“Эцсээ хүртэл тэвчих,” Сэдэв ба асуулт (2023)
Сайн мэдээг судлах удирдамж
Эцсээ хүртэл тэвчих
Юу ч тохиолдсон Бурханд өгсөн амлалтдаа үнэнч байх нь
Та өөрийгөө том гүйлтийн тэмцээнд оролцох гэж байна гэж төсөөл. Та эхлэхдээ эрч хүчээр дүүрэн, өмнөө буй даалгаврыг биелүүлэхэд бэлэн байна. Гэвч энэ уралдаан урт бөгөөд хэцүү. Та ядарч, бүр сульдаж эхэллээ. Гэсэн хэдий ч та уралдаанаа үргэлжлүүлэн, хоёр хөлөө ээлжлэн зүтгүүлсээр барианы шугамыг давж, улмаар эцсээ хүртэл сайн тэвчсэн өөрөөрөө бахархав.
Бид Есүс Христийн сайн мэдээг хүлээн авснаар насан туршийн аянаа эхлүүлдэг. Зарим өдөр бид итгэл найдвар, шийдэмгий байдлаар дүүрэн байхад, зарим өдөр зам урт удаан, хэцүү санагдаж болно. Гэхдээ бид бууж өгдөггүй. Харин Их Эзэний биднийг хэзээ ч орхихгүй эсвээс хаяхгүй гэсэн амлалтад найдан (Еврей 13:5-ыг үзнэ үү), өдөр бүр “Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх”-ийг (2 Нифай 31:20) сонгодог.
Эцсээ хүртэл тэвчих гэж юу вэ?
Эцсээ хүртэл тэвчих гэдэг нь амьдралынхаа турш Бурханд өгсөн амлалтдаа болон Түүний зарлигуудад үнэнч байхыг хэлнэ. Үүнд Түүнтэй гэрээ байгуулах, өдөр бүр наманчлах, сорилт, уруу таталт, эсэргүүцлийг даван туулахад туслах Есүс Христийн хүчинд найдах зэрэг ордог. Эцсээ хүртэл тэвчсэн бүхэн мөнх амийн бэлгийг хүлээн авч, Бурхантай хамт амьдрахаар буцан очих болно (Maтай 10:22-ыг үзнэ үү).
Холбогдох сайн мэдээг судлах удирдамж: Сонгох эрх, Гэрээ ба ёслол, Мөнх бус амьдрал
1-р хэсэг
Хэрэв бид эцсээ хүртэл тэвчвэл мөнх амьтай болно гэж Бурхан амладаг
Бурханы бидэнд өгөх хамгийн агуу бэлэг бол мөнх амьдралын бэлэг юм (Сургаал ба Гэрээнүүд 14:7-г үзнэ үү). Энэхүү бэлэг нь сайн мэдээг хүлээн авч, үүнд үнэнч хэвээр үлдэх хүмүүст өгөгддөг (3 Нифай 15:9-ийг үзнэ үү). Эцсээ хүртэл тэвчих нь зүгээр нэг сорилт бэрхшээлийг эсэн мэнд давахаас илүү. Энэ нь амьдралынхаа туршид “Христэд ирж, Түүгээр төгөлдөржих”-ийн тулд гаргаж буй өдөр бүрийн хүчин чармайлт юм. Ахлагч Кэвин В.Пийрсон “эцсээ хүртэл тэвчих нь шавь байхын агуу шалгуур юм” гэжээ.
Бодох зүйлс
-
Есүс Христ Цагаатгалыг гүйцэтгэх үедээ бидний гэм нүглийн төлөө зовж шаналан, эцсээ хүртэл тэвчихийн хамгийн хүнд сорилтыг биеэрээ туулсан. Лук 22:42 ба 3 Нифай 11:11-ийг унш. Та эцсээ хүртэл тэвчихэд тань туслах ямар зүйлийг Христийн жишээнээс сурдаг вэ? Та эцсээ хүртэл тэвчиж, мөнх амьдралыг хүлээн авахаар хичээхдээ хэрхэн Түүний Цагаатгалд найдаж болох вэ? Төрсөн сэтгэгдлүүдээ бичиж аваад, тэдгээрийн дагуу үйлд.
-
Эцсээ хүртэл тэвчих нь маш урт хугацаа шаардах мэт, урт удаан учраас боломжгүй мэт санагдаж магадгүй. Гэхдээ эцсээ хүртэл тэвчих нь алхам алхмаар байдгийг санавал энэ нь тийм ч хэцүү биш санагдаж болох юм. Ерөнхийлөгч Томас С.Монсон: “Өдөр бүр тэнгэрлэг удирдамжийг эрэлхийлж бай. Холын ирээдүйдээ санаа зовж амьдрах хэцүү. Харин одоо байгаа цаг мөчөө хайрлаж амьдрах хялбар. Бидний хүн нэг бүр Сүнсээр удирдуулан, Их Эзэнд ойр байж, сайн үйлс болон зөв шударга байдлаар дүүрэн амьдрах хүртлээ нэг өдрийг, дараа нь нэг өдрийг, дараа нь дахиад нэг өдрийг үнэнч өнгөрүүлж чадна” гэж заасан. Та Есүс Христийн сайн мэдээнд үнэнч байхын тулд өдөр бүр ямар сонголтуудыг хийж болох вэ? Эдгээр сонголт таныг эцсээ хүртэл тэвчихэд хэрхэн тусалж болох вэ? Та сайжруулахыг хүсэж байгаа Христийн зан чанаруудаас нэгийг сонгоод, өдөр бүр Их Эзэнийг дагахаар хичээх үедээ үүнийг сайжруулахад туслахыг Түүнээс залбиран гуйж болно.
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Судрууд бидэнд эцсээ хүртэл тэвчсэнээр мөнх амьдралыг хүлээн авна гэж заадаг. Гэхдээ эцсээ хүртэл тэвчих гэж яахыг хэлж байна вэ? Ром 2:7; 2 Нифай 31:19–20; Сургаал ба Гэрээнүүд 59:23-ыг хамт уншаад, эдгээр шүлгээс яаж эцсээ хүртэл тэвчих талаар юу сурснаа ярилц. Та бас “Гэгээнтнүүд ээ, урагш яв” (Дуулал, д. 38) дууллыг бүлгээрээ дуулж эсвэл уншаад, урагш тэмүүлж, мөнх амьдралын бэлгийг хүлээн авахад тань сүнслэгээр нөлөөлсөн үгийг ярилцаж болно.
-
Ахлагч Дийтр Ф.Угдорф “Бидэнд баясах шалтгаан байхгүй гэж үү?” захиасандаа бид ганцаараа эцсээ хүртэл тэвчих шаардлагагүй гэж заасан. Тэрээр: “Эцсээ хүртэл тэвчих гэдэг нь амьдралын хүнд хэцүү нөхцөл байдлыг зүгээр л тэсэх эсвэл ‘байгаад л байх’ гэсэн үг биш юм. Бидний шашин бол Бурханы хүүхдүүдэд энэ амьдралын турш бүрэн чадавхдаа хүрч мөн хэзээ нэг өдөр Түүнд эргэн очихын тулд нарийн бөгөөд шулуун зам дээрээ үлдэхэд тусалдаг идэвхтэй шашин билээ.” Ахлагч Угдорфын захиасны нэг хэсгийг “Endure to the End” (2:05) видеоноос хамт үз. Дараа нь мөнх амьдрал руу хөтлөх зам дээр үлдэхэд бие биедээ туслах санаануудыг хуваалц. Та мөн хэн нэгэн танд сорилтыг итгэлтэйгээр давахад тусалсан тохиолдлыг хуваалцаж болно.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Еврей 6:12; 10:23; 1 Нифай 8:30; 15:24; Сургаал ба Гэрээнүүд 63:47; 101:35; 121:7–8, 29; Итгэлийн тунхаг 1:13
-
Дэйл Г.Рэнланд, “Есүс Христэд гуйвшгүй үнэнч байх нь,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 22–26
-
Стивэн Ж.Ланд, “Шавь хэвээр үлдэх нь,” Лиахона, 2022 оны 11-р сар, 89–91
-
Хэнри Б.Айринг, “Дажгүй давж гарсны шагнал,” Ensign, 2017 оны 7-р сар, 4–5
-
Russell M. Nelson, “Endure and Be Lifted Up,” Ensign, May 1997, 70–72