Судрууд
Мормоны Ном


Мозаягийн Ном

Бүлэг 21

Лимхайн хүмүүс леменчүүдээр цохигдож мөн ялагдав—Лимхайн хүмүүс Аммонтой уулзаж мөн хөрвүүлэгдэв—Тэд жаредчуудын хорин дөрвөн ялтсын тухай Аммонд хэлэв. Ойролцоогоор мэө 122–121 он.

1Мөнхүү улиран тохиох дор Лимхай мөн түүний хүмүүс Нифайн хотод эргэж ирээд, мөн нутагтаа дахин амар амгалан амьдарч эхлэв.

2Мөнхүү улиран тохиох дор олон хоногийн дараа леменчүүд нифайчуудын эсрэг уурандаа өдөөгдөж эхлээд мөн тэд эргэн тойрны нутгийн хил орчмоор дахин ирэх болов.

3Эдүгээ тэднийг хөнөөж тэд зүрхэлсэнгүй, Лимхайд өгсөн тэдний хааны амлалтын учир бөлгөө; гэвч тэд хацар дээр нь тэднийг алгадаж, мөн тэдний дээр эрх дархаа үзүүлэв; мөн тэдний нуруунд хүнд ачаануудыг тавьж мөн тэднийг хэлгүй илжиг лугаа адил тууж эхлэв—

4Тийм ээ, энэ бүгд Их Эзэний үг биелэгдэж болохын тулд хийгдсэн ажгуу.

5Мөн эдүгээ нифайчуудын зүдгүүрүүд агуу байж, мөн тэдний гараас тэд өөрсдийгөө чөлөөлж чадах зам үгүй байв, учир нь леменчүүд тэдний тал бүрээс бүсэлсэн ажээ.

6Мөнхүү улиран тохиох дор хүмүүс өөрсдийн зүдгүүрүүдийн учир хаанд хандан бувтналдаж эхлэв; мөн тэдний эсрэг тулалдахаар явах хүсэл тэдэнд байх болов. Мөн тэд өөрсдийн гомдоллох үгсээрээ хааныг ихэд зовоож байв; тиймийн тул тэрээр тэд хүслийнхээ дагуу үйлдэхийг тэдэнд зөвшөөрөв.

7Мөн тэд дахин өөрсдөө цугларцгааж, мөн хуяг дуулгаа өмсөж, мөн леменчүүдийн эсрэг тэднийг нутгаасаа хөөн гаргахаар явцгаалаа.

8Мөнхүү улиран тохиох дор леменчүүд тэднийг дийлж, мөн тэднийг ухраан, мөн тэдний олныг нь хөнөөв.

9Мөн эдүгээ Лимхайн хүмүүсийн дунд агуу гашуудал мөн гаслан байв, бэлэвсэн эхнэр нөхрийнхөө төлөө гашуудан, хүү болон охин нь эцгийнхээ төлөө, мөн ах дүүс ах дүүсийнхээ төлөө гашуудаж байв.

10Эдүгээ уг нутагт тун олон бэлэвсэн эхнэр байв, мөн тэд өдрөөс өдөрт ихээр орь дуу тавьж байв, учир нь леменчүүдээс айх их айдас тэдний дээр ирсэн бөлгөө.

11Мөнхүү улиран тохиох дор тэдний үргэлжийн уйлаан Лимхайн хүмүүсийн үлдсэнийг леменчүүдийн эсрэг уурлуулахад өдөөн хатгав; мөн тэд дахин тулалдахаар явав, гэвч тэд дахин ухраагдаж, их хохирол хүлээв.

12Тийм ээ, тэд бүр гурав дахь удаагаа дахин явж, мөн урьдын адил хохирол амсав; мөн алагдаагүй тэд Нифайн хотод дахин эргэж ирэв.

13Мөн тэд өөрсдийгөө боолчлолын буулганд харъяалуулан, өөрсдийгөө цохигдохыг, мөн нааш цааш туугдахыг, мөн дайснуудынхаа хүслийн дагуу хүнд ачаа үүрэхийг хүлцэн, тэд өөрсдийгөө бүр тоос шороотой адилтган даруусгав.

14Мөн тэд өөрсдийгөө бүр төлөв байдлын гүнд хүргэн даруусгав; мөн тэд Бурханаас хүчтэйгээр гуйв; тийм ээ, бүр бүх өдрийн турш тэрбээр өөрсдийг нь зүдгүүрүүдээс чөлөөлөөсэй хэмээн Бурхандаа залбиран гуйсан бөлгөө.

15Мөн эдүгээ Их Эзэн алдсуудых нь учир тэдний гуйлтыг сонсохдоо удаан байв; гэсэн хэдий ч Их Эзэн тэдний гуйлтуудыг сонсож, мөн тэдний ачааг хөнгөлж эхлэхийн тулд леменчүүдийн зүрх сэтгэлийг уярааж эхлэв; гэвч Их Эзэн тэднийг боолчлолоос чөлөөлөх нь зүйд нийцнэ хэмээсэнгүй болой.

16Мөнхүү улиран тохиох дор тэд нутагтаа бага багаар дэгжиж эхлэв, мөн тэд өлсгөлөнгөөр зовохгүйн тулд, илүү ихээр үр тариаг, мөн бог мал, мөн бод малыг өсгөж эхлэв.

17Эдүгээ эмэгтэйчүүдийн тоо нь маш их, эрчүүдээс олон байв; тиймийн тул хаан Лимхай эр хүн болгон бэлэвсэн эхнэрүүд мөн тэдний хүүхдүүдийг, тэднийг өлсгөлөнгөөр үхүүлэхгүй байж болохын тулд тэтгэхийг зарлиг болгов; мөн тэдний үрэгдэгсдийн олны учир тэд үүнийг хийсэн ажээ.

18Эдүгээ Лимхайн хүмүүс аль болох хэсэг хэсгээрээ хамтдаа байж, мөн тариа будаагаа мөн мал сүргээ хамгаалав;

19Мөн хаан өөрөө харуулуудтайгаа бус аваас хотын хэрэмнээс гадагш үл гарна, тэрээр ямар нэгэн байдлаар леменчүүдийн гарт орох бий хэмээн айсны учир бөлгөө.

20Мөн тэрээр леменчүүдийн охидыг хулгайлж, мөн өөрсдийн дээр тийм агуу устгалыг ирүүлсэн, аглаг буйдад зугтсан мөнөөх санваартнуудыг барьж болохын тулд нутгийнхаа эргэн тойрныг өөрийн хүмүүсээр тэр тандуулав.

21Учир нь тэд шийтгэж болохын тулд тэднийг баривчлах хүсэлтэй байв; учир нь Нифайн нутагт шөнөөр тэд ирж, мөн тэдний ургац бас үнэт зүйлээс нь олныг авч одсон ажээ; тиймийн тул тэд нуугдаж хэвтээд тэднийг хүлээв.

22Мөнхүү улиран тохиох дор леменчүүд болон Лимхайн хүмүүсийн дунд, бүр Аммон болон түүний ах дүүсийг уг нутагт ирсэн тэр цагийг хүртэл дахин зөрчил гарсангүй.

23Мөн хаан харуултайгаа хамт хотын хаалганы гадна байхдаа Аммон болон түүний ах дүүсийг олж харжээ; мөн тэднийг Ноагийн санваартнууд хэмээн бодож, тиймийн тул тэрээр тэднийг баривчлуулж, мөн хүлүүлж, мөн шоронд хориулсан ажгуу. Мөн хэрэв тэд Ноагийн санваартнууд байсан аваас тэр тэднийг үхэлд хүргүүлэх байсан буйза.

24Гэвч тэрбээр тэднийг биш гэдгийг, харин тэд Зарахемлагийн нутгаас ирсэн өөрийнх нь ах дүүс болохыг олж мэдээд, тэр үлэмж агуу баяраар дүүрэв.

25Эдүгээ хаан Лимхай Аммоныг ирэхээс өмнө цөөн тооны эрчүүдийг Зарахемлагийн нутгийг хайлгахаар илгээсэн байв; гэвч тэд үүнийг олж чадсангүй, мөн тэд аглаг буйдад төөрсөн бөлгөө.

26Гэсэн хэдий ч, тэд хүмүүс суурьшсан байсан тэр нутгийг олжээ; тийм ээ, өгөр ясаар хучигдсан тэр нутгийг; тийм ээ, хүмүүс суурьшсан байсан мөн устгагдсан тэрхүү нутгийг буюу; мөн тэд, энэ нь Зарахемлагийн нутаг хэмээн бодож, Нифайн нутагт эргэж ирэн, Аммоныг ирэхээс олон бус өдрийн өмнө нутгийн хилд хүрч ирсэн бөлгөө.

27Мөн тэд өөрсөдтэйгөө нэгэн цэдэг авчирчээ, бүр ясыг нь олсон тэдгээр хүмүүсийн цэдгийг тэд олсон байв; мөн энэ нь хүдрийн ялтсууд дээр сийлбэрлэгдсэн байв.

28Мөн эдүгээ Аммоны амнаас хаан Мозаяд Бурханаас өгөгдсөн ийм сийлбэрүүдийг хөрвүүлж чадах бэлэг буйг мэдээд Лимхай дахин баяслаар дүүрэв; тийм ээ, мөн түүнчлэн Аммон ч баясав.

29Гэвч тэдний ах дүүсээс ийм олон нь алагдсаны учир Аммон болон түүний ах дүүс харамслаар дүүрэн байлаа;

30Мөн түүнчлэн хаан Ноа болон түүний санваартнууд хүмүүсийг Бурханы эсрэг ийм олон нүгэл мөн алдсуудыг үйлдэхэд хүргэсэн учир; мөн тэд түүнчлэн Абинадайн үхлийн төлөө гашуудав; мөн түүнчлэн Бурханы хүч болон чадлаар, мөн Абинадайгаар яригдсан үгсэд итгэсэн итгэлээр Бурханы сүмийг байгуулсан Алма мөн түүнтэй хамт одсон хүмүүс дайжин одсоны төлөө болой.

31Тийм ээ, тэднийг дайжсаны төлөө тэд гашуудаж байлаа, учир нь тэд хааш зугтсаныг тэд мэдэхгүй байв. Эдүгээ тэд баяртайгаар тэдэнтэй нэгдэх байсан сан, учир нь тэд өөрсдөө түүнд үйлчилж мөн түүний зарлигуудыг дагахаар Бурхантай гэрээнд орсон болой.

32Мөн эдүгээ Аммоныг ирснээс хойш түүнчлэн хаан Лимхай, мөн түүнчлэн түүний хүмүүсийн олон нь түүнд үйлчилж мөн түүний зарлигуудыг дагахаар Бурхантай гэрээнд орсон байв.

33Мөнхүү улиран тохиох дор хаан Лимхай хийгээд түүний хүмүүсийн олон нь баптисм хүртэх хүсэлтэй байв; гэвч уг нутагт Бурханаас эрх мэдэлтэй нь нэг ч байсангүй. Мөн Аммон өөрийгөө зохист бус үйлчлэгч хэмээн бодож, энэ зүйлийг хийхээс татгалзав.

34Тиймийн тул, тэд Их Эзэний Сүнсийг хүлээж байсны учир тэр цагт өөрсдийгөө сүм болгон зохион байгуулсангүй. Эдүгээ тэд бүр аглаг буйдад зугтсан Алма болон түүний ах дүүс лугаа адил болох хүсэлтэй байв.

35Бүх зүрх сэтгэлээрээ тэд Бурханд үйлчлэхэд бэлнийхээ баталгаа хийгээд гэрч болгон тэд баптисм хүртэх хүсэлтэй байв; гэсэн хэдий ч тэд уг цагийг хойш тавив; мөн тэдний баптисмын шастир хожим өгөгдөх болно.

36Мөн эдүгээ Аммоны мөн түүний хүмүүсийн, мөн хаан Лимхай болон түүний хүмүүсийн бүхий л бодолхийлэл нь өөрсдийгөө леменчүүдийн гараас мөн боолчлолоос чөлөөлөхөд зориулагдсан бөлгөө.