Сайн мэдээний анги
11-р хичээл: Үүрэг амлалт өгч, өгсөн амлалтаа биелүүлэхэд нь хүмүүст тусал


11-р хичээл

Үүрэг амлалт өгч, өгсөн амлалтаа биелүүлэхэд нь хүмүүст тусал

Миний сайн мэдээг номло, 11-р бүлэг

Хоньчин

“Есүс Христэд хөрвөгдөхөд хүмүүст туслах нь таны номлолын зорилгын төвд байдаг” (Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамж [2023], 212). Бусдад хөрвөгдөхөд нь туслах нэг чухал арга зам бол амлалт өгч, түүнийгээ сахихад нь тэднийг урих явдал юм. Ач холбогдолтой урилгуудыг өгснөөр хүмүүсийн амлалт өгөх, амлалтаа биелүүлэх магадлал нэмэгддэг.

Дүгнэх ба эргэн шалгах

Хэлэлцүүлгийн удирдагч: Энэ ангид сурсан зүйлээ хэрэгжүүлэхийн тулд саяхан гаргасан хүчин чармайлтынхаа талаар бодоход суралцагчдыг урь. Та тэдэнд хичээл зүтгэлийнхээ талаар хамтрагчтайгаа эсвэл ангиараа хуваалц гэж хэлж болно.

Суралцах үйл ажиллагааны хувилбарууд

Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийнхандаа хамгийн үр дүнтэй байж болох суралцах хувилбаруудыг залбирч байгаад сонго. Дадлага хийх, хэрэгжүүлэхэд хангалттай цаг үлдээ.

A хувилбар: Би Их Эзэнд хөрвөгдөхөд нь бусдад хэрхэн тусалж болох вэ?

Судлах

Хэлэлцүүлгийн удирдагч: Ахлагч Дэвид А.Бэднарын дараах мэдэгдлийн талаар ярилц.

Ахлагч Дэвид А.Бэднар

Их Эзэний эрх бүхий үйлчлэгчид мөнх бус амьдралын үндсэн зорилгуудын нэг бол Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан сүнслэг байдлын хувьд өөрчлөгдөн, хувирах явдал гэдгийг удаа дараа заасан. (“Ye Must Be Born Again,” Ensign эсвэл Liahona, May 2007, 19–20)

  • Яагаад сүнслэг байдлын хувьд өөрчлөгдөх буюу хөрвөгдөх нь энэ дэлхий дээрх бидний гол зорилгуудын нэг гэж та бодож байна вэ?

Хэлэлцүүлгийн удирдагч: Дараах гүйцэд бус өгүүлбэрүүдийг гарчиг болгон самбар дээр тавьж болно.

Их Эзэнд хөрвөгдөнө гэдэг нь …

Бид …-ээр Есүс Христэд хөрвөгдөж чадна.

Ангийн гишүүдээр энэ хоёр өгүүлбэрийг хэрхэн гүйцээж болох талаар бодуулах эсвэл хуваалцуул. Энэ суралцах үйл ажиллагаа нь тэдэнд хөрвөлт гэж юу болохыг мөн бид хэрхэн хөрвөгддөгийг илүү сайн ойлгоход тусална гэдгийг тайлбарла. Дараах зааврыг үзүүл.

Дараах үйл ажиллагаануудыг хийж гүйцэтгэ. (1) Их Эзэнд хөрвөгдөнө гэдэг нь юу гэсэн утгатай болон (2) хөрвөлт хэрхэн тохиодог талаар сурсан зүйлсээ тодруул.

  1. Миний сайн мэдээг номло гарын авлагын 11-р бүлэг дэх “Наманчлал, үүрэг амлалт, хөрвөлт” гарчигтай хэсгийг унш (211-р хуудас).

  2. Дараах судруудаас наад зах нь хоёрыг судал. Үүнд: Иохан 3:3–5; Мозая 5:2; Moзая 27:25–26; Алма 5:12–14.

Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцахад хангалттай цаг гаргаж өгсний дараа ангийн гишүүдийг сурсан зүйлээ хуваалц гэж урь. Та суралцагчдыг хариултаа самбар дээр тохирох гарчгийн доор бич гэж урьж болно.

Мөн Та дараах асуултуудын талаар хамтдаа ярилцаж болно.

  • Наманчлал, үүрэг амлалт болон гэрээнүүд хөрвөлттэй хэрхэн холбогддог вэ?

  • Яагаад хөрвөлт нь зөвхөн Есүс Христ болон Түүний Цагаатгалаар дамжин боломжтой гэж та бодож байна вэ?

  • Есүс Христэд хөрвөгдөх хөрвөлтөө гүнзгийрүүлэхэд тань юу тусалсан бэ?

Дадлага

Хэлэлцүүлгийн удирдагч: Дараах үйл ажиллагаа нь суралцагчдад өмнөх сургалтын үйл ажиллагаагаар дамжуулан сурсан үнэнүүдээ тайлбарлах дадлага хийхэд тусална. Дараах заавруудыг үзүүлээд, хариулах хугацаа өг. Та суралцагчдад эсвэл хамтрагчдад тодорхой нэг тохиолдол дээр ажиллах даалгавар өгөөд, тэднийг өөрсдөөс нь өөр тохиолдол дээр ажиллахаар томилогдсон хүмүүст заахаар хуваарилж болно.

Дараах тохиолдлуудын нэгийг сонго. Тухайн тохиолдолд байгаа хүнд хариулт өгөхөөр бэлдэхдээ доорх асуултад хариул.

  1. Кристина хэзээ ч сүмд нэгдэж байгаагүй. Саяхан Бурхантай илүү ойр байх хүсэл түүнд төржээ. Тэр хаанаас эхлэх талаараа бодно.

  2. Айзак номлогчдоор хичээл заалгаж байгаа. Нэг хичээлийн үеэр номлогчид Айзакт наманчлал бол Бурхан руу эргэж, нүглээсээ холдох үйл явц гэж заасан. Айзак хариуд нь “Би ингэж чадна гэдэгтээ итгэлгүй байна. Би бол ийм л хүн” гэж хэлжээ.

  3. Жасмин бусад хүнд зарлигуудыг сахих нь тийм ч хэцүү санагддаггүйг мөн тэд өөрөөс нь илүү хүчтэй гэрчлэлтэй байгааг анзаарчээ. Тэр өөрийгөө бусадтай харьцуулахдаа сэтгэлээр унадаг.

  • Та судруудаас эсвэл Миний сайн мэдээг номло удирдамжаас тус болох юуг хуваалцаж болох вэ?

  • Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу зааж болох вэ?

  • Та ямар урилгыг өгч болох вэ?

Хэлэлцүүлгийн удирдагч: Хангалттай цаг гаргаж өгсний дараа суралцагчдыг хариултуудаа хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлэг дотроо хуваалц гэж урь.

Зорилго тавих

Хэлэлцүүлгийн удирдагч: Сурч мэдсэн зүйлээ тунгаан бодох, зорилго тавих цагийг ангийн гишүүдэд гаргаж өг. Та тэдэнд туслахын тулд дараахыг үзүүлж болно.

Сурч мэдсэн зүйлтэйгээ холбоотой зорилго тавь. Дараахтай адил эсвэл өөрийн бодож олсон санаануудыг хэрэгжүүл.

  • Одоо ч үргэлжилж байгаа өөрийн хувийн хөрвөлтийн түүхийг бич. Амьдралыг тань өөрчлөхөд Бурханы нөлөөлсөн тодорхой арга замуудыг дурд.

  • Найзаасаа эсвэл гэр бүлийнхээ хэн нэгнээс Есүс Христэд хөрвөгдөж байгаа үйл явцынх нь талаар асуу.

  • Хувийн хөрвөлтөө хүчирхэгжүүлэхийн тулд Есүс Христийн тусламжийг эрэлхийлж болох гурван арга замыг бич.

Миний зорилго
  • Би … (таны хийх үйлдэл) болно.

  • Би …-ны дотор зорилгоо биелүүлнэ (энгийн төлөвлөгөө).

Хэлэлцүүлгийн удирдагч: Хэрэв суралцагчдад хичээлийн туршид тавьсан зорилгоо хуваалцах хэсэг үе тэнгийнхэн байвал дараагийн хичээлээс өмнө нэг нэгэндээ хэрхэн дэмжлэг үзүүлэх эсвэл сануулах тухай хуваалцах цаг гаргаж өг.

Б хувилбар: Ач холбогдолтой урилга нь Есүс Христэд ирэхэд хүмүүст хэрхэн туслах вэ?

Судлах

Хэлэлцүүлгийн удирдагч: Дараах асуултуудыг үзүүлээд, суралцагчдыг хамтрагчтайгаа ярилц гэж урь. Та өөрийнхөө амьдрал дахь жишээг хуваалцсанаар эхлүүлж болно.

  • Та Есүс Христэд илүү ойртоход тань тусалсан ямар урилгыг хүлээн авч, хэрхэн үйлдсэн бэ?

  • Та энэхүү урилгыг хүлээн аваагүй байсан бол амьдрал тань хэр өөр байх байсан бэ?

Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдад ач холбогдолтой урилгын талаар судалж эхлэхэд нь туслахын тулд доор жагсаасан зааварчилгааг хуваалцаж болно. Ангийнхныг хамтрал болгон хуваарилж, хамтрал тус бүрд дараах судлах сэдвүүдээс нэгийг оноож өгч болно. Та мөн суралцагч бүрээр 213-р хуудсан дахь “Урилга өгөх зарчим“ гэсэн гарчгийн доор байрлах ”Судар судлах” хайрцган доторх судруудаас нэг юм уу түүнээс олныг уншуулж болно.

Миний сайн мэдээг номло гарын авлагын 11-р бүлгээс дараах хэсгийг судлан, урилга өгөх талаар суралц.

  1. Урилга өгөх” гарчгийн доорх хоёр догол мөр, заалт хэсгүүд (212-р хуудас)

  2. Урилга өгөх зарчим” (213-р хуудас)

Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдыг судалж дууссаны дараа, ангийнхныг сурсан зүйлээ хамтрагчтайгаа товчхон хуваалц гэж урь. Дараа нь ангиараа доорх асуултуудын талаар ярилцаж болно.

  • Есүс Христийн сайн мэдээг хуваалцахдаа урилга өгөхийн ач холбогдлын талаар та юу сурч мэдсэн бэ?

  • Христэд ирэхэд нь бусдад туслахын тулд бидний өгч болох урилгын ямар жишээ байна вэ?

Хэлэлцүүлгийн удирдагч: Та хэлэлцүүлгийнхээ нэг хэсэг болгон “Бусдыг ’Ирээд үз’ хэмээн урих нь” (1:17) эсвэл “’Ирээд, тусал’ хэмээн бусдыг урих нь” (1:03) зэргийг үзүүлж болно. Энэ хоёр видеог ChurchofJesusChrist.org-оос үзэх боломжтой.

Мөн та ахлагч Гари Э.Стивэнсоны дараах мэдэгдлийг хуваалцаж болно.

Ахлагч Гари Э.Стивэнсон

Бидэнд бусдад өгч чадах олон зуун урилга байдаг. Бид бусдыг Есүс Христийн сайн мэдээг тайлбарладаг онлайн видео, ариун ёслолын цуглаан, тойргийн үйл ажиллагаа зэргийг “ирээд, харахад” урьж болно. Мөн “ирээд, харах” гэдэгт ариун сүмийг онцгойлон адислахаас өмнөх нээлттэй хаалганы өдөрлөгт зочлох, Мормоны Номыг унших зэрэг урилгууд орж болно. (“Хайрла, хуваалц, урь,” Лиахона, 2022 оны 5-р сар, 86)

Дадлага

тараах материалын дүрс зураг Хэлэлцүүлгийн удирдагч: Та суралцагчдад урилга өгөх дадлага хийх боломжийг олгохын тулд ”Урилга өгөх нь” тараах материалыг тарааж өг. Ангийн гишүүдэд тараах материалыг бие даан эсвэл хамтрагчтайгаа тараах цагийг гаргаж өг.

Урилга өгөх

Дараах зарчмууд нь ач холбогдолтой урилга өгөхөд тань тусална. Үүнд:

Эелдэг, тодорхой, ойлгомжтой хэлээрэй. Та урилгаа “та тэгэх үү” гэж асууж буй маягаар илэрхийл. Жишээлбэл: Миний сайн мэдээг номло гарын авлагын 11-р бүлэг дэх “Эелдэг, ойлгомжтой үгээр урилгаа өг” хэсгийг үзнэ үү (213-р хуудас).

Адислалуудын талаар гэрчил. Таны өгөх урилгыг дагасан хүмүүсийг Бурхан адислах болно гэсэн гэрчлэлээ хуваалц. Та хувьдаа хэрхэн адислал хүртсэнээ тайлбарлаж болно. Дэлгэрэнгүй мэдээллийг Миний сайн мэдээг номло гарын авлагын 11-р бүлэг дэх “Хүмүүст адислалуудыг амлах” болон “Гэрчлэлээ хуваалцах” хэсгээс үзнэ үү (214–215-р хуудас).

Эдгээр удирдамжийг дагах урилгын жишээг өгье.

Их Эзэн аравны нэгийн хуулийг сахидаг хүмүүст агуу адислалуудыг амласан. Бид энэ хуулийг дагаснаар Тэр намайг болон гэр бүлийг маань адисалсан. Хэрэв та Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлж, аравны нэгээ төлөх юм бол Бурхан таныг адислах болно гэдгийг би амлаж байна. Та баптисм хүртсэнийхээ дараа аравны нэгийн хуулийг дагах уу?

Урилга бэлдэж, өгөх дадлага хийхэд тань туслах дараах алхмуудыг ашигла.

  1. Та хэн нэгнийг Есүс Христэд илүү ойртоход нь тусалж болохын тулд юу хийж чадахаа тодорхойл. Энэ нь таны таньдаг хүн эсвэл номлогчийн хувьд зааж байгаагаар төсөөлж буй хэн нэгэн байж болно.

  2. Тэдний хийж болох үйлдлийн жишээнд номлогчидтой уулзах, өдөр бүр Мормоны Номоос унших, сүмд хамт очих эсвэл Тэнгэрлэг Эцэгт хандан залбирах зэрэг орно. Илүү олон жишээг Миний сайн мэдээг номло гарын авлагын 3-р бүлгийн 1–3-р хичээл дээрх “Өгч болох урилга” сэдвийг үзнэ үү (33, 50, 66-р хуудас).

  3. Урилга өгөхдөө юу гэж хэлэхээ бичээрэй. Эелдэг, тодорхой, ойлгомжтой байдлаар хэлэхээ санаарай. Бид энэ зарчмын дагуу амьдарснаар хүлээн авч болох адислалуудын тухай гэрчлэлээ заавал хуваалцаарай.

Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдад тараах материалыг тарааж өгч дууссаны дараа хамтрагчтайгаа хамт урилга өгөх дадлагын цаг гаргаж өг. Та ангийн гишүүдийг бие даан дадлага хийхээс өмнө жишээ харуулах хэрэгтэй. Хэрэв цаг гарвал та суралцагчдаар ангийн олон өөр гишүүнтэй дадлага хийлгэж болно.

Зорилго тавих

Хэлэлцүүлгийн удирдагч: Сурч мэдсэн зүйлээ тунгаан бодох, зорилго тавих цагийг ангийн гишүүдэд гаргаж өг. Та тэдэнд туслахын тулд дараахыг үзүүлж болно.

Сурч мэдсэн зүйлтэйгээ холбоотой зорилго тавь. Дараахтай адил эсвэл өөрийн бодож олсон санаануудыг хэрэгжүүл.

  • Ангиас гадуур гэр бүлийн гишүүнд эсвэл найздаа урилга өгөх дадлага хий.

  • Gospel Library дахь ”Сайн мэдээг хуваалцах нь” хэсгийг судлан, гэр бүл болон найз нөхдөдөө өгч болох урилгын жишээнүүдийг хай. Та сүнслэгээр өдөөгдсөнийхөө дагуу үйлд.

  • Найзыгаа сүмийн цуглаан болон үйл ажиллагаанд хамт очихыг урь. Тэднийг урих үедээ дадлага хийсэн удирдамжаа ашигла.

Миний зорилго
  • Би … (таны хийх үйлдэл) болно.

  • Би …-ны дотор зорилгоо биелүүлнэ (энгийн төлөвлөгөө).

Хэлэлцүүлгийн удирдагч: Хэрэв суралцагчдад хичээлийн туршид тавьсан зорилгоо хуваалцах хэсэг үе тэнгийнхэн байвал дараагийн хичээлээс өмнө нэг нэгэндээ хэрхэн дэмжлэг үзүүлэх эсвэл сануулах тухай хуваалцах цаг гаргаж өг.

Дараагийн удаа

Хэлэлцүүлгийн удирдагч: Хэрэв та дараагийн хичээлээр 12-р хичээлийг судлахад бэлэн болсон бол суралцагчдад Номлогчийн амьдралд дасан зохицох нь (2013) товхимлыг үзэхийг даалгаж болно. Та тэдэнд энэ эх сурвалжийн холбоосыг илгээх эсвэл Gospel Library (Номын сан > Гарын авлагууд ба дуудлагууд > Номлолын дуудлагууд > Номлогчийн амьдралд дасан зохицох нь)-аас хэрхэн олохыг нь зааж өгч болно.