Номын сан
Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах


“Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах,” Сэдэв ба асуулт (2023)

Залуу эмэгтэй настай эмэгтэйд зам хөндлөн гарахад нь тусалж байгаа нь

Сайн мэдээг судлах удирдамж

Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах

Бид бусдад туслах Бурханы мутар байж чадна

Та эргэн тойрондоо байгаа хүмүүсийн бүхий л зовлон бэрхшээл, зүдгүүрийн талаар бодож, “Би ганцаараа шүү дээ. Юу ч хийж чадах билээ дээ?” гэж өөрөөсөө асууж байсан уу? Та ганц хүн байж болох ч тусламж хэрэгтэй хүмүүст туслахын тулд жижиг бөгөөд энгийн зүйлсийг хийснээр асар их хувь нэмэр оруулж чадна. Өдөр бүр олон хүн боломжийн хэрээр чадах зүйлүүд дээрээ тусалснаар маш олон сайн сайхан зүйлийг амжуулдаг.

Та цаг зав, авьяас чадвараа бусадтай хуваалцан, “та нар өлссөнийг хооллох, нүцгэнийг хувцаслах, өвчтөнийг эргэн мөн сүнслэг байдлын мөн эд зүйлсийн аль алинд нь, … тэднийг асрах зэргээр [та нар] байгаагийнхаа хэрээр ядуустай хөрөнгөө хуваалц[ах]” (Мозая 4:26) замаар эргэн тойрныхоо хүмүүсийн хэрэгцээг хангаж чадна.

Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах гэдэг нь бусдад эд материал, сүнслэг байдал, сэтгэл санааны хувьд туслах гэсэн үг юм. Үүнд “хувь хүн, гэр бүл, нийгэмд үйлчлэх, тохинуулах; тусламж хэрэгтэй хүмүүстэй … нөөц бололцоогоо хуваалцах; [мөн] бусдад бие даах чадвартай болоход нь туслах багтдаг.” Бие махбодын хэрэгцээг хангана гэдэг нь наад захын хэрэгцээг хангана гэсэн үг байж болох ч энэ нь түүнчлэн хүмүүсийг илүү их бие даах чадвартай болж, ирээдүйд өөрсдийн хэрэгцээг хангахад тусална гэсэн үг байж болно. Сэтгэл санааны болон сүнслэг хэрэгцээг хангах гэдэгт бусдын үгийг сонсох, зовлонг ойлгох, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр тэднийг хайрладаг гэдгийг ойлгоход нь туслах зэрэг орно. Есүс Христийн Сүмийн гишүүдийн хувьд бид эргэн тойрныхоо хүмүүст тохинуулж, анхаарал халамж тавихад туслах гэрээ байгуулдаг.

Холбогдох сайн мэдээнээс суралцах удирдамж: Төгс хайр, Мацаг барилт

Эмэгтэйчүүд хайрцагт юм хийж байгаа нь

1-р хэсэг

Бурхан бидэнд бусдыг хайрлаж, тэдэнд үйлчлэхийг зарлигладаг

Бурхан бүх хүүхдээ хайрладаг бөгөөд тэднийг адислахыг хүсдэг. Бурхан хүүхдүүдээ бидний бусдад үзүүлдэг үйлчлэлээр дамжуулан байнга адисалдаг юм. Үнэндээ хөршөө өөрийн адил хайрлах нь Бурханы хоёр агуу зарлигийн нэг билээ (Марк 12:28–34-ийг үзнэ үү). Энэ зарлигийг дагах нэг арга зам бол “нэг нэгэндээ үйлчлэх …[мөн] “халамжаар гачигдах тэднийг … халамжлах” (Moзая 4:15–16) явдал юм.

Их Эзэний ариун сүмд бид өөрт байгаа бүхнээ Түүнд өргөл болгон өргөж зориулах гэрээ байгуулдаг. Бид цаг зав, хүч чадлаа эргэн тойрныхоо хүмүүст туслахад харамгүй зориулах нь ийн үйлдэх нэг арга зам юм. Бид ийн үйлдсэнээр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү гүн гүнзгий харилцаатай болж, Тэдэнтэй илүү адилхан болж чадна.

Үйлчлэл үргэлж ая тухтай, амар хялбар байдаггүй. Гэхдээ бид бусдыг хайрлаж, тэдэнд үйлчилснээр тайтгарал, аз жаргалыг тэдэнд авчрах боломжтой. Бас бусдад үйлчилснээр бид жинхэнэ баяр баясгаланг олж, үнэхээр үр өгөөжтэй зүйл хийж байна гэдгээ мэдэрдэг.

Бодох зүйлс

  • Хэрэв та тусламж хэрэгтэй хүмүүст туслахыг хүсэж байвч яаж туслахаа мэдэхгүй байвал ахлагч Дэвид А.Бэднарын “Үүргийнхээ замд байх” захиас тус болж болох юм. Ахлагч Бэднар: “[Анзаардаг ах, эгч нар нь] Сүмийн цуглаанууд дээр болон бусад олон нөхцөлд ганцаараа байгаа хүмүүсийг анзаарч, дэргэд нь очиж суудаг. Тэд ямар нэг талархал эсвэл сайшаал харалгүйгээр ‘тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулахыг’ [Мозая 18:9] үргэлж хичээдэг.” Та түүний энэ захиасыг судлаад, тусламж хэрэгтэй хүнд үйлчилж болох жижиг бөгөөд энгийн арга замуудыг хайж болно. Бодол санаагаа бичээд, хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлд.

  • Бошиглогч Иосеф Смит: “Бурханы хайраар дүүрэн хүн зөвхөн өөрийнх нь гэр бүл адислагдсанаар сэтгэл ханадаггүй, харин бүх дэлхий, бүх хүн төрөлхтнийг адислахын төлөө санаа тавьдаг юм” хэмээн хэлсэн. Бурханы хайраар дүүрэн хүн яагаад бүх хүн төрөлхтнийг адислахыг хүсдэг гэж та бодож байна вэ? Та Бурханы хайрыг ямар ямар арга замаар бусадтай хуваалцаж болох вэ? Хайр, сайхан сэтгэлээр үйлдсэн үйлдлүүд тань хэрхэн таныг ч бас өөрчлөхөд тусалж болох вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Лук 10:25–29-ийг хамтдаа унш. Мөн “Сайн самари хүний сургаалт зүйрлэл” (4:55) видеог үзэж болно. Хэрэв та хүүхдүүдэд зааж байвал тэд сургаалт зүйрлэлийг жүжиглэн үзүүлэхдээ дуртай байж болох юм. Дараа нь та самари хүн хэрхэн хөршөө хайрлах зарлигийг дагасныг ярилцаж болно. Бас тахилч болон леви хүний үйлдлийн талаар ярилц. Бид ямар шалтгаанаар заримдаа тусламж хэрэгтэй хүмүүст үйлчилдэггүй вэ? Бид тэдгээр бэрхшээлийг хэрхэн даван гарч чадах вэ? Та нар тусламж хэрэгтэй хэн нэгэнд үйлчилж байсан эсвэл хэн нэгэн танд үйлчилж байсан туршлагаа мөн танд ямар мэдрэмж төрж байснаа бие биетэйгээ хуваалцаж болно. Та нар долоо хоногийн турш өдөр бүр хэн нэгэнд үйлчлэх зорилго тавиад, туршлагаа тайлагнаж болно.

  • Moзая 2:17-г уншаад, бусдад үйлчлэхдээ хэрхэн Бурханд үйлчилж байгаагаа ярилц. Дараа нь “Day of Service” (5:08) видеог үзэж болно. Видеон дээр хүмүүс үйлчилснээр хэрхэн адислагдсан бэ? Нийгэм нь хэрхэн адислагдсан бэ? Үйлчлэлийн өдөрт та нар бүлгээрээ хэрхэн оролцож болох талаар бод. Санаа авах бол JustServe.org-ийг судалж болно.

Илүү дэлгэрэнгүй судлах

  • Дэд хууль 15.11; Исаиа 1:17; Матай 20:26–27; 22:36–40; Иаков 2:17–19

  • Рассэлл М.Нэлсон, “Хоёр дахь агуу зарлиг,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 108–113

  • Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 21–22-р бүлэг, Gospel Library.

Нэгэн эрэгтэй нэг эмэгтэйд хоол хүнсээ авч явахад нь тусалж байгаа нь

2-р хэсэг

Бид тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлахдаа Есүс Христийн үлгэр жишээг дагадаг

Есүс Христ бидний хувьд бусдад үйлчилж туслахын агуу үлгэр жишээ юм. Тэр үнэхээр “сайныг үйлдэж явсан” (Үйлс 10:38). Түүний Сүмийн гишүүдийн хувьд биднийг эргэн тойрныхоо хүмүүсийг халамжлахад туслахыг урьдаг (Moзая 18:8–10-ыг үзнэ үү).

Христийн дагалдагчдын хувьд бид бусдыг Аврагчийн мэлмийгээр, хэмжээлшгүй үнэ цэнтэй, тэнгэрлэг чадавхтай нэгэн гэдгээр нь харахыг хичээдэг. Бид тэдэнд материаллаг, сүнслэг болон сэтгэл санааны хэрэгцээнд нь тусалдаг. Аврагч өлссөнийг хооллож, зовж буй хүмүүсийг тайтгаруулж байсан (Maтай 14:14–21-ийг ; Лук 7:11–15-аас жишээг үзнэ үү). Бид үүнтэй адилаар үйлдэж чадна. Жишээлбэл: Энэ нь хэрэгцээтэй байгаа хөршдөө хоол авчрах, хайртай хүнээ алдсан найзынхаа үгийг сонсох, өвчтэй хүнийг асарч халамжлахад туслах зэрэг байж болно. Бид ямар нэгэн хариу нэхэлгүйгээр бусдад тохинуулдаг.

Бодох зүйлс

  • 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын заасанчлан: “Бид [Есүс Христийн] төгс жишээг дагаж амьдарснаар бидний гар Түүний гар, бидний нүд Түүний нүд, бидний зүрх сэтгэл Түүний зүрх сэтгэл болж чадна.” Таны гар, нүд, зүрх сэтгэл Аврагчийн мутар, нүд, зүрх сэтгэл байна гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Ийн бодох нь бусдад үйлчлэх байдалд тань хэрхэн нөлөөлөх вэ? 1 Иохан 3:17–19-ийг уншаад, тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах талаар энэ нь юу зааж байгааг тунгаан бод. Эдгээр шүлэг нь эргэн тойрныхоо хүмүүст үйлчлэхдээ Есүс Христийн үлгэр жишээг дагахад хэрхэн танд сүнслэгээр нөлөөлж байна вэ? Та тусламж эсвэл урам зориг хэрэгтэй байгаа хэн нэгний талаар бодоод, тухайн хүнд нууцаар үйлчилж болох юм. Эсвэл зовлонг нь сонсох юм уу жинхэнэ найз нь байж хэн нэгэнд үйлчилж болно. Дараа нь тухайн үйл явдлын талаарх бодлоо бичиж тэмдэглэж болох юм.

  • Та тусламж хэрэгтэй хүмүүст туслах тухай “Эзэн, Таныг дагая” эсвэл “Because I Have Been Given Much гэх мэт дууллын үгсийг унших юм уу дуулж болно. Дууны үгийн тухай бодохдоо, бусдад үйлчлэхдээ хэрхэн Аврагчийг дагаж байгаагаа эргэцүүлэн бод. Эргэн тойрныхоо хүмүүсийг Түүнтэй адилаар өргөж босгохын тулд та ямар адислалуудыг хүлээн авсан бэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Ахлагч Гэррит В.Гонг: “Бид ‘хамгийн дорд нэгэнд’ [Матай 25:35–40-ийг үзнэ үү] Түүнд хандах байсан шиг хандсанаар, хөршөө өөрийн адил хайрласнаар [Марк 12:31-ийг үзнэ үү], мөн ‘Би та нарыг яаж хайрласны адил бие биенээ хайрлагтун’ [Иохан 13:34], мөн ‘та нарын дунд хэн чинь агуу болохыг хүснэ, тэр нь та нарын тохинуулагч болог’ [Матай 20:26] гэсэн сургаалыг дагаснаар Есүс Христтэй илүү адил болдог.

    Өөрчлөх амьдрал олон байгаа учраас бид Есүс Христийн дагалдагчдын хувьд Түүнтэй адил бусдад тохинуулахыг эрэлхийлдэг” хэмээн заасан.

    Та Есүс Христийн бусдад үйлчилсэн зарим арга замын тухай ярьж болно (Maтай 14:13–21; Марк 2:1–12; Лук 17:11–19; Иохан 9:1–7; 11:1–44-ийг үзнэ үү). Та мөн эдгээр түүхийн зарим зургийг Сайн мэдээний уран зургийн цуглуулга эсвэл Gospel Library дахь “Видео болон зургууд”-аас олж болно. Аврагч тусламж хэрэгтэй хүмүүсийг хэрхэн халамжилж байсан талаар гүн сэтгэгдэл төрүүлсэн зүйлээ бие биетэйгээ хуваалц. Дараа нь Аврагчийн үйлчилдэг арга замуудаас үлгэрлэн дагахыг хүсэж байгаа нэг арга замаа сонгож болно. Таны үйлдэл “өөрчлөх амьдрал”-тай тэднийг хэрхэн үнэхээр адисалж болох талаар бодож үз.

Илүү дэлгэрэнгүй судлах

Сүмийн цуглаан

3-р хэсэг

Бид Сүмийн дуудлагад үйлчлэхдээ бусдыг халамжилдаг

Есүс Христ мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үеэр Өөрийн Эцэгийн ажлыг гүйцэлдүүлэхэд туслах чухал үүрэг хариуцлагыг шавь нартаа өгсөн (Лук 10:1–9-ийг жишээ болгон үзнэ үү). Их Эзэн мөн өнөөдөр Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцоход биднийг урьдаг. Үйлчлэх эдгээр боломжийг дуудлага гэдэг.

Дуудлага нь Их Эзэний хүүхдүүддээ хүлээлгэн өгсөн үүрэг хариуцлага бөгөөд энэ нь Түүний Сүмд үйлчилж, Түүнд болон бусад гишүүнтэй илүү ойртох боломжийг олгодог. Үйлчлэх урилга өгөхийнхөө өмнө Их Эзэнээс сүнслэг удирдамж эрэлхийлдэг Сүмийн удирдагчдаар дамжуулан эдгээр дуудлагыг өгдөг. Сүмийн дуудлага, үүрэг даалгавар бүр Бурханы ажлыг гүйцэтгэхэд тусалж, Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд нэн чухал юм.

Бодох зүйлс

  • Иохан 15:16-г уншихдаа, Сүмд авч байсан дуудлага эсвэл үүрэг хариуцлагынхаа талаар бод. Дараа нь ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн дараах бодол санааг унш. “Их Эзэн таныг мэддэг. Тэр Өөрийнхөө Сүмийн дуудлага бүрд хэнийг үйлчлүүлэхээ мэднэ. Тэр таныг сонгосон.” Дуудлага, үүрэгт ажилдаа үйлчилснийхээ “үр жимс”-ийн талаар бод. Их Эзэн яагаад одоогийн дуудлагад тань таныг сонгосон байж болох вэ? Таны үйлчлэл бусдад эргэж буцалтгүй нөлөөлж, “үр жимс чинь үүрд бай[ж]” үлдэхийн тулд та дуудлагадаа үйлчилж байхдаа юу хийж болох вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Та хэд хэдэн удаа хөлийнхөө улыг тойруулж зураад, дараа нь мөр бүрийн дотор Сүмийн дуудлага, үүрэгт ажилдаа үйлчлэх явцдаа Христэд илүү ойртох нэг нэг арга замыг бичиж болно. Дараа нь ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын дараах бодлыг уншина уу. “Бид дуудлагууддаа Бурханд үйлчлэх мөн итгэл, даруу байдлаар бусдад үйлчлэх боломж гэж хандвал үйлчлэлийн үйлдэл бүр шавь байх зам руу хөтлөх алхам байх болно.” Тэгээд бичсэн зүйлээ нэг нэгэнтэйгээ хуваалцаж болох юм. Дуудлагадаа илүү итгэлтэй, даруу байдлаар үйлчлэхийн тулд юу хийж болохоо тунгаан бод. Төрсөн сэтгэгдлүүдээ бичиж аваад, тэдгээрийн дагуу үйлд.

Илүү дэлгэрэнгүй судлах

Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах талаарх бусад эх сурвалж

Эх сурвалж

  1. Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 1.2.2, Gospel Library.

  2. Дэвид А.Бэднар, “Үүргийнхээ замд байх,” Лиахона, 2023 оны 11-р сар, 7.

  3. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2011], 426.

  4. Материаллаг хэрэгцээг хангахад туслах нэг арга зам бол мацгийн өргөлөө өгөх явдал юм.

  5. Сүмийн насанд хүрсэн, 14 нас хүрч байгаа болон үүнээс дээш насны өсвөр насныхан гээд бүх гишүүн хэн нэгний тохинуулах ах, эгчээр үйлчилж болно. Ингэснээр гишүүн бүр бусдыг халамжлан, найзалж нөхөрлөн туслах бөгөөд эргээд тэднийг халамжилж, найзалж нөхөрлөх хүмүүстэй болох юм. Дэлгэрэнгүй мэдээллийг Ерөнхий гарын авлагын 21-р бүлгээс үзнэ үү.

  6. Дийтр Ф.Угдорф, “Та нар миний гар,” 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 83.

  7. Эзэн, Таныг дагая,” Дуулал, ду. 212

  8. Because I Have Been Given Much,” Hymns, no. 219

  9. Гэррит В.Гонг, “Тохинуулах нь,” 2023 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 18–19, 16.

  10. Ерөнхий гарын авлага, 30.0-ийг үзнэ үү.

  11. Ерөнхий гарын авлага, 1.2-ыг үзнэ үү.

  12. Henry B. Eyring, “Rise to Your Call,” Liahona, Nov. 2002, 76.

  13. Дийтр Ф.Угдорф, “Та нарын дундах хамгийн агуу нь,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 67