Номлогчийг бэлтгэх ангийг заах удирдамж
Номлогчийг бэлтгэх ангид тавтай морилно уу! Энэ цуврал хичээл нь номлогчийн үйлчлэлд бэлтгэж байгаа өсвөр үеийнхэн болон залуучуудын амьдралд чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ нь мөн номлогчоор үйлчлэхээр төлөвлөөгүй байгаа ч Есүс Христийн сайн мэдээг хуваалцах чадвараа сайжруулахыг хүсэж байгаа залуучуудыг адисална.
Номлогчийн зорилго бол “Есүс Христэд итгэх итгэл, Түүний Цагаатгал, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах ба эцсээ хүртэл тэвчихээр дамжуулан сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахад нь туслах байдлаар бусдыг Христэд ирэхэд нь урих” явдал юм (Миний сайн мэдээг номло [2023], 1). Уг зорилго нь бидний Израилыг цуглуулдаг арга зам бөгөөд энэ нь Сүмийн гишүүн бүрийн үүрэг хариуцлага юм.
Энэ анги өсвөр үеийнхэн болон залуучуудыг хэрхэн адислах вэ?
Энэ цуврал хичээл нь тэр чигээрээ Есүс Христэд болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд хөрвөгдсөн хөрвөлтөө бэхжүүлэхэд нь суралцагчдад туслах зорилготой. Хөрвөгдсөнөөр Есүс Христийн сайн мэдээг бусадтай хуваалцах хүсэл эрмэлзэл, чадавх нэмэгддэг. Хөрвөлтөд түлхэц өгөх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ангийн гишүүдэд дараах урилгыг өгнө:
-
Энэхүү гарын авлагын хүч, ач холбогдлыг мэдрэхийн тулд Миний сайн мэдээг номло гарын авлагыг сайтар судлах. Тэдэнд мөн Номлогчийн амьдралд дасан зохицох нь (2013) гарын авлагыг танилцуулна.
-
Номлогчийн зорилгын талаар суралцаж ( Миний сайн мэдээг номло, 1-ийг үзнэ үү) мөн энэ нь хэрхэн тэднийг өнөөдрийн амьдралд нь болон номлогчийн ажлын бүхий л хүрээнд удирдан чиглүүлж болохыг олж харах.
-
Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах, номлогчоор үйлчлэхэд бэлтгэх, Аврагчийн сайн мэдээг гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө хуваалцахад нь туслах үүрэг амлалт өгөх.
-
Миний сайн мэдээг номло гарын авлагын 3-р бүлэг дэх үнэнүүдийг судалж, заах дадлага хийх.
-
Сайн мэдээний илүү сайн багш болж, сэтгэл санааны хувьд илүү уян хатан болоход нь туслах ур чадваруудаар дадлага хийх.
Цуврал хичээлийн материалууд ямар бүтэцтэй вэ?
Энэ гарын авлагад үндсэн хичээл, ур чадварын дадлага гэсэн хоёр төрлийн суралцах туршлага багтдаг.
Үндсэн хичээл
Үндсэн хичээл нь энэ хичээлийн гол эх сурвалж юм. Тэдгээр нь Миний сайн мэдээг номло гарын авлагын 1–6, 11-р бүлгүүд дээр төвлөрдөг. Эдгээр бүлэг нь одоогоор номлолд үйлчлэхгүй байгаа өсвөр үеийнхэн, залуучуудад хамгийн ихээр хамаатай юм.
Дараах нь үндсэн хичээлүүдийн жагсаалт юм.
-
1-р хичээл: Бид бусдад Христэд ирэх урилга өгдөг
-
2-р хичээл: Миний сайн мэдээг номло гарын авлагын удиртгал
-
3-р хичээл: Номлогчийн зорилгоо биелүүл (Миний сайн мэдээг номло, 1-р бүлэг)
-
4-р хичээл: Судраас судалж, Бурханы хуяг дуулгыг өмс (Миний сайн мэдээг номло, 2-р бүлэг)
-
5-р хичээл: Есүс Христийн сайн мэдээг судал мөн заа (Миний сайн мэдээг номло, 3-р бүлэг)
-
6-р хичээл: Заах дадлага хий (Миний сайн мэдээг номло гарын авлагын 3-р бүлэг дэх хичээлийг заахад туслах материал)
-
7-р хичээл: Баптисм хүртэж, гишүүнээр батлуулах урилга (Миний сайн мэдээг номло, 3-р бүлэг)
-
8-р хичээл: Сүнсийг эрэлхийлж, Сүнсэнд найд (Миний сайн мэдээг номло, 4-р бүлэг)
-
9-р хичээл: Мормоны Номын хүчийг ашигла (Миний сайн мэдээг номло, 5-р бүлэг)
-
10-р хичээл: Христийнхтэй адил зан чанарыг эрэлхийл (Миний сайн мэдээг номло, 6-р бүлэг)
-
11-р хичээл: Үүрэг амлалт өгч, өгсөн амлалтаа биелүүлэхэд нь хүмүүст тусал (Миний сайн мэдээг номло, 11-р бүлэг)
-
12-р хичээл: Номлогчийн амьдралд дасан зохицох нь
-
13-р хичээл: Итгэлээр үргэлжлүүл
3-р бүлгийн ач холбогдол
Үндсэн гурван хичээл нь Миний сайн мэдээг номло гарын авлагын 3-р бүлэг дээр төвлөрдөг. Энэ бүлэгт номлогчдын заадаг дөрвөн хичээлээс гадна баптисм хүртэж, гишүүнээр батлуулах урилгын талаарх хэсэг багтдаг. 3-р бүлэг-ийг судлахыг нэн тэргүүнд тавь.
6-р хичээл: “Заах дадлага хий” нь 3-р бүлэг дээрх хичээлүүдээс суралцаж, заахад ангийн гишүүдэд тусална. Та энэ хичээлд нэгээс дээш хичээлийн цагийг зориулж болно. Та бас 6-р хичээл дээрх санаануудыг бусад хичээлийн цагаар ашиглаж болно. Энэ нь ангийн гишүүдэд Миний сайн мэдээг номло гарын авлагын 3-р бүлэг дэх зарчмуудыг судалж, суралцаж, заан, тэдгээрийн дагуу амьдрах боломжийг ангийн гишүүдэд ахин дахин олгох юм.
Үндсэн хичээлүүдийн бүтэц
Үндсэн хичээлүүд нь Есүс Христэд хөрвөсөн хөрвөлтөө бэхжүүлэхийн тулд итгэлээр суралцахад оролцогчдыг урьдаг. Итгэлээр суралцах нь хичээл зүтгэл гаргах, үйлдэл хийхийг шаарддаг. Дараах загварын бүрэлдэхүүн хэсгүүд нь хэрхэн ангийн тань гишүүдэд итгэлээр суралцаж, Аврагчид илүү ойртоход тусалж болох талаар бодож үз.
Хянаж мөн эргэн шалга
Хичээл бүрийн эхэнд суралцагчид өмнөх хичээл дээр өгсөн амлалтаа эргэцүүлэн боддог. Үүнийг ангийн гишүүдэд сүнслэг өсөлт хөгжлөө олж харахад нь туслах боломж болгон ашигла.
Суралцах үйл ажиллагааны хувилбарууд
Ихэнх үндсэн хичээлд суралцах үйл ажиллагааны олон хувилбарыг өгсөн байдаг. Ангийнхаа гишүүдийн хэрэгцээнд дүгнэлт хийж, ашиглах суралцах үйл ажиллагаагаа сонгохдоо Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл. Түүнчлэн аль хичээл, суралцах үйл ажиллагаа тэдэнд хамгийн тустай болохыг ангийн гишүүдээс асууж болно.
Та хичээлийн нэг цагт тухайн хичээлийн бүх суралцах үйл ажиллагааны хувилбарыг ашиглах шаардлагагүй. Бүгдийг багтаан заахад биш, хөрвөлтөд анхаарлаа хандуул. Хэрэв хичээлийнхээ хуваарьд оруулах боломжтой бол та өөр өөр суралцах үйл ажиллагаанд төвлөрөхийн тулд нэг хичээлд хэд хэдэн хичээлийн цагийг зарцуулж болно.
Суралцах үйл ажиллагаа бүр дараах хэсгээс бүрдэнэ:
-
Судал. Унших, эрж хайх, онцлох, тунгаан бодох, бичиж тэмдэглэх, ярилцах, гэрчлэх зэрэг итгэлээр өдөөгдсөн үйлдлийг урамшуулан дэмждэг судлах явцад суралцагчдыг татан оролцуулах санаанууд.
-
Дадлага хий. Сурч мэдсэн зүйлээ амьдралд хэрэгжүүлэхэд нь ангийн гишүүдэд туслах зөвлөмжүүд. Үүнд ихэвчлэн нэгтгэн дүгнэх, тайлбарлах, заах зэрэг багтдаг.
-
Зорилго тавь. Энэ нь ангийн гишүүдэд сурч мэдсэн зүйлээ, мөн суралцаж, өсөж хөгжин, сайжрахын тулд юу хийж болохоо үнэлж дүгнэхэд зориулсан цаг. Та суралцагчдад цуврал хичээлийн явцад тавьсан зорилгоо тэмдэглэх хувийн судлах тэмдэглэлээ авчир гэж хэлж болно.
Хичээл дэх багш нарт эсвэл хэлэлцүүлгийн удирдагчдад зориулсан зааврууд
Суралцах үйл ажиллагааг ихэнхдээ багш удирдан явуулдаг. Гэхдээ зарим нөхцөл байдалд суралцах үйл ажиллагааг Сүмийн удирдагч, эцэг эх, залуучууд болон өсвөр үеийнхэн ашиглаж болно. Эдгээр боломжийг тусгахын тулд хичээлүүдэд “хэлэлцүүлгийн удирдагч” гэсэн гарчигтай зааварчилгааны хайрцгууд оруулсан байдаг.
Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийн гишүүдэд сурч мэдсэн зүйлсийнхээ талаар эргэцүүлэн бодож, зорилго тавих цагийг гаргаж өг. Та мөн тэдэнд дараах зааврыг үзүүлж болно.
Эдгээр заавар нь багш, хэлэлцүүлгийн удирдагчдад бэлтгэж, заахад нь тусална.
Ур чадварын дадлага
Энэ цуврал хичээлийн гарын авлагын төгсгөлд 10 ур чадварын дадлага багтсан байгаа. Ур чадварын дадлага нь үр дүнтэй заах, сэтгэл санааны хувьд уян хатан байх ур чадвараа хөгжүүлэхэд нь суралцагчдад туслах зорилготой.
Дараах нь ур чадварын дадлагын жагсаалт юм:
-
Ур чадварын дадлага 1: Мормоны Номыг хүмүүст танилцуулах
-
Ур чадварын дадлага 2: Заахдаа судруудыг ашиглах
-
Ур чадварын дадлага 3: Хүмүүст хэрхэн залбирахыг заах
-
Ур чадварын дадлага 4: Сүнслэгээр өдөөгдсөн асуулт тавих
-
Ур чадварын дадлага 5: Судруудыг цээжлэхийг хичээ
-
Ур чадварын дадлага 6: Хүн бүртэй ярилцах
-
Ур чадварын дадлага 7: Өөрийгөө хангалтгүй гэж бодох үед авах арга хэмжээ
-
Ур чадварын дадлага 8: Зориуд амьсгалах
-
Ур чадварын дадлага 9: Технологийг зөв ашиглах
-
Ур чадварын дадлага 10: Эрүүл сэтгэн бодох дадлыг хэвшүүлэх
Ур чадварын дадлагыг үндсэн хичээл орох цагаар зааж болно. Зарим үндсэн хичээлд холбогдох ур чадвараар дадлага хийх зөвлөгөө өгсөн байдаг.
Ур чадварын дадлага нь 15-аас 20 минут үргэлжлэх ёстой боловч та тэдгээрийг уртасган эсвэл богиносгон өөрчилж болно. Та бүх ур чадварын дадлагыг хийх шаардлагагүй бөгөөд тэдгээрийг аль ч дэс дарааллаар зааж болно. Хэдийгээр ур чадварын дадлага чухал ч хичээлийн ихэнх цагаа үндсэн хичээлд зарцуулах хэрэгтэй.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Ур чадварын дадлагын жагсаалтыг хар. Заах хүмүүсийг тань адисална гэж бодож байгаагаа тодруул.
Энэ цуврал хичээлд суух нь хэнд тустай вэ?
Энэ ангид суух суралцагчдын ихэнх нь заах номлолд бэлтгэж байх ч зарим нь үйлчлэлийн номлолд бэлтгэж байж болох юм. Бусад нь бүрэн цагийн номлолд үйлчлэх төлөвлөгөөгүй ч сайн мэдээг хэрхэн илүү үр дүнтэй хуваалцах, Израилыг цуглуулахад туслах талаар мэдэх хүсэлтэй байж болно. Зөвхөн заах номлолд бэлтгэж байгаа хүмүүс гэлгүй бүх оролцогчийн хэрэгцээнд анхаар. Бүх суралцагчид энэ цуврал хичээлийн адислал, ашиг тусыг олж харахад нь туслах боломжуудыг эрж хай. Жишээлбэл: Та хичээлийн явцад цаг гарган үйлчлэлийн номлолын боломж, адислалуудыг авч үзэж болно (ChurchofJesusChrist.org/service-missionary-г үзнэ үү).
Ангийн гишүүд энэ ангид сууснаар институтийн кредит авч болох уу?
Институтийг төгсөхөд тооцогдох кредитийг хэрхэн авах эсвэл кредитийг хэрхэн Сүмийн сургуулиудад шилжүүлж болох талаар InstituteCredit.ChurchofJesusChrist.org-аас үзнэ үү.
Ангид суух хүмүүстээ зориулан би энэ хичээлийг хэрхэн хамгийн сайнаар бэлтгэж болох вэ?
Энэ цуврал хичээл бол уян хатан юм. Үүнийг салбар, тойрог, гадас, институтэд ашиглаж болно. Хэдхэн долоо хоног эсвэл хэдэн сар үргэлжилдэг ангид нь ч үүнийг ашиглаж болно. Мөн гэртээ хэрэглэхээр тохируулж болно.
Дараах хүснэгтэд 50 минутын хичээлийн цагийг хэрхэн зохион байгуулж болохыг харуулав:
|
50 минутын хичээл |
50 минутын хичээл |
50 минутын хичээл | ||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|
50 минутын хичээл Хянаж мөн эргэн шалга 5 минут | 50 минутын хичээл Нэг суралцах үйл ажиллагаа 30 минут | 50 минутын хичээл Ур чадварын дадлага 15 минут | ||||||
Хэдэн сараар орох ангиуд нэг хичээлд нэгээс илүү хичээлийн цагийг зарцуулж болно.
|
90 минутын анги |
90 минутын анги |
90 минутын анги | ||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|
90 минутын анги Хянаж мөн эргэн шалга 5 минут | 90 минутын анги Нэг суралцах үйл ажиллагаа 60 минут | 90 минутын анги Ур чадварын дадлага 25 минут | ||||||
Дараах жишээ нь энэ цуврал хичээлийн агуулгыг заах өөр, өөр аргуудыг харуулна.
Жишээ 1: Гадасны анги (20 хичээл; нэг хичээл 60 минут)
Лавал ах Гана улсын Аккра дахь гадсандаа номлогчийг бэлтгэх ангид хичээл заахаар бэлтгэж байгаа. Түүний анги долоо хоног бүр цуглана. Лавал ах дараах төлөвлөгөөг гаргав:
-
Сарын нэг ба гурав дахь ням гарагт үндсэн хичээл заана.
-
Ангид Сүмийн олон шинэ гишүүнээс гадна зарим нь Сүмийн гишүүн биш оролцогчид байсан учраас Лавал ах 6-р үндсэн хичээл-д онцгой ач холбогдол өгөхөөр шийджээ. Сар бүрийн хоёр, дөрөв дэх ням гарагт үндсэн 6-р хичээл-ийн суралцах үйл ажиллагааг хийхээр шийдэв. Энэ нь түүний ангийнханд Миний сайн мэдээг номло гарын авлагын 3-р бүлэг дэх нэн чухал сургаалыг судалж, заах олон боломжийг олгоно.
-
Тэр мөн ангидаа ашиглахыг хүсэж байгаа дөрвөн ур чадварын дадлагаа тодорхойлжээ. Тэр хоёр долоо хоногт нэг удаа ур чадварын дадлага хийхээр шийдэв. Нэг чадвар нь ангид нь маш чухал байсан учир тэр тухайн ур чадварыг хоёр өөр хичээл дээр ашиглахаар шийджээ.
Жишээ 2: Гадасны анги (7 хичээл; нэг хичээл 60 минут)
Грийн ах, эгч хоёр Ютагийн Прово дахь гадасныхаа номлогчийг бэлтгэх ангийг заахаар бэлтгэж байна. Анги нь хоёр долоо хоногт нэг удаа цуглана.
-
Тэд гадасны ерөнхийлөгчтэйгөө зөвлөлдсөний дараа 1, 3, 6, 9, 12-р үндсэн хичээлүүдийг заахаар шийдэв. Тэд гурван хичээлийн цагийг ашиглан 6-р үндсэн хичээл-д төвлөрнө. Ингэснээр Миний сайн мэдээг номло гарын авлагын 3-р бүлэг дэх чухал үнэнүүдийг сурах, ойлгох, заах дадлага хийх олон боломжийг ангийнхандаа олгоно.
-
Грийнийнхэн гадасны ерөнхийлөгчийнхөө зөвлөгөөн дээр тулгуурлан “Эрүүл сэтгэн бодох дадлыг хэвшүүлэх,” “Хүн бүртэй ярилцах” зэрэг ур чадвараар дадлага хийх цаг гаргана.
Жишээ 3: Институтийн анги (14 хичээл; нэг хичээл 90 минут)
Силва эгч Бразилын Манаус дахь институтийнхээ номлогчийг бэлтгэх ангид хичээл заахаар бэлтгэж байна. Түүний анги долоо хоног бүр 90 минутаар цуглана. Силва эгч дараахыг хийхээр шийджээ:
-
Тэр эхний 11 долоо хоногт 50 минутыг өөр, өөр үндсэн хичээлд зарцуулна. Ангийнх нь хэдэн гишүүнд Ариун Сүнсний тухай асуулт байгааг мэдэж байгаа учир тэр “Сүнсийг эрэлхийлж, Сүнсэнд найд” гэсэн 8-р үндсэн хичээлийг заахад наад зах нь хоёр хичээл зориулахаар шийджээ.
-
Силва эгч ангийн гишүүдэд сайн мэдээг бусадтай хуваалцах итгэлтэй болоход нь туслахыг хүсдэг. Тэр эхний 11 долоо хоногийн турш 6 хичээлийн 30 минутыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 3-р бүлэг дээрх сургаалыг судалж, заахад ангийнх нь гишүүдэд туслах 6-р үндсэн хичээл-ийг заахад ашиглахаар шийджээ. Тэр мөн 12, 13-р долоо хоногт нэг нэгэндээ богино хэмжээний хичээл бэлдэж, заахад хичээлийг бүхэлд нь зориулахаар шийдэв.
-
Силва эгч ангийнх нь гишүүд дадлага хийснээр адислагдах хэд хэдэн чадварыг тодорхойлжээ. Тэдгээр ур чадварын дадлагыг эхний 11 долоо хоногийн турш 3-р бүлэг-ээс заахгүй өдрүүдэд хийхээр шийдэв.
-
Сүүлчийн өдөр тэр “Итгэлээр үргэлжлүүл” хэмээх 13-р үндсэн хичээлээр цуврал хичээлээ дуусгахаар төлөвлөжээ.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Дараах асуултыг ашиглан, энэ цуврал хичээлийн материалуудыг хэрхэн ашиглахаа төлөвлөж эхэл.
-
Та хэдэн хичээл заах вэ? Хичээл бүрийг хэдэн минут заах вэ?
-
Та үндсэн хичээлүүдийг хичээлдээ хэрхэн хэрэгжүүлэх вэ?
-
“Заах дадлага хий” гэх 6-р хичээлийг та хичээлдээ хэдэн удаа ашиглах вэ?
-
Танай ангийнханд ямар ур чадварын дадлагыг хийх нь хамгийн тустай вэ? Та тэдгээрийг хэзээ ашиглах вэ?
Ангийнхандаа тохирсон төлөвлөгөө гарга. Та хуваариа төлөвлөхдөө аль сэдвийг хамгийн ихээр сонирхож байгааг нь, аль нь тэдэнд хамаатай болох талаар санал бодлыг нь ангийнхаа гишүүдээс асууж болно.
Үндсэн зорилго бол материалыг бүрэн заахад бус, харин Есүс Христэд хөрвүүлэх явдал гэдгийг бүү март. Хичээлийн хуваарийг хэт шахуу төлөвлөх хэрэггүй. Сүнслэг өсөлт хөгжлийг яаравчлах эсвэл хүчлэх боломжгүй. Байгаа цаг хугацаандаа учир утгатай хийж чадах зүйлдээ сэтгэл хангалуун бай.