Судрууд
Мормоны Ном


Мозаягийн Ном

Бүлэг 24

Алма болон түүний хүмүүсийг Амюлон хавчин дарлав—Хэрэв тэд залбирвал тэд үхэлд хүргэгдэх байв—Их Эзэн тэдний ачааг хөнгөн мэт санагдуулав—Тэрээр тэднийг боолчлолоос чөлөөлж, мөн тэд Зарахемлад эргэж ирэв. Ойролцоогоор мэө 145–120 он.

1Мөнхүү улиран тохиох дор Амюлон леменчүүдийн хааны мэлмийд тааллыг олов; тиймийн тул, леменчүүдийн хаан түүнд болон түүний ах дүүст, хүмүүсийнхээ дээр. Тийм ээ, бүр Шимлоны нутагт байсан, мөн Шиломын нутагт, мөн Амюлоны нутагт байсан тэр хүмүүсийн дээр багшаар томилогдсон байхыг зөвшөөрчээ.

2Учир нь леменчүүд эдгээр бүх нутгийг эзэмшилдээ авсан байв; тиймийн тул, леменчүүдийн хаан эдгээр бүх нутгийн дээр хаадыг томилсон бөлгөө.

3Мөн эдүгээ леменчүүдийн хааны нэр нь Лемен хэмээн, эцгийнхээ нэрээр нэрлэгдсэн байв; мөн тиймийн тул тэрээр хаан Лемен гэж нэрлэгдсэн ажгуу. Мөн тэр олон тооны хүмүүсийн хаан байв.

4Мөн тэрээр өөрийн хүмүүсээр эзэмшигдсэн нутаг бүрд Амюлоны ах дүүсээс багш нарыг томилов; мөн тийн Нифайн хэл леменчүүдийн бүх хүмүүсийн дунд заагдаж эхлэв.

5Мөн тэд нэг нь нөгөөдөө найрсаг хүмүүс байв; гэсэн хэдий ч тэд Бурханыг мэддэггүй байлаа; бас Амюлоны ах дүүс, Их Эзэн Бурханыхаа талаар юу ч, бас Мосегийн хуулийг ч тэдэнд заасангүй; Абинадайн үгсийг ч тэдэнд заасан нь үгүй бөлгөө;

6Гэвч тэд өөрсдийн цэдгийг хадгалбал зохихыг мөн тэд нэг нь нөгөөдөө бичиж болохыг заав.

7Мөн тийн леменчүүд баялгаар арвижиж эхлэв, мөн бие биетэйгээ худалдаа хийж мөн хүчирхэгжиж эхлэв, мөн дэлхийн ухааны хувьд зальтай мөн мэргэн, тийм ээ, маш их зальтай, ах дүүсийнхээ дунд л биш бол ёс бус муу бүхэнд мөн дээрэм тонуулд баяссан хүмүүс болж эхлэв.

8Мөн эдүгээ улиран тохиох дор Алма болон түүний ах дүүсийн дээр Амюлон эрх дархыг үзүүлэн, мөн тэднийг хавчиж эхлэн, мөн хүүхдүүдээрээ тэдний хүүхдүүдийг хавчин дарлуулж байв.

9Учир нь Алмаг, тэрээр хааны санваартнуудын нэг байсныг мөн тэр Абинадайн үгсэд итгэсэн нь тэр байсныг бас хааны өмнөөс хөөгдсөнийг Амюлон мэдэж байв, мөн тиймийн тул тэр түүнд хилэгнэж байлаа; учир нь тэр хаан Лемений харъяат байв, гэсэн хэдий ч тэр тэдний дээр эрх дархаа үзүүлж, мөн тэдэнд үүрэг ажил өгч, мөн тэднийг харгалзах хянагчдыг томилжээ.

10Мөнхүү улиран тохиох дор тэдний зүдгүүрүүд аймшигтай их байсан тул тэд Бурханд хүчтэйгээр залбиран гуйж эхэлсэн ажээ.

11Мөн тэд өөрсдийн гуйлтуудыг зогсоох ёстой хэмээн Амюлон тэдэнд зарлиг болов; мөн тэрээр Бурханыг дуудсан хэнийг боловч үхэлд хүргэхээр тэднийг харгалзах харуулуудыг тэдний дээр тавилаа.

12Мөн Алма болон түүний хүмүүс Их Эзэн Бурхандаа дуу хоолойгоо өргөсөнгүй, гэвч зүрх сэтгэлээ түүнд юүлж байсан болой; мөн тэрээр тэдний зүрх сэтгэл дэх бодлуудыг мэдэж байв.

13Мөнхүү улиран тохиох дор Их Эзэний дуу хоолой тэдний зүдгүүрт үед ирж, өгүүлсэн нь: Тэргүүнээ өргөцгөө мөн тайтгарагтун, учир нь надад хийсэн та нарын гэрээний тухай би мэднэ; мөн өөрийн хүмүүстэй гэрээ хийж мөн тэднийг боолчлолоос чөлөөлөх болно би.

14Мөн та нарын мөрөн дээр тавигдах ачаануудыг, бүр тэдгээрийг нуруун дээрээ байгааг ч мэдрэхгүй болтол, бүр та нарыг боолчлолд байх үед би түүнчлэн хөнгөлнө; мөн та нар цаашид миний гэрчлэгчид болон зогсох болно, мөн та нар, Их Эзэн Бурхан би өөрийн хүмүүст тэдний зүдгүүрт үед зочилдгийг та нар гарцаагүй мэдэж болохын би үүнийг хийх болно.

15Мөнхүү эдүгээ улиран тохиох дор Алма болон түүний ах дүүсийн дээр тавигдаж асан ачаанууд хөнгөлөгдсөн байлаа; тийм ээ, тэд ачаагаа амархан дааж чадахын тулд Их Эзэн тэднийг хүчирхэгжүүлсэн билээ, мөн тэд баяртайгаар мөн тэвчээртэйгээр Их Эзэний бүх тааллуудад захирагдсан болой.

16Мөнхүү улиран тохиох дор тэдний итгэл мөн тэдний тэвчээр тийм агуу байсан учир Их Эзэний дуу хоолой тэдэнд дахин ирж, өгүүлсэн нь: Тайтгарагтун, учир нь маргааш би та нарыг боолчлолоос чөлөөлөх болно.

17Мөн тэрээр Алмад: Чи энэ хүмүүсийн өмнө явах болно, мөн би чамтай хамт явж мөн энэ хүмүүсийг боолчлолоос чөлөөлөх болно гэж хэлэв.

18Эдүгээ улиран тохиох дор Алма болон түүний хүмүүс шөнийн цагаар мал сүргээ, мөн түүнчлэн үр тарианаасаа, нэгтгэн цуглуулжээ; тийм ээ, бүр бүх шөнийн турш тэд мал сүргээ нэгтгэн цуглуулав.

19Мөн өглөө нь Их Эзэн леменчүүдийн дээр гүн нойр ирүүлж, тийм ээ, мөн тэдний бүх хянагчид гүн нойронд автагдсан байв.

20Мөн Алма болон түүний хүмүүс аглаг буйд тийш одов; мөн тэд өдөржингөө аялаад, нэгэн хөндийд майхнуудаа босгов, мөн тэд уг хөндийг Алма гэж нэрлэв, учир нь тэрээр аглаг буйдад тэдний замыг удирдсан бөлгөө.

21Тийм ээ, мөн тэр тэдэнд нигүүлсэнгүй байж мөн тэдний ачаануудыг хөнгөлж, мөн тэднийг боолчлолоос чөлөөлсөн учир тэд Алмагийн хөндийд Бурханд талархлаа уудлан илэрхийлэв; учир нь тэд боолчлолд байж, мөн Их Эзэн Бурханаас нь өөр хэн ч тэднийг чөлөөлж чадахгүй байлаа.

22Мөн тэд Бурханд талархал илэрхийлж, тийм ээ, тэдний бүх эрчүүд мөн тэдний бүх эмэгтэйчүүд мөн ярьж чадах тэдний бүх хүүхдүүд Бурханаа магтахад дуу хоолойгоо өргөсөн ажээ.

23Мөн эдүгээ Их Эзэн Алмад: Чи яарагтун мөн өөрийгөө бас энэ хүмүүсийг энэ нутгаас авч гар, учир нь леменчүүд сэрсэн мөн чамайг мөшгөж байна; тиймийн тул энэ нутгаас гарцгаа, мөн би леменчүүдийг энэ хөндийд зогсоох болно, тэгснээр тэд энэ хүмүүсийг мөшгөхөөр цааш явахгүй хэмээв.

24Мөнхүү улиран тохиох дор тэд уг хөндийгөөс одож, мөн аглаг буйдад аянаа хөөв.

25Мөн тэд аглаг буйдад арванхоёр хоног байсны дараа тэд Зарахемлагийн нутагт хүрч ирэв; мөн хаан Мозая тэднийг түүнчлэн баяр хөөртэйгөөр угтаж авчээ.