2008
Надад мөнгө байгаагүй ч, итгэл байсан
2008 оны аравдугаар сарын


Надад мөнгө байгаагүй ч, итгэл байсан

1988 оны сүүлчээр би Венесуэлын Кюдад Охедад бишопын зөвлөлийн хоёрдугаар зөвлөхийн дуудлагатай байв. Гэвч нэг зүйл миний санааг зовоосоор байлаа. Би Сүмийн гишүүн болоод жил гаруй болж байсан ч, ариун сүмийн адислалуудаа хараахан хүлээж аваагүй байв.

Нэг өдөр ойролцоох Маракайбо хотоос нэг найз маань надтай уулзахаар хүрч ирэв. Удалгүй бид сүнслэг зүйлүүдийн тухай ам халан яриа өрнүүллээ.

Найз маань гэнэт нүд нь сэргэн, “Трокониз ах аа, Ариун сүм рүү явж Тэнгэрлиг Эцэг хүүхдүүддээ амласан мөнхийн адислалуудыг хүлээж авахыг Тэр чамаас хүсч байгаа гэдэгт би итгэдэг” гэх нь тэр.

“Би ариун сүм рүү явж чадахгүй байна. Венесуэлд ариун сүм байхгүй шүү дээ, гадагшаа явахад зардал нь дааж давшгүй өндөр. Надад мөнгө алга” гэж би хариулав.

Тэр хэсэгхэн зуур бодсоноо, “хэрэв чи ариун сүм рүү явахыг үнэхээр хүсэх юм бол, Тэнгэрлиг Эцэг явах замыг чинь чамд хангаж өгөх болно” гэв.

“Хэрэв Тэнгэрлиг Эцэг ямар нэг байдлаар туслах юм бол явалгүй яахав!” гэж би хариуллаа.

Тэр үеэс эхлэн ариун сүм рүү явах боломж олдох болно гэсэн итгэл найдвараар би дүүрэн байлаа. Маргааш нь би гадасны удирдагчид руу утасдлаа. Тэд тухайн үед хамгийн ойрхон ариун сүм байсан Перугийн Лимагийн Ариун сүм рүү хийх аяллыг нэгдүгээр сард төлөвлөсөн байгаа гэж надад хэлэв. Аялал 16,500 боливарын үнэтэй байсан бөгөөд үүнд нисэх онгоцны тийз, хоол, байрын зардал багтсан ажээ.

Өдөр хоног өнгөрсөөр мөнгөө төлсөн байх эцсийн хугацаа ойртсоор байв. Би мөнгө олохыг хичээж байсан ч хэрэгтэй мөнгөө олж гүйцэх яагаа ч үгүй байв. Гэвч итгэл алдарсангүй. Тэнгэрлиг Эцэг ямар нэг арга замаар туслах болно гэдэгт би дүүрэн итгэлтэй байлаа.

Мөнгөө төлсөн байх эцсийн хугацаа дуусахын өмнөхөн хуучин ажилладаг байсан гараас утасдлаа. Утсаар ярьж байгаа хүн намайг нэрээр минь дуудаж, “Та энэ компанид та таван жилийн өмнө ажиллаж байсан юм байна. Эндээс ажлаас гарахад тань байр, унааны төлбөрийг тань буруу бодож олгосон байна. Та ирж, өөрийн тань нэр дээр бидний бичсэн чекийг хүлээн авна уу” гэв.

Маргааш нь би чекийг авахаар явав. Би мөнгөний тоог хараад нүдэндээ итгэж чадсангүй. Надад өгсөн чекэн дээр яг 16,500 боливар байх нь тэр!

1989 оны нэгдүгээр сарын 17-нд би Перугийн Лимагийн Ариун сүмд орж, Ариун сүмийн хишгээ хүлээн авлаа. Найзын маань зөв байжээ. Тийм ээ, Тэнгэрлиг Эцэг Ариун сүм рүү явах арга замаар намайг хангасан юм. “Хэрэв тэд … түүнд итгэх итгэлээ бодитой болговол бүх зүйлийг Их Эзэн хүмүүний үрсийн төлөө болгоно” (1 Нифай 7:12) хэмээн Нифай тунхагласан байдаг.