2013
Гэр бүлдээ үр өгөөжтэй заах нь
2013 оны нэгдүгээр сар


Гэр бүлдээ үр өгөөжтэй заах нь

Бид амьдралын чухал сургамжуудыг хүүхдүүддээ дөрвөн арга замаар заадаг.

Найман хүүхдүүддээ заах боломжтой байсан бидний хувьд сорилт бэрхшээл, урамшил шагнал хоёрын аль алиныг нь авчирсан юм.1 “Гэр орон бол хүүхдүүдийн хувьд амьдралд суралцах анхны бөгөөд хамгийн үр өгөөжтэй газар гэдгийг мэддэг учраас эхнэр бид хоёр хүүхдүүддээ амьдралд суралцахад нь туслахын тулд чадах бүхнээ хийхийг хичээсээр ирсэн юм. Бидэнд тусалсан хэдэн зарчмын тухай өгүүлье.

Хамгийн сайн зүйлсийг хий

Хүүхдүүд маань олон янзын үйл ажиллагаанд оролцох тусам хамгийн чухал зүйлийг ялган таних нь улам бүр чухал болж байлаа. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Даллин Х.Өүкс: “Ямар нэгэн зүйл сайн байна гэдэг нь үүнийг хийх хангалттай шалтгаан биш. … Иймээс бид зарим онцгой сайн зүйлд хамгийн түрүүнд анхаарал тавих шаардлагатай болдог” гэдгийг бидэнд сануулсан билээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ: “Эцэг эхчүүд гэр бүлийн залбирал, гэр бүлээрээ судар судлах, гэр бүлийн үдэш тэрчлэн гэр бүлээрээ бүгдээрээ хамт байх болон хүүхэд бүртэйгээ тусад нь уулзаж ярилцах цаг гаргаж хэвших нь гэр бүлийн холбоог бэхжүүлж, мөнхийн үнэ цэнэтэй зүйлс дээр анхаарал төвлөрүүлэхэд хүүхдүүдэд тусалж чадна. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамтран хийдэг зүйлсээр дамжуулан сайн мэдээний эрхэм чухал зарчмуудыг тэдэнд заах ёстой.”2

Энэ зөвлөгөө манай гэр бүлд ашиг тусаа өгсөн юм. Гэрээс гадуурх үйл ажиллагаануудын талаар эргэцүүлэн бодож, залбирах боломжийг эхнэр бид хоёр хүүхдүүддээ олгодог. Энэ явцад чухал гэж бидний бодож байсан зарим зүйлс төдийлөн шаардлагагүй болох нь мэдэгдсэн билээ. Хүүхдүүд маань сагсан бөмбөгийн баг болж, би тэдний дасгалжуулагчаар ажиллавал яасан юм бэ? гэж намайг хүсэхэд тэд юу гэж хариулсан нь намайг гайхахад хүргэж билээ. “Аав аа, тэгэх хэрэггүй байхаа. Манай хашаанд сагсны шийд байгаа шүү дээ. Та бидэнтэй тоглоход бид дуртай байдаг. Бид бас хөршүүдтэйгээ тоглодог. Бид зөндөө олон бөмбөг оруулдаг ш дээ!” гэж тэд хариулсан.

Судруудыг судалж, тэдгээрийн дагуу үйлд

Судруудыг унших, тэдгээрийг судлахын хооронд ялгаа бий. Бид “түүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүлэхээр өдөр шөнөгүй түүнийг бясалгаж яв” (Иoшуа 1:8; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн) судар судлахдаа амжилт олно гэдгийг эртний бошиглогч Иошуа сургасан билээ. Бид гэр бүлээрээ судар судлах үед анхаарал татсан чухал асуултуудыг тунгаан бодоход хүүхдүүддээ цаг гаргаж өгсний дараа “түүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүлэхэд” тэднийг урихад хамгийн их амжилт олж байлаа.

Бид нэг орой гадагшаа явж хоол идээд Мормоны Номоос нифайчуудын уналтын талаар уншив. Нифайчууд яагаад тийм ёс бус болсон гэж бодож байгааг нь би хүүхдүүдээсээ асуулаа. Зургаан настай Селест, нифайчууд, леменчүүд аль аль нь өдөр бүр залбирахаа больсноос болсон гэж бодож байгаагаа хэлэв. Нифайчуудын уналт залбирах болон яльгүй жижиг мэт санагдах бусад зүйлсийг хийхээ мартсанаас эхэлсэн гэдэгт бид бүгд санал нэгтэй байв. Тэр үед хүүхдүүдээ илүү сайн бодож, үүнээс төрсөн мэдрэмж дээрээ үндэслэн залбирал хэлж байхад урих санаа надад төрж билээ.

Маргааш нь би тэднээс залбирал нь ямар болсныг асуув. Энэ нь тэдэнд туршлагаа хуваалцах боломжийг харин надад залбирлын тухай гэрчлэлээ хүүхдүүдтэйгээ цаашид хуваалцаж байх боломжийг олгосон юм. Гэр бүлээрээ судар судлах туршлага нь үргэлж үүн шиг амжилттай байдаггүй ч бид судар судлах үйл ажиллагааныхаа хэсэг болгон хүүхдүүдтэйгээ судруудын тухай ярилцаж, тэднийг санаа бодлоо хэлэхэд урьдаг нь илүү амжилт олоход үр нөлөөгөө өгдөг.

Хүүхдүүдэд хариуцлагатай болоход нь тусал

Хүүхдүүддээ ажил үүрэг даалгаж, үүнийгээ биелүүлэх явцад тохиолдох жижиг сажиг асуудлуудыг тэд өөрсдөө зохицуулж сурах нь маш чухал болохыг бид мэдсэн. Гэр бүлийн зарим асуудлаар шийдвэр гаргахад хүүхдүүдийг оролцуулах нь тэднийг аливаа зүйлд идэвхтэй оролцогчид болоход нь ашиг тустай юм. Үүний үр дүнд тэд “чөлөөт хүслээрээ олон зүйлийг хийж, туйлын зөв шударга байдлыг тохиолгон авчирч” (С ба Г 58:27) суран, ажил хариуцан хийх үүрэг хариуцлагын мэдрэмжээ хөгжүүлдэг. Манай хүүхдүүдэд илүү хариуцлагатай байхад нь тусалсан хэдэн зүйлийн тухай энд өгүүлье:

  • Гэр бүлийн үдэшт зориулж хичээл бэлтгэх, судар унших, эсвэл өөрийнхөө авьяас чадвараар ямар нэг зүйлийг хийхэд нь хүүхдүүддээ тусал.

  • Гэр бүлээрээ судар судлах үед бүгдээрээ дуулах дууллыг сонгох буюу дараа залбирал хэлэхэд аль нэг хүүхдийг урих боломжийг тэдэнд олго.

  • Гэр бүлийн аяллыг төлөвлөхөд хүүхдүүдийг оролцуулж, зарим үүргийг тэдэнд хариуцуул.

  • Мөнгө санхүүгийн асуудлыг шийдэх болон юм худалдаж авах шийдвэр гаргах үед гэр бүлээрээ зөвшилцөн ярилцаж бай.

  • Аль нэг ажлыг яаж хийдгийг тэдэнд зааж, долоо хоногийн хугацаанд уг ажлыг тэдэнд хариуцуул.

  • Гэр бүлийн сар тутмын үйлчлэлийн төслийг боловсруулж, гэр бүлээрээ хэнд туслахыг шийдэх боломжийг хүүхдүүдэд олго.

  • Тодорхой нэг ням гарагт хэн нэгнийг ээлжээр эргэж очих боломжийг тэдэнд олго.

  • Сард нэг удаа гэр бүлийн үдшийн аль нэг үйл ажиллагааг хариуцан хийх боломжийг тэдэнд өг.

Тэднийг удирдан чиглүүл

Заримдаа эхнэр бид хоёр гэр бүлийн залбирал хийх юм уу судар судлахад хүүхдүүдээ албадан цуглуулахаас аргагүй болсон хоньчид шиг санагддаг. Гэвч бусад үед бид бяцхан сүргийнхээ төлөө жинхэнэ хоньчид шиг санаа тавьж байгаагаа мэдрэх нь хэчнээн сайхан байдаг гээч. Хэрэв бид анхааралгүй байх юм бол жинхэнэ хоньчны үүрэг биелүүлэх аятайхан боломжийг алдаж болно.

Хүүхдүүдээ унтуулах үеэр надад тийм нэгэн агшин тохиосон юм. Хөвгүүдийн маань нэг нь, “Аав аа, таныг юу уруу татдаг вэ?” гэж асуухад нь би их гайхсан.

Тэгснээ тэр, “Биднийг юу уруу татдаг тухай бид ярилцаж байсан юм л даа. Тэгээд таныг юу уруу татдаг бол гэж бодоод асуусан юм” гэв.

Энэ асуулт тэдэнд заах аятайхан далим гэдгийг би мэдэж байсан ч өдөржингөө ажилласнаас ядарч туйлдсан байлаа. Ийм орой болсон хойно ялангуяа, хүүхдүүдийнхээ хичээл номоо үзэх цагаар хоёр хөвгүүнтэйгээ ул суурьтай ярилцахад би дурамжхан байлаа.

Гэвч Аврагчид худаг дээр тохиолдсон явдал миний санаанд орж ирлээ. Тэр 48 км явган явсны дараа самари эмэгтэйд заах цаг гаргасан шүү дээ (Иoхан 4-ийг үзнэ үү). Хөвгүүдтэйгээ ярилцах нь Аврагчид худаг дээр тохиолдсон явдалтай адил санагдсан болохоор би тухлан сууж, уруу татагдах нь нүгэл гэж боддог уу? гэж тэднээс асуулаа. Бид нэлээд удтал дуугүй сууснаа ярилцаж эхлэн бие биенийхээ үгийг анхааралтай сонслоо. Би хөвгүүддээ Аврагч Сатантай (Maтай 4-ийг үзнэ үү) хэрхэн тулгарсан тухай зааж, уруу таталтыг эсэргүүцсэнээс ирдэг адислалуудын тухай гэрчлэлээ хуваалцлаа.

Энэ бол эцэг эхийн хувьд онцгой агшин байлаа. Бид ердийнхөөсөө арай орой унтсан ч миний мэдэрсэн баяр баясгалан нойроо хассан золиослолоос хавьгүй үнэтэй байлаа.

Хүүхдүүд биднээс үргэлж асуугаад байдаггүйг, бас тэд үргэлж дуулгавартай байдаггүйг бас тэд үргэлж анхааран сонсдоггүйг санан, хүүхэд чин сэтгэлээсээ асуусан тохиолдолд бидэнд тохиодог онцгой чухал боломжуудын нэг нь хүүхдийн асуултанд хариулах явдал мөн гэж Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Ричард Л.Эванс (1906–71) заажээ. “Ингэхдээ бид тэдний нөхцөл байдлыг мөн тэдний цагийг юуны түрүүнд харгалзан үзэхээс биш, үргэлж өөрсдийнхөө нөхцөл байдлыг мөн өөрсдийнхөө цагийг бүхний түрүүнд тавих ёсгүй. … Хэрэв хүүхдүүд чухал асуултаа бидэнд итгэн асууж байгаа бол хожим нь бүр илүү чухал асуудлуудаа бидэнд итгэн даатгах болно.3

Их Эзэнээр сонгогдон Түүгээр туслуулсан нь

Бурханы хүүхдүүдийг халамжлан хүмүүжүүлэх нь хүнд үүрэг хариуцлага юм. Би эцгийн үүргээ тааруухан биелүүлж байна уу даа гэж бодсон үедээ Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Нийл A.Максвеллын (1926–2004) дараах үгсийг санадаг: “Есүсийн төрөлтийг зарлан тунхаглахаар Бетлехемийн дээгүүр гарч ирсэн тэрхүү одыг Бурхан тэр цагаас олон мянган жилийн тэртээ сансар огторгуйд байх ёстой газарт нь байрлуулсан лугаа адил бидний гэрэл буюу ойлголт бусдыг удирдах төдийгүй, тэднийг тайтгаруулан, тэдэнд үйлчлэхийн тулд бидний хүн нэг бүрийг хүмүүний амьдралын адил тэнцүү орчин хийгээд нөхцөлд төрж, өсөн амьдрахаар томилдог билээ.”4

Эдгээр үгс намайг урам хугарсан үед өргөн дэмждэг билээ. Эдгээр үгс эцэг эхийн үүргээ биелүүлэхэд эхнэр бид хоёрт урам дэм, эрч хүчийг өгдөг. Тэнгэрлэг Эцэг манай хүүхдүүдийг эхнэр бид хоёрын “хараа хяналтанд” итгэмжлэл хүлээлгэн өгснийг бид мэддэг билээ.

Эцэг эхчүүд та нарыг сайн мэдээнээс хамтран суралцахад тань, хүүхдүүд тань хариуцлагатай болж өсөхөд, мөн үнэ цэнэтэй заах хормуудыг ашиглахад тань Тэрбээр та нарыг адислах болтугай.

Эшлэл

  1. Давид O.МкКей, Family Home Evening Manual (1968), iii.

  2. Даллин Х.Өүкс, “Good, Better, Best,” Лиахона, 2007 оны 11-р сар, 104, 105.

  3. Ричард Л.Эванс, “The Spoken Word,” Ensign, 1971 оны 5-р сар, 12.

  4. Нийл A.Максвелл, That My Family Should Partake (1974), 86.

Гэрэл зураг чимэглэлийг Коди Белл© IRI

Төөрсөн хурга, Дел Парсон