2008
Номлолын ажилд бэлтгэх нь
2008 оны аравдугаар сарын


Найзаас найзад

Номлолын ажилд бэлтгэх нь

“Зүрх сэтгэлээ Эзэнд хандуул” (1 Самуел 7:3).

Зураг
Elder Ulisses Soares

Гэр бүлийнхэн маань баптисм хүртсэний хойш хэдэн жилийн турш номлогч нар манайд өдөр болгон ирж үдийн хоол иддэг болов. Хэдэн жил болсны дараа би номлогч нарт дасаж тэдэнтэй адил байхыг хүсдэг байсан юм.

11 настай байхад минь бишоп намайг өрөөндөө дуудаж ярилцлага хийсэн юм. “Юлиссис номлолд явахаа одооноос бэлтгэж эхлэх хэрэгтэй” гэж тэр хэлэв. Би дөнгөж 11 настай байсан учраас энэ нь намайг ихэд гайхшруулав. Гэвч тэр надад “Энэ ажлыг бид одооноос эхлэх хэрэгтэй” гэв.

“Би чамтай хааяа ярилцлага хийж хэрхэн бэлдэж байгааг чинь асуух болно” гэж бишоп хэлээд надад зарим нэг удирдамж өгөв. Мөн тэрээр надад зарлигууд, санваар, зохистой болон шударга байдлын талаар заав. “Чамд өгсөн миний удирдамжуудыг хэрвээ дагах юм бол чи номлолд үйлчлэх болно” гэж бишоп өөдөөс минь эгцлэн харж байгаад хэлсэн нь надад үнэхээр их нөлөөлсөн юм.

Би түүний хэлсэн үгийг ялангуяа надад сорилтууд тохиосон үед үргэлж санадаг юм. Жишээ нь, нэг удаа ээж маань надад мөнгө өгч дэлгүүрээс жимс авахуулахаар явууллаа. Яагаад ч юм, кассчин эгч надад хариулт мөнгө өгөхдөө түүнд жимс авахаар өгсөн мөнгөнөөс илүү их мөнгө өгөв. Би гэр рүүгээ явж байхдаа надад өмнө нь байснаас илүү мөнгө байгааг анзаарав.

Тэр мөнгийг өөрөө авчихаж болно гэж Сатан надад ятгаж байв. “Зөв хариултыг ээждээ өгөөд үлдсэнийг нь би өөрөө авч хүссэн зүйлдээ зарцуулж болно” гэж би бодов. Гэвч дараа нь “Үгүй ээ, бишоп надад ийм бай гэж заагаагүй. Номлогч байхын тулд би үнэнч байх ёстой” гэж бодлоо. Тэр үед би Ариун Сүнсийг мэдэрч дэлгүүр рүү буцаж очин мөнгийг нь буцаан өгөв. Сэтгэл нэг л сайхан болоод явчихав. “Би шударга байж чадлаа, би зарлигуудыг дагаж байна, мөн би номлолдоо бэлтгэж байна гэж бодов. Би номлогч болох учраас үнэнч шударга байх ёстой.

Дунд сургуульд сурч байхдаа би ажил хийж номлолынхоо мөнгийг цуглуулж эхлэв. Эцэг эх маань ядуу байсан учир бүх төлбөрийг нь төлөх чадваргүй байсан юм. Би их мөнгө олдоггүй байсан ч аравны нэгээ төлөөд үлдсэн мөнгөөр нь сар бүр номлолдоо зориулж нэг шинэ хувцас худалдаж авахаар шийдсэн юм. Нэг сард нь цамц, дараа нь зангиа, дараад нь ахиад л цамц гэх мэт. Тэр гурван жилийн дотор би хэрэгтэй болгоноо худалдан авч мөн номлолынхоо мөнгийг ч төлж чадахуйц мөнгө цуглуулсан байв. Би мөнгө хадгалах болон аравны нэгийн хуульд дуулгавартай байхын зарчмыг сурсан бөгөөд аравны нэгээ төлснөөр бид их адислагддаг гэдгийг ойгож авсан билээ.

Амьдралын зарчмуудыг ойлгож, өдөр тутмын үйл ажиллагаандаа сайн мэдээг хэрхэн хэрэгжүүлэх талаар номлол маань надад агуу туршлагыг өгсөн юм.

Охид хөвгүүд ээ, сайхан амьдрал, сайн номлолд бэлтгэ. Бидэнд хэрэгтэй байгаа тэдгээр бүх адислалуудыг өгөхөөр Их Эзэн хүлээж байгаа.