэв. “Бид хожихын тулд хичээх хэрэгтэй байв, харин энэ нь биднийг илүү сайн болгодог байсан. Энэ уламжлал нь хайртай ач зээ нарт нь ч үргэлжилсээр байгаа билээ.”

Он жил өнгөрөх тусам Роны гэр бүлийнхэн түүний Сүмийг удирдах үйлчлэл хайр, өршөөлөө үзүүлэх, Сүнсний мэдрэмжүүдээ илэрхийлэх, бусдыг хамгийн сайнаараа хичээхэд урамшуулах зэрэг чадварыг нь хэрхэн хөгжүүлж байгааг тодхон харж байлаа. Рон, Милани хоёрын ач Пакстоныг төрсний дараа гэр бүлийнхэн нь Роны сүнслэг хүч, дэмжлэгт тун их найдаж байв.

Пакстон ховор тохиолддог генийн өөрчлөлттэй төрсөн юм. Тоймшгүй их эрүүл мэндийн асуудал гэр бүлийнхнийх нь бие махбод, сэтгэл санаа, сүнслэг байдлыг сорьж байлаа. Пакстоныг төрснөөс хойших үеийг ахлагч Расбанд “мөнх байдалтай холбоотой онцгой сургамж өгсөн хүндхэн сорилт”4 гэж нэрлэжээ.

Зураг
Elder and Sister Rasband with grandson

Пакстоныг хорвоод мэндлээд гуравхан жил амьдрах хугацаанд олон асуулт байсан ч хариулт нь цөөхөн байлаа. Ахлагч Расбанд сүнслэг багана болон зогсож, гэр бүлээ Есүс Христийн Цагаатгалын хүч рүү хөтөлсөн юм.

Түүний шинэ дуудлагыг зарлахад гэр бүлийн цөөн хэдэн гишүүн болон найзууд нь тийм ч их гайхаагүй билээ. Кристиан хэлэхдээ “Түүнийг төлөөлөгчөөр дэмжүүлэх үед бид түүнийг сайн мэдэх учраас гараа хамгийн өндөрт өргөж байлаа” гэжээ.

“Би явж мөн үйлчилнэ”

1996 онд 45 настай Роныг Нью-Йоркийн Нью-Йорк Хойд Номлолын ерөнхийлөгчөөр дуудах үед түүний бизнес ид амжилттай өрнөж байлаа. Эртний төлөөлөгчдийн адил тэрээр “тэр даруй тороо орхисон” (Матай 4:20) юм.

“Уг дуудлагыг секунд ч хүрэхгүй хугацаанд хүлээн зөвшөөрсөн”-өө ахлагч Расбанд хэлэв. Тэрээр Их Эзэнд “Та намайг явж, үйлчлээсэй гэж хүсэж байгаа бол би явж, үйлчлэх болно” гэж хэлжээ.

Рон “Хүмүүс юу юунаас ч илүү чухал” хэмээх нэгэн агуу сургамжийг ажил мэргэжлээсээ сурсан байсан юм.5 Тийм л мэдлэг, удирдах чадвартай тэрээр Их Эзэний хаант улсад бүрэн цагийн үйлчлэлээ эхлэхэд бэлэн байв.

Зураг
Elder Rasband as mission president in New York

Рон, Милани хоёрын Нью-Йорк хот дахь номлогчийн ажил бэрхшээлтэй тулгарч байсан ч тэд урам зоригтой байлаа. Рон номлогчдодоо үүрэг хариуцлагуудыг хурдан хуваарилж, үнэнч байдлыг нь урамшуулан мөн зааж, хүчирхэгжүүлэн, өсөж хөгжихөд нь өргөн дэмжиж байв.

2000 онд Рон, Милани хоёрыг номлолоо дуусгаснаас хойш найман сарын дараа Роныг Далд дуудсан бөгөөд түүний бэлтгэл, туршлага, олон авьяас нь Сүмийг адисалсан. Тэрээр Далын гишүүний хувьд Европын Төвийн бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж, 39 улс үндэстэнд өрнөж буй ажлыг хянахад тусалж байв. Тэр коллежоо орхиод 40 гаруй жил болсон ч мундаг суралцагч хэвээр байлаа. Тэрээр Хойд Америкийн Баруун, Баруун хойд болон Ютагийн гурван бүсэд үйлчлэхдээ ах нараас удирдамж авч хэрэгжүүлэн, Ариун сүмийн албаны гүйцэтгэх захирлаар үйлчилж, мөн Далын ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчлэхдээ Арванхоёртой ойр ажилладаг байжээ.

Саяхан ахлагч Расбанд “Арванхоёрын хамгийн залуу төлөөлөгчдийн нэг байж, тэднээс бүхий л талаар суралцах боломжтой байгаа маань нэр төрийн хэрэг”6 гэж хэлсэн юм.

“Тэдний юу мэдсэнийг би мэднэ”

Зураг
two paintings

Зүүн дээд талд: Винди Кийлэрийн авсан гэрэл зураг; баруун талд: Дани дахь анхны, мормон номлогчид, Арнолд Фрибэргийн авсан гэрэл зураг (1856 онд Кристэн Далсгаардын зурсан зургаас сэдэвлэв); Кларк Кэлли Прайс, Dan Jones Awakens Wales

Ахлагч Расбандын ажлын өрөөний хананд хоёр зураг байдаг. Нэг нь 1850-аад оны үед Дани дахь гэр бүлд зааж буй мормон номлогчдын зураг. Хоёр дахь нь худгийн өндөрлөг дээр зогсоод номлож буй анхны номлогчдын нэг болох Дан Жонсын зураг юм. Уг зургууд нь (баруун дээд талд байгаа) ахлагч Расбандад өвөг дээдсийнх нь тухай сануулж байлаа.

“Эхэн үеийн анхдагчид болох тэд Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрахын тулд бүхнээ зориулан, хойч үедээ дагаж амьдрах өвийг үлдээсэн билээ” хэмээн тэр гэрчилсэн.7 Ахлагч Расбандын өвөг дээдсийг саад бэрхшээл, хавчлага дунд урагш түрсэн зүйл болох Их Эзэний ба Түүний ажлын тухай мэдлэг болоод баттай гэрч нь түүнийг шинэ дуудлагад нь тохирохоор болгосон байна.

“Надад шинэ дуудлагат ажилдаа сурах зүйл маш их байна” гэж тэр хэлэв. “Би үүнээс дарууслыг үнэхээр их мэдэрч байна. Гэхдээ би дуудлагынхаа нэг л зүйлийг маш сайн хийж чадна. Би ‘Бүх дэлхийд Христийн нэрийг’ (С ба Г 107:23) гэрчилж чадна. Тэр амьд!”8

Тэрээр анхдагчдын үр удмын хувьд “би тэдний юу мэдэрснийг мэдэрнэ. Би тэдний юу мэдсэнийг мэднэ”9 гэжээ.

Тэдний үр удмаасаа хүсэн хүлээж байсан зүйлс ахлагч Роналд А.Расбандын амьдрал, сургаал, үйлчлэлд биеллээ олсон юм. Тэрээр Их Эзэний онцгой гэрчүүдийн нэгний хувьд өвөг дээдсийнхээ үлгэр жишээг дагаж, тэдний өвийг хүндэтгэн, урагшилж яваа билээ.

Эшлэлүүд

  1. Роналд А.Расбанд, “Би гайхширна,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 78.

  2. Роналд А.Расбанд, “Friend to Friend: Golden Nuggets,” Friend, 2002 оны 10-р сар, 8.

  3. Роналд А.Расбанд, “Би гайхширна,” 78.

  4. Роналд А.Расбанд, “Онцгой хэрэгцээ ба онцгой сургамжууд,” 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 86.

  5. Ахлагч Роналд А.Расбанд, хэвлэлийн бага хурал, 2015 оны 10-р сарын 3.

  6. Роналд А.Расбандын гэрчлэл, Санваар болон Гэр бүлийн албаны онцгой цугларалт, 2015 оны 12-р сарын 1.

  7. Роналд А.Расбанд, “Би гайхширна,” 78.

  8. Роналд А.Расбандын гэрчлэл.

  9. Роналд А.Расбандын Анхдагчдын өдрөөр хэлсэн үг, Солт Лэйк хот, Табернекл, 2007 оны 7-р сарын 24.