Номлолын дуудлагууд
12-р бүлэг: Баптисм хүртэж, гишүүнээр батлуулахаар бэлдэхэд нь хүмүүст тусал


“12-р бүлэг: Баптисм хүртэж, гишүүнээр батлуулахаар бэлдэхэд нь хүмүүст тусал,” Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамж (2023)

“12-р бүлэг,” Миний сайн мэдээг номло

Зураг
Баптисч Иохан Есүст баптисм хүртээсэн нь, Грэг К.Олсэн

12-р бүлэг

Баптисм хүртэж, гишүүнээр батлуулахаар бэлдэхэд нь хүмүүст тусал

Үүнийг эргэцүүлэн бод

  • Би хэрхэн хүмүүст баптисм хүртэж, гишүүнээр батлуулахаар бэлдэхэд нь тусалж болох вэ?.

  • Би баптисмын ярилцлагыг хэрхэн хөтлөн явуулах вэ?

  • Урам зориг өгөх баптисмын үйл ажиллагааг хэрхэн төлөвлөж, хөтлөн явуулдаг вэ?

  • “Баптисмын болон гишүүний баталгааны маягт”-ыг бөглөж өгөх нь яагаад чухал вэ?

  • Би шинэ гишүүдэд хэрхэн дэмжлэг үзүүлэх вэ?

Баптисм бол Бурханы хүчийг хүмүүний амьдралд авчирдаг найдварын баяр баясгалант ёслол юм. Энэ хүч нь Ариун Сүнсний бэлгийг хүлээн авснаар ирдэг. Хүн баптисмын гэрээгээ эцсээ хүртэл сахих тохиолдолд энэ нь үргэлжлэн өгөгдсөөр байна.

Таны хичээлийн зорилго бол бусдад Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, нүглээ наманчлан, Христийг дагахыг чин сэтгэлээсээ хүсэн баптисм хүртэхэд туслах явдал юм. Мормоны зааснаар, “наманчлалын анхны үр жимс нь баптисм” (Моронай 8:25). Зааж байгаа хүмүүс тань таны хийхийг урьсан амлалтыг сахиснаар Бурхантай гэрээ байгуулж, тэдгээрийг сахиж, амласан адислалуудыг хүртэхэд бэлэн болдог.

Баптисм хүртэж, гишүүнээр батлуулах нь эцсийн зорилго биш. Харин тэдгээр ёслол нь Бурханы хүүхдүүдийн гэрээний замд ордог үүд хаалга юм. Энэ зам нь ариун сүмийн ёслол, гэрээ болон баяр баясгалант адислалууд руу, эцэст нь мөнх амьдрал руу хөтөлдөг (3 Нифай 11:20–40-ийг үзнэ үү).

Баптисм хүртэх, гишүүнээр батлуулахад тавигддаг шаардлага

Бурхан Өөрийн бүх хүүхдийг баптисм хүртэж, гишүүнээр батлуулах замаар Өөр дээр нь ирэхийг урьдаг (2 Нифай 26:33; 3 Нифай 27:20-ийг үзнэ үү). Баптисм хүртэхэд тавигддаг шаардлага бүх хүний хувьд ижил.

Сургаал ба Гэрээ 20:37-г үзнэ үү.

  • Бурханы өмнө өөрийгөө даруусга.

  • Баптисм хүртэх хүсэлтэй бай.

  • Харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй ир.

  • Бүх нүглээ наманчилж, өршөөл хүсэн залбир.

  • Христийн нэрийг өөрсөд дээрээ авахад бэлэн бай.

  • Эцсээ хүртэл Христэд үйлчлэх шийдвэр төгс бай.

  • Нүглээсээ ангижрахын төлөө Христийн Сүнсийг хүлээн авснаа ажил үйлсээрээ харуул.

Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгаас тавигддаг шаардлага:

  • Баптисмын ярилцлагын асуултуудад зохих ёсоор хариул.

  • Номлогчийн бүх хичээлийг ав.

  • Ахлагчийн чуулгын ерөнхийлөгч, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч болон бишоптой уулз.

  • Хэд хэдэн ариун ёслолын цуглаанд суу.

Эдгээр шаардлага нь хөрвөлтийн сүнслэг үйл явцын үзүүлэлт юм. Хүмүүс эдгээр шаардлагыг хангаснаар баптисм хүртэх, гишүүнээр батлуулах ариун нандин ёслолуудад бэлэн болдог.

Тухайн хүн баптисм хүртэх өдрөө баттай тогтоосон үед:

  • Шаардлагатай сургаал, зарлигуудыг заасан эсэхээ шалгахын тулд Preach My Gospel аппликэйшн дээрх тухайн хүний бүртгэлийг сайтар нягталж хар.

  • Баптисм хүртээх, гишүүнээр батлах ёслолд бэлдэхэд шаардлагатай үйл ажиллагаануудын хуваарийг гарга. Уг хуваарийг тухайн хүнтэй дахин нягталж үз.

  • Боломжтой бол тухайн хүнийг өөрийнхөө баптисмаас өмнө өөр хэн нэгний баптисмын үйл ажиллагаанд оролцоход урь.

Судраас судлах

Дараах судруудыг судал. Та зааж байгаа хүмүүстээ баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад нь хэрхэн тусалж болох вэ? Судлаад сурч мэдсэн зүйлээ бичиж тэмдэглэ.

Зураг
Эелдэг даруу эдгээгч, Грэг К.Олсэн

Хүмүүст баптисмын ярилцлагадаа бэлдэхэд нь туслах

Баптисмын ярилцлага нь тухайн хүн Их Эзэний өгсөн баптисмын шаардлагыг хангасан эсэхийг шалгах чухал алхам юм. Зөвхөн тухайн хүнийг бэлэн болсон үед л баптисмын ярилцлагыг товло.

Хүмүүст энэ ярилцлагад бэлтгэхэд нь тусал. Энэ нь тэдэнд сандрахгүй байхад тусална. Энэ нь ямар байхыг тайлбарла. Тэд тан шиг өөр номлогчтой уулзана гэдгийг хэл.

Ярилцлагын зорилгыг тайлбарла. Энэ нь тэд “бүх нүглүүдээ наманчилснаа, … нүглүүдээсээ ангижрахын тулд Христийн Сүнсийг хүлээн авснаа өөрсдийн ажлуудаар үнэнхүү тунхагл[асан]” гэдгээ гэрчлэх боломж юм (Сургаал ба Гэрээ 20:37)

Ярилцлага авагчийн тавих асуултуудыг хуваалц (доороос үзнэ үү). Энэ нь тухайн хүнд хариултаа бэлтгэхэд тусалдаг.

Тухайн хүн таны заасан зүйлийг болон баптисм хүртэхдээ байгуулах гэрээгээ ойлгосон байхад анхаар. Энэхүү гэрээгээр:

  • Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авахад бэлэн.

  • Бурханы тушаалуудыг сахина.

  • Бурханд болон бусдад үйлчилнэ.

  • Эцсээ хүртэл тэвчинэ. (4-р хичээлийг үзнэ үү.)

Баптисм хүртэн, гишүүнээр батлуулж, баптисмын гэрээгээ сахиснаар хүлээн авдаг агуу адислалуудын талаар гэрчлэлээ хуваалц. Эдгээр адислалд нүглийн ангижрал болон Ариун Сүнсний бэлэг багтдаг.

Баптисмын ярилцлагыг явуулах

Баптисм хүртэх хүсэлтэй хүн бүр эрх бүхий санваарын удирдагчтай ярилцдаг. Номлолд энэ хүн нь дүүрэг, бүсийн удирдагч юм. Тэрээр дараах хүмүүстэй ярилцана.

  • 9 ба түүнээс дээш настай, урьд нь баптисм хүртэж, гишүүнээр батлуулж байгаагүй хүмүүс

  • Эцэг эх нь Сүмийн гишүүн бус, 8 ба түүнээс дээш насны хүүхдүүд

  • Эцэг эх нь баптисм хүртэж, гишүүнээр батлуулсан, 8 ба түүнээс дээш насны хүүхдүүд

Ярилцлага авах хүнд зориулсан удирдамжийг доор өгөв.

  • Ярилцлагыг Сүнсийг мэдэрч болох тухтай, хүн холхихгүй газар явуул.

  • Хүүхэд, өсвөр үеийнхэн эсвэл эмэгтэй хүнтэй ярилцах бол ярилцагчийн хамтрагч хажуу талын өрөөнд, коридорт эсвэл хүлээх танхимд байх ёстой. Хүсвэл насанд хүрсэн өөр нэг хүнийг ярилцлагад оролцоход урьж болно. Номлогчид буруу ойлголт төрүүлж болох бүх нөхцөл байдлаас зайлсхийвэл зохино.

  • Эхлээд залбир.

  • Тухайн хүнд тав тухтай мэдрэмж төрүүл.

  • Ярилцлагыг сүнслэг байдлын хувьд өөдрөг, эерэг болго.

  • Тухайн хүн ярилцлагын зорилгыг ойлгосон байхад анхаар.

  • Доор жагсаасан баптисмын ярилцлагын асуултуудыг тавь. Шаардлагатай бол асуултуудыг тухайн хүний нас, төлөвшил, нөхцөл байдалд тохируулан өөрчил.

  • Тухайн хүний асуултад хариул.

  • Баптисмын болон гишүүний баталгааны маягт дээрх мэдээлэл үнэн зөв эсэхийг шалга. Хэрэв тухайн хүн насанд хүрээгүй бол эцэг эх, асран хамгаалагч нь баптисм хүртэхээс нь өмнө уг маягт дээр гарын үсгээ зурсан байх шаардлагатай (энэ бүлгийн “Баптисм ба гишүүний баталгаа: Асуулт, хариулт” хэсгийг үзнэ үү).

  • Тухайн хүнийг гэрчлэлээ эсвэл бодол санаагаа хуваалцахад урь.

  • Тухайн хүнтэй уулзаж байгаадаа талархаж байгаагаа илэрхийл.

Баптисмын ярилцлагын асуултууд

Дараах нь баптисмын ярилцлагын асуултууд болно. Үүнд:

  1. Та Бурхан бол бидний Мөнхийн Эцэг гэдэгт итгэдэг үү? Та Есүс Христ бол Бурханы Хүү, дэлхийн Аврагч, Гэтэлгэгч гэдэгт итгэдэг үү?

  2. Та Сүмд болон Есүс Христийн сайн мэдээ бошиглогч Иосеф Смитээр дамжин сэргээгдсэн гэдэгт итгэдэг үү? Та [одоогийн Сүмийн ерөнхийлөгч]-ийг Бурханы бошиглогч гэдэгт итгэдэг үү? Энэ нь таны хувьд ямар утгатай вэ?

  3. Наманчлах гэдэг нь таны хувьд юу гэсэн үг вэ? Та урьдын нүглээ наманчилсан гэж бодож байна уу?

  4. Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байснаар сайн мэдээний жишгүүдээр амьдрах ёстой гэдгийг заалгасан. Дараах жишгүүдийн талаар та ямар ойлголттой байдаг вэ? Та эдгээрийг дуулгавартай дагах хүсэлтэй байна уу?

    • Эрэгтэй, эмэгтэй хүний хоорондох хууль ёсны гэрлэлтээс гадуурх аливаа бэлгийн харьцааг хориглодог ариун явдлын хууль

    • Аравны нэгийн хууль

    • Мэргэн ухааны үг

    • Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих, түүний дотор ариун ёслолоос долоо хоног бүр хүртэж, бусдад үйлчлэх

  5. Та ноцтой гэмт хэрэг үйлдэж байсан уу? Хэрэв тийм бол та одоо тэнсэнтэй байгаа юу эсвэл хугацаанаасаа өмнө суллагдсан уу?

  6. Та үр хөндөлтөд оролцож байсан уу? (Ерөнхий гарын авлагын 38.6.1-ийг үзнэ үү.)

  7. Та баптисм хүртсэнээр Христийн нэрийг өөр дээрээ авч, бусдад үйлчилж, бүх цагт Түүний гэрчлэгч болж зогсон, Түүний зарлигуудыг насан туршдаа сахих хүсэлтэй байна хэмээн Бурхантай гэрээ байгуулдаг. Та энэхүү гэрээг байгуулахад мөн үүнд үнэнч байхыг хичээхэд бэлэн байна уу?

Хэрэв тухайн хүн 5 эсвэл 6-р асуултад тийм гэж хариулбал, Ерөнхий гарын авлагын 38.2.8.7, 38.2.8.8 -ыг үзнэ үү.

Ерөнхий гарын авлагын 38.2.8 дахь баптисм, гишүүний баталгаатай холбоотой бодлого, удирдамжтай танилцана уу. Тэдгээр бодлогын зарим нь танд тохиолдож болох онцгой нөхцөл байдлыг хөндсөн байдаг.

Ярилцлагын дараа тухайн номлогч, баптисм хүртэхийг хүсэгч хоёр нь бусад номлогчтой эргэж нэгдэнэ. Хэрэв тухайн хүн баптисм хүртэхэд бэлэн бол номлогчид баптисмын үйл ажиллагаан дээр юу болж өнгөрдгийг тайлбарлана. Гишүүний баталгаа нь ихэвчлэн тухайн хүний амьдардаг тойргийн ариун ёслолын цуглаан дээр болдгийг тэд бас тайлбарлах ёстой.

Баптисмыг хойшлуулах шаардлага гарвал

Заримдаа гэрчлэл эсвэл зохистой байдалтай холбоотой асуудлаас болж баптисмыг хойшлуулах шаардлага гардаг. Ийм зүйл болбол мэдрэмжтэй байж, нөхцөл байдлыг олны дунд зарлахгүйгээр зохицуул. Тухайн хүнд ирээдүйд баптисмд хэрхэн бэлдэхийг ойлгоход нь тусал.

Тухайн хүнд урам зориг өгч, Христэд болон Түүний Цагаатгалд найдах тухай хэл. Тойргийн гишүүдээс түүнтэй найзалж нөхөрлөхийг хүс. Түүнийг баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад бэлэн болтол нь сайн мэдээний үндсэн зарчмуудыг үргэлжлүүлэн заа. Тэр цаг болтол баптисм хүртэх шинэ өдрийг товлохоо хүлээ.

Баптисм ба гишүүний баталгаа: Асуулт, хариулт

Би бага насны хүүхдэд баптисм хүртээхийн тулд зөвшөөрөл авах хэрэгтэй юү? Сүм нь хүүхдүүдийн сайн сайхан байдал, гэр орных нь уур амьсгал эвтэй найрсаг байхад анхаардаг. Тухайн улсын хуульд тодорхойлсноор, насанд хүрээгүй хүүхдэд дараах хоёр нөхцөл хангагдсан үед баптисм хүртээж болно. Үүнд:

  1. Асрамжилж буй эцэг эх эсвэл хууль ёсны асран хамгаалагч нь бичгээр зөвшөөрөл өгсөн байх ёстой. Тэд Сүмийн гишүүний хувьд хүүхдэд нь заах сургаалын талаар ерөнхий ойлголттой байх ёстой. Тэд мөн уг хүүхдийг баптисмын гэрээ байгуулж, сахихыг нь дэмжих хүсэлтэй байна.

  2. Ярилцаж байгаа хүн уг хүүхэд баптисмын гэрээг ойлгож байгаа эсэхийг ялган тогтооно. Тэрээр уг хүүхдийн хувьд зарлигуудыг дуулгавартай дагаж, Сүмийн цуглаанд оролцсоноор гэрээгээ сахихыг хичээнэ гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй.

Би нөхөр эсвэл эхнэрт нь баптисм хүртээхийн тулд гэр бүлийнх нь хүнээс зөвшөөрөл авах хэрэгтэй юү? Тийм. Гэрлэсэн хүн баптисм хүртэхээсээ өмнө эхнэр, нөхрөөсөө зөвшөөрөл авсан байх ёстой.

Хэрэв гэр бүлд эцэг эхийн аль нэг нь баптисм хүртэхэд бэлэн биш бол гэр бүлийнх нь бусад хүнд баптисм хүртээх үү, аль эсвэл тухайн эцэг эсвэл эхийг бэлэн болтол хүлээх үү? Гэр бүлийн гишүүд хамтдаа баптисм хүртсэн нь дээр. Гэхдээ зарим нь бэлэн биш бол шаардлагатай зөвшөөрлийг авсан тохиолдолд гэр бүлийн аль нэгэн гишүүн баптисм хүртэж болно.

Гэр бүлийн гишүүдийн баптисмыг эцгийг нь Аароны санваар хүлээн авч, өөрөө баптисм хүрттэл нь хойшлуулах хэрэгтэй юү? Үгүй. Шинээр баптисм хүртсэн ах нарт Аароны санваарыг тэр дор нь өгдөггүй. Тэд эхлээд бишоптой ярилцлагад орж, гишүүдээр дэмжүүлэн батлуулсан байх ёстой.

Би Сүмийн гишүүнчлэлээс хасагдсан эсвэл гишүүнчлэлээсээ татгалзсан хүнд зааж, баптисм хүртээж болох уу? Сүмийн гишүүнчлэлээс хасагдсан эсвэл гишүүнчлэлээсээ татгалзсан хүмүүсийг баптисм хүртээж, гишүүнээр батлах замаар дахин элсүүлж болно. Хэрэв тэд заалгах хүсэлтэй байвал орон нутгийн санваарын удирдагчид болон номлолын ерөнхийлөгчтэйгөө үүрэгт ажлынхаа талаар зөвлөлд.

Гадасны хувьд баптисм хүртэх замаар дахин элсэх нь бишоп эсвэл гадасны ерөнхийлөгчийн удирдлаган доор явагддаг. Номлолын хувьд дахин элсэх нь номлолын ерөнхийлөгчийн удирдлаган доор явагддаг. Эдгээр удирдагч шаардлагатай бол Тэргүүн зөвлөлөөс удирдамж заавар хүлээн авна. Номлогчид энэ тохиолдолд баптисмын ярилцлага явуулах юм уу Баптисмын болон гишүүний баталгааны маягтыг бөглөдөггүй. Гэхдээ номлогч баптисм хүртээхээр уригдаж болно.

Дахин элссэн Сүмийн хуучин гишүүд хөрвөгчид биш юм. Гэсэн ч номлогчид заримдаа Сүмийн гишүүнчлэлийн адислалуудыг дахин эдлэхэд нь туслахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хэрэв хэн нэгэн баптисм хүртэх өдрөө товлосон боловч бүх үүрэг амлалтаа биелүүлэхгүй байвал яах вэ? Тухайн хүн амлалтаа биелүүлж, баптисм хүртэх шаардлагыг хангах хүртэл баптисмын ярилцлага товлохоо хойшлуул. Энэ бүлгийн “Баптисм хүртэхийг хойшлуулах шаардлага гарвал” хэсгийг үзнэ үү.

Хэрэв хосууд баптисм хүртэхийг хүсэж байгаа ч хамтран амьдардаг бол яах вэ? Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хууль ёсны гэрлэлтээс гадуур хамтран амьдардаг хос ариун явдлын хуулийн дагуу амьдардаг болтлоо баптисм хүртэж болохгүй. Энэ нь тухайн хос эсрэг хүйстэй байна уу, аль эсвэл ижил хүйстэй байна уу гэдгээс үл хамааран хамт амьдрахаа болино гэсэн үг бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд гэрлэнэ гэсэн үг. Үүнд мөн Сургаал ба Гэрээ 20:37-д заасны дагуу, наманчлалд хүргэх итгэлээ хэрэгжүүлэх явдал багтдаг. Эрэгтэй, эмэгтэй хүний гэрлэлт нь Бурханы төлөвлөгөөний амин чухал хэсгийн нэг.

Баптисмын ярилцлагын 5, 6-р асуултаар тухайн хүн ноцтой гэм нүгэл үйлдэж эсвэл үр хөндөлтөд оролцож байсан эсэхийг асуудаг. Хэрэв хэн нэгэн энэ хоёр асуултын аль нэгд “тийм” гэж хариулбал би юу хийх ёстой вэ? Баптисмын ярилцлагын үеэр энэ хоёр тохиолдлын аль нэг нь болсон талаар олж мэдвэл дэлгэрэнгүй мэдээлэл авахаар асуулт тавих хэрэггүй. Тухайн хүнд баптисм хүртэхийг нь зөвшөөрнө гэж бүү амла. Оронд нь хайраа илэрхийлэн, өөрөөс тань илүү төлөвшсөн, туршлагатай хүн ярилцаж, тусална гэдгийг тайлбарла.

Баптисмын ярилцлагын хүсэлтийг номлолын ерөнхийлөгч рүүгээ илгээ. Тэр болон түүний зөвлөхүүд уг хүнтэй уулзана. Ерөнхий гарын авлагын 38.2.8.7, 38.2.8.8-ыг үзнэ үү.

Баптисмын болон гишүүний баталгааны маягтыг илгээхийн өмнө гишүүнчлэлийн бүртгэл үүссэн байвал би юу хийх ёстой вэ? Номлолын ерөнхийлөгчтэйгөө холбоо барьж, удирдамж заавар ав.

Хувиараа судлах

Хэрэв та ярилцлагад оролцож байсан бол ямар сэтгэгдэл төрөх байсан талаар бод. Дараах асуултуудыг бодож үзээд, төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ.

  • Ярилцлага хэрхэн танд таагүй сэтгэгдэл төрүүлж байж болох вэ? Таныг тайван байлгахын тулд ярилцлага авагч хүн юу хэлж, бас хийж болох вэ?

  • Та ярилцлага авагчийг өөртэйгөө хэрхэн харилцаасай гэж хүсэх вэ?

  • Эргэлзэж, ойлгохгүй байгаа зүйлээ илэрхийлбэл эсвэл ноцтой нүгэл үйлдсэнээ хэлбэл ярилцлага авагчийг хэрхэн хүлээн аваасай гэж та хүсэх вэ?

Зураг
Баптисм

Баптисмын үйл ажиллагаа

Баптисм болон гишүүнээр батлуулах үйл ажиллагаа нь шинэ хөрвөгчийн хувьд сүнслэг онцгой үйл явдал байх ёстой. Тухайн хүн баптисм хүртэх шаардлагыг хангамагц баптисмын үйл ажиллагааны өдрийг товлох хэрэгтэй. Юуг, яагаад төлөвлөснөө тайлбарла. Зохистой хувцаслах, үүний дотор баптисмын үйл ажиллагаанд өмсөх цагаан хувцсыг өгөх талаар түүнтэй ярилц.

Хөрвөгчдийн баптисмын үйл ажиллагааг бишопын зөвлөлийн удирдлаган доор төлөвлөх ёстой. Тойргийн номлолын удирдагч (дуудагдсан бол) эсвэл тойргийн номлолын ажлыг удирддаг ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн эдгээр үйл ажиллагааг төлөвлөж, хөтлөн явуулна. Тэд бүрэн цагийн номлогчидтой уялдаа холбоотой ажиллана. Баптисмын үйл ажиллагаа энгийн, богино, сүнслэг урам зориг өгсөн байх ёстой.

Бишопын болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн мөн ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнийг (хөтлөн явуулаагүй тохиолдолд) баптисмын үйл ажиллагаанд оролцоход урина. Тохиромжтой бол байгууллагын болон өсвөр үеийнхний удирдагчид мөн тохинуулагч ах, эгч нарыг (хэрэв томилогдсон бол) урь. Баптисм хүртэх гэж байгаа хүнтэй хамтарч ажиллан, тухайн хүний найз нөхөд, хамаатан садныг баптисмын үйл ажиллагаанд ирж оролцоход урь.

Зааж байгаа бусад хүнээ урих талаар бодож үз. Эдгээр туршлага тэдэнд Сүнсийг мэдэрч, сайн мэдээний талаар илүү ихийг сурахад тусална. Үйл ажиллагааных нь дараа тэдний сэтгэгдэл ямар байгааг асууж, хичээл авахад урь.

Баптисмын үйл ажиллагаа дараах хэсгээс бүрдэж болно. Үүнд:

  1. Оршил хөгжим

  2. Үйл ажиллагааг хөтлөн явуулж буй санваарын удирдагчийн товч мэндчилгээ (боломжтой бол бишопын зөвлөлийн гишүүн тэргүүлэх ёстой)

  3. Нээлтийн дуулал ба залбирал

  4. Баптисм, Ариун Сүнсний бэлэг зэрэг сайн мэдээний сэдвээр нэгээс хоёр товчхон захиас хэлэх

  5. Дуу хөгжмийн хөтөлбөр

  6. Баптисм

  7. Баптисмд оролцсон хүмүүсийг хуурай хувцас сольж өмсөж байх зуур хүндэтгэлтэй байна. (Энэ үеэр сүмийн дуулал болон Хүүхдийн хэсгийн дууг тоглож эсвэл дуулж болно. Эсвэл номлогчид сайн мэдээний талаар богино толилуулга үзүүлж болно.)

  8. Хүсвэл шинэ хөрвөгч гэрчлэлээ хуваалцана

  9. Хаалтын дуулал ба залбирал

  10. Төгсгөлийн хөгжим

Хэрэв баптисмыг ням гарагт төлөвлөсөн бол ням гаргийн тогтмол явагддаг цуглаануудтай аль болох давхцахааргүй цагт төлөвлөнө.

Зураг
Гишүүний баталгаа

Гишүүний баталгаа

Баптисм хүртсэнийх нь дараа гишүүнээр батлах ёслол гүйцэтгэнэ (Сургаал ба Гэрээ 20:41-ийг үзнэ үү). Баптисм хүртэж, гишүүнээр батлуулах ёслолуудыг үйлдэж дуусган, зохих ёсоор бүртгэсний дараа шинэ хөрвөгчийг Сүмийн гишүүнд тооцдог.

Гишүүний баталгаа нь бишопын удирдлагаар явагддаг. Гэвч тэр гишүүний баталгааг үйлдэхийн тулд тусгай ярилцлага явуулдаггүй.

Шинэ хөрвөгчийг гишүүнээр баталсан байхад анхаарч, бишоп, тойргийн номлолын удирдагчтай (дуудагдсан бол) хамтран ажилла. Гишүүний баталгааг баптисмын дараа аль болох хурдан, болж өгвөл дараагийн ням гарагт гүйцэтгэсэн байх ёстой. Гэхдээ баптисмын үйл ажиллагаан дээр гишүүнээр батлах онцгой зөвшөөрлийг бишоп олгож болно (Ерөнхий гарын авлагын 18.8-ыг үзнэ үү).

Хөрвөгчдийг ихэвчлэн харьяа тойргийнх нь ариун ёслолын цуглаан дээр гишүүнээр батална. Бишоп ихэвчлэн тойрогт үйлчилж буй номлогч ахлагчдыг гишүүнээр батлахад оролцуулахаар урьдаг. Хэрэв номлогч гишүүнээр батлах болбол тэр бас номлолын ерөнхийлөгчөөс зөвшөөрөл авсан байх хэрэгтэй (Ерөнхий гарын авлагын 18.8.1-ийг үзнэ үү). Хамгийн багадаа бишопын зөвлөлийн нэг гишүүн энэ ёслолд оролцоно.

Баптисмын болон гишүүний баталгааны маягтыг бөглө

Хүнд баптисм хүртээж, гишүүнээр баталсны дараа гишүүнчлэлийн бүртгэлийг нь цаг алдалгүй үүсгэсэн байх нь чухал. Өөрийн амьдарч байсан цаг үеийн ийм бүртгэлийн талаар Моронай бичихдээ, шинэ гишүүд “Христийн сүмийн хүмүүсийн дунд тоологддог байв; мөн тэднийг зөв замд байлгахын тулд, Бурханы сайн үгээр дурсагдан мөн тэжээгдэхийн учир тэдний нэрс тэмдэглэгддэг байв” хэмээн бичсэн байдаг (Моронай 6:4).

Та баптисм хүртэхээр бэлтгэж буй хэн нэгэнд заахдаа Preach My Gospel аппликэйшн дээрх Баптисмын болон гишүүний баталгааны маягтыг бөглөж эхлээрэй. Энэ маягтыг гишүүнчлэлийн бүртгэл үүсгэхэд ашиглана гэдгийг тайлбарла. Энэ бүртгэл нь тухайн хүний хүлээн авах ёслолуудын талаарх чухал мэдээллийг агуулна. Сүмийн гишүүдийг нүүх үед тэдний гишүүнчлэлийн бүртгэлийг шинэ тойрог руу нь шилжүүлдэг ба ингэснээр орон нутгийн удирдагчид, гишүүд тэднийг дэмжиж туслах боломжтой.

Шинэ гишүүнийг баптисм хүртэж, гишүүнээр батлуулсны дараа цаг алдалгүй ёслол бүрийн тухай, тэр дундаа хэн гүйцэтгэсэн тухай мэдээллийг оруулж, маягтыг шинэчил. Маягтыг бөглөж дуусаад, Preach My Gospel аппликэйшнд мэдээллийг бичиж тэмдэглэн, тойргийн бичиг хэргийн ажилтанд цахим хэлбэрээр илгээнэ. Бичиг хэргийн ажилтан маягтыг хүлээн авмагц хянаж үзээд, гишүүнчлэлийн бүртгэлийг үүсгэдэг.

Гишүүнчлэлийн бүртгэлийг нээсний дараа бичиг хэргийн ажилтан Баптисмын болон гишүүний баталгааны гэрчилгээг бэлтгэнэ. Энэ гэрчилгээн дээр бишоп гарын үсгээ зуран, тухайн хүнд өгнө.

Гишүүнчлэлийн бүртгэл, гэрчилгээн дээрх нэр, хүйс тухайн хүний төрсний гэрчилгээ, иргэний бүртгэл дээрх эсвэл одоогийн хууль ёсны нэртэй тохирч байх ёстой.

Хувиараа болон хамтрагчтайгаа судлах

Мозая 6:1–3 болон Моронай 6:1–4-ийг судална уу. Судрын эдгээр хэсэг баптисм болон гишүүний баталгааны бүртгэлийг үнэн зөв хөтлөхтэй хэрхэн холбоотой вэ?

Баптисм болон гишүүний баталгааны дараа

Үргэлжлүүлэн тохинуул

Шинэ гишүүдийг баптисм хүртэж, гишүүнээр батлуулсны дараа үргэлжлүүлэн найзлан нөхөрлөж, тусламж дэмжлэг үзүүл. Сүмд явж, гишүүдтэй найзлан нөхөрлөхөд тэднийг урамшуулан дэмж. Мормоны Номоос хамтдаа уншиж, гэр бүлийн гишүүд, найз нөхөдтэйгөө сайн мэдээг хуваалцахад нь тусал. Тэдэнд My Covenant Path товхимлыг танилцуул. Preach My Gospel аппликэйшныг үргэлжлүүлэн ашиглаж, тэдний гаргаж буй ахиц, тухайлбал ариун ёслолын цуглаанд оролцсон байдал, авсан хичээл зэргийг нь бичиж тэмдэглэ.

Зураг
Тэврэлдэж буй эрчүүд

Гишүүнээр баталсны дараа номлогчийн хичээлүүдийг дахин заа. Та заах ажлыг удирдаж болно. Гэхдээ тойргийн номлогчид эсвэл бусад гишүүнийг оролцуулахын тулд тойргийн удирдагчидтай хамтран ажилла. Заахдаа шинэ гишүүдийг хичээл дээрх бүх амлалтаа биелүүлэхэд урамшуул.

Долоо хоног тутмын зохицуулах хурал дээр гишүүд хэрхэн шинэ хөрвөгчдийг дэмжиж, Сүмд идэвхтэй хэвээр байхад нь туслах талаар зөвлөлд. Тэднийг хэн чуулга эсвэл байгууллагын удирдагчидтай танилцуулах вэ гэдгийг төлөвлө. Хичээлийг дахин заахдаа бусад гишүүнийг оролцуулах ажлыг зохицуул. Тохинуулах ах нарыг (эмэгтэйчүүдийн хувьд тохинуулах эгч нарыг) оноохыг хүс.

Эрэгтэй хүн баптисм хүртэж, гишүүнээр батлуулсан ба тухайн оныхоо төгсгөлд 12 ба түүнээс дээш настай байхаар бол Аароны санваар авах боломжтой. Аароны санваарын томилгоо нь бишопын удирдлаган доор явагддаг (Ерөнхий гарын авлагын 38.2.9.1-ийг үзнэ үү).

Тохиромжтой гэж үзвэл, хичээл заалгасан хүмүүстэйгээ амьдралынхаа туршид харилцаатай бай. Есүс Христийн сайн мэдээний бүх адислалыг хүлээн авахад нь тэднийг дэмжиж тусал.

Зураг
Ахлагч Гэррит В.Гонг

“Биднийг гэмшсэн сэтгэл, харууссан зүрхтэйгээр ирэхэд бид Есүс Христэд дуу хоолойг олж, Түүний аюулгүй мутраар хүрээлэгдэнэ. Ариун нандин ёслолууд нь гэрээнд хамааралтай байхыг мөн дотоод хүсэл зориг, гаднах үйлдлийг ариусгах ‘бурханлиг чанарын хүч[ийг]’ санал болгодог [Сургаал ба Гэрээ 84:20]. Түүний хайраар дүүрэн нинжин сэтгэл, тэвчээрийн ачаар Түүний Сүм бидний дэн буудал болдог” (Гэррит В.Гонг, “Дэн буудлын өрөө,” 2021 оны 4-р сар, 25).

Ариун сүмийн адислалуудаас хүртэхэд нь шинэ гишүүдэд тусал

Зохих насны шинэ гишүүд нас барсан гэр бүлийн гишүүдийнхээ төлөө баптисм хүртэх боломжийг олгодог ариун сүмийн зөвшөөрлийн бичгийг хүлээн авах боломжтой (Ерөнхий гарын авлагын 26.4.2-ыг үзнэ үү). Тэд бишопоосоо энэ зөвшөөрлийн бичгээ авдаг. Шинэ гишүүдийг аль болох цаг алдалгүй ариун сүмийн зөвшөөрлийн бичгээ авахад урамшуулж, тэдэнд тусал. Хэрэв ойролцоо ариун сүм байдаг бол нас барсан өвөг дээдсийнхээ төлөө баптисм хүртэх ёслолыг гүйцэтгэх урилгыг шинэ гишүүдэд өгөхдөө тодорхой хугацаа зааж өгөх талаар бодож үз.

Долоо хоног тутмын зохицуулах хурлаар тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагчтай хэн шинэ гишүүдийг танилцуулахыг төлөвлө. Энэ удирдагч тэдэнд өөрсдийн ариун сүмийн гэрээнүүдийг байгуулж, ариун сүмийн адислалуудаас хүртэхээр бэлтгэхэд нь тусалж чадна.


Судлах болон амьдралд хэрэгжүүлэх санаа

Хувиараа судлах

  • Баптисм хүртэх гэж байгаа хүнд тулгарч болох бэрхшээлүүдийг жагсаан бич. Яагаад тэр Сүмийн гишүүдийн хайр, нөхөрлөлийг мэдрэх нь чухал вэ?

  • Моронай 6, Сургаал ба Гэрээ 20:68–69-ийг судал. Баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад хүмүүсийг бэлдэхэд туслах талаар эдгээр шүлгээс та юу сурч мэдсэн бэ? Сурч мэдсэн зүйлээ бич. Хамтрагчтайгаа суралцах цагаараа өөрийн бодол санааг түүнтэй хуваалц.

Хамтрагчтайгаа судлах, харилцан ярилцах

  • Ахлагч Хэнри Б.Айринг яагаад сайн мэдээний жишиг чухал болохыг тайлбарласан. Дараах зөвлөгөөг ярилц. Та тэдгээр жишигт хүрэх хүсэлтэй болоход нь хүмүүсийг хэрхэн урамшуулж болох вэ?

    “Их Эзэн биднийг адислахын тулд өөрийнхөө жишгүүдийг тогтоосон. Тэдгээр адислалын талаар бод. Тухайлбал: Жишгүүдэд нийцсэн хүмүүст Тэрээр Ариун Сүнсний тусламж өгөхөө амласан. Тэрээр хувийн амар амгаланг амласан. Тэр өөрийнх нь өргөөнд ариун нандин ёслолуудыг хүлээн авах боломж өгөхөө амласан. Мөн Түүний жишгийн дагуу тэвчин амьдарч чадсан хүнд мөнх амьдралыг амласан. …

    Бид үйлчилж байгаа хүмүүсээ хайрладаг тул Тэнгэрлэг Эцэгийнхээ хүүхдүүдийг, Их Эзэний бүх адислалаас хүртэхэд хэрэгтэй итгэлтэй байдал, ариун зан чанарт дээш өргөн хүргэхийг бид бүгд хүсдэг. …

    … Эхлээд бид Их Эзэний жишгийг тодорхой байдлаар, ямар ч шалтаг тоочихгүй баримтлах ёстой. Дэлхийнхэн хэдий чинээ тэдгээрээс холдож, шоолон тохуурхана, бид төдий чинээ зоригтойгоор баримтлах ёстой” (“Standards of Worthiness,” First Worldwide Leadership Training Meeting, Jan. 2003, 10–11).

  • Баптисмын ярилцлагын асуултуудыг дахин нэг авч үз. Доорхтой адил нөхцөлд асуудлуудыг хэрхэн шийдвэрлэхээ бодож үз. Үүнд:

    • Тухайн хүн өмнө нь үйлдсэн гэмт хэргийнхээ улмаас тэнсэнтэй байгаагаа хэлээгүй.

    • Уг хүн Иосеф Смитийг бошиглогч байсан тухай асууж залбирсныхаа хариуг аваагүй.

    • Тэр хоёр хоногийн өмнө тамхи татсан.

    • Залбирлынхаа хариуг авсан эсэхдээ эргэлзэж байгаа.

    • Гэр бүл найз нөхдийнхөө зүгээс дарамтад орж, баптисм хүртэхэд бэлэн гэдгээ мэдэхгүй байгаа.

  • Баптисмын болон гишүүний баталгааны маягтыг дахин нягтал. Таны өгсөн мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэд байх нь яагаад чухал вэ?

Дүүргийн зөвлөл, бүсийн чуулган, номлолын удирдлагын зөвлөл

  • Баптисмын ярилцлагын ач холбогдлын талаар давтан үз. Номлогчид ярилцлагад бэлдэхэд нь хүмүүст хэрхэн тусалж болох талаар ярилц.

  • Баптисмын болон гишүүнээр батлах үйл ажиллагааг заах хүн олох боломж болгон хэрхэн ашиглах талаар ярилц.

Номлолын удирдагчид ба зөвлөхүүд

  • Орон нутгийн санваарын болон байгууллагын удирдагчидтай хамтран ажиллаж, тэднийг Гэрээний зам өсөлтийн тайланг үр дүнтэй ашиглаж байгаад анхаар.

  • Дүүргийн болон бүсийн удирдагчдад мөн сургах удирдагч эгч нарт хүмүүсийг хэрхэн баптисмын ярилцлагад бэлдэхийг заа. Тэднийг баптисмын ярилцлагад хүмүүсийг хэрхэн бэлдэхийг бусад номлогчид зааж сургахад урь.

  • Баптисмын ярилцлагыг хэрхэн хөтлөн явуулах талаар дүүргийн болон бүсийн удирдагчдад заа.

  • Тухайн хүн ноцтой гэм нүгэл үйлдсэнээ баптисмын ярилцлага дээр илчилбэл хэрхэн хариулахыг заа.

  • Боломжтой бол шинэ гишүүдийн баптисмын үйл ажиллагаанд оч. Шинэ гишүүдтэй ярилцаж, хөрвөлтийн түүхийнх нь талаар олж мэд. Сурсан зүйлээ хамтрагчтайгаа болон бусад номлогчтой хуваалц.