2013
Агюнг агаарын тенниснээс юу сурсан бэ?
2013 оны нэгдүгээр сар


Агюнг агаарын тенниснээс юу сурсан бэ?

Индонезийн нэгэн өсвөр насны хөвгүүн найдварын ачаар бэрхшээлд бууж өгөхгүй байхад сурсан ажээ.

Зураг
young man with badminton racquet

Индонезийн Жакарта дахь ердийн нэгэн чийглэг халуун өдөр Агюнг өрсөлдөгчийнхөө цохих бөмбөгийг хүлээх зуур түүний духнаас хөлс дусална. Агаарын теннисний тэмцээн ойртож байсан болохоор 15 настай хөвгүүн ялах хүслээр жигүүрлэн сэтгэл догдолно.

Өрсөлдөгч нь огцом хөдөлгөөн хийснээ Агюнгийн гар хүрэхгүй газар руу бөмбөгийг цохилоо. Тэмцээний оноо их ойрхон байсан тул Агюнг хожигдохыг хүсэлгүй бадминтоны бөмбөгний хойноос ухасхийсэн боловч нэг их хол очилгүй цементэн талбай дээр халтирч унан хамраас нь цус гоожиж эхэлжээ.

Тэр ширүүн өрсөлдөөнтэй тэмцээнд дуртай ч, мэргэжлийн агаарын теннисчин болохыг мөрөөддөггүй ажээ. Агюнг Олимпийн тоглолтод оролцох, номлолд үйлчлэх хоёрын аль нэгийг сонгох шаардлага байхгүй. Тэр өөрийгөө спортод төдийлөн амжилт гаргаж чадахгүйгээ мэдсэн ажээ.

Тийм байтал энэ давжаахан биетэй, сайхан инээмсэглэсэн хөвгүүн яагаад бадминтонд ийнхүү асар их хүч чармайлт гаргадаг юм бэ?

“Би сайн тоглогч болж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг” гэж тэр хэллээ.

Итгэл найдвартай байх нэг шалтгаан

Итгэл найдвар бол бидэнд олон юмсыг хийх хөшүүрэг болдог. Бид илүү их хүч чадалтай, илүү эрүүл болоход итгэдэг учраас биеийн тамирын дасгал хийдэг шүү дээ. Бид хөгжмийн зэмсгээр сайн тоглож сурна гэдэгт итгэдэг учраас хөгжим тоглох дадлага хийдэг. Агюнг өөрийгөө сайн тоглодог болно гэдэгт найддаг учраас агаарын теннисээр хичээллэдэг ажээ.

“Хэрэв надад сайжирч мөн ялах итгэл найдвар байгаагүй бол би бэрхшээлд сөхрөн бууж өгөх нь амархан байх байсан биз ээ” гэж Агюнг хэллээ.

Итгэл найдвар бол авралын төлөвлөгөөний амин чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Аль нэг зарлигийг биелүүлээгүй тохиолдолд буруугаа уучлуулах итгэл нь биднийг наманчлал руу хөтөлдөг.

Бидний итгэл найдвар руу дайрах Сатаны довтолгоо

Бидний эсрэг Сатаны хэрэглэдэг хоёр шилдэг зэвсэг нь эргэлзээ, урам хугаралт юм. Тэрээр Цагаатгалыг болиулж, Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг нураах гээд бүтээгүй юм. Гэвч тэр, уучлагдаж болно гэсэн бидний итгэл найдварыг хулгайлах замаар бидний амьдрал дахь Цагаатгалын ариусгагч үр нөлөөг үгүй хийхийг оролдсоор байна.

“Бэрхшээлд бууж өгөх нь биднийг Тэнгэрлэг Эцэгээс холдуулдаг учраас Сатан биднийг итгэж найдах зүйлгүй болгохыг хүсдэг” гэж Агюнг хэллээ.

Сатан бидний урам зоригийг мохооход амжилт оллоо ч гэсэн, итгэл найдварыг дахин олж авах арга зам байдаг.

Итгэл найдварыг олохуй

Ирээдүйд итгэх итгэл найдвар хэрэгтэй болсон үед бид өнгөрсөн үеэ эргэн харж болно. Агюнг сургуулиасаа сурч мэдсэн нэгэн сургамжийг загвар болгон ашигладаг ажээ. “Хэрэв би шаргуу хичээллэвэл, шалгалтуудаа амжилттай өгч чадна гэдгийг туршлагаасаа харсан” гэж тэр ярилаа. “Энэ туршлагынхаа ачаар, хэрэв би шаргуу дадлага хийвэл агаарын теннист амжилт олж чадна гэдэг итгэл найдвартай болсон” гэж тэр хэллээ. “Энэ туршлага надад итгэл найдвар төрүүлсэн юм.”

Есүс Христэд итгэх найдвар бидэнд хэрэгтэй болсон үед бид үүнийг Цагаатгалын хүчний талаарх өөрийнхөө өнгөрсөн үеийн туршлага (Ром 5:4) болон бусдын туршлагаас, түүний дотор ариун ёслолын цуглаан, Ням гарагийн хичээл дээр сонссон үгс, Лиахона, эсвэл судруудаас (Иаков 4:4–6-г үзнэ үү) олж авч чадна.

Бид бошиглогчдын итгэл төрүүлэм үгсийг судлан, итгэл найдварын бэлгийн төлөө залбирч, өөрсдийн амьдрал дахь Аврагчийн хүч нөлөөг хүлээн зөвшөөрвөл Түүнд итгэх бидний итгэл болон Тэрбээр бидэнд ирээдүйд туслах болно гэсэн итгэл найдвар улам өсөн нэмэгдэх болно.1

Хэзээ ч бүү бууж өг

Агюнг өөрийгөө хэзээ ч мэргэжлийн тамирчин болохгүй гэдгийг мэддэг ч, дасгал хийхээ үргэлжлүүлбэл сайжрах болно гэдэгтээ найддаг.

“Бэрхшээлд бууж өгөхгүй л байвал найдвар байна гэсэн үг” гэсэн үгс агуу хүчийг агуулдгийг би мэдсэн” гэж тэр хэллээ.

Есүс Христийн Цагаатгал амьдралд итгэл найдварын хязгааргүй эх ундарга болдог билээ. Бид алдаа гаргасан үедээ Цагаатгалын ачаар наманчилж чадна. Энэ нь, хэрэв наманчилж, дуулгавартай дагах зарчмыг чанд баримталбал, бид Цагаатгалын ачаар амьдралын сорилт бэрхшээлд алдаа эндэгдэл гаргахгүй байж чадна гэсэн үг юм.

Чухам иймээс Агюнг аавыгаа ням гараг бүрд Сүмд үргэлж урьдаг ажээ. Чухам иймээс тэр найз нар нь зөв зүйл хийхгүй байгаа үед зөв зүйлийн төлөө тууштай зогсохыг хичээдэг ажээ. Чухам иймээс тэр семинар, Мючел, Ням гарагийн цуглаанууд, номлогчийн бэлтгэлийн хичээл болон сүмийн барилгыг цэвэрлэхэд туслах зэрэгт цуглааны байр руу хол замыг туулан олон цаг дугуйгаар явдаг ажээ.

“Есүстэй адилхан байхыг хичээх нь амаргүй л дээ” гэж Агюнг хэллээ. Би заримдаа санаагаар унадаг ч, бууж өгдөггүй. Миний төлөө хийсэн Түүний золиослолын улмаас улам сайн хүн болох итгэл найдвар надад байдаг.”

Цагаатгалын улмаас итгэл найдвар байдаг бол итгэл найдварын улмаас Цагаатгал бидний амьдралыг өөрчилж чадна.

Эшлэл

  1. Диетер Ф.Угдорф, “The Infinite Power of Hope,” Лиахона, 2008 оны 11-р сар, 23.

Адам Өүлсоны гэрэл зургууд