Номын сан
Есүс Христэд хөрвөгдөх


“Есүс Христэд хөрвөгдөх,” Сэдэв ба асуулт (2023)

Усны дэргэд зогсож байгаа эмэгтэй

Сайн мэдээг судлах удирдамж

Есүс Христэд хөрвөгдөх

Есүс Христийг дагаснаар гарах зүрх сэтгэлийн өөрчлөлт

Та байгальд авгалдай байхыг харж байсан уу? Метаморфозын хүчээр энгийн нэгэн авгалдай үзэсгэлэнт эрвээхэй болон хувирч чаддаг нь ямар гайхамшигтайг бодоход цаг гарга. Алхам алхмаар авгалдай өсөж, хувиран өөрчлөгдөж, цоо шинэ зүйл болдог.

Хөрвөлт бидэнд ч мөн адил тийм сайхан өөрчлөлтийг санал болгодог. Биднийг зүрх сэтгэлээ Есүс Христ рүү эргүүлж, Түүний зарлигуудыг сахихаар гэрээ байгуулж, Түүний хүслийг биелүүлэхээр эрэлхийлэх үед амьдрал маань өөрчлөгддөг. Бид бага багаар илүү бурханлаг, мөнх амьдралыг хүлээн авахад илүү сайн бэлтгэгдсэн хүмүүс буюу “шинэ бүтээл” (2 Коринт 5:17) болдог.

Хөрвөлт гэж юу вэ?

Хөрвөлт гэдэг нь Есүс Христ бидэнд итгэл үнэмшил, зүрх сэтгэл, амьдралаа Түүнтэй болон Тэнгэрлэг Эцэгтэйгээ адилхан болгоход тусалдаг үйл явц юм. Энэ нь Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, баптисм, зарлигуудыг сахих, Ариун Сүнсний ариусгагч нөлөөг хүлээн авах, эцсээ хүртэл тэвчихийг хэлнэ. Бид Есүс Христийн Цагаатгалаар болон Сүнсний удирдамжийг дагаснаар дэлхийн сөрөг нөлөөг өөрчилж, даван туулж чадна. Энэхүү өөрчлөлт энэ амьдралд амар амгалан, аз жаргалыг, ирэх дэлхийд мөнх амьдралыг өгөх явдал юм.

Сэдвийн тойм: Хөрвөлт

Холбогдох сайн мэдээг судлах удирдамж: Есүс Христэд итгэх итгэл, Наманчлал, Эцсээ хүртэл тэвчих

1-р хэсэг

Есүс Христэд хөрвөгдөхөд цаг хугацаа, хичээл зүтгэл, тэвчээр шаардагддаг

Христ хүмүүстэй мэндэлж буй нь

Есүс Христ бүх хүнийг Өөр дээрээ ирэхэд урьдаг. Бид Аврагчийг дагаснаар өөрчлөгдөж, Түүнтэй илүү адилхан болдог. Олон хүний хувьд хөрвөлт нь нэг удаагийн хүчирхэг эсвэл сэтгэл хөдөлгөм үйл явдлын үр дүн биш, харин аажмаар явагддаг үйл явц юм. Энэ нь байнгын хичээл зүтгэл, цаг хугацааг шаарддаг.

Хөрвөгдөхийн тулд бид Ариун Сүнсээр дамжуулан хүлээн авсан итгэл, мэдлэг дээрээ үйлдэх хэрэгтэй. Биднийг “Сүнсний хүчээр дамжуулан” хөрвөгдөх үед “[бидний] зүрх сэтгэл өөрчлөгддөг.” Бидний хүсэл Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрынхтой нийцнэ. Ахлагч Дэвид А.Бэднар: “Жинхэнэ хөрвөлт нь Бурханы хүслийг хүлээн зөвшөөрч, дагахын тулд тухайн хүний итгэл, зүрх сэтгэл, амьдралд өөрчлөлт авчирдаг. … Энэ нь Бурханаас ирэх илчлэлийн үр дүн бөгөөд хувь хүний наманчлал, дуулгавартай байдал, хичээнгүй байдалтай хамт ирдэг” хэмээн заасан.

Гэхдээ Есүс Христэд хөрвөгдөнө гэдэг нь бид төгс байна гэсэн үг биш юм. Хөрвөлтийн зам дээр бид бүгд алдаа гаргасаар байдаг. Гэсэн хэдий ч Есүс Христэд итгэх итгэлээ хадгалж, өдөр бүр наманчилснаар Есүс Христийн хүчинд хүрэх боломж маань өсөн нэмэгдэж, бид Түүний шавь нарын хувьд Түүнд илүү сайн хөрвөгдөж чадна.

Бодох зүйлс

  • Төлөөлөгч Петрийн талаарх дараах хоёр судрын хэсгийг унш. Үүнд: Матай 16:13–17 ба Лук 22:31–32. Христэд бүрэн хөрвөгдөх нь яагаад Түүний тухай гэрчлэлтэй болсны дараа хийх чухал алхам байдаг вэ? Бид Христэд жинхэнэ ёсоор хөрвөгдсөнөөр хэрхэн адислагдах вэ?

  • Өөрчлөгдөж, Аврагчтай адил болоход бидэнд туслах Түүний урилга болон хүчний тухай бод. Ахлагч Эдуардо Гаваррэт ийн заасан. “Их Эзэн ‘Над уруу ир,’ ‘Намайг дага,’ ‘Надтай хамт алх’ зэрэг үгсийг ашиглан, биднийг урьдаг. Нөхцөл байдал бүрд энэ нь зүгээр ч нэг урилга бус, үйлдэхийг хүссэн урилга байдаг. Энэ нь бүх хүнд боломжтой!” Аврагчийн амьдрал, сургаал таныг хэрхэн өөрчлөгдөхөд урьдаг тухай бод. Та Лук 22:39–44; Иохан 6:51; Еврей 5:9; 10:1–10; 2 Нифай 2:3–10; 9:5–24; Итгэлийн тунхаг 1:3-ыг уншиж ойлголт авч болно. Амьдралыг тань өөрчлөх Аврагчийн тусламж, урилгыг хүлээн авснаа харуулахын тулд та өнөөдөр эсвэл энэ долоо хоногт юу хийж болох талаараа бодож үзээрэй.

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Та видео үзэх юм уу метаморфозоор явдаг амьтны зургийг харж болох юм. Жишээлбэл: Мэлхий болон хувирах шанаган хорхой юм уу эрвээхэй болон хувирах авгалдай байж болно. Боломжтой бол та “Ахлагч Нийл Л.Андэрсэн эрвээхэйнээс сурсан сургамжаа хуваалцав” видеог үзэж болно. Тэрээр авгалдай хүүхэлдэй болж, эцэст нь үзэсгэлэнтэй эрвээхэй болж буй метаморфозыг харуулсан хурдлуулсан видеог хуваалцсан. Эдгээр амьтны туулж өнгөрдөг гайхалтай өөрчлөлтийн тухай ярилц. Дараа нь та төлөөлөгч Паулын Христ дотор “шинэ бүтээл” (2 Коринт 5:17) болох талаар заасан зүйлийг уншиж болно. Есүс Христэд хөрвөгдөх нь шинэ бүтээл болохтой юугаараа адилхан бэ? Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн заасан. “Шаардлагатай хөрвөлт рүү тэмүүлж байгаа хүмүүс юмсыг тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр шиг харж эхэлдэг. Тэд дэлхийн дуу хоолойны оронд Түүний дуу хоолойг сонсож, дэлхийн арга замаар бус харин Түүний арга замаар аливааг хийх болно.” Та Есүс Христийн сайн мэдээнд хөрвөх хөрвөлтдөө тулгуурлан үйлдсэнээр хэрхэн өсөж хөгжин, өөрчлөгдсөн бэ? Та бодол санаа болон амьдралаа ямар байгаад талархаж явдгаа бичих талаар бодож үз.

  • Судруудад хөрвөлтийн тухай олон хүчирхэг түүх байдаг. Та эдгээр түүхээс нэгийг эсвэл түүнээс олон түүхийг сонгож судлах юм уу үзэж мөн магадгүй жүжигчлэн үзүүлж болно. Жишээ нь: Рут (Рут 1-ийг үзнэ үү), Инос (Инос 1-ийг үзнэ үү, эсвэл “Инос хүчит залбирал хэлсэн нь”), залуу Алма (Moзая 27-г үзнэ үү эсвэл “Залуу Алма Их Эзэнд хөрвөгдсөн нь”) мөн Лемонай хаан (Алма 17–19-ийг үзнэ үү) эсвэл “Аммон Лемонай хаанд зааж, үйлчлэв”) нарын түүхүүд орно. Уг түүхэн дэх хүний жишээнээс юу сурснаа ярилц. Хөрвөлт нь ихэвчлэн эдгээр хүнд тохиолдсон зүйлээс илүү алгуур үйл явц байдаг ч тэдний туршлагаас бид их зүйлийг сурч болно. Тэдний туршлага Христийн өөрчлөгдөх урилгыг дагах хүслийг тань хэрхэн бэхжүүлж байна вэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

2-р хэсэг

Есүс Христэд хөрвөгдөх нь насан туршийн үүрэг амлалт

Залбирч буй гэр бүл

Есүс Христэд хөрвөгдөж, Түүнийг дагахаар амлах нь нэг хэрэг. Энэ амлалтаа насан туршдаа сахих нь өөр хэрэг юм. Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф ийн хэлсэн. “Есүс Христийн дагалдагч байна гэдэг нь өдөрт нэг удаа эсвэл долоо хоногт нэг удаа чармайх явдал биш юм. Энэ нь бидний үргэлж хийж байх ёстой хүчин чармайлт билээ.”

Гэсэн хэдий ч энэ нь бид эцсээ хүртэл тэвчихийн тулд өөрсдийн хүчинд найдах ёстой гэсэн үг биш юм. Замын турш Бурхан бидэнд тэнгэрлэг тусламжийг өгдөг. Тэр биднийг Сүнсээрээ удирдаж, тайтгаруулдаг, Тэр бидэнд бошиглогчдоороо дамжуулан байнга заадаг, мөн Тэрээр Хүүгээ бидний төлөө амиа өгөхөөр илгээсэн. Ингэснээр бид бүдрэх үедээ Түүнд итгэх итгэлээр дамжуулан хүчирхэгжих болно.

Бодох зүйлс

  • Сайн мэдээнд баттай хөрвөгдөж, эцсээ хүртэл тэвчихэд юу шаардлагатай вэ? Ахлагч Дэйл Г.Рэнланд: “Энэ бол бид залбирч, судраас судалж, долоо хоног бүр ариун ёслолоос хүртэж, Ариун Сүнсийг байнгын хамтрагчаа болгосноор Есүс Христэд итгэх итгэлээ хадгална гэсэн үг юм. Бид бусдад идэвхтэй туслан үйлчилж, тэдэнтэй сайн мэдээг хуваалцах хэрэгтэй. Бид … бүх зүйлд төгс шударга, зөвт байх хэрэгтэй. … Бид саад бэрхшээл учруулах уруу таталтуудыг ялган таньж, тэдгээрийг өөрсдийн хүрч чадахааргүй, бүр огт хүрэхийн аргагүй газарт тавих хэрэгтэй” хэмээн заасан. Та ахлагч Рэнландын “Зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг хадгалах нь” захиасыг уншаад, Христэд баттай хөрвөгдсөн хэвээр байхын тулд юу хийж байгаагаа бодож болох юм. Та итгэлээ хадгалахад туслах өдөр бүрийн болон долоо хоногийн энгийн дадал хэвшлээ авч явж байна уу? Та уруу таталтуудыг өөрийн хүрч чадахааргүй газарт тавьж чадаж байна уу? Гэрээний зам дээрээ үлдэхэд тань туслах ямар өөрчлөлтүүдийг амьдралдаа гаргахыг хүсэж байгаагаа тунгаан бодож, бич.

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Мормоны Номд “Их Эзэнд хөрвүүлэгдсэн, [мөн] хэзээ ч итгэл алдраагүй” (Алма 23:6) Антай-Нифай-Лихай хэмээн нэрлэгдсэн бүлэг хүний тухай хүчирхэг түүхийг өгүүлдэг. Алма 23–25-ыг судалж, энэ бүлэг хүний талаар сурсан зүйлсээ жагсаан бич. Аврагч тэдэнд гайхалтай хүчтэй итгэлтэй болоход нь хэрхэн тусалсан бэ? Дараа нь хүн бүр Христэд тууштай үнэнч байхад туслах “газрын гүнд булж” (Алма 24:16–17-г үзнэ үү) болох нэг зүйлийг цаасан дээр бичиж болно. Эсвэл та итгэлтэй хэвээр үлдэх амлалтаа бэлгэдэх биет зүйлийг булж болох юм.

  • Есүс Христэд насан туршдаа хөрвөгдөх нь Түүний сайн мэдээний дагуу өдөр бүр амьдарснаас ирдэг. Бонни Л.Оскарсон эгч үүрдийн хөрвөлтийг дэмждэг хэд хэдэн чухал дадлыг хуваалцжээ. “Үнэн гэдгийг нь мэддэг сургаал дээр үндэслэн үйлдэх үйлдлээ өдрөөс өдөрт, сараас сард үргэлжлүүлж, зарлигуудыг сахих аваас жинхэнэ хөрвөлт тохиох болно. … Биднийг хичээнгүйлэн залбирч, судраас судлан, сүмдээ явж мөн ариун сүмийн ёслолуудад оролцохуйц зохистой байвал хөрвөлт явагдаж эхэлдэг. Хөрвөлт нь биднийг гэр орондоо болон ангидаа сурч мэдсэн зөв шударга зарчмуудынхаа дагуу үйлдэх үед ирдэг.”

    Хөрвөлтийн замаар үргэлжлүүлэн явахад тань туслах энэхүү сорилыг бүлгээрээ дараах маягаар явуулж болно. Өдөр бүр 30 хоногийн турш сонголтуудтай тулгарах үедээ өөрөөсөө “Жинхэнэ хөрвөгдсөн хожмын үеийн гэгээнтэн юу хийх байсан бэ?” гэж асуу. Энэ зорилгоо биелүүлэхэд нь хэн нэгний өмнө өөрийгөө хариуцлага үүрүүлэх талаар бодож үз. Сорилоо биелүүлснийхээ дараа туршлагаа бүлгээрээ ярилцаж болно. Аврагчийн сургаалтай нийцүүлэн сонгохыг хичээх үед өөрчлөгдөхөд тань Тэр хэрхэн тусалсан бэ?

Илүү дэлгэрэнгүй судлах