“Бүхнээ зориулах,” Сэдэв ба асуулт (2023)
Сайн мэдээг судлах удирдамж
Бүхнээ зориулах
Ариун нандин зорилгын төлөө ямар нэг зүйлийг зориулах
Та хэн нэгний төлөө юуг ч хийж чадахаар тийм их санаа тавьж байсан уу? Тухайн хүнд өөрийгөө зориулахад цаг хугацаа, шаргуу зан шаардагддаг ч ингэснээр бие биетэйгээ харьцах харьцаа тань гүнзгийрч байдаг.
Ийм маягаар өөрийн хүслээр бүхнээ зориулах нь өөрсдийгөө Их Эзэнд бүрэн зориулах гэдэг нь ямар утгатайг бидэнд сануулдаг. Бид Бурханыг хайрладаг тул бүхнээ зориулснаар өөрсдийгөө Түүнд зориулдаг. Бид ийнхүү үйлдсэнээр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаагаа хүчирхэгжүүлдэг.
Бүхнээ зориулах гэж юу вэ?
Бүхнээ зориулах нь Их Эзэний ажилд зориулж аливааг ариун нандин болгон ариулан адислах явдал мөн. Хожмын үеийн гэгээнтнүүд цаг зав, авьяас чадвар, эд хөрөнгөө Бурханы хаант улсыг байгуулахад сайн дураараа зориулдаг. Ахлагч Дэвид А.Бэднарын зааснаар, бүхнээ зориулах нь “энэрлээр сэдэлжиж, үйлчлэх илүү их хүслийг төрүүлдэг.” Ариун сүмд Сүмийн гишүүд бүхнээ зориулах хуулийг сахихаар гэрээ байгуулдаг. Бүхнээ зориулах хамгийн дээд хэлбэр бол Бурханы хаант улсыг байгуулахын тулд бид чадах бүхнээ мөн байгаа бүхнээ өгөх явдал юм.
Сэдвийн тойм: Бүхнээ зориулах
Холбогдох сайн мэдээг суралцах удирдамж: Гэрээ ба ёслол, Золиослол, Ариун сүмийн хишиг ба лацдан холболт, Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах нь
1-р хэсэг
Их Эзэн бүхнээ зориулах үйлээр дамжуулан биднийг Өөртэй нь адил ариун болоход тусалдаг
Бид Бурханд ямар нэг зүйлийг ариулан адислахдаа үүнийгээ Их Эзэний хаант улсыг байгуулахад зориулдаг. Бид Түүнийг хайрлах хайраараа Бурханд ямар нэг зүйлийг ариулан адислах үед энэ нь ариун болдог.
Бид цаг зав, авьяас чадвар, эд хөрөнгөө Их Эзэнд зориулж чадах ч “туйлд нь хүртэл бүхнээ зориулах нь өөрийгөө Бурханд өргөх явдал юм.” Энэ утгаараа бүхнээ зориулах гэдэг нь үнэндээ ямар нэг зүйлийг орхих үйл явдал эсвэл зан үйл биш бөгөөд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг таньж мэдэхэд бидэнд тусалдаг үйл явц юм. Бид Есүс Христийн бүхнээ зориулах амьдралаар амьдарсан үлгэр жишээг дагаснаар Түүнтэй адил ариун болж чадна.
Бодох зүйлс
-
Бурханд өөрийгөө зориулахад цаг хугацаа, хүчин чармайлт шаардагддаг. Сургаал ба Гэрээнүүд 4:2-ыг уншиж, “бүхий л зүрх сэтгэл, чадавх, оюун ухаан болон хүчин чадлаараа” Бурханд үйлчлэх гэдэг нь юу гэсэн утгатай талаар тунгаан бод. Та хэрхэн “бүхий л” зүйлээ Их Эзэнд зориулахад бага ч болов дөхөж очих вэ? Та Түүнийг илүү сайн мэдэхэд туслах ямар нэг зүйлийг Түүнд ариулан адисалж чадах уу? Хүлээн авсан аливаа мэдрэмжийнхээ дагуу үйлд.
-
Их Эзэн мөн бидний зовлон зүдгүүрийг онцгойлон адислах буюу ариун болгосноор биднийг адисалж чадна. Мормоны Номд Лихай өөрийн хүү Иаковт Их Эзэн “зүдгүүрүүдийг чинь чиний тусын тул ариулан адислах болно” хэмээн хэлсэн байдаг. Түүний үгийг 2 Нифай 2:1–2-оос уншина уу. Их Эзэн та нарын сайн сайхны төлөө сорилт бэрхшээлүүдийг хэрхэн ариулан адисалж байсан бэ? Тэр эдгээр туршлагыг бусдын амьдралыг адислахдаа ашиглахад тань хэрхэн тусалж байсан бэ? Зовлон зүдгүүр тань таныг хэрхэн илүү ариун болгож, Христэд илүү ойртуулсан тухай бодол санаагаа бич.
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
2017 оны дэлхий даяарх онцгой цугларалт дээр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Бошиглогчид, удирдлага ба тэнгэрлэг хууль” нэртэй үг хэлэхдээ залуучуудыг зарим цагаа Есүс Христийн тухай судлахад зориулахад урьсан. Тэрээр: “Хэрэв та нар Есүс Христийн тухай олж мэдэж болох бүхнийг судлах юм бол Түүнийг болон Бурханы хуулиудыг хайрлах хайр тань төсөөлж байгаагаас тань ч илүү өсөх болно гэдгийг би амлаж байна. Мөн би нүглийг эсэргүүцэх чадвар тань өснө гэдгийг амлаж байна. Зарлигуудыг сахих хүсэл тань ч агуу ихээр өснө. Та нар Есүс Христийн дагалдагчдыг гутаан доромжилдог үзвэр үйлчилгээ, үймээн самуунаас хол байх илүү чадвартай болсноо ойлгох болно” гэж хэлжээ. Ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн үгийг хамтдаа судалж, дараа нь “Ариун байхад цаг гарга” дууллыг сонсох юм уу дуул. Есүс Христийн тухай судлахад цагаа зориулах нь таныг ариун болгоход хэрхэн туслах вэ? Түүний тухай сурахад цаг заваа хэрхэн илүү сайн зориулах тухай санаануудыг та нар бие биетэйгээ хуваалцаж болох юм. Хүлээн авсан аливаа мэдрэмжийнхээ дагуу үйлд.
-
Бурханд зориулж ямар нэг зүйлийг ариулан адислах нь хэцүү санагдаж болох ч бидний өдөр тутмын энгийн сонголтуудаар дамжуулан бүхнээ зориулсан амьдрал бий болдог. 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф: “Тэвчээр, шаргуу зангийн тусламжтайгаар шавь байх хамгийн өчүүхэн үйлдэл эсвэл итгэлийн хамгийн жижиг цог ч гэсэн ариулан адислагдсан амьдралын дүрэлзэх гал болон асах боломжтой. Үнэнийг хэлэхэд, ихэнх түүдэг гал жижиг очноос л эхэлдэг шүү дээ” гэж заажээ. Дүрэлзэх гал хэрхэн асдагийг харуулсан энэ видеог үзнэ үү. Эсвэл та нар ийн үйлдэхэд аюулгүй газар байгаа бол хамтдаа түүдэг асаа. Түүнтэй адил илүү ариун болоход тань туслахын тулд Их Эзэнд зориулж ариулан адисалж болох өдөр тутмын жижиг мэт санагдах зүйлсийн талаар ярилц.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Дийтр Ф.Угдорф, “Сэтгэлийнхээ угаас,” Лиахона, 2022 оны 5-р сар, 122–125
-
Д.Тодд Кристоффэрсон, “Өргөл болгосон амьдралын тухай бодол эргэцүүлэл,” 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 17–21
-
Neal A. Maxwell, “Consecrate Thy Performance,” Ensign, May 2002, 36–38
2-р хэсэг
Ариун сүмд хожмын үеийн гэгээнтнүүд бүхнээ зориулах хуулийг дагах гэрээ байгуулдаг
Их Эзэний өргөөнд хожмын үеийн гэгээнтнүүд бүхнээ зориулах хуулиар амьдрах гэрээ байгуулдаг. Гишүүд бүхнээ зориулах хуулиар амьдарснаар бусдын бие махбодын болон сүнслэг хэрэгцээнд анхаарал тавьж, улмаар дэлхий дээрх Их Эзэний ажилд тусалдаг. Бүхнээ зориулах хуулиар амьдрах гэрээгээ сахих нь “Бурханы хүч болон үүрдийн хайр, амар амгалан, тайтгарал, баяр баясгаланг илүү мэдрэх” зэрэг олон адислалыг авчрах болно.
Бодох зүйлс
-
Бүхнээ зориулах хууль бол мөнхийн юм. Эрт дээр үед Бурханы дагалдагчид энэхүү хуулийг дагадаг байсан бөгөөд энэ нь хожмын өдрүүдэд сэргээгдсэн. Та бүхнээ зориулах талаар Үйлс 4:32; 4 Нифай 1:1–3 мөн Мосе 7:18-аас уншиж болно. “Бүх юм нийтийнх,” бусадтай “нэг зүрх сэтгэлтэй мөн нэг оюунтай” байх гэдэг нь ямар утгатай гэж та бодож байна вэ? Та бүхнээ зориулах хуулийн дагуу амьдрахаар хичээхдээ эдгээр үзэл бодлыг хэрхэн дагаж болох вэ? Бичиж аваад, хүлээн авсан аливаа мэдрэмжийнхээ дагуу үйлд.
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Бүхнээ зориулах хуулиар амьдрах нэг арга зам бол бусдад материаллаг болон сүнслэг хэрэгцээгээ хангахад туслах явдал юм. Бүлгээрээ Мозая 4:26-г уншаад, дараа нь “Өнөөдөр би сайн үйл бүтээсэн бил үү?” дууллыг дуул. Тохинуулал, аравны нэг, мацгийн өргөл, хүмүүнлэгийн төсөл болон бусад хэлбэрийн үйлчлэлээр дамжуулан тусламж хэрэгтэй хүмүүст тусалж болох арга замуудын тухай ярилц. Та нар бүлгээрээ үйлчлэх үйл ажиллагааг төлөвлөж болно. Та нар мөн тусламж хэрэгтэй хэн нэгэнд туслах нь хэрхэн амьдралыг тань адисалж, Есүс Христэд илүү ойртуулсан тухай хувийн туршлагаасаа хуваалцаж болно.
-
Бүхнээ зориулах хуулиар амьдрах өөр нэг арга зам бол Сүмийн дуудлага, ажил үүргээ биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийх явдал юм. Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг: “Үйлчлэх дуудлага нь юун түрүүнд зүрх сэтгэлийн асуудал байх ёстой. Бид бүх зүрх сэтгэлээ Эзэнд өгч, Түүний зарлигуудыг дагаснаар Түүний хэн болохыг таньж мэддэг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Цагаатгалын хүчээр зүрх сэтгэл маань өөрчлөгдөж, бид Түүнтэй адил болж чадна” гэж заасан. Тэдний амьдралд бүх зүрх сэтгэлээрээ дуудлагад үйлчилж байсан хэн нэгний талаар бодохыг бүлгийн гишүүдээс хүс. Тэр хүний бүхнээ зориулсан амьдралын үлгэр жишээнээс сурсан зүйлсээ болон энэ нь бусдын амьдралд хэрхэн өөрчлөлт авчирсан гэдэгт итгэдгээ бие биетэйгээ хуваалц.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Хэнри Б.Айринг, “Сайныг үйлдэх боломжууд,” 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган
-
Church History Topics, “Consecration and Stewardship,” Gospel Library