Судрууд
Мормоны Ном


Мозаягийн Ном

Бүлэг 22

Хүмүүсийг леменчүүдийн боолчлолоос оргуулах төлөвлөгөө хийгдэв—Леменчүүд согтоогдов—Хүмүүс оргож, Зарахемлад эргэж ирээд, мөн хаан Мозаягийн харъяат болов. Ойролцоогоор мэө 121–120 он.

1Мөн эдүгээ улиран тохиох дор Аммон болон хаан Лимхай тэд өөрсдийгөө хэрхэн боолчлолоос чөлөөлөх талаар хүмүүстэйгээ зөвлөлдөж эхлэв; мөн тэд бүр бүх хүмүүсийг цуглахаар болгов; мөн тэд үүнийг уг хэргийн талаар хүмүүсийн саналыг мэдэж болохын тулд үйлдэв.

2Мөнхүү улиран тохиох дор тэд эмэгтэйчүүд мөн хүүхдүүдээ, мөн бог мөн бод малаа, мөн майхнуудаа авч мөн аглаг буйд тийш одохоос өөр, өөрсдийгөө боолчлолоос чөлөөлөх ямар ч зам тэдэнд олдсонгүй; учир нь леменчүүд маш олон тоотой байсан тул, илдээр өөрсдийгөө боолчлолоос чөлөөлнө хэмээн бодож тэдэнтэй тэмцэлдэх нь Лимхайн хүмүүсийн хувьд боломжгүй байв.

3Эдүгээ улиран тохиох дор Гидеон дөхөж очин хааны өмнө зогсоод, мөн түүнд хэлэв: Эдүгээ, Ай хаантан, та эдүгээг хүртэл бид өөрсдийн ах дүүс, леменчүүдтэй тэмцэлдэж байхад миний үгсийг олон удаа сонссон билээ.

4Мөн эдүгээ Ай хаантан, хэрэв та намайг ашиггүй зарц хэмээн эс тооцсон, өөрөөр хэлбэл эдүгээг хүртэл миний үгсийг ямар нэгэн хэмжээгээр сонсож, мөн тэдгээр нь танд тус болсон аваас, тэрчлэн энэ үед таныг миний үгсийг анхааран сонсоосой хэмээн хүснэ би, мөн би таны зарц байж мөн энэ хүмүүсийг боолчлолоос чөлөөлөх болно.

5Мөн хаан түүнд тэрээр ярьж болно хэмээн зөвшөөрөв. Мөн Гидеон түүнд ярьсан нь:

6Хотын ар талд буй арын ханыг, арын гарцыг болгоогтун. Леменчүүд, өөрөөр хэлбэл леменчүүдийн харуулууд, шөнөөр согтуу байдаг; тиймийн тул тэд шөнөөр тэдгээрийг аглаг буйд тийш тууж болохын тулд бог мөн бод малаа цуглуулцгаа хэмээн энэ бүх хүмүүсийн дунд зар тараая.

7Мөн би таны зарлигийн дагуу явж мөн леменчүүдэд дарсны сүүлчийн албыг төлье, мөн тэд согтох болно; мөн тэднийг согтоод мөн унтаж байх зуур тэдний байрлалын зүүн гар талын нууц гарцаар бид гарах болно.

8Тийн бид эмэгтэйчүүд мөн хүүхдүүдтэйгээ, бог мөн бод малтайгаа аглаг буйд тийш дайжих болно; мөн бид Шиломын нутгийг тойрон явах болно.

9Мөнхүү улиран тохиох дор хаан Гидеоны үгсийг анхааран сонсов.

10Мөн хаан Лимхай өөрийн хүмүүсийг мал сүргээ цуглуулах болгов; мөн тэр леменчүүдэд алба болгон дарс илгээв; мөн түүнчлэн тэрээр тэдэнд бэлэг болгон илүү дарс илгээв; мөн тэд хаан Лимхайн тэдэнд илгээсэн дарснаас ханатлаа уусан болой.

11Мөнхүү улиран тохиох дор хаан Лимхайн хүмүүс шөнөөр бог мөн бод малтайгаа аглаг буйдад одож, мөн тэд Шилом нутгийг тойрон аглаг буйд тийш явж, мөн Аммон болон түүний ах дүүсээр удирдагдан Зарахемла нутгийн зүг чиглэв.

12Мөн тэд тээж чадахын хэрээр бүх алт, мөн мөнгө, мөн үнэт зүйлүүдээ мөн түүнчлэн хүнсээ аглаг буйд тийш авч явсан байв; мөн тэд аянаа үргэлжлүүлэв.

13Мөн аглаг буйдад олон өдөр байсны дараа тэд Зарахемла нутагт хүрэлцэн ирэв, мөн Мозаягийн хүмүүстэй нэгдэж, мөн түүний харъяатууд болов.

14Мөнхүү улиран тохиох дор Мозая тэднийг баяртайгаар угтав; мөн түүнчлэн тэрээр тэдний цэдгүүдийг, мөн түүнчлэн Лимхайн хүмүүсийн олсон тэрхүү цэдгүүдийг хүлээж авав.

15Мөн эдүгээ улиран тохиох дор леменчүүд Лимхайн хүмүүс шөнөөр уг нутгаас дайжин одсоныг олж мэдээд, тэднийг мөрдөн хөөлгөхөөр аглаг буйд тийш их цэрэг илгээв;

16Мөн тэд хоёр өдөр тэднийг мөрдсөний эцэст, мөрийг нь дагаж чадахаа больж; тиймийн тул тэд аглаг буйдад төөрчээ.