Судрууд
Мормоны Ном


Мозаягийн Ном

Бүлэг 7

Лимхай хаан нь болох, Лихай-Нифайн нутгийг Аммон олов—Лимхайн хүмүүс леменчүүдэд боолчлогдов—Лимхай өөрсдийн түүхийг өгүүлэв—Бошиглогч (Абинадай) Христ бол Бурхан мөн бүх зүйлийн Эцэг гэдгийг гэрчилдэг байв—Бузрыг тарьсан тэд хар салхийг хурааж авна, мөн Их Эзэнд найдлага тавьсан тэд чөлөөлөгдөх болно. Ойролцоогоор мэө 121 он.

1Мөн эдүгээ, улиран тохиох дор хаан Мозая гурван жилийн турш үргэлжилсэн амгалангийн дараа, тэрээр Лихай-Нифайн нутагт, өөрөөр хэлбэл Лихай-Нифайн хотод оршин суухаар явсан хүмүүсийн талаар мэдэх хүсэлтэй байв; учир нь түүний хүмүүс тэд Зарахемлагийн нутгийг орхисон цагаас хойш тэднээс юухан ч дуулсангүй; тиймийн тул, тэд байнгын гуйлтаараа түүнийг ядраасан ажээ.

2Мөнхүү улиран тохиох дор хаан Мозая хүчит эрсээс арван зургааг нь Лихай-Нифайн нутаг өөд, ах дүүсийнхээ талаар сураглахаар явж болохыг зөвшөөрөв.

3Мөнхүү улиран тохиох дор тэд маргааш нь өгсөн явж эхэлсэн аж, тэдэнтэй Аммон гэгч нэгэн байв, тэрээр хүчтэй мөн чадалтай эр, мөн Зарахемлагийн удам байв; мөн тэрээр түүнчлэн тэдний удирдагч байлаа.

4Мөн эдүгээ, тэд Лихай- Нифайн нутаг өөд очихын тулд аглаг буйдад аялах ёстой замаа мэдсэнгүй; тиймийн тул тэд олон өдөр аглаг буйдад бэдрэв, бүр дөчин өдөр тэд бэдэрсэн ажгуу.

5Мөн тэд дөчин өдөр бэдрээд Шиломын нутгийн умардад байх нэгэн толгой дээр ирэв, мөн тэнд тэд майхнуудаа босгов.

6Мөн Аммон ах дүүсээсээ гурвыг нь авч, тэдний нэрийг Амаликай, Хелем, Хем гэдэг байв, мөн тэд Нифайн нутагт уруудан одлоо.

7Мөн болгоогтун, тэд Нифайн нутагт, мөн Шиломын нутагт байсан хүмүүсийн хаантай уулзав; мөн тэд хааны харуулуудаар бүслэгдэн, мөн баривчлагдаж, мөн хүлэгдэж, мөн шоронд хоригдсон ажээ.

8Мөнхүү улиран тохиох дор тэд шоронд хоёр өдөр байсны дараа дахин хааны өмнө авчрагдаж, мөн тэдний хүлэг нь тайлагдав; мөн тэд хааны өмнө зогсож, мөн тэднээс түүний асуух асуултанд хариулахаар зөвшөөрөгдсөн байв, эсвээс зарлиглуулсан болой.

9Мөн тэрээр тэдэнд хэлсэн нь: Болгоогтун, би бол Лимхай, өөрсдийн эцэг өвгөдийн нутаг асан, энэ нутгийг өвлөхөөр Зарахемлагийн нутгаас гарч ирсэн тэрбээр, хүмүүсийн саналаар хаан болгогдсон Зенифийн хүү асан Ноагийн хүү билээ.

10Мөн эдүгээ, та нар намайг, өөрийн биеэр, харуулуудтайгаа хэрмийн гадна байхад юуны учир хотын хэрмэнд ойртон ирэх зориг гаргасан билээ гэдгийг мэдэхийг би хүснэ

11Мөн эдүгээ, би та нараас асууж болно хэмээх энэ шалтгааны учир би та нарыг хадгалахыг зөвшөөрсөн юм эс бөгөөс би та нарыг үхүүл хэмээн харуулууддаа тушаах ёстой байсан. Та нарт ярих нь зөвшөөрөгдлөө.

12Мөн эдүгээ, Аммон ярихыг зөвшөөрөгдсөнийг хараад, тэрээр дөхөж очин хааны өмнө бөхийв; мөн буцан өндийгөөд тэрээр хэлэв: Ай хаантан, би амьд байж, мөн ярихаар зөвшөөрөгдсөний учир энэ өдөр Бурханы өмнө ихэд талархана; мөн би зоригтойгоор ярихыг хичээх болно;

13Учир нь хэрэв та нар намайг мэддэг байсан аваас та нар намайг ингэж хүлээсээр хүлэхийг зөвшөөрөхгүй байсныг би лавтайяа мэднэ. Учир нь би Аммон, мөн Зарахемлагийн удам, мөн Зениф тэр нутгаас гарган авчирсан ах дүүсийнхээ талаар сураглахаар Зарахемлагийн нутгаас гарч ирсэн бөлгөө.

14Мөн эдүгээ, улиран тохиох дор Лимхай, Аммоны үгсийг сонссоны дараа, тэрээр үлэмж баярлан, мөн хэлэв: Эдүгээ, Зарахемлагийн нутагт байсан ах дүү нар минь одоо болтол амьд гэдгийг би лавтайяа мэдлээ. Мөн эдүгээ, би баясах болно; мөн маргааш би өөрийн хүмүүсийг түүнчлэн баясгана.

15Учир нь болгоогтун, бид леменчүүдийн боолчлолд байж, мөн үүрэхэд хүнд татварыг татварлуулж буй. Мөн эдүгээ, болгоогтун, ах дүүс маань биднийг боолчлолоос, эсвээс леменчүүдийн гараас гаргаж авах болно, мөн бид тэдний боолууд байх болно; учир нь бид нифайчуудад боол байх нь леменчүүдийн хаанд алба төлөхөөс хавьгүй дээр болой.

16Мөн эдүгээ, хаан Лимхай өөрийн харуулуудад тэд Аммоныг бас түүний ах дүүсийг нь ч ахин хүлэх ёсгүйг зарлиглав, харин тэд Шиломын умардад байх толгой уруу явж, мөн тэд идэж, ууж, мөн аяны алжаалаа тайлж болохын тулд тэдний ах дүүсийг хотод авчрахыг тушаав; учир нь тэд олон зүйлийг тэвчсэн байв; тэд өлсгөлөн, цангалтыг мөн зүдрэлийг тэвчсэн буюу.

17Мөн эдүгээ, улиран тохиох дор маргааш нь хаан Лимхай өөрийн бүх хүмүүсийн дунд зар бичиг илгээв, тэгснээр түүний тэдэнд ярих үгсийг сонсохоор тэд ариун сүмд өөрсдөө нэгдэн цугларцгааж болохын тулд билээ.

18Мөнхүү улиран тохиох дор тэднийг цуглармагц тэрээр тэдэнд хандан энэ маягаар ярьж, өгүүлсэн нь: Ай та нар, хүмүүс минь, тэргүүнээ өргөгтүн мөн тайтгар; учир нь болгоогтун, бид дайснуудынхаа эрхшээлд байхаа болих тэр цаг ойртлоо, эсвээс холгүй боллоо, талаар өнгөрсөн бидний олон тэмцэл байсан хэдий ч; хойшид тэмцэл маань үр дүнд хүрэх буйза хэмээн найдна би.

19Тиймийн тул, тэргүүнээ өргөцгөө, мөн баяс, мөн найдлагаа Бурханд, Абрахам, мөн Исаак, мөн Иаковын Бурхан байсан тэрхүү Бурханд хандуул; мөн түүнчлэн, Израилын хүүхдүүдийг Египетийн нутгаас гаргаж авчирсан, мөн тэднийг Улаан Тэнгисийг гатлан хуурай газар дээгүүр алхах болгосон, мөн тэд аглаг буйдад мөхөхгүй байж болохын тулд, тэднийг маннагаар хооллосон тэрхүү Бурхан билээ; мөн тэрээр тэдний төлөө өөр олон зүйлийг хийсэн юм.

20Мөн түүнчлэн, эл Бурхан бидний эцэг өвгөдийг Иерусалим нутгаас гарган авчирсан, мөн өөрийн хүмүүсийг бүр өдий болтол хамгаалж мөн хадгалсан болой; мөн болгоогтун, энэ нь бидний алдсууд мөн жигшүүрт хэргүүдийн учир тэрээр биднийг боолчлолд оруулсан болой.

21Мөн энэ өдөр та нар бүгд үүний гэрчүүд, энэ хүмүүсийн дээр хаан болгогдсон тэр Зениф, тэрээр эцэг өвгөдийнхөө нутгийг өвлөх дэндүү их хүсэлтэй байсан учир, тиймийн тул хаан Зенифтэй хэлэлцээр хийсэн хаан Лемений зальт мөн башир аргад мэхлэгдсэн байв, мөн түүний гарт нутгийн нэг хэсэг эзэмшлийг, бүр Лихай-Нифай хотыг, мөн Шиломын хотыг мөн эргэн тойрны нутгийг алдсан болой—

22Мөн энэ бүхнийг тэрээр хийсэн нь, энэ хүмүүсийг эрхшээлдээ эсвэл боолчлолд авчрах цорын ганц зорилгын учир болой. Мөн болгоогтун, бид энэ цагт леменчүүдийн хаанд алба гувчуур болгон, өөрсдийн эрдэнэ шишийн тэн хагасыг, мөн өөрсдийн арвайн, мөн бүр өөрсдийн төрөл бүрийн үр тарианы, мөн өөрсдийн бог болон бод малын өссөний нь тэн хагасыг төлдөг; мөн леменчүүдийн хаан түүгээр ч зогсохгүй бидэнд байгаа бүх эзэмшлийн маань тэн хагасыг эсвээс бидний амийг биднээс шаарддаг.

23Мөн эдүгээ, энэ нь үүрэхэд хүнд бус уу? Мөн бидний энэ зүдгүүр агуу бус уу? Эдүгээ болгоогтун, бидний гашуудах шалтгаан хичнээн агуу билээ.

24Тийм ээ, би та нарт хэлнэ, бидний гашуудах шалтгаанууд нь агуу болой; учир нь болгоогтун бидний ах дүүсийн хичнээн нь алагдсан билээ, мөн тэдний цус дэмий асгарсан шүү дээ, мөн бүгд алдсын учир болой.

25Учир нь хэрэв энэ хүмүүс зөрчилд унаагүй сэн бол энэ агуу хилэнц тэдний дээр ирэхийг Их Эзэн хүлцэхгүй байсан буйза. Гэвч болгоогтун, тэд түүний үгсийг сонссон нь үгүй; харин тэдний дунд зөрчилдөөн бий болж, бүр тэд өөрсдийнхөө дунд цус урсгасан нь тийм их байв.

26Мөн Их Эзэний бошиглогчийг; тийм ээ, Бурханаар сонгогдсон хүнийг, тэдний ёс бус мөн жигшүүрт хэргүүдийнх нь талаар тэдэнд хэлсэн, мөн болох олон зүйлийг, тийм ээ, бүр Христийн ирэлтийг бошиглосон түүнийг тэд хөнөөсөн юм.

27Мөн тэрээр тэдэнд Христ бол Бурхан, бүх зүйлийн Эцэг гэдгийг хэлж, мөн тэрээр өөрийн дээр хүний дүрийг авна, мөн энэ нь эхлэлд хүмүүн дууриагдан бүтээгдсэн тэрхүү дүрслэл болохыг хэлсний учир буюу; эсвээс өөр үгээр бол, тэрээр хүмүүн нь Бурханы дүр төрхийн дагуу бүтээгдсэнийг хэлж, мөн Бурхан хүмүүний үрсийн дунд доош ирэх ёстой, мөн өөр дээрээ маханбодь болон цусыг авах ёстойг, мөн газрын гадаргуу дээр урагшлан явах ёстойг хэлсэн бөлгөө—

28Мөн эдүгээ, тэрээр үүнийг хэлсэн учир, тэд түүнийг үхэлд хүргэжээ; мөн тэд Бурханы хилэнг доош өөрсдийн дээр авчрах өөр олон зүйлийг үйлдсэн билээ. Тиймийн тул, тэд боолчлолд байгаад, мөн тэд зовлонт зүдгүүрүүдээр цохигдсонд хэн гайхширах билээ

29Учир нь болгоогтун, Их Эзэн хэлсэн нь: зөрчлийнхээ өдөрт буй өөрийн хүмүүсийг би халамжлахгүй; харин тэд хөгжин дэвшихгүйн тулд тэдний замд би саад тавих болно; мөн тэдний үйлүүд өөрсдийнх өмнө тээглэх чулуу лугаа адил байх болно.

30Мөн түүнчлэн тэрээр хэлэх: Хэрэв миний хүмүүс бузрыг тарих аваас түүнийхээ хаягдлыг салхин хүрдэнд хурааж авах болно; мөн үүний үр дүн нь хор байх буюу.

31Мөн түүнчлэн тэрээр хэлэв: Хэрэв миний хүмүүс бузрыг тарих аваас устгалыг даруй авчрагч дорнын салхийг хураан авах болно.

32Мөн эдүгээ, болгоогтун, Их Эзэний амлалт биелсэн, мөн та нар цохигдсон бас зовоогдсон болой.

33Гэвч хэрэв та нар зүрх сэтгэлийн дүүрэн зорилготойгоор Их Эзэнд хандвал, мөн найдвараа түүнд өгвөл, мөн оюуныхаа бүх чармайлтаар түүнд үйлчилбэл, хэрэв та нар үүнийг хийвэл, тэрээр таалал мөн хүслийнхээ дагуу, та нарыг боолчлолоос гарган чөлөөлөх болно.