Номын сан
Хишиг ба лацдан холбох ёслолууд


“Хишиг ба лацдан холбох ёслолууд,” Сэдэв ба асуулт (2023)

Ариун сүмийн урд алхаж буй эмэгтэй

Сайн мэдээг судлах удирдамж

Хишиг ба лацдан холбох ёслолууд

Бурхан хүүхдүүдээ хэрхэн гэр лүү нь хөтөлдөг тухай

Та өөрийгөө урт аян замд гарсан гэж төсөөл дөө. Уг зам нарийн бөгөөд заримдаа олоход хэцүү. Гэхдээ зам дагуу байх тодорхой тэмдэглэгээний ачаар та зөв зүг рүү явж байгаагаа мэдэх аж. Тэдгээр тэмдэглэгээнд хүрэх бүрдээ та зорьсон зорилгодоо ойртсоор байна. Эцэст нь та аяллаа дуусган эргэн харахдаа тэдгээр тэмдэглэгээ таныг зорьсон газарт тань хэрхэн хөтөлснийг харна.

Сайн мэдээний хувьд хишиг болон лацдан холбох ёслолууд нарийн зам дээрх тэмдэглэгээнүүдтэй адил билээ. Тэдгээр нь амьдралыг туулах аялалд тань туслаад зогсохгүй таныг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт ойртоход чухал үүрэгтэй. Тэдгээрийн нэг бүр нь энэ дэлхийд туулах сорилт бэрхшээлүүдэд тань тусалж, ирэх амьдралд танд зориулагдсан мөнхийн адислалуудад таныг бэлтгэн, Тэдэн рүү эргэн очиход хөтөлдөг.

Хишиг ба лацдан холбох ёслолууд гэж юу вэ?

Хишиг ба лацдан холбох ёслолууд нь биднийг Бурхан руу буцаан аваачдаг гэрээний замын чухал хэсэг юм. Бид ариун сүмд хишиг ба лацдан холбох ёслолуудад оролцдог. Бид эдгээр ёслолын үеэр Бурхантай гэрээ байгуулдаг буюу амлалт өгдөг. Хэрэв бид эдгээр ёслолтой холбоотой гэрээнүүддээ үнэнч байвал Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан мөнх амьдралыг хүлээн авч чадна.

Сэдвийн тойм: Хишиг, Лацдан холболт

Холбогдох сайн мэдээг судлах удирдамж: Гэрээ ба ёслол, Ариун сүм, Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцох

1-р хэсэг

Хишиг хүртэх ёслолын үеэр бид Бурхантай ариун нандин гэрээнүүдийг байгуулдаг

Ариун сүмийн дотор тал

Их Эзэний өргөөнд хүлээн авдаг нэг ёслол бол хишиг юм. Хишиг бол Бурханы өгдөг бэлэг. Бид энэхүү ариун нандин ёслолын үеэр Бурханы авралын төлөвлөгөө болон уг төлөвлөгөөн дэх Аврагчийн маань гол үүргийн талаар суралцдаг. Бид түүнчлэн Бурхантай гэрээнүүдийг байгуулдаг. Тэнгэрлэг Эцэг биднийг эдгээр гэрээг байгуулж, сахисны төлөө Өөрийнх нь хүчийг илүү ихээр хүлээн авах боломж олгон адисалдаг билээ. Хишгийн нэг хэсэг болгон байгуулдаг гэрээнүүд маань бидэнд өсөж хөгжих, өөрчлөгдөх боломжийг олгодог юм. Бид тэдгээрээр дамжуулан Есүс Христтэй илүү адил болж, амар амгалан, итгэл, баяр баяслыг мэдэрч чадна.

Бид өөрсдийн хишгийг хүлээн авсныхаа дараа нас барсан бусад хүний өмнөөс хишиг хүртэх ёслолд оролцох боломжтой. Нас барсан хүмүүс сүнсний дэлхийд Есүс Христийн сайн мэдээг болон өөрсдийнх нь төлөө гүйцэтгэсэн ёслолуудыг хүлээн авч, аврал, өргөмжлөлийг хүлээн авах эсэхээ сонгож чадна.

Бодох зүйлс

  • Бид хишиг хүртэхдээ таван өөр хуулийн дагуу амьдрахаар гэрээ байгуулдаг. Эдгээр хуулийн тухай Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (Gospel Library) 27.2-р хэсгээс уншина уу. Та хэрхэн эдгээр хуулийн дагуу амьдарч байгаа вэ? Та эдгээрийн дагуу илүү бүрэн дүүрэн амьдрахын тулд юу хийж болох вэ? Есүс Христ эдгээр хуулийн дагуу амьдрахыг хэрхэн үлгэрлэн үзүүлдэг вэ? Эдгээр хууль тус бүрийн дагуу амьдрах нь Түүнтэй илүү адил болоход тань хэрхэн тусалж чадах талаар тунгаан бод.

  • Бид дэлхий даяар ариун сүмүүд баригдаж байгаа үед амьдрах завшаантай ажээ. Ахлагч Дэвид А.Бэднар заахдаа: “Шинэ ариун сүмийг зарлах бүрд энэ нь агуу баяр хөөрийн эх сурвалж, Их Эзэнд талархах шалтгаан байдаг нь ойлгомжтой. Гэхдээ бидний гол анхаарах зүйл бол уг барилгын байршил, үзэсгэлэнт байдал биш, харин бидний зүрх сэтгэлийг өөрчилж, Аврагчид зориулах бидний зүтгэлийг гүнзгийрүүлэх гэрээ, ёслолууд юм.” Хишгийн гэрээнүүд болон ёслолууд таны зүрх сэтгэлийг өөрчилж чадна гэдэгт та хэр итгэдэг вэ? Тэдгээр нь Аврагчид үзүүлэх сүсэг бишрэлийг тань хэрхэн гүн гүнзгий болгож чадах вэ? Хишгийн гэрээ, ёслолуудад ийм замаар анхаарлаа төвлөрүүлэх нь өргөмжлөлд бэлтгэхэд тань хэрхэн тусалж болохыг тунгаан бод.

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Ахлагч Д.Тодд Кристоффэрсон “Яагаад гэрээний зам гэж” хэмээх үгэндээ Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрахыг теннисний “сайн дурын алдаа”-наас зайлсхийхтэй зүйрлэсэн. Түүний захиаснаас энэхүү зүйрлэлийн талаар уншаад, бид хишиг хүртэхдээ байгуулдаг таван гэрээгээ сахиснаар ямар “сайн дурын алдаа”-наас зайлсхийдэг тухай ярилц (Ерөнхий гарын авлага, 27.2-ыг үзнэ үү). Мөн та теннисний тэмцээний видео үзэж эсвэл өөрөө тоглон, сайн дурын алдаа гэж юу байдгийг харж болно. Дараа нь ахлагч Кристоффэрсоны захиасандаа дурдсан гэрээнүүдээ сахиснаар ирэх бусад адислалын тухай ярилцаарай. Эдгээр адислал нь хэрхэн гэрээний замаар алхан хишгийн бэлгийг хүлээн авах эсвэл ариун сүмд аль хэдийн байгуулсан гэрээнүүдээ сахих хүслийг тань бататгадаг вэ?

  • Гэрээнүүдийг байгуулж, ёслолуудыг хүлээн авах үедээ ариун нандин хувцас өмсөх нь хишгийн нэг хэсэг юм. Бид өөр ямар нөхцөлд тусгай хувцас өмсдөг талаар болон тухайн нөхцөл байдалд уг хувцас яагаад чухал талаар ярилцахыг бод. Дараа нь та ариун сүмийн хувцас юуг төлөөлдөг, мөн яагаад хишиг хүртсэн гишүүд өдөр бүр хувцсан дотроо ариун сүмийн өмсгөл өмсдөг талаар тайлбарласан “Sacred Temple Clothing” (4:12) видеог үзэж болно. Ариун нандин хувцас нь Бурханд үнэнч гэдгээ илэрхийлж, Түүнд илүү ойртоход хэрхэн тусалдаг тухай ярилц. Та мөн ариун сүмийн өмсгөлийн талаар илүү ихийг мэдэхийн тулд Ж.Аннэтт Дэннис эгчийн хэлсэн “Их Эзэн Есүс Христийг өөртөө өмс” үгийг уншиж болно. Эсвэл та ChurchofJesusChrist.org дээрх “Ариун сүмүүд” хуудсыг судалж, ариун сүмүүдийн тухай илүү хэрэгтэй эх сурвалжуудыг, түүний дотор Их Эзэний өргөөний доторхыг харуулсан эх сурвалжуудыг олж болно. Та эдгээр эх сурвалжийг ашиглан ариун сүм болон ариун сүмийн хувцасны талаар асуулттай байж мэдэх хүмүүст хэрхэн тусалж болох вэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

2-р хэсэг

Лацдан холбох ёслол биднийг Бурханы гэр бүлтэй болон дэлхий дээрх гэр бүлтэй маань мөнхөд холбодог

Гурван үеэрээ ариун сүмийн гадна

Бурханы хүүхдүүддээ өгсөн хамгийн агуу адислалуудын зарим нь лацдан холбох ёслолоор дамжин ирдэг. Энэ ёслолын үеэр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бие биетэйгээ болон Их Эзэнтэй ариун гэрээнүүдийг байгуулж, гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээнд нэгддэг (Сургаал ба Гэрээнүүд 131:1–4-ийг үзнэ үү). Гэр бүлийн хос гэрээндээ үнэнч байвал Бурханы гэр бүлтэй болон дэлхий дээрх гэр бүлтэйгээ мөнхөд холбогдож чадна. Мөн тэдэнд ирээдүйд гайхамшигт адислалуудыг хүртээх болно гэж амласан.

Лацдан холболтыг нас барсан хүмүүсийн өмнөөс гүйцэтгэж болох ба ингэснээр тэд ч бас мөнхийн адислалуудыг хүлээн авч, гэр бүлтэйгээ болон Бурханы гэр бүлтэй үүрд нэгдэн нийлэх боломжтой. Лацдан холбох ёслол нь санваарын бусад бүх ёслолын адил Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан боломжтой болдог бөгөөд энэ амьдралд бидэнд амар амгалан, зорилго чиглэлийг өгч чадна.

Бодох зүйлс

  • Есүс Христ төлөөлөгч Петрт “тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг” өгөхдөө түүнд лацдах хүчийг буюу тэнгэрт үргэлжлэх адислалуудыг дэлхийд олгох хүчийг өгсөн юм (Maтай 16:19-ийг үзнэ үү). Хожмын өдрүүдэд эдгээр түлхүүр бошиглогч Иосеф Смитэд хэрхэн сэргээгдсэн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл Сургаал ба Гэрээнүүд 110:13–16; 132:7, 45–46-г уншина уу. Эдгээр түлхүүрийг одоо бидний өнөөгийн бошиглогч атгадаг бөгөөд тэдгээр нь гэр бүлүүдийг мөнхөд холбодог. Гэвч лацдан холбох хүч нь “нэн зоримог сургаал гэж заримд нь санагдаж болох юм” (Сургаал ба Гэрээнүүд 128:9). Яагаад ингэж санагдаж болох вэ? Дэлхий дээр лацдан холбогдсон гэр бүлийн харилцаа тэнгэрт ч мөн лацдан холбогддог гэдгийг мэдэх нь танд хэрхэн найдвар төрүүлж байна вэ?

  • Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Ариун сүмд байгуулдаг гэрлэлтийн гэрээ Абрахамын гэрээтэй шууд холбоотой. Ариун сүм дэх хосуудад Абрахам, Исаак, Иаков нарын итгэлтэй үр удамд зориулсан бүх адислал боломжтой” гэж заажээ. Эдгээр адислалын заримыг Сургаал ба Гэрээнүүд 76:50–60; 132:19-өөс уншина уу. Та болон таны хайртай хүмүүс Бурханы хамгийн агуу амлалтуудыг хүлээн авч болохын тулд та хэрхэн Түүнтэй байгуулсан гэрээнүүддээ “шударга бөгөөд үнэнч” (Сургаал ба Гэрээнүүд 76:53) байж чадах вэ? Төрсөн сэтгэгдлүүдээ бичиж аваад, тэдгээрийн дагуу үйлд.

  • Лацдан холбох ёслолыг ариун сүмийн тахилын ариун ширээн дээр хүлээн авдаг. Тахилын ширээ юуг бэлгэддэг гэж та бодож байна вэ? Дараах судрууд танд бодоход тусалж магадгүй. Үүнд: Эхлэл 8:20; 26:23–25; 1 Нифай 2:7; Мосе 5:5–9. Тахилын ширээний бэлгэдэл нь лацдан холбох ёслол болон гэр бүлийн харилцааны талаар танд юу сануулж байна вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Лацыг хууль ёсны бичиг баримт, диплом эсвэл чухал захидалд эдгээр нь албан ёсных гэж илтгэхийн тулд ашигладаг заншилтай. Та магадгүй энэ мэт өөр өөр төрлийн лацны зургийг харж эсвэл өөрөө лац хийж болно. Дараа нь хамтдаа ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн “Лацдан холбох хүч” үгийг унш. Дэлхийн лац болон Бурханы лацдан холбох хүч хоёрын хооронд ямар ялгаа байдаг вэ? Түүний лацдан холбох хүчээр дамжуулан ямар адислалуудыг хүртэх боломжтой вэ? Хэрэв та Их Эзэний өргөөнд өөрийнхөө эсвэл өвөг дээдсийнхээ төлөө лацдан холбох ёслолыг хүлээн авсан бол туршлагаасаа хуваалцах талаар бодож үзээрэй. Их Эзэн таны лацдан холбох ёслолыг “хууль ёсны” эсвэл хүчин төгөлдөр гэж үздэгийг та хэрхэн мэдсэн бэ?

  • Заримдаа гэр бүлийн хүнд хэцүү, эрүүл бус нөхцөл байдал нь гэр бүлтэйгээ мөнхөд хамт байх хүслийг бууруулдаг. Эсвэл гэр бүлийн хэн нэг нь гэрлэлтийн гэрээгээ сахиагүй үед бид гэр бүл мөнхөд үргэлжлэх болно гэдэгт эргэлздэг. Энэ мэт тохиолдолд ахлагч Дэвид А.Бэднар ийн заасан. “Энэ нь та нараас эхэлдэг гэдгийг гэр бүл салалт эсвэл үнэнч бус байдлын зовлонг туулсан та бүхэн санаарай. Та нарын удам угсааны гинжний нэг холбоос тасарсан байж болох ч бусад зөв шударга холбоо болон одоо байгаа гинж мөнхийн ач холбогдолтой. Та нар өөрсдийнхөө гинжийг бэхжүүлж, тэр ч байтугай тасарсан холбоосыг сэргээн засахад тусалж чадна. Үүнийг бид нэг, нэгээр хийж чадна.” Ахлагч Бэднарын үгсийг хамтдаа уншиж, цаасан гинж хий. Дараа нь та нар Аврагчийн лацдан холбох хүчээр дамжуулан гэр бүлийнхээ бат бөх холбоос байхын тулд юу юу хийхээ холбоос бүр дээр бичээрэй.

Илүү дэлгэрэнгүй судлах