2013
Бурханыг дээдлэн хүндлэх нь Мэргэн Ухааны эхлэл мөн
2013 оны нэгдүгээр сар


Бурханыг дээдлэн хүндлэх нь Мэргэн Ухааны эхлэл мөн

Айдахо дахь Бригам Янгийн Их Сургуулийн үүсэн байгуулагдсны ойгоор 2009 оны дөрөвдүгээр сарын 10-нд хэлсэн үгнээс нь эш татав. Англи хэл дээрх бүрэн текстийг http://web.byui.edu/DevotionalsAndSpeeches-ээс үзнэ үү.

Зураг
Ахлагч Нийл Л.Андерсен

Дэлхийн мэргэн ухаан Бурханы мэргэн ухаанаар нөлөөлөгдөж, түүнийг дагасан үед хамгийн үнэ цэнэтэй байдаг.

Бид мэдээллийн эрин үед аж төрж байна. Википедия хэмээх дэлхийн хамгийн том онлайны нэвтэрхий толь бичиг нь чухамдаа энэ дэлхийн бэлэгдэл болж байна. 2012 оны байдлаар энэ нэвтэрхий толь бичиг зөвхөн англи хэлний 2.5 тэрбум үг, 284 хэлээр нийтлэгдсэн 22 сая гаруй өгүүллийг агуулж байсан нь түүний хэмжээ хэр зэрэг их болохыг харуулж байна. Хамгийн багаар бодоход тус бүрдээ 10,000 өгүүлэл агуулсан онлайны Википедия нэвтэрхий толь бичгийг хувилбар 70 гаруй хэлээр гараад байна. Зөвхөн англи хэлээрх хувилбарт гэхэд 4 сая гаруй өгүүлэл оржээ.1

2004 онд үндэслэгдсэн бөгөөд 2012 онд2 дэлхий даяар 1 тэрбум гаруй хэрэглэгчтэй болсон Facebook, 2005 онд үүсэн бий болж, 100 сая гаруй удаа видео гаргасан YouTube мэтийн олон нийтийн сүлжээний вэб сайтуудыг өргөн хүрээгээр ашиглах болсон нь биднийг мэдээллийн эрин зуунд амьдарч байгааг харуулж байна.

Энэхүү мэдээллийн асар том давалгаан дунд мэргэн ухаан буюу сурч мэдсэн зүйлээ тал бүрээс нь цэгнэн, амьдралд хэрхэн хэрэглэхийг мэдэх нь бидэнд агаар ус шиг хэрэгтэй байна. Христэд итгэгч Т.С.Элиот олон жилийн өмнө манай өнөө үеийн дэлхийн талаар ийн бичжээ:

Ай хөөрхий, хавар намар, төрөлт үхэл ээлжилдэг дэлхий минь!

Үзэл санаа, ажил үйлсэд тань эцэс төгсгөл гэж алга,

Үйлс бүтээл, сорилт туршилтанд тань эцэс төгсгөл гэж алга,

Үймээн хөдөлгөөнд эцэс төгсгөл гэж алга;

Үргэлжийн амар тайван байдалд зай алга;

Хүмүүний үгээр мэдлэг ирэвч, Бурханы үгэнд зай алга.

Дэлхийн зүйлсийн мэдлэг бурханлаг зүйлсээс биднийг холдуулна,

Бурханы зүйлсийг мэдэхгүй байх нь булш руу биднийг хөтөлнө,

Бид сайн мэдээг сонсолгүй хорвоог орхивол Бурханд эргэн очиж чадахгүй.

Дэлхийн амьдралд шингэн алга болсон бидний сүнслэг амьдрал хаана байна вэ?

Мэдлэгт шингэн алга болсон бидний мэргэн ухаан хаана байна вэ?

Мэдээлэлд шингэн алга болсон бидний мэдлэг хаана байна вэ?

Хорьдугаар зууны өнгөрөн одсон цаг хугацаа

Бурханаас биднийг холдуулж, Булш руу ойртууллаа.3

Та мэргэн ухааныг хэр зэрэг сайн ойлгодог вэ? Зарим хүмүүс удахгүй болох гэж байгаа хуримандаа сэтгэл догдолсондоо, эцэг эхдээ хандан, “Яасан гоё вэ? Би ингээд гэрлэхээр бүх асуудалдаа цэг тавих болно” хэмээн дуу алдсан залуу бүсгүйтэй үүнийг холбон бодож болно. Тэгэхэд бүсгүйн ээж аавд нь: “Тийм ээ. Энэ бол зөвхөн эхлэл, харин асуудлуудын төгсгөл нь ямар байхыг охин минь мэдэхгүй байгаа шүү дээ” гэж шивнэжээ.

Би Бурханы мэргэн ухаанд хэдийчинээ их суралцана, мэргэн ухааны зөвхөн цагаан толгойг сурч байгаа гэдэгтээ төдийчинээ итгэх болно. Энэ нь намайг ямар их зүйлийг сурах хэрэгтэй вэ? гэдгээ ойлгоход надад тусалдаг. Өнөөдөр би мэргэн ухааныг, тэр тусмаа Бурханы мэргэн ухааныг олж авах хүслээ нэмэгдүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.

Мэргэн ухааны адислалууд

Мэргэн ухааны хэд хэдэн зарчмыг би онцгойлон авч үзэхийг хүсч байна. Нэгдүгээрт, бид мэдээлэл, мэдлэгийн энэ эрин зуунд мэргэн ухааныг эрэлхийлэх ёстой. Мэргэн ухаан олон талтай, олон хувилбартай юм. Насны залууд эзэмшсэн мэргэн ухаан үй олон адислалыг авчирна. Аль нэг салбарт эзэмшсэн мэргэн ухаан өөр салбарт ашигтай байдаггүй. Эцэст нь хэлэхэд, дэлхийн мэргэн ухаан олон тохиолдолд их үнэ цэнэтэй ч, энэ нь Бурханы мэргэн ухаанаар нөлөөлөгдөж, түүнийг дагасан үед үнэ цэнэ нь үлэмж ихэсдэг.

Судруудад хоёр төрлийн мэргэн ухаан: Дэлхийн болон Бурханы мэргэн ухааны тухай дүрслэн өгүүлсэн байдаг. Дэлхийн мэргэн ухаан эсрэг, сөрөг хоёр талтай. Сөрөг талаас нь авч үзвэл дэлхийн мэргэн ухааныг аминч үзэл ба хилэнцэт зорилгын улмаас оюунбилэг хийгээд зальжин өнгөлөн далдлалттай холилдсон, хагас үнэн хэмээн дүрсэлж болно.

Үүний нэг жишээ нь Мормоны Номонд гардаг Амлисай гэгч хүн юм. “Амлисай гэж нэрлэгдсэн нэгэн хүн, тэрээр маш зальжин эр байж, тийм ээ, энэ дэлхийн мэргэн ухааны хувьд ухаалаг хүн байж … маш олон хүнийг араасаа [дагуулав]” хэмээн судруудад өгүүлсэн байдаг. Мөн судруудад цааш нь Амлисайг “ёс бус хүмүүн [байснаас], … [түүний] санаа нь Бурханы сүмийг устгах [явдал] байв (Aлма 2:1–2, 4; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн) хэмээн дүрсэлжээ. Ийм төрлийн мэргэн ухаан бидний сонирхлыг татдаггүй.

Бараг нүгэл хилэнц гэмээргүй, хар бараан биш дэлхийн мэргэн ухааны өөр нэгэн төрөл бий. Хэрэг дээрээ энэхүү мэргэн ухаан сайн талтай юм. Энэхүү мэргэн ухааныг сургалт, тунгаан бодолт, ажиглалт судалгаа болоод шаргуу хөдөлмөрийн үр дүнд ухамсартайгаар олж авдаг. Энэ нь бидний хийдэг зүйлүүдэд маш чухал ашиг тустай юм. Энэхүү мэргэн ухааныг бидний мөнх бус амьдралын үед сайн болон саар хүмүүс аль аль нь эзэмшдэг.

Америкийн зохиолч Марк Твейн: “Би 14-тэй хөвгүүн байхдаа аавтайгаа таарч тохирдоггүй байв. Гэвч 21 хүрсэн үедээ өнгөрсөн долоон жилд аав минь хэчнээн их зүйл сурч мэдсэнийг хараад гайхахын ихээр гайхаж билээ.”4 Хэрэв бид бодол суурьтай, хичээл зүтгэлтэй байх юм бол бага цагт их зүйлийг сурч чадна.

Би коллеж төгссөн үеэ санадаг. Би Бригам Янгийн Их Сургуулиас эмээ Мэри Келлерийн амьдарч байсан АНУ-ын Айдахо дахь Пристон руу очсон юм. Эмээ минь тэр үед 78-тай, өндөр настай болсон байлаа. Тэр хоёр жилийн дараа талийгаач болсон юм. Эмээ минь гайхалтай эмэгтэй байсан. Хэрэв би түүний үгийг анхааралтай сонсож, туршлагаас нь суралцвал амьдралд минь ашиг тусаа өгөх мэргэн ухааныг сурч чадах болно гэдгийг мэддэг байлаа.

Мэргэн ухаанд суралцсанаар бид зарим хүмүүсийн амьдралд ирдэг гунигтай туршлагыг биеэр туулахгүй байж болно. Мэргэн ухааныг эрэлхийлж, дороо суурьтай, дотроо бодолтой бай. Амьдралдаа тохиолддог зүйлсийг эргэцүүлэн бод.

Бид мэргэн ухаанд ажил мэргэжлийн болон хувийн ашиг сонирхлын үүднээс мөн суралцаж болно. Би энд хоёр жишээг дурдъя.

Доктор ДеВон К.Хейл бол Айдахогийн Фоллсод төрж өссөн Солт Лейкийн эмч. Халуун орны өвчнүүдийн талаар хуримтлуулсан түүний мэдлэг, түүний мэргэн ухааныг би гайхан биширсэн. Доктор Хейлсийн мэдлэг төдийгүй бас нэг нь нөгөөтэйгөө харшлах хэдэн өөр мэдээллийг төрөлжүүлэн, амьдралд хэрхэн ашиглах аргыг тэрээр боловсруулсан нь намайг үнэхээр бишрүүлсэн. Анагаах ухааны талаарх энэхүү мэргэн ухаан нь дэлхий даяарх номлогчдод адислал болж байна.

Хоёр дахь жишээ: Манай ууган хүү АНУ-ын Флоридагийн Тампа дахь бага сургуульд орох үед бид түүний багш хатагтай Жюдит Грейбеллтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байлаа. Тэр бол 50 гаран настай, бага насны хүүхдүүдтэй ажиллах гайхалтай чадвартай эмэгтэй байв. Жюдит хүүхдүүдэд хэрхэн нөлөөлөхийг, хэзээ тэднийг магтахыг бас хэзээ тэдэнтэй хатуухан байхыг мэддэг байлаа. Тэрээр зөвхөн хүүхдүүдэд заах мэдлэгтэй байсан төдийгүй түүнээс ч илүү ихийг мэддэг байсан. Бид бүх хүүхдүүдээ хатагтай Жюдитийн ангид оруулах гэж бөөн ажил болдог байж билээ.

Энэ хоёр бол дэлхийн шилдэг мэргэн ухааны жишээ мөн. Тэдний мэргэн ухаан олон хүмүүст тусалж, ажил мэргэжилдээ амжилт олох боломжийг тэдэнд олгосон юм.

Гэвч бид энэхүү мэргэн ухаан хязгаартайг ойлгох ёстой. Нэг салбар дахь мэргэн ухааныг өөрийн салбар дахь мэргэн ухаан руу шилжүүлэн хэрэглэж болдоггүй. Жишээ нь, би хатагтай Грейбеллийг халуун орны өвчнүүдийг оношлооч гэж гуйж болохгүйтэй адил Доктор Хейлийг манай хүүхдүүдэд заагаач гэж хүсч болохгүй.

Хамгийн чухал нь, дэлхийд амжилт авчирч байгаа мэргэн ухаан өөрийгөө Бурханы мэргэн ухаанаас илүү гэж бодох биш, харин түүнд захирагдах хүсэлтэй байх ёстой.

Бүх мэргэн ухаан адил тэгшээр бүтээгдээгүйг санагтун.

Дууллыг зохиогч, “ЭЗЭНээс эмээхүй бол мэргэн ухааны эхлэл юм” (Дуулал 111:10) хэмээн хэлжээ. Энэ судар Их Эзэнийг “дээдлэн хүндэлж бишрэх” нь5 мэргэн ухааны эхлэл мөн гэсэн утгатай юм. Бидний Тэнгэрлэг Эцэг “тэнгэрт мөн газарт аль алинд нь бүх мэргэн ухааныг, мөн бүх хүч чадлыг эзэмшигч” (Moзая 4:9) учраас бид Түүнийг ийнхүү дээдлэн хүндэлж биширдэг билээ. Түүний мэргэн ухаан төгс бөгөөд цэвэр ариун юм. Энэ нь амин хувиа хичээдэггүй.

Энэхүү мэргэн ухаан зарим үед дэлхийн мэргэн ухааны эсрэг байх болно. Бурханы болон дэлхийн мэргэн ухааны утга учир хоорондоо тохирдоггүй.

Исаиа дахь Их Эзэний дараах үгсийг санаж байна уу?

“Учир нь миний бодол санаанууд бол та нарын бодол санаа биш. Миний зам нь та нарын замаас өөр” гэж Эзэн айлдаж байна.

“Тэнгэр нь газраас өндөр байдаг шиг, Миний зам та нарын замаас, Миний бодол та нарын бодлоос өндөр билээ.” (Исаиа 55:8–9).

Бурханы мэргэн ухаан бидэнд эрх олголтоор ирэхгүй. Бид түүнийг эрж хайх хүсэлтэй байх ёстой. “Хэрэв та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгвэл түүнд өгөгдөх болно” (Иаков 1:5; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).

Бурханы мэргэн ухаан бол сүнсний бэлэг юм. “Баялгуудыг бус харин мэргэн ухааныг эрэлхийлэгтүн, мөн болгоогтун, Бурханы нууцууд чамд нээгдэх болно, тэгээд чи баян болгогдох болно” (С ба Г 6:7; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).

Бурханы мэргэн ухааныг эрэлхийлэх нь зарлигуудыг дуулгавартай дагахтай ямагт холбоотой байдаг.

Ерөнхийдөө, мэргэн ухааны сүнслэг бэлэг нь бид түүнийг шударгаар хичээнгүйлэн эрэлхийлсэн үед алхам алхмаар ирдэг. “Би хүмүүний үрст шат шатаар, дүрэм дүрмээр, энд бяцхан мөн тэнд бяцханыг өгөх болно; мөн миний дүрмүүдийг анхааран сонсох, мөн миний зааварт чих тавих тэд адислагдсан болой, учир нь тэд мэргэн ухаанд суралцах болно; өөрөөр хэлбэл хүлээн авах түүнд би илүүг өгөх болно” (2 Нифай 28:30; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).

Иосеф Смит ийн хэлсэн юм: “Бурханы зүйлс туйлын чухал юм. Эдгээр зүйлсийг гагцхүү цаг хугацаа зарж, туршлагаар болон ажигч гярхай, ул суурьтай хийгээд гүнзгий тунгаан бодолтоор олж болно.”6 Бурханы мэргэн ухааныг эрж хайхад түргэн амжилт олно гэж байхгүй.

Эцэст нь Бурханы мэргэн ухааны эх сурвалж дэлхийнхээс өөр юм. Бид Бурханы мэргэн ухаанд судрууд, бошиглогчдын сургаалуудаас (ерөнхий чуулганы үеэр гэхчлэн) мэдээж хэрэг бас залбирлуудаараа дамжуулан суралцдаг (С ба Г 8:1–2-ыг үзнэ үү). Мөн энэхүү сургаал нь бидэнд үргэлж Ариун Сүнсний хүчээр өгөгддөг билээ. Төлөөлөгч Паул хэлсэн нь:

“Учир нь хүний дотор буй сүнснээс нь өөр хүний бодол санааг хэн мэддэг вэ? Түүнчлэн Бурханыхыг Бурханы Сүнснээс өөр хэн ч мэддэггүй. …

“Бид үүнийг хүний мэргэн ухааны сургасан үгсээр бус, харин Ариун Сүнсний сургаснаар ярьдаг” (1 Коринт 2:11, 13; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).

“Сүнс …тэдгээр зүйлүүдийг байгаагаар нь, мөн тэдгээр зүйлүүдийг үнэхээр байхаар нь ярьдаг” (Иаков 4:13) хэмээн судруудад өгүүлдэг учраас бид Бурханы мэргэн ухаанаар өөрсдийнхөө харж чадахаас илүү ихийг харж чадна.

Бурханы мэргэн ухаан бол биднээс онцгой анхаарал, хүч чармайлт шаарддаг мэргэн ухаан юм.

Мэргэн ухаан ба аравны нэг

Бүх мэргэн ухаан адил тэгшээр бүтээгдсэн байдаггүй. Дэлхийн мэргэн ухаан, Бурханы мэргэн ухаан хоёр хоорондоо зөрчилтэй учраас бид хүсэл бодлоо Бурханы мэргэн ухаанд захируулж сурах ёстой.

Бид бол Бурханы хөвгүүд, охид билээ. Бид бол мөнх бус амьдралд тодорхой үүрэг гүйцэтгэх ёстой сүнслэг хүмүүс юм. Бид дэлхийн мэргэн ухаан, Бурханы мэргэн ухаан хоёрын аль алинд нь суралцах ёстой учраас энэ хоёрын аль нь илүү чухал вэ? гэдэг талаар аливаа эргэлзээ байх ёсгүй.

Бразилын Сан Паулогийн нэгэн сайхан сэтгэлт Хожмын Үеийн Гэгээнтнийг би энд жишээ болгон дурдахыг хүсч байна. Тэр аравны нэгээ төлөх үү эсвэл сургалтын төлбөрөө төлөх үү гэдэг талаар сорилтонд орсон тухайгаа ярьжээ. Тэрээр ийн өгүүлжээ:

“Их сургууль … өртэй оюутнуудыг (сургалтын төлбөрөө төлөөгүй) шалгалтанд орохыг зөвшөөрдөггүй байв.

Би санхүүгийн маш хүнд байдалд орсон … нэг тохиолдлоо санадаг. Дөрөв дэх өдөр би цалингаа авлаа. Төсөвлөсөн мөнгөө бодож үзтэл аравны нэг, сургалтын төлбөр хоёроо хоёуланг нь төлөх мөнгө хүрэлцэхгүй байсан учраас аль нэгийг нь сонгох хэрэгтэй байв. Хоёр сар тутам өгдөг шалгалт дараагийн долоо хоногт эхлэх байдаг, хэрэв би шалгалтуудаа өгөхгүй бол, энэ хичээлийн жилд цааш суралцах боломжгүй болно. Би сэтгэлээр маш их унаж, … гутрав.”

Энэ бол дэлхийн мэргэн ухаан, Бурханы мэргэн ухаан хоёрын зөрчлийг харуулсан маш тод жишээ юм. Чи маш сайн, зөв шударга, хичнээн өөртөө итгэлтэй байлаа ч иймэрхүү зөрчилтэй нөхцөл байдалд сэтгэл санаагаар унаж гутрах явдал тохиолдох болно.

Одоо түүний түүх рүү эргэж оръё. Нэгдүгээрт, тэр аравны нэгээ ням гарагт төлжээ. Дараагийн нэг дэх өдөр юу болсныг тэр эргэн санахдаа:

“Ажлын цаг дуусч байтал миний ажил олгогч хүрч ирээд тэр өдрийн сүүлчийн захиалгуудыг өглөө. … Тэр гэнэт түр зогссоноо ‘Сургууль чинь юу болж байна?’ гэж асуулаа. [Тэр даргаа хахир хатуу хүн гэж боддог байсан учир:] ‘Бүх зүйл сайн байгаа!’ гэж хэлэхэд:

Дарга нь яваад өгчээ. Тэгтэл нарийн бичгийн дарга нь өрөөнд орж ирээд, “Компани өнөөдрөөс эхлээд таны коллежийн болон сурах бичгийн зардлыг бүрэн төлөх боллоо” гэж дарга дөнгөж сая хэллээ. Явахаасаа өмнө над дээр очиж, төлбөрийнхөө тухай мэдээллийг надад өгөөрэй. Би маргааш чамд чек бичиж өгье” гэжээ.7

Хэрэв та нар ухаалаг хэрсүү байх юм бол амьдралын туршид иймэрхүү сорилттой олон удаа тулгарах болно гэдгийг ойлгох болно. Та нар итгэл найдвараа хэнд тавих ёстой вэ? Бидэнд шууд хандан сануулсан Их Эзэний сэрэмжлүүлгийг сонсогтун:

“Ай хүмүүний бардам зан, мөн эмзэглэл, мөн мунхаглал! Тэд аливааг [дэлхийн мэргэн ухааныг] сураад өөрсдийгөө ухаантай хэмээн санадаг, мөн тэд Бурханы зөвлөмжийг эс анхаардаг, учир нь тэд үл ойшоож, тэд өөрсдөө мэднэ [дэлхийн мэргэн ухааныг] гэж боддог, иймийн тул, тэдний мэргэн ухаан нь тэнэглэл байж мөн энэ нь тэдэнд ашгийг эс өгнө. Мөн тэд мөхөх болно.

“Гэвч хэрэв тэд Бурханы зөвлөмжийг анхааран сонсох аваас суралцсан байх нь сайн хэрэг” (2 Нифай 9:28–29; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).

Одоо Паулаас эш татъя:

“Мэргэн хүн хаана байна? … Бурхан энэ ертөнцийн мэргэн ухааныг мунхаг болгоогүй гэж үү?” (1 Коринт 1:20).

“Хэн ч өөрийгөө бүү мэхлэг. Хэрэв та нарын дунд хэн нэг нь энэ үед өөрийгөө мэргэн хэмээн боддог бол тэр хүн мэргэн болохын тулд мунхаг болог.

Учир нь энэ ертөнцийн мэргэн ухаан бол Бурханы өмнөх мунхаглал ажээ” (1 Коринт 3:18–19; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).

Биднийг удирдах залуур байх ёстой Бурханы мэргэн ухаан дэлхийн мэргэн ухаантай зөрчилдсөн үед бидэнд сорилт олонтоо тулгардаг.

Аммон ийн гашуудсан байдаг, “Учир нь тэд мэргэн ухааныг [Бурханы мэргэн ухааныг], хайх нь үгүй, мөн тэрнийг өөрсдийн дээр захируулах хүсэл ч үгүй болой!” (Moзая 8:20). Бурханы мэргэн ухаанд өөрийгөө захируулах хүсэлтэй хэн байдаг билээ? гээд бодохоор миний хятад найз Зи Вайнг миний санаанд орж ирдэг юм. Тэр Сүмд элсэхийн тулд агуу золиослол хийж, Нью-Йоркод номлолд үйлчилсэн юм. Манай хоёр охин их боловсролтой бүр магистрын зэрэг хамгаалсан ч, эх хүн болж, хүүхэд төрүүлэн өсгөхийн адислалуудыг хүртэхээр сонгосон тухай би бас бодлоо. Ажлын газар нь татвар төлөхөөс хууль бусаар зайлсхийдгийг мэдээд өндөр цалинтай ажлаа орхисон Өмнөд Америкийн нэг найзынхаа тухай бодлоо. Эдгээр хүмүүс бүгдээрээ Бурханы мэргэн ухааныг дэлхийн мэргэн ухаанаас дээгүүр тавьсан юм.

Харамсалтай нь дэлхийн мэргэн ухаан чадварлаг хүмүүсийг хууран мэхэлж чаддаг. Энэ тухай Иосеф Смит ийн хэлсэн юм: “Тэдэнд заахад дэндүү ухаантай үй олон эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд бидний дунд байдаг. Тиймээс тэд энэхүү харалган байдалдаа нас барж, амилуулалтаар алдаагаа мэдэх болно.”8

Мэргэн ухаан ба мөнгө

Манай эдийн засагт учирч байгаа хүндрэлтэй холбогдуулан хувь хүмүүсийн санхүүгийн талаар нэг асуудал хөндөж ярья. Манай эдийн засгийн байдал хүндхэн байгаа өнөө үед бид бүгд даруухан бөгөөд дуулгавартай байж, өнгөрсөн хэдэн жилийн тухай эргэн бодох хэрэгтэй.

Хэрэв бид ямар нэг зүйлийг хүсч байгаа бол түүнийгээ даруй олж авах ёстой, харин хүлээж суух ёсгүй гэж дэлхий сургадаг. Өр зээл биднийг эрхшээлдээ оруулахад хэзээд бэлэн байдаг. Ийм өр зээл нь зээлийн карт эсвэл орон байраа барьцаанд тавин банкнаас зээл авах зэрэг хэлбэрээр та бидэнд эрж болно. Бид байгаа бүхнээ, бүр боловсрол мэдлэгээ хүртэл зээлийн барьцаанд тавьж болно. Зээлээр олж авсан үнэт зүйлс өсч, бид цэцэглэн хөгжих болно. Дэлхийн мэргэн ухаанаар бол сарын цалингийн хэмжээ зээлийн хэмжээнээс илүү чухал юм. Банкны зээлийг эргүүлж төлөх асуудал бидний хяналтанд байдаг ч, хэрэв бүх зүйл буруугаар эргэвэл, дампуурал бидний сүүлчийн сонголт болно.

Одоо бошиглогчдын байнга зааж ирсэн хувь хүний санхүүгийн талаарх Бурханы мэргэн ухааныг товчхон авч үзье. Үүний үндэс суурь нь бие даах чадвар, ажил хөдөлмөр юм. Бид аравны нэгийг шударгаар төлж, бусад өргөлүүдөд өгөөмөр байснаар мөнгийг зохих ёсоор зарцуулж чадна. Бид цалингаасаа багыг зарж, хэрэгцээ, хүсэл хоёртоо зохицуулан амьдардаг. Зайлшгүй чухал хэрэгцээ биш бол бид өр зээл тавихаас зайлхийж, төсөв зохион, түүндээ тохируулан амьдрах ёстой. Бид ирээдүйдээ зориулсан хадгаламжтай байхын хамт хийх ёстой бүх төлбөр тооцоондоо шударга байх ёстой.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) 14 орчим жилийн өмнө: “Бид гэр орондоо дэг журмыг тогтоох цаг болсон гэж би бодож байна. Манай маш олон хүмүүс цалингаараа дөнгөн данган амьдарч байна. Зарим хүмүүс чухамдаа зээлээр амьдарч байна. … Эдийн засаг хүндрэх төлөв байдал харагдсаар байгаа тул бид илүү сайн сонсож сурах хэрэгтэй байна.”9

Ерөнхийлөгч Томас С.Монсон нэлээд хэдэн жилийн өмнө манай эдийн засгийн хөгжлийн оргил үед:

“Ах, эгч нар аа, өчигдрийн тансаг хэрэглээ өнөөдрийн энгийн хэрэгцээ болсон гэдэг үзэл бодлоос зайлсхий. Бид өөрсдөө л тансаг хэрэглээг энгийн хэрэгцээ болгож байгаа хэрэг шүү дээ. Өвдөх буюу хөдөлмөрийн чадваргүй болох, компаниуд дампуурах буюу зардлаа танах, ажилгүй болох, байгалийн гамшиг зэргээс шалтгаалан олон хүмүүс нөхцөл байдлаа өөрчлөхийн тулд урт хугацаатай зээл авч байна. Олон шалтгааны улмаас их хэмжээний өрийг төлөх хойшид боломжгүй болж байна. Бидний өр төлбөр толгой дээр дүүжилсэн илд лүгээ адил биднийг сүйрүүлэхээр байнга заналхийлж байдаг.

Орлогодоо тохируулан ухаалгаар амьдрахыг би та бүхэнд зөвлөж байна. Хүн орлогоосоо илүүг зарцуулдаг бол төлбөрийн чадвартай байж чадахгүй. Шаардлагагүй байхад авсан зээлийнхээ дараагийн төлбөрийг яаж хийх вэ? хэмээн та байнга санаа зовдог бол та аз жаргалтай байж чадахгүй гэдгийг би та бүхэнд анхааруулж байна.10

Бурханы мэргэн ухаан дэлхийн мэргэн ухаантай хэрхэн зөрчилддөгийг та харж байна уу? Баян чинээлэг харагдахын төлөө сонголт хийх ёсгүй. Сүмийн олон гишүүд бошиглогчдын зөвлөгөөг нэн анхааралтай сонсохыг хүсдэг.

Энэ бол Бурханы мэргэн ухаан юм.

Өөртөө тулгарч байгаа асуудлуудыг анхааралтай авч үзэхийг би та бүхэнд санал болгож байна. Цаасны голд босоо шугам зур. Шугамны зүүн талд дэлхийн мэргэн ухааныг баруун талд нь Бурханы мэргэн ухааныг жагсаан бич. Эсрэг тэсрэг асуудлуудыг ялган бич.

Та ямар сонголтууд хийв?

Аврагчийн Хоёр дахь Ирэлт рүү хөтөлж буй үйл явдлуудын тухай өгүүлдэг Сургаал ба Гэрээний 45-р хэсэгт Их Эзэн арван онгон охины тухай түүхийг дахин ярьж, дараах үгсийг бидэнд захин үлдээсэн юм: “Учир нь мэргэн хийгээд үнэнийг хүлээн авсан, мөн Ариун Сүнсийг зам заагчаа болгон авсан, мөн мэхлэгдээгүй тэд—үнэнээр би та нарт хэлнэ, тэд тас цавчигдан мөн галд хаягдахгүй, харин тэр өдрийг тэсэн гарах болно” (С ба Г 45:57).

Бурханы мэргэн ухааныг эрэлхийлцгээе. Бид эдүгээ дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн хүндрэл бэрхшээлийн үед аж төрж байна. Үүний улмаас бид ажил мэргэжил, орлого зарлагаа төлөвлөдөг байх шаардлага гарч ирж байна. Гэвч бидний өмнө хөгжил цэцэглэлтийн сайхан ирээдүй байна. Мэргэн ухаанд одооноос суралцахын тулд бидэнд хийх зүйл маш их байна. Хэрэв та нар мэргэн ухааныг—Бурханы мэргэн ухааныг эрэлхийлбэл Их Эзэний адислалууд та нарт ирэх болно гэдгийг би та нарт амлаж байна.

Эшлэл

  1. Андрю Лиа The Wikipedia Revolution (2009), xv–xvi-г үзнэ үү; мөн http://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Size_comparisons-нг үзнэ үү; http://wikimediafoundation.org/wiki/FAQ/en; http://en.wikipedia.org/wiki/History_of_Wikipedia.

  2. Рамона Эмерсон, “Facebook Users Expected to Pass 1 Billion in August: iCrossing,” The Huffington Post, Jan. 14, 2012, www.huffingtonpost.com/2012/01/13/facebook-users-1-billion-icrossing_n_1204948.html-ийг үзнэ үү.

  3. “Choruses from ‘The Rock,’” in T. S. Eliot: The Complete Poems and Plays, 1909–1950 (1980), 96.

  4. Mark Twain Laughing: Humorous Anecdotes by and about Samuel L. Clemens, ed. P. M. Zall (1985), xxii.

  5. Maрион Г.Ромни, “Converting Knowledge into Wisdom,” Ensign, 1983 оны 7-р сар, 5-ыг үзнэ үү.

  6. Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 267.

  7. Гордон Б.Хинкли, “We Walk by Faith,” Лиахона, 2002 оны 7-р сар, 81–82.

  8. Teachings: Joseph Smith, 202.

  9. Гoрдон Б.Хинкли, “To the Boys and to the Men,” Ensign, 1998 оны 11-р сар, 53.

  10. Toмас С.Монсон, “True to the Faith,” Лиахона, 2006 оны 5-р сар, 19.

Гэрэл зураг чимэглэлийг Дерек Израилсен