Номын сан
Мацаг барих


“Мацаг барих,” Сэдэв ба асуулт (2023)

Гэр бүлээрээ залбирч байгаа нь

Сайн мэдээг судлах удирдамж

Мацаг барих

Бурханд илүү ойртож, тусламж хэрэгтэй хүмүүст туслах нь

Хүнс тэжээл хэрэглэхгүй явна гэдэг өлсөж цангахтай адил байж болох юм. Гэхдээ бид мацгийн хуулийг сахин идэж уухгүй байгаа нь зүгээр л хоол идэхгүй байгаа хэрэг биш. Бид Бурханы зарлигуудыг дагаж, энэ нь биднийг Түүнтэй сүнсээр илүү ойртоход тусалдаг.

Бид мацаг барих, залбирах зэргээр дамжуулан бие махбодын хувьд түшиглэдэг зарим зүйлээ хойш тавьж, Бурханд найдахыг сонгодог. Бид Түүнийг шүтэн биширч, Түүнээс тайтгарал, удирдамж, хүч чадлын адислалыг эрэлхийлдэг. Бид бас өвчтэй эсвэл тодорхой адислалууд хэрэгтэй байгаа бусад хүний төлөө мацаг барьж, залбирдаг. Бид Их Эзэний мацаг барих урилгыг хүлээн авснаар илүү энэрэнгүй, илүү хайраар дүүрэн, илүү даруу, илүү үйлчлэх хүсэлтэй, илүү Есүс Христтэй адил болдог.

Мацаг гэж юу вэ?

Мацаг нь ерөнхийдөө “24 цагийн турш хоол, ундгүйгээр явж (бие махбодын хувьд боломжтой бол), мацгийн өргөлөө өгөөмөр өгөхийг хэлдэг.” Хожмын үеийн гэгээнтнүүдийг сард дор хаяж нэг удаа мацаг барьж, тусламж хэрэгтэй хүмүүст туслахын тулд мацаг барих үедээ хоолонд зарцуулах байсан хэмжээний мөнгийг сайн дураараа хандивлахад урьдаг. Хүмүүс хувиараа болон бүлгээрээ мацаг барьж болно. Мацаг барих нь “зүгээр л өлсөх”-өөс илүү зүйл бөгөөд энэ нь “зүрх сэтгэл, оюун ухаан, дуу хоолойгоо өргөн Тэнгэрлэг Эцэгтэй нэгдэн,” Түүний таалал, адислалуудыг эрэлхийлэх нэг арга зам юм.

Сэдвийн тойм: Мацаг барих

Холбогдох сайн мэдээг судлах удирдамж: Залбирал, Илчлэл, Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах

1-р хэсэг

Бурхан хүүхдүүдээ адислахын тулд мацгийн болон мацгийн өргөлийн хуулийг үндэслэсэн

Мацгийн өргөлийг цуглуулж буй залуу эрэгтэйчүүд

Бурханы хүмүүс эрт дээр үед мацгийн хуулиар амьдарч байсан (Гэтлэл 34:28; Естер 4:16; Матай 6:16–18; Алма 45:1). Мөн Их Эзэн энэ хуулийг өнөө үед дахин танилцуулсан юм (Сургаал ба Гэрээнүүд 88:76-г үзнэ үү). Хожмын үеийн гэгээнтнүүд бие махбодын хувьд боломжтой бол 24 цагийн турш хоол ундгүй байж мацаг барьдаг. 24 цагийн турш хоол ундаар мацаг барих боломжгүй хүмүүс Есүс Христийг дурсан санахад туслах өөр мацаг барих аргыг сонгож болно.

Сүмийн гишүүд ихэвчлэн сар бүрийн эхний хүндэтгэлийн өдөр хамтдаа мацаг барьдаг. Мөн мацаг барихдаа тэд хамгийн багадаа, идээгүй хоолны үнэтэй тэнцэх хэмжээний хандивыг мацгийн өргөл болгон сайн дураараа хандивладаг. Тэдний хандив тусламж хэрэгтэй хүмүүсийг хоол хүнс, орон байр, хувцас хунар болон бусад зайлшгүй хэрэгцээтэй зүйлээр хангахад зарцуулагддаг. Түүнчлэн мацаг барилт нь сүнслэг адислалуудыг авчирдаг. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: “Бидний хувьд өлсөж байгаа хүмүүст туслахын тулд мацаг барих нь энэрлийн үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийг цэвэр ариун санаа бодлоор үйлдэх нь биднийг сүнслэг байдлын хувьд хүчирхэгжүүлдэг” хэмээн заажээ.

Бодох зүйлс

  • Мацгийн хууль нь эрт үеэс эхлэн Бурханы хүүхдүүдийг адисалсаар ирсэн. Эдгээр адислалын заримынх нь талаар олж мэдэхийн тулд Исаиа 58:6–11-ийг уншина уу. Дараа нь Maтай 25:35–40-ийг унш. Эдгээр шүлэг нь мацаг барьж, тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлахын ач холбогдлын талаар юу зааж байна вэ? Та магадгүй дараагийн удаа мацаг барихдаа эсвэл мацгийн өргөл өгөхдөө эдгээр шүлгийн талаар залбирч байгаад бодож болно. Есүс Христэд анхаарал төвлөрүүлэх нь мацгийн хуулийг дагах туршлагыг тань хэрхэн илүү утга учиртай болгодог вэ?

  • Сүм дээр мацгийн болон гэрчлэлийн цуглааныг сар бүр хийдэг. Мацаг барих нь Есүс Христийн талаарх гэрчлэлийг тань хэрхэн хүчирхэгжүүлж болохыг олж мэдэхийн тулд Алма 5:45–48-ыг унш. Та дараагийн удаа мацгийн болон гэрчлэлийн цуглаанд оролцохоосоо өмнө эдгээр шүлгийг дахин уншиж болно. Есүс Христийн талаар юу мэдэж, итгэж, мэдэрч байгаагаа гэрчлэх нь мацаг барилтыг тань хэрхэн илүү зорилготой болгодог вэ? Энэ нь мацаг барьж байгаа бусад хүнд хэрхэн тусалж болох вэ? Түүнчлэн та бусдын гэрчлэлийг сонсох үедээ хүлээн авсан сүнслэг өдөөлтүүдээ бичиж тэмдэглэн, тэдгээрийн дагуу үйлдэж болно.

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Мацаг нь гайхамшгийг авчирдаг ариун нандин эрх юм.Fast Offerings: Are Not Right Beggars” (2:31) видеог үзээд, мацгийн хууль нь бусдыг Есүсийн адил халамжилж, хайрлахад бидэнд хэрхэн тусалдаг тухай ярилц. Мөн та нар хамтдаа “Because I Have Given Much” дууллыг дуулж болно. Мацгийн хуулиар амьдарсан үед Их Эзэн танд хэрхэн өгөөмөр хандсан тухай ярилц. Үзэж туулсан гайхамшгуудаа жагсааж бичих юм уу зурж, тэдгээр нь таны амьдралыг хэрхэн адисалдаг тухай ярилц.

  • Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг: “Таны мацгийн өргөл бие махбодыг хооллож, хувцаслахаас илүү их зүйлийг хийх болно. Энэ нь зүрх сэтгэлийг эдгээж, мөн өөрчилнө” гэж заасан. Ерөнхийлөгч Айрингийн “Үүний тулд мацаг барилтыг Би сонгосон бус уу?” гэх захиасыг хамтдаа эргэн хар. Та дараа нь мацгийн өргөлийг өгөх эсвэл хүлээн авах нь таны зүрх сэтгэлийг хэрхэн эдгээж, өөрчилсөн тухай хуваалцаж болно. Эдгээр туршлага хэрхэн Бурханы хүүхдүүдийг хайрлах таны хайрыг нэмэгдүүлсэн бэ? Эдгээр нь хэрхэн таныг хайрлах Их Эзэний хайрыг мэдрэхэд тань тусалсан бэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

2-р хэсэг

Мацаг барилт болон залбирал биднийг Бурханы адислалуудыг хүртэхэд бэлтгэдэг

Залбирч буй залуу эмэгтэй

Хожмын үеийн гэгээнтнүүд олон шалтгаанаар мацаг барьдаг. Мацаг барилт нь бусдад тусалж, Бурханыг шүтэн биширч, Түүнд талархлаа харуулах нэг арга зам юм (Алма 45:1-ийг үзнэ үү). Мөн бид Бурханаас хувийн илчлэлт эрэлхийлж, өвдсөн, зовж шаналсан хүмүүсийг адислахыг Түүнээс гуйхын тулд мацаг барьж болно (Дуулал 35:13 ; Алма 5:46-г үзнэ үү). Мацаг барилтаар дамжуулан бид уруу таталтыг эсэргүүцэх хүч чадалтай болж, сорилт бэрхшээл тохиолдох үед тайвшралыг хүлээн авч чадна (Maтай 4:2–4; Алма 30:1–2). Мөн мацаг барилт биднийг илүү даруу байхад тусалдаг бөгөөд энэ нь биднийг Бурханаас бүрэн хамааралтай гэдгийг сануулдаг (Дуулал 35:13-ыг үзнэ үү).

Мацаг, залбирал хоёр хамт байдаг. Мацаг нь бидний залбиралд чин сэтгэл, амлалтыг нэмж өгдөг бол залбирал нь бидний мацаг барилтыг зүгээр л хоол идэхгүй байх явдлаас илүү Бурхантай харилцах жинхэнэ харилцаа болгон дээшлүүлдэг. Мацаг, залбирал хоёр хамтдаа бидний даруу байдалд төдийгүй Христэд итгэх итгэлд хүчирхэг нөлөө үзүүлдэг (Хиламан 3:35-ыг үзнэ үү).

Бодох зүйлс

  • Заримдаа мацаг барих хэцүү байдаг ч олон сүнслэг адислалыг авчирдаг. Maтай 4:1–4 болон 1 ба 2-р шүлгийн Иосеф Смитийн Орчуулгаас Есүс Христийн мацаг барьсан жишээг олж унш. Яагаад тухайн үед Есүст Бурхантай хамт байх нь чухал байсан бэ? Мацаг, залбирал хоёр танд Бурхантай ойртоход хэрхэн тусалдаг талаар бод. Та хэрхэн залбирлыг мацаг барилтынхаа нэгэн зорилтот хэсэг болгох вэ? Төрсөн сэтгэгдлийнхээ дагуу үйлд.

  • Мацаг, залбирал хоёр танд Их Эзэний мутар дахь зэмсэг байхад тусалж чадна. Алма 17:1–3, 9-ийг унш. Мацаг барьж, залбирснаар Мозаягийн хөвгүүдэд Их Эзэний ажлыг хийхэд нь тусалсан ямар сүнслэг адислалууд ирсэн бэ? Та Бурханы хүүхдүүдэд тохинуулж, дуудлагаа биелүүлэн, сайн мэдээг хуваалцахдаа тэдний үлгэр жишээнээс юу сурч чадах вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Христ амилсан бөгөөд Түүнд итгэх итгэлээр уулсыг нүүлгэж чадна” хэмээх үгэндээ Самоа, Фижи, Тахити, Тонга дахь гэгээнтнүүд гайхамшгийн төлөө мацаг барьж, залбирсан тухай хуваалцсан. Энэ түүхийг уншаад, өөрийн амьдрал дахь уулс буюу сорилт бэрхшээлийн тухай ярилц (Maтай 17:14–21-ийг үзнэ үү). Мацаг, залбирал хоёр нь таны амьдралд Их Эзэний хүчийг хэрхэн авчирч болох талаар ерөнхийлөгч Нэлсоны үгсээс та юу сурсан бэ? Та нар уулын зураг хараад эсвэл ууланд хамт алхсаныхаа дараа бодлоо хуваалцаж болно. Түүнчлэн та итгэлтэйгээр мацаг барьж, залбирснаар хүлээн авсан адислал, боломжуудынхаа тухай ярилцаж болно.

  • Мацаг гэдэг нь ихэвчлэн идэж, уухгүй байхыг хэлдэг ч бид олон янзаар мацаг барьж болно. 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулганы эмэгтэйчүүдийн хуралдаан дээр ерөнхийлөгч Нэлсон ийн зөвлөсөн. “Би та нарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээс, тухайлбал сөрөг, цэвэр бус бодлыг оюунд тань авчрах мэдээллийн хэрэгслээс татгалзсан арав хоногийн мацагт нэгдэхийг урьж байна. Мэдээллийн хэрэгслээс татгалзан мацаг барьж байх үедээ ямар нөлөөллүүдийг холдуулахаа мэдэж авахын тулд залбир. Арав хоногийн мацгийн тань үр дүн таныг гайхшируулж болох юм. Та Сүнсийг тань шархлуулж байсан дэлхийн ойлголтуудаас түр завсарласны дараа юуг олж анзаарах бол? Одоо таны цаг зав, эрч хүчээ зориулахыг хүсэж байгаа зүйлсэд өөрчлөлт гарсан уу? Таны чухалчилж үздэг зүйлс бага боловч өөрчлөгдсөн үү? Би та нарыг өөрт төрсөн сэтгэгдлүүдийг нэг бүрчлэн бичиж авч, тэдгээрийг дагахад урьж байна.” Бурханд ойртоход тань саад болж буй ямар зүйлсээс мацаг барьж болох талаар бүлгээрээ ярилц. Дараа нь ерөнхийлөгч Нэлсоны уриалгыг хүлээн ав. Мацаг барьсныхаа дараа залбирал таныг хэрхэн удирдан чиглүүлсэн талаар болон ийм маягаар мацаг барьснаар хэрхэн адислагдсан тухайгаа ярилц.

Илүү дэлгэрэнгүй судлах