2008
Хэрхэн өгөх вэ
2008 оны аравдугаар сарын


Бошиглогчийн дуу хоолойг сонсоцгоо

Хэрхэн өгөх вэ

“Giving with Joy,” Лиахона, 1996 оны 12-р сар, 11–14.

Зураг
President Henry B. Eyring

Ээж маань нэгэн зуны өглөөгүүр өөд болсон юм. Би аав ах хоёртойгоо гурвуулханаа эмнэлгээс гэртээ харьж билээ. Бид өөрсдөө зууш бэлтгэн ирсэн зочидтой ярилцаж байлаа. Гадаа бүрэнхий болсон ч гэсэн бид гэрлээ асаагаагүй байсныг би санадаг юм.

Хаалганы хонх дуугарахад аав тайлж өгөв. Авга ах Билл болон нагац эгч Катерина нар зогсож байв. Авга ах Билл шилтэй интоор барьсан байхыг би олж харлаа. Гялалзсан алтлаг өнгөтэй тагтай, хүрэн улаан, бараг л хөх ягаан өнгөтэй интоор одоо ч миний нүдэнд харагддаг юм. “Та нарт энэ таалагдах байх аа. Амттанаа арай идэж амжаагүй биз дээ” гэж тэр хэлэв.

Идэж амжаагүй л байна. Билл ах, Катерина эгч хоёрыг аяга таваг угааж байх зуур бид гурав гал тогооны өрөөний ширээг тойрч суугаад интоороо аягалан идэж эхлэв..

Би агуу бэлгийг өгөх болон авах нь үргэлж гурван хэсгээс бүрддэг болов уу гэж бодож байна. Тэд бидэнд интоор өгснөөр үлгэр жишээ үзүүлсэн юм.

Нэгдүгээрт, Билл ах, Катерина эгч хоёрт миний нэгэн адил хэцүү байгааг би мэдэж байв. Тэд биднийг хоол ундаа бэлдэх ч тэнхэлгүй ядарсан гэж бодсон байх. Тэдний гэрийн аргаар бэлдсэн интоор нь биднийг халуун ам бүлээрээ байгаа мэт санагдуулах байх гэж бодсон биз. Би интоорын амтыг санадаггүй ч гэсэн хэн нэгэн миний сэтгэлийн зовнил, эмзэглэлийг мэдэрсэнийг санадаг юм.

Хоёрдугаарт, би тэр бэлгийг чин сэтгэлээсээ өгсөн гэдгийг мэдэж байв. Бэлэг авчрах нь Билл ах, Катерина эгч хоёрын сонголт байсныг би мэдэж байсан юм. Энэхүү бэлэг нь хуваалцахын баяр баясгаланг тэдэнд өгсөн юм.

Харин гуравдугаарт, энэ бол золислол байсан юм. Катерина эгч тэр интоор жимсийг гэр бүлийнхэндээ зориулж бэлдсэнийг би мэдэж байв. Тэд ч бас интоорт дуртай байсан нь мэдээж. Гэвч Катерина эгч өөрсдийнхөө дуртай зүйлийг надад авчирч өгсөн юм. Энэ бол золислол. Энэ гайхамшигтай үйлдлээс би нэгэн зүйлийг анзаарсан. Билл ах, Катерина эгч хоёр интоорыг хадгалж байснаас надад өгсөнөөр илүү аз жаргалтай байх болно гэж бодсон.

Агуу бэлгийг өгөх нь гурван зүйлээс бүрддэг: Бусад хүмүүс мэдэрч буйг мэдрэх, харамгүйгээр өгөх, үүнийг хийснээр чи илүү аз жаргалтай байна гэдэгт итгэх.

Бурхан Эцэг Өөрийн Хүүгээ өгсөн ба Есүс Христ үнэ цэнэтэй, хязгааргүй бэлэг болох Цагаатгалыг бидэнд өгсөн юм. Есүс Өөрийн бэлгийг бид бүгдэд харамгүйгээр өгсөн. Аврагчийн Цагаатгалын бэлгийг хүлээн авсан хүнд байх ёстой чанар нь өгөхөд бэлэн байх явдал юм.