Судрууд
Мозая 8


Бүлэг 8

Аммон Лимхайн хүмүүст сургав—Тэрээр жаредчуудын хорин дөрвөн ялтасны тухай олж мэдэв—Эртний цэдгүүд үзмэрчдээр орчуулагдаж чадна—Үзмэрч байхаас илүү бэлэг гэж үгүй. Ойролцоогоор МЭӨ 121 он.

1 Мөнхүү улиран тохиох дор Лимхай хаан өөрийн хүмүүст ярьснаа төгсгөл болгосны дараа, учир нь тэрээр тэдэнд олон зүйлийг ярьсан мөн зөвхөн тэдгээрийн цөөнийг нь би энэ номд бичиглэсэн буюу, тэрээр Зарахемлагийн нутагт байсан ах дүүсийнхээ талаар бүх зүйлийг өөрийн хүмүүст ярьсан болой.

2 Мөн тэрээр Аммоныг олон түмний өмнө босгож, мөн Зениф уг нутгаас гарсан тэр цагаас бүр тэр өөрөө уг нутгаас гарч ирэх тэр цагийг хүртэл тэдний ах дүүст тохиолдсон бүгдийг тэдэнд тоочихоор болгов.

3 Мөн тэрээр түүнчлэн Бенжамин хааны тэдэнд заасан эцсийн үгсийг тэдэнд давтан хэлж, мөн Лимхай хааны хүмүүс түүний ярьсан бүх үгийг ойлгож болохын тулд тэдгээрийг тэдэнд тайлбарлав.

4 Мөнхүү улиран тохиох дор тэрээр энэ бүгдийг хийсний дараа, Лимхай хаан олон түмнийг тарааж, мөн тэдний хүн бүр гэртээ эргэж очих болгов.

5 Мөнхүү улиран тохиох дор тэрээр, тэд Зарахемлагийн нутгийг орхисон цагаас ард түмнийх нь цэдгийг тээсэн ялтаснуудыг, Аммон тэдгээрийг уншиж болохын тулд өмнө нь авчрагдахаар болгов.

6 Эдүгээ, Аммон уг ялтсыг уншмагц, хаан хэлнүүдийг хөрвүүлж чадах эсэхийг нь мэдэхээр түүнээс асуув, мөн Аммон чадахгүйгээ түүнд хэлэв.

7 Мөн хаан түүнд хэлэв: Өөрийн хүмүүсийн зовлон зүдгүүрийн төлөө би гашуудаж байсан учир, би өөрийн хүмүүсээс дөчин гурвыг аглаг буйдад замд гаргасан билээ, тэгснээр тэд Зарахемлагийн нутгийг олж болохын тулд, биднийг боолчлолоос чөлөөлөхийг бид ах дүүсээсээ гуйж болохын тулд буюу.

8 Мөн тэд аглаг буйдад олон өдрийн турш төөрсөн ч тэд шаргуу байсан аж, гэвч Зарахемлагийн нутгийг олсонгүй, харин олон усны дундах нутагт аялсны дараа, хүний мөн амьтны ясаар хучигдсан, мөн түүнчлэн янз бүрийн барилгуудын балгасуудаар дүүрсэн нэгэн нутгийг олсны дараа, Израилын олны адил тоолшгүй хүмүүсээр эзэгнэгдэж асан нутгийг олж мэдсэнийхээ дараа, энэ нутагтаа эргэж иржээ.

9 Мөн тэд ярьсан зүйлсийнхээ үнэний нотолгоо болгон сийлбэрээр дүүрэн, мөн цэвэр алт болох хорин дөрвөн ялтсыг авчирсан болой.

10 Мөн болгоогтун, түүнчлэн, тэд том, мөн гууль мөн зэсэн, мөн огтхон ч эвдрээгүй сайн цээжний хуягуудыг авчирсан бөлгөө.

11 Мөн түүнчлэн, тэд илднүүдийг авчрав, тэдгээрийн бариулууд нь үгүй болсон, мөн ирт хэсгүүд нь зэвэнд идэгдсэн байв; мөн ялтаснууд дээрх сийлбэрүүд буюу уг хэлийг хөрвүүлж чадах хэн ч энэ нутагт байхгүй. Тиймийн тул би: Та орчуулж чадахсан болов уу? гэж таниас асуусан билээ.

12 Мөн би танд дахин хэлье: Та орчуулж чадах хэн нэгнийг мэдэхсэн болов уу? Учир нь би эдгээр цэдэг манай хэлэнд орчуулагдахыг хүснэ; учир нь, энэ ялтаснууд ирсэн тэр газрын устгагдсан хүмүүсээс үлдсэн тэдний тухай мэдлэгийг бидэнд өгч магад; эсвээс, тэдгээр нь чухам устгагдсан тэр хүмүүсийн тухай мэдлэгийг бидэнд өгч магад; мөн би тэдний устгалын шалтгааныг мэдэх хүсэлтэй байна.

13 Эдүгээ Аммон түүнд хэлэв: Ай хаантан, уг цэдгүүдийг орчуулж чадах хүний тухайд би танд лавтайяа хэлж чадна; учир нь эрт цагийн бүх цэдгийг үзэж, мөн орчуулж чадах ямар нэгэн зүйл түүнд буй; мөн энэ нь Бурханаас өгөгдсөн бэлэг юм. Мөн уг зүйлс хөрвүүлэгч гэж нэрлэгддэг, мөн, харах учиргүй зүйлийг тэрээр хайж мөн тэрээр мөхөх болуузай хэмээснээс зарлигдуулахаас бусдаар бол түүгээр нэг ч хүн харж чадахгүй. Мөн түүгээр харахыг зарлигдуулсан нь, мөнхүү тэр нь үзмэрч хэмээн нэрлэгддэг болой.

14 Мөн болгоогтун, Зарахемла нутаг дахь тэр ард түмний хаан бол эдгээр зүйлийг хийхээр зарлигдуулсан, мөн Бурханаас энэ өндөр бэлгийг хүртсэн хүн юм.

15 Мөн үзмэрч нь бошиглогчоос агуу гэж хаан хэлэв.

16 Мөн Аммон ийн хэлэв, үзмэрч бол илчлэгч мөн түүнчлэн бошиглогч; мөн хэний ч эзэмшиж үл чадах Бурханы хүчийг эзэмшихээс бусдаар бол, хэн ч үүнээс илүү агуу бэлгийг хүртэж чадахгүй; гэсэн хэдий ч хүмүүнд агуу их хүч Бурханаас өгөгдөж болох бөлгөө.

17 Харин үзмэрч өнгөрсөн зүйлийг, мөн түүнчлэн ирэх зүйлийг мэдэж чадна, мөн тэднээр бүх зүйл илчлэгдэх болно, эсвээс, чухамдаа, нууц зүйлс үзүүлэгдэх болно, мөн далдлагдсан зүйлс гэрэлд гарч ирэх болно, мөн мэдэгдээгүй зүйлс тэднээр мэдэгдэх болно, мөн түүнчлэн өөр нөхцөлд мэдэгдэж үл болох зүйлс тэднээр мэдэгдэх буюу.

18 Хүмүүн итгэлээрээ дамжуулан агуу гайхамшгуудыг хийж болох нэгэн аргыг Бурхан тийн хангажээ; тиймээс тэрээр бусад хүмүүст агуу ашиг тус хүргэх бөлгөө.

19 Мөн эдүгээ, Аммон эдгээр үгийг ярихаа төгсгөл болгоход хаан үлэмж баясан, мөн Бурханд талархал илэрхийлж, хэлсэн нь: Нэгэн агуу нууц энэ ялтаснуудад буй нь эргэлзээгүй, мөн эдгээр хөрвүүлэгч тийм бүх нууцыг хүмүүсийн үрсэд мэдүүлэх зорилгын тулд бэлтгэгдсэн нь эргэлзээгүй.

20 Ай Их Эзэний ажлууд хэчнээн гайхамшигтай билээ, мөн өөрийн хүмүүсийг тэрээр хэчнээн удаан тэсвэрлэдэг билээ; тийм ээ, хүмүүсийн үрсийн ойлголт ямар харалган мөн нэвтэршгүй билээ; учир нь тэд мэргэн ухааныг хайх нь үгүй, мөн мэргэн ухаанаар өөрсдийн дээр захируулах хүсэл ч үгүй болой!

21 Тийм ээ, тэд хоньчноос зугтан мөн бутарч, мөн зайлан холдож, мөн ойн зэрлэг араатнаар цөлмүүлэх зэрлэг сүрэг адил болой.