Номлолын дуудлагууд
9-р хичээл: Мормоны Номын хүчийг ашигла


9-р хичээл

Мормоны Номын хүчийг ашигла

Миний сайн мэдээг номло, 5-р бүлэг

Аврагч Америк тивд айлчилсан нь

“Мормоны Ном Сүнстэй нэгдсэнээр хөрвөлтийн хамгийн хүчирхэг эх сурвалж тань байх болно” (Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамж [2023], 117). Мормоны Ном бол Есүс Христийг гэрчилдэг бөгөөд эцсийн өдрүүдэд Израилыг цуглуулахаар Бурханы бэлтгэсэн зэмсэг юм. Бид Мормоны Номыг судалж, сургаалуудыг нь амьдралдаа хэрэгжүүлснээр Бурханд илүү ойртож чадна.

Дүгнэх ба эргэн шалгах

Хэлэлцүүлгийн удирдагч: Энэ ангид сурсан зүйлээ хэрэгжүүлэхийн тулд саяхан гаргасан хүчин чармайлтынхаа талаар бодоход суралцагчдыг урь. Та тэдэнд хичээл зүтгэлийнхээ талаар хамтрагчтайгаа эсвэл ангиараа хуваалц гэж хэлж болно.

Суралцах үйл ажиллагааны хувилбарууд

Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийнхандаа хамгийн үр дүнтэй байж болох суралцах хувилбаруудыг залбирч байгаад сонго. Дадлага хийх, хэрэгжүүлэхэд хангалттай цаг үлдээ.

А хувилбар: Яагаад Мормоны Ном сайн мэдээг хуваалцах чухал хэрэгсэл болдог вэ?

Судлах

Хэлэлцүүлгийн удирдагч: Байнга ашигладаг ямар нэг хэрэгслийнхээ талаар бодохыг суралцагчдаас хүс. Та дараахтай адил асуултуудыг авч үзэн ярилцаж болно.

  • Энэ хэрэгсэл таны амьдралыг хэрхэн амар хялбар болгодог вэ?

  • Өөрийнх нь ажлыг хийхэд туслах ямар багаж хэрэгслийг Бурхан бидэнд өгсөн бэ?

Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийн нэг гишүүнээр Миний сайн мэдээг номло гарын авлагын 5-р бүлгийн (117-р хуудас) эхний догол мөрийг чанга уншуул. Дагаж уншаад, хүмүүст Өөрт нь ирэхэд туслахын тулд Бурханы ашигладаг багаж хэрэгслүүдийн нэгийг олж мэдэхийг суралцагчдаас хүс. Та мөн дараах мэдэгдлүүдийг энэ хэлэлцүүлгийн нэг хэсэг болгон ашиглаж болно.

Ахлагч Дэвид А.Бэднар ийн заасан.

Ахлагч Дэвид А.Бэднар

Мормоны Ном бол Есүс Христийн бас нэгэн гэрч бөгөөд хожмын үе дэх хөрвөлтийн агуу зэмсэг билээ. (“Ялгуусан алдар суунд Бурханы хүчээр,” Лиахона, 2021 оны 11-р сар, 28–30)

Ахлагч Үлиссэс Соарэс ийн гэрчилжээ.

Ахлагч Үлиссэс Соарэс

Мормоны Ном бол өнөө үед Израилын цугларалтыг улируулан тохиолгож, хүмүүст Бурханы Хүү Есүс Христийг таньж эхлэхэд туслах Бурханы зэмсэг юм. (“Мормоны Ном ирсэн нь,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 37)

Хэлэлцүүлгийн удирдагч: Мормоны Ном бол Аврагчийн сайн мэдээг хуваалцах хамгийн чухал хэрэгслүүдийн нэг юм. Учир нь … гэсэн гүйцэд бус өгүүлбэрийг самбар дээр бич.

Суралцагчдаар өгүүлбэрийг гүйцээн бичүүл. Тэдний хариултыг самбарт бич. Дараа нь дараах зааврыг хэлж өг.

Миний сайн мэдээг номло гарын авлагын 5-р бүлгээс (117–138-р хуудас) нэг хэсгийг сонгон авч судал. Үүнийг уншиж байхдаа, Мормоны Ном Аврагчийн сайн мэдээг хуваалцах нэн чухал зэмсэг байх нэмэлт шалтгаануудыг хайж ол.

Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдыг судалж дууссаны дараа самбар дээрх өгүүлбэрийг гүйцээж бичих өөр арга замуудаас хуваалцахад тэднийг урь. Суралцагчид доорх асуултуудын нэгийг эсвэл хоёуланг нь авч үзэн ярилцаж болно. Хэрэв тэд аль нэг асуултад хариулахдаа Мормоны Номын тодорхой шүлгийг дурдвал түүнийг нь ангиараа хамт уншиж болно.

  • Танд Мормоны Номын үнэнийг бусадтай хуваалцсан ямар туршлагууд байгаа вэ?

  • Мормоны Номын үнэнүүд таны болон бусад хүний хувьд Есүс Христэд илүү ойртоход тусалж байгааг та харж байсан уу?

Хэлэлцүүлгийн удирдагч: Өмнөх асуултуудад өгөх өөрийнхөө хариултыг хуваалц. Та мөн “Shaquille’s Story about the Book of Mormon” (1:28, ChurchofJesusChrist.org) видеог үзүүлж болно. Мормоны Ном түүний асуултуудад болон Есүс Христэд хөрвөгдөхөд нь хэрхэн тусалсан тухай ярилц.

Дадлага

Хэлэлцүүлгийн удирдагч: Мормоны Ном сайн мэдээг хуваалцах нэн чухал эх сурвалж байдгийн нэг шалтгаан нь мөнхийн ач холбогдолтой асуултуудын хариултыг агуулдаг явдал гэдгийг тайлбарла. Дараах үйл ажиллагаа нь суралцагчдад эдгээр асуултын хариултыг олоод бусадтай хуваалцахдаа Мормоны Номыг ашиглах дадлага хийхэд нь туслах болно. Дараах зааврыг үзүүл.

  1. Миний сайн мэдээг номло гарын авлагын 5-р бүлэг дэх ”Мормоны Ном бодгалийн асуултуудыг авч үздэг” гарчигтай хэсэг рүү оч (122-р хуудас).

  2. Тэр хэсгээс онцгойлон авч үзэхийг хүссэн нэг асуултаа сонго.

  3. Холбогдох судруудыг уншаад, таны сонгосон асуултад эдгээр судар хэрхэн тусалж болох талаар бод.

  4. Судалсан шүлгүүдийнхээ нэгийг хуваалцаж, энэ нь таны асуултад хэрхэн хариулж байгааг тайлбарлахад бэлд.

Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийнхныг хамтрал болгон хуваа. Ангийн гишүүн бүрийг 4-р алхамд юу бэлтгэснээ хамтрагчтайгаа хуваалц гэж урь. Хамтрагчдыг бие биедээ зааж дууссаны дараа тэдэнд өөр хамтрагчийг томилж болно. Ингэснээр тэд дахин нэг удаа заах дадлага хийж болно.

Нэмэлт дадлага хийхдээ Ур чадварын дадлага 1: ”Мормоны Номыг хүмүүст танилцуулах” гэсэн хэсгийг ашиглаж болно.

Зорилго тавих

Хэлэлцүүлгийн удирдагч: Сурсан зүйлээ тунгаан бодох, зорилго тавих цагийг ангийн гишүүдэд гаргаж өг. Таны ийн үйлдэх нэг арга зам бол ахлагч Роналд А.Расбандын мэдэгдлийг болон доор нь байх урилгыг хуваалцах явдал юм.

Ахлагч Роналд А.Расбанд

Би таныг “энэ өдөр” Мормоны Номыг найз нөхөд, гэр бүл, ажлын хамтрагчид, хөл бөмбөгийн дасгалжуулагч эсвэл ногооны дэлгүүрийн худалдагчдаа өг гэж урьж байна. Тэдэнд энэ ном дээрх Их Эзэний үгс хэрэгтэй. Тэдэнд өдөр тутмын амьдралын асуултуудаас гадна ирэх мөнх амьдралын асуултуудад нь хариулт хэрэгтэй. Тэд өмнө нь зурайх гэрээний зам, тэдний төлөөх Их Эзэний дуусашгүй хайрын тухай мэдэх хэрэгтэй. Энэ бүгд Мормоны Номд агуулагдаж байна.

Тэдэнд Мормоны Номыг өгөхдөө та тэдний оюун бодол, зүрх сэтгэлийг Бурханы үгэнд нээж өгч байгаа юм. Та номын хэвлэсэн хувийг өөртөө авч явах шаардлагагүй. Та Gospel Library аппликэйшны судрын хэсгээс гар утаснаасаа хялбархан хуваалцаж болно. (“Энэ өдөр,” Лиахона, 2022 оны 11-р сар)

Мормоны Номыг хуваалцаж болох хэн нэгний тухай залбирч байгаад бодож үз. Та тэдэнд Мормоны Номын тухай юу заахаа мөн өөр юу гэж хэлэхээ шийд. Төлөвлөгөөгөө бичиж тэмдэглэ.

Миний зорилго
  • Би … (таны хийх үйлдэл) болно.

  • Би …-ны дотор зорилгоо биелүүлнэ (энгийн төлөвлөгөө).

Хэлэлцүүлгийн удирдагч: Хэрэв суралцагчдад хичээлийн туршид тавьсан зорилгоо хуваалцах хэсэг үе тэнгийнхэн байвал дараагийн хичээлээс өмнө нэг нэгэндээ хэрхэн дэмжлэг үзүүлэх эсвэл сануулах тухай хуваалцах цаг гаргаж өг.

Б хувилбар: Мормоны Ном надад төдийгүй бусдад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү ойртоход хэрхэн тусалж чадах вэ?

Судлах

Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийн нэг гишүүнийг ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах мэдэгдлийг чанга унш гэж урь. Дараа нь суралцагчдад ерөнхийлөгч Нэлсоны асуултуудад хэрхэн хариулахаа тунгаан бодох цаг гаргаж өг.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Ах, эгч нар аа, Мормоны Ном та нарт хэр үнэ цэнтэй вэ? Хэрэв та нарт алмаз, бадмаараг эсвэл Мормоны Номыг санал болговол та нар алиныг нь сонгох вэ? Шулуухан хэлэхэд, та нарын хувьд аль нь илүү агуу үнэ цэнтэй вэ? (“Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 56).

  • Мормоны Номыг алмаз, бадмаараг гэх мэт үнэт зүйлсээс илүү юу үнэ цэнтэй болгодог вэ?

Хэлэлцүүлгийн удирдагч: Та дараах судлах үйл ажиллагаагаар ангийн хагасыг ”Мормоны Ном Христийн тухай гэрчилдэг” сэдвийг, үлдсэн хагасыг ”Мормоны Ном Бурханд илүү ойртоход бидэнд тусалдаг” сэдвийг судлахыг хүсэж болно.

Мормоны Ном Христийн тухай гэрчилдэг” мөн ”Мормоны Ном Бурханд илүү ойртоход бидэнд тусалдаг” гарчигтай хэсгүүдийг Миний сайн мэдээг номло гарын авлагын 5-р бүлгээс (119, 121-р хуудас) уншаарай. Яагаад Мормоны Ном үнэ цэнтэй болохыг тайлбарласан ядаж гурван өгүүлбэр олж, тодруул.

Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийнхныг хамтрал болгон хуваа. Ангийн гишүүн бүр хамтрагчийнхаасаа өөр хэсгийг судалсан байх ёстой. Суралцагчдыг өөрсдийн доогуур нь зурсан гурван өгүүлбэрийг хамтрагчтайгаа хуваалцан, яагаад энэ өгүүлбэрийг чухал гэж мэдэрснээ тайлбарла гэж урь.

Хамтралууд бие биедээ зааж дууссаныхаа дараа 120-р хуудсан дээрх “Судраас судлах“ хайрцган доторх (“Мормоны Ном Христийн тухай гэрчилдэг“ гарчгийн доор байгаа) хэдэн шүлгийг хамт уншиж болно. Мөн та дараахтай адил асуултуудыг хамтдаа авч үзэн ярилцаж болно. Үүнд:

  • Мормоны Номыг судалж, сургаалуудыг нь хэрэгжүүлэх нь Бурханд илүү ойртоход тань хэрхэн тусалсан бэ?

  • Та Мормоны Номыг судалснаар Есүс Христийн талаар юу мэдэж авсан бэ?

  • Мормоны Номыг унших нь Есүс Христийн талаарх таны гэрчлэлд хэрхэн нөлөөлсөн бэ?

Дадлага

Хэлэлцүүлгийн удирдагч: Мормоны Номоос Есүс Христийн тухай гэрчилсэн хэсгүүдийг олж, хуваалцах дадлага хийх цагийг суралцагчдад гаргаж өг. Та энэ дасгалын үйл ажиллагааг “Book of Mormon Experiment Honolulu” (2:35, ChurchofJesusChrist.org) видеог үзүүлэн тайлбарлаж болно. Дараах заавруудыг үзүүл.

Есүс Христийн тухай гэрчилсэн судруудыг Мормоны Номоос хайж ол. Та Миний сайн мэдээг номло гарын авлагын 5-р бүлэг дэх “Хувиараа болон хамтрагчтайгаа судлах” хайрцаг доторх (143–147-р хуудас, ”Мормоны Ном Христийн тухай гэрчилдэг” гарчгийн доор байгаа) бүлгүүдээс шүлэг олж болно. Эсвэл та өөрөө өөр шүлгүүд олж болно.

Олсон судрын хэсэг бүрд дараах асуултуудад хариулж бич.

  • Судрын энэ хэсэг Есүс Христийн талаар надад юу зааж байна вэ?

  • Есүс Христийн тухай энэ зүйлийг мэдэх нь надад болон бусдад хэрхэн нөлөөлж болох вэ?

Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваа. Бүлгийн гишүүн бүрийг олсон судрын хэсгээсээ нэг эсвэл хоёрыг бүлгийнхээ бусад гишүүнтэй хуваалц гэж урь. Тэднийг мөн дээрх хоёр асуултын хариултыг хуваалц гэж урь.

Зорилго тавих

Хэлэлцүүлгийн удирдагч: Сурч мэдсэн зүйлээ тунгаан бодох, зорилго тавих цагийг ангийн гишүүдэд гаргаж өг. Та тэдэнд туслахын тулд дараахыг үзүүлж болно.

Сурч мэдсэн зүйлтэйгээ холбоотой зорилго тавь. Дараахтай адил эсвэл өөрийн бодож олсон санаануудыг хэрэгжүүл.

  • Мормоны Номыг өдөр бүр судал. Есүс Христийн талаар мэдэж авсан зүйлдээ онцгой анхаарал хандуул.

  • Олон нийтийн сүлжээгээр эсвэл таньдаг хүнтэйгээ Мормоны Номоос өөрт онцгой утга учир бүхий нэг шүлгийг хуваалц. Яагаад та үүнийг хуваалцахаар шийдсэнээ тайлбарла.

  • Мормоны Ном аппликэйшн дэх үйлдлүүдийг судал (жишээлбэл: дуу бичлэг, хэл, номлогчидтой холбогдох). Хэн нэгэнтэй Мормоны Ном аппликэйшныг хуваалц.

Миний зорилго
  • Би … (таны хийх үйлдэл) болно.

  • Би …-ны дотор зорилгоо биелүүлнэ (энгийн төлөвлөгөө).

Хэлэлцүүлгийн удирдагч: Хэрэв суралцагчдад хичээлийн туршид тавьсан зорилгоо хуваалцах хэсэг үе тэнгийнхэн байвал дараагийн хичээлээс өмнө нэг нэгэндээ хэрхэн дэмжлэг үзүүлэх эсвэл сануулах тухай хуваалцах цаг гаргаж өг.

В хувилбар: Мормоны Ном, Библи хоёр хэрхэн бие биеэ дэмждэг вэ?

Судлах

Хэлэлцүүлгийн удирдагч: Дараахтай төстэй тохиолдлыг хуваалцан, энэ суралцах үйл ажиллагааг эхлүүл.

Та Сүмийн гишүүн бус найзтайгаа шашны үзэл бодлынхоо талаар ярилцаж байна гэж төсөөл. Найз тань таныг Мормоны Номд итгэдэг гэдгийг мэдээд, “Бидэнд Библи аль хэдийн байгаа атал Мормоны Ном ямар хэрэгтэй юм бэ?” гэж асуув.

Хэлэлцүүлгийн удирдагч: Найздаа хэрхэн хариулж болох талаар бодоход суралцагчдыг урь. Мөн та тэднээс иймэрхүү зүйлтэй учирч байсан эсэхээ бодож үзэхийг хүсэж болно. Дараа нь дараах зааврыг хэлж өг.

Миний сайн мэдээг номло гарын авлагын 5-р бүлэг дэх “Мормоны Ном, Библи хоёр бие биеэ дэмждэг” гарчигтай хэсгийг унш (123-р хуудас). Тухайн тохиолдолд энэхүү асуулттай тулгарсан хүнд туслах сургаалыг хайж олоорой.

Хэлэлцүүлгийн удирдагч: Дээрх тохиолдолд найздаа тусалж болох юуг олж мэдсэнээ хуваалцахад суралцагчдыг урь. Энэ хэлэлцүүлгийн нэг хэсэг болгон суралцагчид өөрсдийн судалсан хэсэгт жагсаасан Езекиел 37:16–17; 1 Нифай 13:40 гэх мэт шүлгүүдийг судалж болно. Мөн та дараахтай адил асуултуудыг тавьж болно.

  • Есүс Христийг олон хүн гэрчлэх нь ямар ач тустай вэ?

  • Библи, Мормоны Ном хоёрыг хамтад нь судалснаар Есүс Христийн талаарх таны итгэл үнэмшил хэрхэн хүчирхэгжсэн бэ?

Дадлага

Хэлэлцүүлгийн удирдагч: Библи, Мормоны Ном хоёроос бие биеэ дэмждэг судруудыг олох дадлага хийх боломжийг суралцагчдад олго. Дараах заавруудыг үзүүл.

Библи, Мормоны Ном хоёр хэрхэн бие биеэ дэмждэг тухай жишээнүүдийг судраас хайж ол. Үүнийг хийхэд тань туслах дараах сонголтуудаас нэгийг эсвэл түүнээс олныг сонго.

  1. Миний сайн мэдээг номло гарын авлагын 5-р бүлэг дэх “Мормоны Ном, Библи хоёр бие биеэ дэмждэг” хэсгийн төгсгөл дэх ”Хувиараа эсвэл хамтрагчтайгаа судлах” гэсэн хайрцган доторх жишээнүүдийг судал.

  2. Судруудын удирдамж эсвэл Сэдвийн удирдамжийг ашиглан өөрийн сонирхсон сэдвийг ол. Тухайн сэдвийн жагсаалтад орсон Ариун Библи болон Мормоны Номын судруудыг ол.

  3. Мормоны Номоос зарим дуртай шүлгүүдээ ол. Эдгээр эшлэлийг илүү сайн ойлгоход тань туслах Библийн эшлэл байгаа эсэхийг зүүлт тайлбараас харна уу.

Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийнхныг олсон жишээнүүдээсээ хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлэг дотроо хуваалц гэж урь. Түүнчлэн та хуваалцах хүсэлтэй цөөн суралцагчийг олсон зүйлээ ангийнхантайгаа хуваалц гэж урьж болно.

Зорилго тавих

Хэлэлцүүлгийн удирдагч: Сурч мэдсэн зүйлээ тунгаан бодох, зорилго тавих цагийг ангийн гишүүдэд гаргаж өг. Та тэдэнд туслахын тулд дараахыг үзүүлж болно.

Сурч мэдсэн зүйлтэйгээ холбоотой зорилго тавь. Дараахтай адил эсвэл өөрийн бодож олсон санаануудыг хэрэгжүүл.

  • Та Мормоны Номыг судлахдаа зүүлт тайлбаруудыг үзэж, сурч буй зүйлтэйгээ холбоотой Библийн эшлэлүүдийг хайж ол.

  • Шинэ Гэрээн дэх дөрвөн сайн мэдээний аль нэгийг судал (Maтай, Марк, Лук, Иохан). Уншиж байхдаа Есүс Христийн талаар юу сурч, юу мэдэрч байгаадаа анхаарал хандуул. Зүүлт тайлбаруудыг харж, сурч буй зүйлтэйгээ холбоотой Мормоны Номын судруудын эшлэлүүдийг хайж ол.

Миний зорилго
  • Би … (таны хийх үйлдэл) болно.

  • Би …-ны дотор зорилгоо биелүүлнэ (энгийн төлөвлөгөө).

Хэлэлцүүлгийн удирдагч: Хэрэв суралцагчдад хичээлийн туршид тавьсан зорилгоо хуваалцах хэсэг үе тэнгийнхэн байвал дараагийн хичээлээс өмнө нэг нэгэндээ хэрхэн дэмжлэг үзүүлэх эсвэл сануулах тухай хуваалцах цаг гаргаж өг.

Дараагийн удаа

Хэлэлцүүлгийн удирдагч: Хэрэв та дараагийн хичээл дээр 10-р хичээлийг заахад бэлэн байвал ангийн гишүүдээр Миний сайн мэдээг номло гарын авлагын 6-р бүлгийг судлан бэлдүүлж болно. Та тэдэнд сануулга илгээх хэрэгтэй байж болох юм.