“Үнэн,” Сэдэв ба асуулт (2023)
Сайн мэдээг судлах удирдамж
Үнэн
Биднийг Бурхан руу буцаан аваачдаг мэдлэг
Бидний дэлхий ялгаатай үзэл бодлоор дүүрэн. Заримдаа хэнд эсвэл юунд итгэхээ мэдэх нь хэцүү байдаг. Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф Тэргүүн зөвлөлд үйлчилж байхдаа ийн хэлжээ. “Дэлхийн аль ч түүхэд ийм их мэдээллийг одоогийнх шиг амархан олж авч байсангүй. Эдгээр мэдээллийн зарим нь үнэн, зарим нь буруу, ихэнх нь үнэний хувьтай байдаг. Ийм учраас дэлхийн түүхэд үнэн ба бурууг хэрхэн зөв ялган танихад суралцахаас илүү чухал зүйл байгаагүй билээ.” Бид найдвартай эх сурвалжуудыг эрэлхийлж, Сүнсний удирдамжид тулгуурласнаар юу үнэн, юу худал болохыг ялган таньж чадна.
Үнэн гэж юу вэ?
Судруудад үнэнийг “зүйлсийг байгаагаар нь, мөн байснаар нь, мөн байхаар нь мэдэх мэдлэг” (Сургаал ба Гэрээнүүд 93:24) хэмээн тодорхойлсон байдаг. Судруудад үнэнийг гэрэл ба тэнгэрээс ирэх илчлэлттэй зүйрлэсэн байдаг (Сургаал ба Гэрээнүүд 84:45; 88:66–67; Судруудын удирдамж, “Үнэн,” Gospel Library-гаас үзнэ үү). Мөнхийн үнэний эх сурвалж бол Бурхан Өөрөө юм. Өнөө үед бошиглогч Иосеф Смитээр болон хожмын үеийн бусад бошиглогчоор дамжуулан бурханлаг үнэн илчлэгдсэн билээ. Есүс Христийн сайн мэдээнд агуулагддаг үнэнүүд нь биднийг аврал, өргөмжлөлд бэлтгэхэд зайлшгүй шаардлагатай (2 Нифай 31:19–21; Сургаал ба Гэрээнүүд 33:10–12-ыг үзнэ үү).
Холбогдох сайн мэдээг судлах удирдамж: Хөрвөлт, Есүс Христийн сайн мэдээнээс суралцаж, заах нь
1-р хэсэг
Бурхан бол мөнхийн үнэний эх сурвалж
Бурхан Эцэг “ач ивээл болон үнэнээр дүүрэн” (Сургаал ба Гэрээнүүд 66:12). Есүс Христ: “Би бол зам, үнэн, амь мөн” (Иохан 14:6) хэмээсэн. Тэрээр үнэнийг ихэвчлэн Ариун Сүнсний хүчээр мөн бошиглогчдоор дамжуулан тунхагладаг бөгөөд хуурах нь үгүй (Иаков 4:13; Ифер 3:12; Сургаал ба Гэрээнүүд 1:37–38-ыг үзнэ үү).
Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ нь өнөө үед илчлэгдсэн бурханлаг үнэний бүрэн байдлыг агуулдаг. Бурханлаг үнэн өөрчлөгдөшгүй бөгөөд мөнхийн (Сургаал ба Гэрээнүүд 1:39; 88:66).
Бурхан биднийг Есүс Христ, Түүний сургаал, Түүний цагаатгагч золиослолын талаарх бурханлаг үнэнүүдийг мэдэхэд урьдаг. Эдгээр нь илчлэгдсэн хамгийн чухал үнэнүүдийн зарим нь билээ (2 Нифай 2:6–7; 31:15, 21; 3 Нифай 21:6-г үзнэ үү).
Бодох зүйлс
-
Бүх үнэн өөр өөр ач холбогдолтой. Бошиглогч Иосеф Смит сайн мэдээний хамгийн чухал үнэнийг ийн тодорхойлжээ. “Манай шашны тулгуур зарчим бол Есүс Христ егүүтгэлээр наснаас хальж, оршуулагдаад, гурав дахь өдрөө амилж, тэнгэрт дээшлэн одсон тухай бошиглогч, төлөөлөгчдийн гэрчлэл юм. Ийнхүү манай шашинд холбогдолтой бусад бүх зүйл нь ердөө л эл гэрчлэлийн хавсралтууд юм.” Та мод зураад, модны голд “Есүс Христ амилсан” гэж бичиж болно. Дараа нь та мөчрүүд буюу “хавсралтууд” дээр нь энэхүү тулгуур үнэнээс урган гардаг бусад үнэнийг бичиж болно. Хэрэв бусад үнэн энэхүү тулгуур үнэнээс тусгаарлагдвал юу болох вэ? Яагаад Есүс, Түүний Амилалтын тухай бошиглогч, төлөөлөгчдийн гэрчлэл бусад үнэнд итгэх бидний итгэлд нэн чухал вэ? Та Аврагч болон Түүний Амилалтад итгэх итгэлээ хэрхэн бэхжүүлж болохоо тунгаан бодож, энэ нь сайн мэдээний бусад үнэнд итгэх итгэлийг тань хэрхэн тэтгэж болох талаар бодож үз.
-
Бурхан бүх хүүхдээ бурханлаг үнэнийг мэдээсэй гэж хүсдэг. Сэргээлтийн тунхагт Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулга: “Бид [Христийн] төлөөлөгчдийн хувиар тэнгэр нээлттэйг бүх хүн бидний адил олж мэдэхийг урьж байна. Бурхан Өөрийн тааллыг хайртай охид, хөвгүүддээ мэдүүлж байгааг бид баталж байна. Бид Сэргээлтийн захиасыг залбиран судалж, итгэлээр үйлддэг хүмүүс үүний бурханлаг байдлын хийгээд бидний Их Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн амлагдсан Хоёр дахь ирэлтэд дэлхийнхнийг бэлдэх зорилгын тухай өөрийн гэсэн гэрчээр адислагдах болно хэмээн гэрчилж байна” гэж заасан. Та Сэргээлтийн тунхгаас онцгой сэтгэгдэл төрүүлэм үнэнүүдийг хайж болно. Дараа нь үнэн тус бүрийг мэдэх нь яагаад чухал, энэ нь таны хийдэг сонголтуудад хэрхэн нөлөөлж болохыг тунгаан бод.
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах үгийг хамтдаа унш.
“Зарим хүн эргэлздэг ч зөв, буруу гэж үнэхээр байдаг. Туйлын үнэн буюу мөнхийн үнэн гэж үнэхээр байдаг. Хүмүүсийн дийлэнх нь үнэнийг хаанаас эрэлхийлэхээ мэдэхгүй байгаа нь бас нэгэн тахал болоод байна [Сургаал ба Гэрээнүүд 123:12-ыг үзнэ үү]. …
Христийн цэвэр сургаал бол хүчирхэг. Үүнийг ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэхийг эрэлхийлдэг хүн бүрийн амьдрал өөрчлөгддөг.”
Та нар хамтдаа туйлын буюу мөнхийн үнэнүүдийг (“Бурхан бол бидний Тэнгэрлэг Эцэг” гэх мэт) мөн түр зуурын үнэнүүдийг (“Миний өмсөж буй цамц улаан” эсвэл “Гадаа бороо орж байна” гэх мэт) жагсаан бичиж болно. Мөнхийн үнэн болон түр зуурын үнэн хоёрын ялгааг ойлгох нь яагаад чухал вэ? Та нар мөн хаанаас “үнэнийг эрэлхийлэх” талаар тэр тусмаа мөнхийн үнэнийг хаанаас эрэлхийлэх талаар ярилцаж болно.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Рассэлл М.Нэлсон, “Үнэн гэж юу вэ?” Лиахона, 2022 оны 11-р сар, 29–30
-
“God’s Words Never Cease” (видео), Gospel Library
-
“Үнэн гэж юу вэ?,” Дуулал, д. 140
2-р хэсэг
Бурхан биднийг бурханлаг үнэнийг олж мэдэн хуваалцаасай гэж хүсдэг
Тэнгэрлэг Эцэг биднийг сайн мэдээний бурханлаг үнэнүүдийг олж мэдэн, итгэхийг хүсдэг. Бидний мөнхийн үнэний талаарх ойлголт Ариун Сүнсээр дамжин Бурханаас ирдэг. Ариун Сүнс биднийг үнэн рүү хөтөлдөг (1 Коринт 2:9–10, 14; Моронай 10:4–5; Сургаал ба Гэрээнүүд 84:44–47-г үзнэ үү). Бид хүлээн авсан үнэнийхээ дагуу үйлдэхийг сонгосноор Бурханаас илүү их үнэнийг хүлээн авах боломжтой (2 Нифай 28:30; Сургаал ба Гэрээнүүд 93:26–28-ыг үзнэ үү).
Бурхан бас үнэнийг хүлээн авсан хүмүүсийг бусадтай хуваалцаасай хэмээн хүсдэг (Инос 1:26; Сургаал ба Гэрээнүүд 58:47; 75:3–5-ыг үзнэ үү). Жишээлбэл: Эцэг эхчүүдэд хүүхдүүдээ “гэрэл ба үнэнд” хүмүүжүүлэхийг зөвлөдөг (Сургаал ба Гэрээнүүд 93:40, 42). Мөн бид үнэнийг хаанаас олохоо мэдэхгүйн улмаас үнэнээс хол байгаа олон хүнтэй сайн мэдээг хуваалцаж чадна (Сургаал ба Гэрээнүүд 123:12-ыг үзнэ үү).
Бодох зүйлс
-
Ахлагч Бага Жон С.Пингрий ийн заасан.
“Бурхан мөнхийн үнэнийг бошиглогчдоор дамжуулан илчилдэг бөгөөд Ариун Сүнс тэдгээр үнэнийг бидэнд баталж, үүний дагуу амьдрахад тусалдаг. Ингэж батлах үед нь бид эдгээр сүнслэг мэдрэмжийг хүлээн авахыг эрэлхийлж, бэлтгэгдсэн байх ёстой. Биднийг даруу байж, чин сэтгэлээсээ залбирч, Бурханы үгийг судалж, зарлигуудыг нь сахих үед Сүнсний гэрчлэлийг хүлээн авах магадлал хамгийн өндөр байдаг.
Аль нэгэн тодорхой үнэний талаар Ариун Сүнсний баталгааг хүлээн авсан л бол тухайн зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэхэд бидний ойлголт гүнзгийрдэг. Тухайн зарчмын дагуу тууштай амьдарснаар бид уг үнэний талаар баттай мэдлэг олж авдаг юм.”
Та Бурханы бошиглогчдоор дамжуулан танд илчилсэн зарим үнэнийг бичиж болно. Та хэзээ Ариун Сүнс танд эдгээр үнэнийг баталж буйг мэдэрч байсан бэ? Та сургаалын үнэний талаар сүнслэг мэдрэмж хүлээн авахын тулд хэрхэн зорилготойгоор бэлтгэж болох вэ? Та эдгээр үнэний талаарх мэдлэгээ хэрхэн амьдралдаа хэрэгжүүлж болох вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
2 Нифай 28:26–30 ба Сургаал ба Гэрээнүүд 93:11–13-ыг унш. Эдгээр шүлэг бурханлаг үнэнийг сурч, хүлээн авах талаар юу зааж байгааг ярилц. Та нар магадгүй “шат шатаар” эсвэл “энд бяцхан мөн тэнд бяцхан” тохиолддог эсвэл ийм байдлаар өсөж хөгждөг зүйлсийн жишээг ярилцаж болно. Эдгээр жишээ үнэний мэдлэгээ баяжуулах талаар юуг санал болгож байна вэ? Дараа нь ерөнхийлөгч Нэлсоны дараах зөвлөгөөг унш. “Би Есүс Христийн мөн Түүний сайн мэдээний талаарх гэрчлэлээ хамгаалахыг … одоо та нараас гуйя. Үүний төлөө зүтгэ. Гэрчлэл тань хүчирхэгжиж болохын тулд тэтгэ. Үүнийг үнэнээр хоолло. Итгэлгүй хүмүүний худал хуурамч гүн ухаанаар үүнийг бүү булингартуул. Та Есүс Христийн талаарх гэрчлэлээ тасралтгүй бэхжүүлэхийг эн тэргүүнд тавихдаа амьдралдаа тохиолдож буй гайхамшгийг олж хараарай.” Таны гэрчлэл хэрхэн “ач ивээлээс ач ивээлд” мөн “шат шатаар” өсөж хөгжсөн тухай бие биетэйгээ хуваалц. Та нар “Есүс Христийн талаарх гэрчлэлээ хамгаалах” гэдэг нь юу гэсэн утгатай гэж бодож байна вэ? Та нар хамтдаа ямар нэг зүйлийг тарьж, арчилж тордон, ургахыг нь харж болно. Дараа нь та нар ургамал ногоог тордох, гэрчлэлээ тордох хоёрын ижил төстэй талыг мөн энэ хоёроос хурааж авах “үр жимсний” талаар ярилцаж болно.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Иохан 14:16–17, 26; 15:26; 16:13–14
-
Алэксандр Душку, “Багана ба цацраг,” Лиахона, 2024 оны 5-р сар, 14–16
-
Алан Р.Вокэр, “Хайр, үнэний сайн мэдээний гэрэл,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 125–128
-
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч (2022), “Үнэн таныг чөлөөлнө,” 30–33
3-р хэсэг
Судалж мөн итгэлээр дамжуулан үнэнийг эрэлхийлэх нь биднийг сүнслэг байдлын хувьд аюулгүй байхад чиглүүлдэг
Их Эзэн биднийг “судлахаар мөн тэрчлэн итгэлээр суралцахыг эрэлхийл” (Сургаал ба Гэрээнүүд 88:118) хэмээн урьсан. Энэ нь Сүмийн түүх, сургаал, дэг журмын талаар асуулт гарах үед бусад зүйлийн дундаас найдвартай эх сурвалжийг судалж, хариулт эрэлхийлэхдээ Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлнэ гэсэн үг юм. Дайсан бидний зүрх сэтгэлийг мөнхийн үнэнээс холдуулахыг эрэлхийлдэг (Сургаал ба Гэрээнүүд 78:10; 93:39-ийг үзнэ үү). Бурханлаг үнэнийг хүлээн авах нь хилэнцтийг эсэргүүцэж, нүгэл, алдаа, хууран мэхлэлтээс зайлсхийхэд бидэнд тусалж чадна (Сургаал ба Гэрээнүүд 50:23–25; 93:37).
Бодох зүйлс
-
Залуу хүний хувьд Иосеф Смит сүнслэг асуултуудынхаа хариултыг эрэлхийлж байхдаа эргэлзэж байсан. Их Эзэн түүнд хэрхэн тусалсныг олж мэдэхийн тулд Иосеф Смит—Түүх 1:5–6, 10–13-ыг унш. Үнэнийг хайсан нь түүнийг сүнслэг аюулгүй байдалд хэрхэн хөтөлсөн бэ? Та Иосеф Смитийн туршлагаас үнэнийг хайхад тань тусалж болох юуг сурсан бэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Та нар үнэний талаарх хүчтэй гэрчлэлээс ирдэг сүнслэг аюулгүй байдлын тухай ярилцаж эхлэхдээ осол, өвчин эмгэг, байгалийн гамшгаас сэргийлэхийн тулд хийдэг зүйлсийнхээ талаар ярьж болно. Эдгээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг шаардлагагүй эсвэл үүнд хичээл зүтгэл гаргах хэрэггүй гэж боддог хэн нэгэнд бид юу гэж хэлэх вэ? Дараа нь та нар ерөнхийлөгч Томас С.Монсоны дараах үгийг хамтдаа уншиж болно. “Бид асар их бэрхшээлтэй, ёс бус цаг үед амьдарч байна. Өнөөдрийн дэлхийд хаа сайгүй байгаа нүгэл хилэнцээс биднийг юу хамгаалах вэ? Бидний Аврагч Есүс Христийн болон Түүний сайн мэдээний тухай хүчирхэг гэрчлэл биднийг аюулгүй газар руу удирдах болно гэдгийг би тунхаглаж байна. … Өнөөгийн ороо бусгаа цагт та өөрийн гэсэн гэрчлэлтэй болох нь нэн чухал. Учир нь бусдын гэрчлэл таныг тийм ч хол авч явахгүй.” Мөнхийн үнэний талаарх хувийн гэрчлэл тань таныг сүнслэг байдлын хувьд хэрхэн хамгаалсан талаар бие биетэйгээ хуваалц.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Lawrence E. Corbridge, “Stand on the Rock of Revelation,” Ensign, Oct. 2020, 24–29
-
Сэдэв ба асуулт, “Найдвартай эх сурвалжийг хар,” Gospel Library.