Номлолын дуудлагууд
7-р хичээл: Баптисм хүртэж, гишүүнээр батлуулах урилга


7-р хичээл

Баптисм хүртэж, гишүүнээр батлуулах урилга

Миний сайн мэдээг номло, 3-р бүлэг

баптисм

Аврагч хариуцлага хүлээх чадвартай бүх хүнд наманчилж, баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авахыг зарлигласан. “Баптисмын гэрээгээ сахих нь Бурхантай өөрсдийгөө холбох анхны алхам бөгөөд ингэснээр Ариун Сүнс биднийг цэвэршүүлж, хүчирхэгжүүлж, мөн бидний мөн чанарыг илүү сайжруулан өөрчлөх болно” (Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамж [2023], 28). Баптисм хүртэж, гишүүнээр батлуулах урилга өгөх нь бусдад Есүс Христэд ирэхэд нь туслах зорилгоо биелүүлэх номлогчдын нэг чухал арга зам юм.

Дүгнэх ба эргэн шалгах

Хэлэлцүүлгийн удирдагч: Энэ ангид сурсан зүйлээ хэрэгжүүлэхийн тулд саяхан гаргасан хүчин чармайлтынхаа талаар бодоход суралцагчдыг урь. Та тэдэнд хичээл зүтгэлийнхээ талаар хамтрагчтайгаа эсвэл ангиараа хуваалц гэж хэлж болно.

Суралцах үйл ажиллагааны хувилбарууд

Хэлэлцүүлгийн удирдагч: Ангийнхандаа хамгийн үр дүнтэй байж болох суралцах хувилбаруудыг залбирч байгаад сонго. Дадлага хийх, хэрэгжүүлэхэд хангалттай цаг үлдээ.

А хувилбар: Яагаад баптисм болон гишүүний баталгаа чухал вэ?

Судлах

Хэлэлцүүлгийн удирдагч: Баптисм хүртэж буй хэн нэгний зургийг үзүүлж болох юм. Суралцагчдыг дараах асуултуудын талаар хамтрагчтайгаа ярилц гэж урь.

Баптисм 2
  • Та өөрийнхөө баптисм болон гишүүний баталгааны талаар юуг санадаг вэ?

  • Баптисм хүртэж, гишүүнээр батлуулах шийдвэрийг гаргаснаар Их Эзэн таныг ямар арга замуудаар адисалсан бэ?

Хэлэлцүүлгийн удирдагч: Бусдыг баптисм, гишүүний баталгааны ёслолуудаар дамжуулан Христэд ир хэмээн урих нь номлогчдын зорилгоо биелүүлэх чухал арга зам гэдгийг суралцагчдад сануул. Ангиараа номлогчийн зорилгыг цээжээр уншиж давтаж болох юм (“Номлогчийн зорилгоо биелүүл,” Миний сайн мэдээг номло [2023], 1-ийг үзнэ үү).

Дараах судлах үйл ажиллагаа нь суралцагчдад баптисм хүртэж, гишүүнээр батлуулахаар сонгосон хүмүүсийг Аврагч хэрхэн адисалж болохыг илүү сайн ойлгоход тусална. Ангийн гишүүдэд Миний сайн мэдээг номло гарын авлагын 3-р бүлгээс (28–29-р хуудас) “Баптисм хүртэж, гишүүнээр батлуулах урилга”-ыг олоход тусал. Дараа нь дараах заавруудыг хуваалц.

Сургаалын үндэс суурь” (Миний сайн мэдээг номло, 28) гарчгийн доорх догол мөрүүдийг эш татсан ядаж хоёр судартай хамт судал. Баптисм болон гишүүний баталгааны ач холбогдлын тухай ойлголтыг тань гүнзгийрүүлдэг сургаалуудыг олж, тэмдэглэ.

Хэлэлцүүлгийн удирдагч: Суралцагчдыг судалж дууссаны дараа дараах асуултуудыг авч ярилц.

  • Хэн нэгэнд баптисм хүртэж, гишүүнээр батлуулах хүсэлтэй болоход нь тусалж болох зүйлсийн талаар та юу олж мэдсэн бэ?

  • Баптисм хүртэж, гишүүнээр батлуулахыг сонгосон хүмүүсийг Бурхан хэрхэн адисалдаг талаар та юу сурсан бэ?

Хэлэлцүүлгийн удирдагч: Өмнөх асуултын талаар ярилцаж байхдаа ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах мэдэгдлийг хуваалц. Ерөнхийлөгч Нэлсоны сургаалаас олж авсан нэмэлт ойлголтоо хуваалцахад ангийнхныг урь.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Та бид Бурхантай гэрээ байгуулсан л бол Түүнтэй харилцах харилцаа маань бидний гэрээ байгуулахаас өмнөх үеийнхээс ч илүү дотно болно. Одоо бид бие биетэйгээ харилцан холбоотой болсон. Бид Бурхантай гэрээ байгуулсан тул Тэр бидэнд туслахаар хичээхээ хэзээ ч болихгүй бөгөөд Түүний бидэнд гаргасан нигүүлсэнгүй тэвчээр хэзээ ч дундрахгүй. Бид бүгдээрээ Бурханы зүрх сэтгэлд онцгой байр суурь эзэлдэг. Тэр бидэнд их итгэл найдвар тавьдаг. (“Үүрдийн гэрээ,” Лиахона, 2022 оны 10-р сар, 28–31.)

Хэлэлцүүлгийн удирдагч: Баптисм болон гишүүний баталгаанаас ирдэг адислалуудын жишээг харахад нь суралцагчдад туслахын тулд “How Sarah Found Happiness“ (3:42, ChurchofJesusChrist.org) видеог үзүүл. Видеоны дараа, баптисм хүртэж гишүүнээр батлуулах шийдвэр нь Сарагийн амьдралыг хэрхэн адисалсан тухай ярилцаж болно.

Дадлага

Хэлэлцүүлгийн удирдагч: Баптисм болон гишүүний баталгааны талаар сурсан зүйлээ тайлбарлах дадлага хийх боломжийг ангийн гишүүдэд олго. Та тэднийг дараах тохиолдлуудад хариу арга хэмжээ авахуулах байдлаар үүнийг гүйцэтгэж болно. Тэд хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлэг дотроо хуваалцахаасаа өмнө хариултаа бичиж болно.

Та өөрийгөө баптисм, гишүүний баталгааны ёслолын талаар сайн мэддэггүй найзтайгаа ярьж байна гэж төсөөл. Найз тань “Яагаад хүн баптисм хүртэж, гишүүнээр батлуулах хэрэгтэй вэ?” гэж асуув. Та юу гэж хариулах байсан бэ?

Зорилго тавих

Хэлэлцүүлгийн удирдагч: Сурч мэдсэн зүйлээ тунгаан бодох, зорилго тавих цагийг ангийн гишүүдэд гаргаж өг. Та тэдэнд туслахын тулд дараахыг үзүүлж болно.

Сурч мэдсэн зүйлтэйгээ холбоотой зорилго тавь. Дараахтай адил эсвэл өөрийн бодож олсон санаануудыг хэрэгжүүл.

  • Та баптисм хүртэж Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүнээр батлагдсанаар хэрхэн адислагдсанаа бич. Бичсэн зүйлээ хайртай хүнтэйгээ, мацгийн болон гэрчлэлийн цуглаан дээр эсвэл олон нийтийн сүлжээгээр хуваалц.

  • Баптисм хүртэхдээ байгуулсан гэрээгээ эргэцүүлэн бод. Баптисмын гэрээгээ хэрхэн илүү бүрэн дүүрэн сахиж болох талаар шийдвэр гарга.

Миний зорилго
  • Би … (таны хийх үйлдэл) болно.

  • Би …-ны дотор зорилгоо биелүүлнэ (энгийн төлөвлөгөө).

Хэлэлцүүлгийн удирдагч: Хэрэв суралцагчдад хичээлийн туршид тавьсан зорилгоо хуваалцах хэсэг үе тэнгийнхэн байвал дараагийн хичээлээс өмнө нэг нэгэндээ хэрхэн дэмжлэг үзүүлэх эсвэл сануулах тухай хуваалцах цаг гаргаж өг.

Б хувилбар: Би бусдыг хэрхэн баптисм хүртэж, гишүүнээр батлуул гэж урих вэ?

Судлах

Хэлэлцүүлгийн удирдагч: Дараах тохиолдлыг хуваалцсанаар энэ суралцах үйл ажиллагааг эхлүүл.

Та өөрийгөө шинэхэн дуудагдсан номлогч байгаагаар төсөөлөн бод. Та хамтрагчтайгаа энэ өдрийн хуваарийг төлөвлөж байна. Хамтрагч тань зааж байгаа хүмүүсийнхээ нэгд баптисм хүртэж гишүүнээр батлуулах урилга өгөх сүнслэг өдөөлт мэдэрснээ тайлбарлаж байна. Хамтрагч тань үдээс хойш хичээл заах үеэрээ энэ урилгыг өгөх үү гэж танаас асуулаа. Энэ нь таны хэн нэгнийг баптисм хүртэж гишүүнээр батлуул гэж урьж байгаа анхны тохиолдол юм.

  • Та энэхүү урилгыг өгөхдөө өөртөө хэр их итгэлтэй байх вэ?

  • Танд ямар асуултууд байж болох вэ?

Хэлэлцүүлгийн удирдагч: Дараах үйл ажиллагаа нь суралцагчдыг баптисм хүртэж, гишүүнээр батлуул гэж урихаар бэлтгэхэд тусална. Тэдэнд Миний сайн мэдээг номло гарын авлагын 3-р бүлэг дэх “Баптисм хүртэж, гишүүнээр батлуулах урилга”-ыг олоход тусал (28–29-р хуудас ). Дараа нь эдгээр зааврыг хуваалц.

Урилга өгөх” болон “Баптисм хүртэх урилгын санаа” (Миний сайн мэдээг номло, 28–29-р хуудас) зэргийг судал. Хэн нэгнийг баптисм хүртэж, гишүүнээр батлуул гэж урихад тань тус болох удирдамжуудыг хай. Та өөрт онцгой санагдсан үгсийг тэмдэглэ.

Хэлэлцүүлгийн удирдагч: Дараахтай адил асуултуудыг тавьж, олж мэдсэн зүйлийнхээ талаар ярилцахыг суралцагчдаас хүс.

  • Аль удирдамж эсвэл зөвлөмж танд хамгийн хэрэгтэй байсан бэ? Яагаад?

  • Бусдад баптисм хүртэх урилга өгөх үедээ Аврагчийн үлгэр жишээнд төвлөрөх нь яагаад хэрэгтэй гэж та бодож байна вэ?

Дадлага

Хэлэлцүүлгийн удирдагч: Хэн нэгнийг баптисм хүртэж, гишүүнээр батлуул гэж урих талаар дадлага хийх боломжийг суралцагчдад олго. Та хэрхэн ийн үйлдэж болох жишээнүүдийг тэдэнд үзүүлэхдээ дараах зүйлсийг хийж болно. Үүнд:

  • Invitation to Be Baptized: German” (2:42) эсвэл “Invitation to Be Baptized: Jynx” (2:34) зэрэг видеонуудыг ашигла. Эдгээр видео ChurchofJesusChrist.org-д байгаа.

  • Хэн нэгэнд баптисм хүртэж, гишүүнээр батлуулах урилга өгч байна гэж ангийн гишүүдээр жүжигчлэн тоглуул. Тэд “Урилга өгөх” (Миний сайн мэдээг номло, 29) гарчгийн доор налуу үсгээр бичсэн бичвэрийг эсвэл энэ хичээлийн төгсгөлд байгаа жүжигчилсэн тоглолтын аль нэгийг ашиглаж болно.

Видео эсвэл жүжигчилсэн тоглолтоос сурсан зүйлсийнх нь тухай буюу юу нь таалагдсан, юуг өөрөөр хийж болох байсан талаар ангийн гишүүдтэй ярилц. Дараа нь дараах зааврыг хэлж өг.

Дараах маягаар үйлдсэнээр баптисм хүртэж, гишүүнээр батлуул гэж урихад бэлдэж, дадлага хий.

  1. Та хэн нэгнийг баптисм хүртэж, гишүүнээр батлуул гэж урих энгийн төлөвлөгөө бич. Төлөвлөгөөндөө дараах удирдамжуудыг хэрэгжүүлэхийг хичээ. Үүнд: (1) тодорхой бөгөөд шулуухан бай, (2) адислалуудыг амла, (3) гэрчлэлээ хуваалц.

  2. Бэлдсэн урилгаа хамтрагчтайгаа ээлжлэн өг.

  3. Хамтрагчтайгаа дадлага хийсний дараа урилгыг хэрхэн өөрчлөхөө шийдээрэй.

  4. Өөр хамтрагчтай дахин дадлага хий.

Зорилго тавих

Хэлэлцүүлгийн удирдагч: Сурч мэдсэн зүйлээ тунгаан бодох, зорилго тавих цагийг ангийн гишүүдэд гаргаж өг. Та тэдэнд туслахын тулд дараахыг үзүүлж болно.

Сурч мэдсэн зүйлтэйгээ холбоотой зорилго тавь. Дараахтай адил эсвэл өөрийн бодож олсон санаануудыг хэрэгжүүл.

  • Баптисм, гишүүний баталгааны тухай нэмэлт судрын хэсгүүдийг судал. Дараа нь сурч мэдсэн зүйлээ гэр бүлийн аль нэг гишүүн эсвэл найзтайгаа хуваалц.

  • Есүс Христэд илүү ойртоход нь туслахыг хүсэж байгаа хэн нэгний талаар бод. Тэдэнд ямар урилга өгч болох талаар бодож ол.

Миний зорилго
  • Би … (таны хийх үйлдэл) болно.

  • Би …-ны дотор зорилгоо биелүүлнэ (энгийн төлөвлөгөө).

Хэлэлцүүлгийн удирдагч: Хэрэв суралцагчдад хичээлийн туршид тавьсан зорилгоо хуваалцах хэсэг үе тэнгийнхэн байвал дараагийн хичээлээс өмнө нэг нэгэндээ хэрхэн дэмжлэг үзүүлэх эсвэл сануулах тухай хуваалцах цаг гаргаж өг.

Дараагийн удаа

Хэлэлцүүлгийн удирдагч: Хэрэв та дараагийн хичээлээр 8-р хичээлийг заахад бэлэн байвал ангийн гишүүдийг Миний сайн мэдээг номло гарын авлагын 4-р бүлгийг судалж бэлтгэ гэж урь. Та тэдэнд сануулга илгээх хэрэгтэй байж болно.

Баптисм хүртэж, гишүүнээр батлуул гэж урих

Жүжигчилсэн тоглолт 1—Есүс Христийн жишээг ашиглах нь

Өгүүлэгч: Сара хоёр сарын өмнө коллежид сурч эхэлснээсээ хойш Бурхантай холбогдож харилцах хүсэлтэй болжээ. Тэр саяхан номлогчидтой уулзсан байна. Хэрнандэз эгч, Виллиамс эгч хоёр эхний айлчлалаараа Сарад Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн тухай зааж, Мормоны Номыг уншиж, уг номын талаар залбир гэж урьжээ. Одоо номлогчид Саратай дахин уулзаж байгаа. Тэд Сараг баптисм хүрт гэж урих өдөөлтийг мэдэрсэн.

Хэрнандэз эгч: Сара, та бидэнд Бурханыг дагаж, Түүнтэй харилцах харилцаагаа гүнзгийрүүлэхийг хүсэж байгаагаа хэлсэн. Бурханыг дагах замыг Есүс Христ хэрхэн заасан тухай хамтдаа Библээс уншъя.

Виллиамс эгч: Бид Матай номын 3-р бүлгээс Есүс баптисч Иохан дээр очиж байгаа тухай уншсан. Сара, та Maтай 3:13–17-г унших уу?

Сара: [Maтай 3:13–17-г чанга уншив.]

Хэрнандэз эгч: Сара, Есүс бүх зөвт байдлыг гүйцэлдүүлэхийн тулд баптисм хүртсэн. Энэ нь Тэрээр баптисм хүртэх зарлигийг дуулгавартай дагасан гэсэн үг юм. Та баптисмын талаар юу мэдэх вэ?

Сара: Энэ бол хүмүүсийн байнга хийдэг зүйл гэдгийг би мэднэ. Миний өссөн сүмд хэдэн хүн үүнийг хийж байхыг харж байснаа би санаж байна. Манай гэрийнхнээс нэг ч хүн баптисм хүртээгүй. Үүнээс өөр би тийм ч их зүйл мэдэхгүй.

Хэрнандэз эгч: Энэ талаар хуваалцсанд баярлалаа, Сара. Баптисм гэж юу болохыг бид дэлгэрэнгүй тайлбарлаж өгье. Тэнгэрлэг Эцэг биднийг Өөртэй нь хамт амьдрахаар эргэн ирээсэй гэж хүсдэг. Бид Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлснээр Бурхан руу эргэж очих зам дээр гардаг. Есүс Христэд итгэх нь амьдралаа өөрчилж нүглээ наманчлахад биднийг хөтөлдөг. Баптисм бол энэ зам дээр бидний байгуулдаг анхны гэрээ юм. Энэ нь биднийг Аврагчид илүү ойртуулдаг ба бид баяр баясгалан, өршөөл, найдварыг мэдэрдэг. Мөн баптисм бол ёслол юм. Тиймээс энэ нь санваарын эрх мэдлээр гүйцэтгэгддэг гэсэн үг.

Виллиамс эгч: Бид баптисм хүртэхдээ Бурхантай гэрээ байгуулах буюу түүнд амлалт өгдөг. Бид Түүнд үйлчилж, зарлигуудыг нь дагахаа амладаг. Энэ гэрээний нэг хэсэг болгон, Бурхан бидний нүглийг уучилж мөн биднийг цэвэршүүлж, удирдаж, тайтгаруулахаар Ариун Сүнсээрээ адислах болно гэж амладаг.

Хэрнандэз эгч: Сара, та энэ ёслолыг гүйцэтгэхээр томилогдсон нэгнээр баптисм хүртэж, Есүс Христийн үлгэр жишээг дагах уу? Бид баптисмд бэлдэхэд тань тусална. Бид таныг 7-р сарын 29-ний өдөр гэхэд бэлэн болсон байна гэдэгт итгэж байна. Та энэ өдөр баптисм хүртэхэд өөрийгөө бэлдэх үү?

Сара: Тэгье. Энэ миний хүсэж байсан зүйл шиг санагдаж байна.

Виллиамс эгч: Сара, энэ сонголтыг хийснээр танд ирэх адислалуудад бид үнэхээр их баярлаж байна. Баптисм хүртэх нь таны амьдралд агуу амар амгалан, хүч чадлыг авчрах болно. Бидэнд бэлтгэхэд тань туслахаар заах олон зүйл байгаа.

Баптисм хүртэж, гишүүнээр батлуулах урилга өгөх

Жүжигчилсэн тоглолт 2—Христийн сургаалыг заах

Өгүүлэгч: Айзак анх удаа номлогчидтой уулзаж байна. Түүнд амьдралын утга учрын талаар мөн яаж илүү их аз жаргалтай болох тухай олон асуулт байгаа. Номлогчид Айзакт Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний талаар заав. Хичээлийн үеэр ахлагч Браунинг, ахлагч Синг хоёр Айзакт баптисм хүртэх урилга өгөх сүнслэг өдөөлтийг мэдрэв.

Ахлагч Браунинг: Айзак, бид Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очих замын тухай ярихыг хүсэж байна. Тэр биднээс Өөртэй нь хамт амьдрахаар буцаж очихыг хүсдэг бөгөөд Есүс Христ үүнийг боломжтой болгосон.

Ахлагч Синг: Бид Есүс Христэд итгэснээр Бурхан руу буцах зам дээрээ гардаг. Бид Есүс Христэд итгэх үедээ амьдралаа өөрчилж, Түүнтэй илүү адилхан болохыг дотроосоо хүсдэг. Бид Түүний сургаалуудыг дуулгавартай дагаж, нүгэл үйлдсэн үедээ наманчилдаг. Итгэл, наманчлал хоёр нь биднийг баптисм болон гишүүний баталгаа руу хөтөлдөг. Та баптисмын талаар юу мэдэх вэ?

Айзак: Би өөр сүмүүдэд ганц хоёр баптисм харсан. Гэхдээ үүнээс цааш тийм ч их зүйл мэдэхгүй. Энэ нь нүгэлтэй холбоотой гэж би бодож байна.

Ахлагч Браунинг: Таны зөв. Баптисм бол Бурхантай өөрсдийгөө холбох анхны алхам. Ингэснээр Ариун Сүнс биднийг цэвэршүүлж, хүчирхэгжүүлж, бидний мөн чанарыг илүү сайн болгон өөрчилдөг. Энэ нь бас бид Бурханд үнэнч байгаагаа илэрхийлдэг арга зам юм. Бид баптисм хүртэхдээ Бурханд үйлчлэн, зарлигуудыг нь сахина гэж Түүнтэй тохиролцдог буюу гэрээ байгуулдаг. Бид ийн үйлдэх үедээ Бурхан Өөрийн Сүнсийг бидний дээр юүлж бидний нүглийг өршөөх болно гэсэн гэрээг байгуулдаг.

Ахлагч Синг: Бид бас баптисм хүртэхдээ өөрсөд дээрээ Есүс Христийн нэрийг авч, Бурханы зарлигуудыг даган, Бурханд болон бусдад үйлчилж, эцсээ хүртэл тэвчихэд бэлэн байхаа амладаг. Тиймээс баптисм хүртэх нь амьдралын маань шинэ эхлэл болдог гэсэн үг. Бидэнд сорилт бэрхшээл тулгарч, бид алдаа гаргасаар байх нь мэдээж. Гэхдээ бид амлалтаа биелүүлж, Есүс Христэд найдахаа амьдралынхаа турш хэзээ ч зогсоохгүй байхыг хичээх болно.

Ахлагч Браунинг: Айзак, та энэ ёслолыг гүйцэтгэхээр томилогдсон нэгнээр баптисм хүртэж, Есүс Христийн үлгэр жишээг дагах уу? Бид баптисмд бэлдэхэд тань тусална. Бид таныг 7-р сарын 29-ний өдөр гэхэд бэлэн болсон байна гэдэгт итгэж байна. Та энэ өдөр баптисм хүртэхэд өөрийгөө бэлдэх үү?

Айзак: Тэгье. Энэ миний хайж байсан зүйл шиг сонсогдож, мэдрэгдэж байна.

Ахлагч Синг: Айзак, энэ сонголтыг хийснээр танд ирэх адислалуудын төлөө бид маш их баярлаж байна. Баптисм хүртэх нь таны амьдралд агуу амар амгалан, хүч чадлыг авчрах болно. Баптисм хүртэхээр бэлдэхэд тань туслах заах хэрэгтэй олон зүйл бидэнд байна.