Судрууд
Мормоны Ном


Мозаягийн Ном

Бүлэг 4

Хаан Бенжамин айлтгалаа үргэлжлүүлэв—Аврал цагаатгалын улмаас ирдэг—Аврагдахын тулд Бурханд итгэгтүн—Итгэл дүүрэн байдлаар нүглүүдийнхээ ангижралыг хадгалагтун—Хөрөнгөнөөсөө ядуустай хуваалц—Бүх зүйлийг мэргэн ухаанд мөн эмх цэгцэнд үйлдэгтүн. Ойролцоогоор мэө 124 он.

1Мөн эдүгээ, улиран тохиох дор хаан Бенжамин Их Эзэний тэнгэр элчээр түүнд хүргэгдсэн үгсийг ярихаа төгсгөл болгоод, эргэн тойрондоо байх хүмүүсийн зүг харц бэлчээж, мөн тэдний дээр ирсэн Их Эзэнээс эмээх айдсын учир тэд газарт унасан байхыг болгоов.

2Мөн тэд өөрсдийгөө зуурдын байдалд буйгаа бүр газрын тоосноос ч өчүүхнээ төсөөлсөн ажгуу. Мөн тэд бүгд нэгэн дуугаар чанга хашгирч, хэлсэн нь: Ай нигүүлсэж хайрла, мөн бид нүглүүддээ өршөөлийг хүлээж авч болохын тулд мөн зүрх сэтгэл маань ариуссан байж болохын тулд Христийн цагаатгагч цусыг нөлөөлүүлээч; учир нь бид Есүс Христэд, тэнгэр ба газар, мөн бүх зүйлийг бүтээсэн Бурханы Хүүд хүмүүний үрсийн дунд доош ирэх түүнд итгэдэг.

3Мөнхүү улиран тохиох дор тэд эдгээр үгсийг ярьсны дараа Их Эзэний Сүнс тэдний дээр ирж, мөн тэд нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авч, улмаар тэд ухамсрын амар амгаланг хүлээн авсан учир, мөн тэд баяр хөөрөөр дүүргэгдсэн байв, хаан Бенжамины тэдэнд ярьсан үгсийн дагуу, ирэх ёстой Есүс Христэд итгэх үлэмж итгэл тэдэнд байсны учир бөлгөө.

4Мөн хаан Бенжамин дахин амаа нээж мөн тэдэнд ярьж эхлэв, хэлсэн нь: Нөхөд минь бас ах дүүс минь, миний үндэстэн мөн хүмүүс минь, би та нарын анхаарлыг дахин хүсье, та нарт миний ярих үгсийн үлдсэнийг та нар сонсож мөн ойлгож болохын тулд бөлгөө.

5Учир нь болгоогтун, хэрэв Бурханы сайн сайхны мэдлэг энэ цагт та нарын юу ч бишийг мөн та нарын ашиггүй хийгээд унасан байдлын мэдрэмжид сэрээсэн бол—

6Би та нарт хэлнэ, хэрэв Бурханы сайн сайхан, мөн түүний зүйрлэшгүй хүч, мөн түүний мэргэн ухаан, мөн түүний тэвчээр, мөн түүний хүмүүний үрсэд хандсан тэсвэрийн тухай; мөн түүнчлэн, түүгээр Их Эзэнд найдлага тавьсан мөн түүний зарлигуудыг дагахдаа хичээнгүй байсан, мөн үргэлж, бүр өөрийн амьдралын, би зуурдын биеийн амьдралыг хэлж байна, төгсгөл хүртэл итгэлтэй байсан түүнд аврал ирж болохын тулд, дэлхийн үүслээс бэлтгэгдсэн цагаатгалын тухай мэдлэгт ирсэн бол—

7Энэ нь Адамын уналтаас хойш байсан, эсвээс байгаа, эсвээс бүр энэ дэлхийн төгсгөлийг хүртэл байх, бүх хүн төрөлхтөнд зориулж дэлхийн үүслээс бэлтгэгдсэн тэрхүү цагаатгалаар авралыг хүлээн авах тэр хүн бол энэ юм гэдгийг би хэлнэ.

8Мөн энэ нь аврал хэрхэн ирэхийн арга билээ. Мөн энд яригдсанаас өөр аврал гэж үгүй; бас та нарт миний ярьсан тэр нөхцлүүдээс өөр хүмүүн аврагдаж болох ямар ч нөхцөлүүд үгүй.

9Бурханд итгэ; тэр байдагт итгэ, мөн тэр, тэнгэрт болон газарт аль алин дээрх бүх зүйлийг бүтээсэнд итгэ; тэр бол тэнгэрт мөн газарт аль алинд нь бүх мэргэн ухааныг, мөн бүх хүч чадлыг эзэмшигч гэдэгт итгэ; Их Эзэний ухаарч чадах тэр бүх зүйлийг хүмүүн ухаардаггүйд итгэ.

10Мөн үүнчлэн, та нар нүглүүдээ наманчилж мөн тэдгээрийг орхих ёстой, мөн өөрсдийгөө Бурханы өмнө даруусгах ёстойд итгэ; мөн тэрээр та нарыг уучлаасай хэмээн чин зүрхнээсээ гуй; мөн эдүгээ, хэрэв та нар эдгээр бүх зүйлд итгэвэл тэдгээрийг өөрсдөө үйлдэхэд анхаарагтун.

11Мөн би урьд хэлснийхээ адил дахин би та нарт хэлье, та нар Бурханы алдар суугийн мэдлэгт ирсэн шиг, эсвээс хэрэв та нар түүний сайн сайхныг мэдэж мөн түүний хайрыг амталсан, мөн та нарын бодгалиудад үлэмж агуу баясал авчрах, нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авсан бол, тэрчлэн Бурханы агуу ихийг, мөн өөрсдийнхөө юу ч биш болохыг, мөн түүний сайн сайхан хийгээд зохисгүй бүтээлүүд болох та нарт хандсан тэсвэрийг нь та нар үргэлж дурсан санаасай хэмээнэ би, мөн та нар өөрсдийгөө бүр даруу байдлын гүнд даруусгаж, Их Эзэний нэрийг өдөр тутам дуудан, мөн тэнгэр элчийн амаар яригдсан тэрхүү ирэх зүйлд итгэх сүсэг бишрэлд гуйвшгүйгээр зогсоосой хэмээнэ.

12Мөн болгоогтун, хэрэв та нар үүнийг хийвээс та нар үргэлж баясна, мөн Бурханы хайраар дүүргэгдэж, мөн нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгалах болно хэмээн би та нарт хэлнэ; мөн та нарыг бүтээсэн түүний алдар суугийн мэдлэгт, эсвээс шударга бөгөөд үнэн болох түүний мэдлэгт та нар өсөх болно.

13Мөн бие биенээ гомдоох биш, харин амар амгалангаар амьдрах, мөн хүн бүрд өөрийн өр төлөөсийн дагуу төлөх санаа та нарт бий болно.

14Мөн та нар хүүхдүүдээ өлсгөлөн, эсвээс нүцгэн явахыг тэвчихгүй болой; бас тэд Бурханы хуулиудыг зөрчихийг, мөн нэг нэгэнтэйгээ байлдан мөн тэмцэх, мөн нүглийн эзэн болох, өөрөөр хэлбэл бидний эцэг өвгөдийн ярьдаг байсан муу ёрын сүнс чөтгөрт үйлчлэхийг зөвшөөрөхгүй, учир нь тэр бол бүх зөв шударгын дайсан билээ.

15Харин үнэний мөн чанд байдлын замуудаар алхахыг та нар тэдэнд заах болно; бие биенээ хайрлах, мөн ндээ үйлчлэхийг та нар тэдэнд заах болно.

16Мөн түүнчлэн, та нарын халамжаар гачигдах тэднийг та нар өөрсдөө халамжлах болно; та нар өөрсдийн хөрөнгөнөөс гачигдаж байгаа түүнд өгөх болно; мөн та нар гуйлгачны хүсэлтийг хоосон буцааж тэвчихгүй, мөн түүнийг мөхөл уруу нь хөөхгүй байх болно.

17Магад та нар хэлнэ: Хүн зовлонгоо өөр дээрээ авчирдаг; тиймийн тул би гараа татаж, мөн түүнд хүнснээсээ өгөхгүй, бас тэрбээр зовохгүй байж болохын тулд хөрөнгөнөөсөө ч түүнд хүртээхгүй, учир нь түүний шийтгэлүүд шударга—

18Гэвч би та нарт хэлнэ, Ай хүмүүн, үүнийг хийх хэн боловч, мөнхүү тэр нь наманчлах агуу шалтгаантай байдаг; мөн тэр хийсэн зүйлээ наманчлахгүй бол тэрээр үүрд мөхөж мөн Бурханы хаант улсад хамаагүй байх болно.

19Учир нь болгоогтун, бид бүгд гуйлгачид бус уу? Бид бүгд нэгэн адил Бие, бүр Бурханаас хамаардаг, бидэнд байгаа бүх хөрөнгө, хоол хүнс мөн хувцас хунар, мөн алт, мөн мөнгө, мөн бидэнд байгаа төрөл бүрийн бүх баялгууд түүнээс бус гэж үү

20Мөн болгоогтун, бүр энэ цагт, та нар түүний нэрийг дуудаж, мөн нүглүүддээ ангижралыг гуйж байна. Мөн тэрээр хоосон гуйхыг та нарт зөвшөөрсөн үү? Үгүй; тэр өөрийн Сүнсийг та нарын дээр цутгаж, мөн та нарын зүрх сэтгэл баяраар дүүргэгдэхээр болгож, мөн та нар ийм үлэмжийн агуу баяслаа илэрхийлэх арга олж чадахгүйд хүргэн та нарын амыг хамхисан байхаар болгосон буюу.

21Мөн эдүгээ, хэрэв Бурхан, та нарыг бүтээсэн тэрбээр, та нарын амьдрал мөн та нарт байгаа бүхэн, та нар бүхлээрээ хамаарах тэрбээр, та нарын итгэлтэйгээр хүлээн авах болно гэдэгт итгэн гуйсан зөв болох юуг ч та нарт хайрладаг бол, Ай тэгвэл, та нар өөрсдөдөө байгаа хөрөнгөнөөс нэг нэгэнтэйгээ хуваалцах нь хичнээн их зохистой билээ.

22Мөн тэрээр мөхөхгүйн тул чамд хандан хөрөнгөнөөс чинь гуйх хүнийг та нар шүүн, мөн түүнийг буруутгах аваас, та нарт бус, харин та нарын амьдрал ч түүнчлэн түүнд хамаарагдах тэр Бурханд харъяалагдах эд хөрөнгөө харамласны улмаас хүртэх та нарын буруушаалт хэр зэрэг илүү шударга байх билээ; гэсэн хэдий ч, та нар гуйлга гуйх нь, бас хийсэн тэр зүйлээ наманчлах нь үгүй бөлгөө.

23Би та нарт хэлнэ, тэр хүнд халаг, учир нь түүний хөрөнгө түүнтэй хамт мөхөх болно; мөн эдүгээ, би эдгээр зүйлийг энэ дэлхийн зүйлүүдэд хамаарагдах зүйлээр баян тэдэнд хэлж байна.

24Мөн үүнчлэн, би ядууст, эд хөрөнгөгүй боловч шар наран бор хоногийг хоолтой өнгөрөөх та нарт хэлнэ; та нарт байгаагүйн учир гуйлгачныг буцаах та нарыг бүгдийг чинь би хэлж байна; та нарыг зүрх сэтгэлдээ ингэж хэлээсэй хэмээнэ би: Надад байгаагүй учраас би өгөөгүй, харин хэрэв надад байсан бол би өгөх байсан.

25Мөн эдүгээ, хэрэв та нар зүрх сэтгэлдээ ийн хэлбэл та нар гэмгүй үлдэнэ, эс тэгвэл та нар буруушаагдана; мөн та нар хүлээн аваагүй тэр юманд шунасны учир та нарын авах буруушаалт шударга байх буюу.

26Мөн эдүгээ, та нарт миний ярьсан эдгээр зүйлүүдийн учир—өөрөөр хэлбэл, та нар Бурханы өмнө гэмгүйгээр алхаж болохын тулд өдрөөс өдөрт нүглүүдийнхээ ангижралыг хадгалан үлдэхийн төлөө—та нар хүн бүр байгаагийнхаа хэрээр ядуустай хөрөнгөө хуваалцаасай хэмээнэ би, өлссөнийг хооллох, нүцгэнийг хувцаслах, өвчтэйд очиж мөн сүнсийг нь мөн биеийг нь ч аль алиныг нь, хүссэнийх нь дагуу тэднийг асрах зэрэг болой.

27Мөн эдгээр бүх зүйл мэргэн ухаанд мөн эмх цэгцэнд хийгддэг байхыг мэдэгтүн; учир нь хүн өөрт нь буй хүчнээс илүү хурдан гүйх шаардлагагүй. Мөн үүнчлэн, тэрээр хичээнгүй байх шаардлагатай, тэгснээр тэр шагналыг хожиж болохын тулд бөлгөө; тиймийн тул бүх зүйл эмх цэгцэнд хийгдэх ёстой.

28Мөн та нарын дунд хөршөөсөө зээлсэн хэн боловч зээлсэн тэр зүйлээ тохирсны дагуу эргүүлж өгөх ёстой, эсвээс та нүгэл үйлдэх болно; мөн магад та өөрийн хөршийг түүнчлэн нүгэл үйлдэхэд хүргэх вий гэдгийг та нар санаасай хэмээнэ би.

29Мөн эцэст нь, та нар тэгснээр нүгэл үйлдэж болох зүйлийг бүгдийг би та нарт хэлж чадахгүй; учир нь маш олон янзын зам мөн аргууд бий, бүр тэдгээрийг би тоолж чадахааргүй тийм олон бөлгөө.

30Гэвч өдий зэргийг би та нарт хэлж чадна, хэрэв та нар өөрсдийгөө, мөн бодлуудаа, мөн үгсээ, мөн үйлүүдээ хянаж, мөн Бурханы зарлигуудыг мөрдөж, бас Их Эзэний маань ирэлтийн талаар сонссон түүндээ үргэлж итгэлтэй байж, бүр амьдралынхаа эцсийг хүртэл ингэхгүй аваас, та нар мөхөх ёстой болно. Мөн эдүгээ, Ай хүмүүн, санагтун, мөн бүү мөхөгтүн.