Номын сан
Иосеф Смит


“Иосеф Смит,” Сэдэв ба асуулт (2023)

Иосеф Смит

Сайн мэдээг судлах удирдамж

Иосеф Смит

Есүс Христийн сайн мэдээг сэргээлгэхээр Бурханы сонгосон бошиглогч

Бошиглогч Иосеф Смит богинохон амьдралдаа гайхалтай зүйлсийг гүйцэлдүүлсэн юм. Бурханы сонгосон бошиглогчийн хувьд тэрээр Мормоны Номыг “Бурханы бэлэг ба хүчээр” (Мормоны Номын удиртгал) орчуулж, үзэгдэл, илчлэлүүд хүлээн авч, дэлхий дээр Есүс Христийн Сүмийг зохион байгуулсан. Нэг хүн ийм их зүйлийг хийх боломжгүй юм шиг сонсогдож байж болох юм. Гэвч Иосефт Есүс Христийн сайн мэдээг сэргээх тэнгэрлэг үүрэг байсан бөгөөд Их Эзэн түүнд Өөрийн ажлыг гүйцэлдүүлэх арга замыг бэлтгэсэн.

Бошиглогч Иосеф Смитийн ачаар Бурхан бидэнд хайртай, одоо ч бидэнтэй ярьдаг гэдгийг бид мэдэж авсан билээ. Түүнд хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөө бий бөгөөд Тэрээр тэдэнд Өөртэй нь дахин хамт амьдрах арга замыг бэлтгэсэн гэдгийг мэднэ. Түүнчлэн энэ бол “хүмүүний үхэшгүй байдал ба мөнх амьдралыг тохиолгон авчрах нь [Түүний] ажил мөн [Түүний] сүр жавхлан бөлгөө” (Мосе 1:39) гэдгийг бид мэднэ.

Иосеф Смит гэж хэн байсан бэ?

Бага Иосеф Смит 1805 онд АНУ-ын Вермонтод төржээ. Бурхан Иосефыг бошиглогч болгохоор мөн энэ цаг үед Есүс Христийн сайн мэдээг сэргээлгэхээр дуудсан. Тэрээр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн анхны ерөнхийлөгч байв. Бошиглогч Иосеф Смит ариун нандин үзэгдэл, илчлэлүүдийг хүлээн авсан юм. Бурхан Эцэг, Есүс Христ хоёр Иосеф Смитэд үзэгдсэн. Тэр тэнгэрлэг элч нараас санваарын эрх мэдлийг хүлээн авч, Мормоны Ном болон эртний бусад судрыг Бурханы бэлэг, хүчээр орчуулсан юм. Иосеф гэрчлэлийнхээ улмаас олонтоо хавчигдаж байсан хэдий ч амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл буюу 1844 онд ах Хайрумтайгаа хамт танхайрагч бүлгийнхний гарт амиа алдах хүртлээ үүндээ үнэнч хэвээр үлджээ.

Сэдвийн тойм: Иосеф Смит

Холбогдох сайн мэдээг судлах удирдамж: Бошиглогчид, Сайн мэдээний сэргээлт, Анхны үзэгдэл, Мормоны Ном, Санваарын сэргээлт

1-р хэсэг

Иосеф Смит бол Бурхан Эцэг, Есүс Христ хоёрын үнэнч гэрч байсан

Иосеф Смит Либерти шоронд

Иосеф Смит дөнгөж 14 настай байхдаа Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрыг харжээ (Иосеф Смит—Түүх 1:15–17-г үзнэ үү). Энэ үйл явдлыг Анхны үзэгдэл хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь сайн мэдээний Сэргээлтийн эхлэлийн шавыг тавьсан юм. Сэргээлт үргэлжлэн явагдаж, Иосеф Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг өөр бусад үзэгдлээр гэрчилж, Тэднийг гэрчилсэн (Сургаал ба Гэрээнүүд 76:19–24; 137:1–3-ыг үзнэ үү).

Иосеф олон сорилттой тулгарч, үнэн гэдгийг нь мэдэх зүйлийнхээ төлөө хавчигдаж байв. Гэхдээ түүний зовлон зүдгүүр хэчнээн их байсан ч тэр Бурхан, Есүс Христ хоёрын тухай гэрчлэлээ эсвэл Их Эзэний ажилд дуудагдсанаа үгүйсгээгүй (Иосеф Смит—Түүх 1:25-ыг үзнэ үү). Бошиглогч амьдралынхаа эцсийн мөчид Картейж шоронд амиа алдахдаа өөрийн гэрчлэлийг цусаараа лацадсан (Сургаал ба Гэрээнүүд 135:1–3; мөн Гэгээнтнүүд, 1:542–552-ыг үзнэ үү). Их Эзэний ажилд үнэнч байсан нь дэлхий дээрх Бурханы хүүхдүүдэд сайн мэдээг дахин авчрахад тусалсан юм (Сургаал ба Гэрээнүүд 136:37–38-ыг үзнэ үү).

Бодох зүйлс

  • Есүс Христийн талаарх Иосеф Смитийн хүчирхэг гэрчлэл сударт цэдэглэгдсэн байдаг. Сургаал ба Гэрээнүүд 76:22–24 мөн Сургаал ба Гэрээнүүд 110:1–4 дэх түүний гэрчлэлийг уншина уу. Эдгээр шүлгээс Есүс Христийн талаар сурч мэдсэн зүйлээ эргэцүүлэн бод. Дараа нь Аврагчийн тухай өөрийн гэрчлэлийн талаар тунгаан бод (2 Нифай 31:18-ыг үзнэ үү). Бошиглогч Иосеф Смитийн Есүс Христийн талаарх гэрчлэл хэрхэн таны гэрчлэлд нөлөөлсөн бэ? Мөн та Их Эзэнд илүү ойртуулсан өөрийн гэрчлэл болон хувийн туршлагаа бичиж тэмдэглэхийг хүсэж болох юм.

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Иосеф Смит 14 настай байхдаа анх Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг гэрчилсэн. Иосеф Смит—Түүх 1:14–20-ийг хамтдаа уншаад, энэ гэрчлэлийн талаар олж мэд. Бид энэ түүхээс Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу сурч мэдсэн бэ? Иосефын гэрчлэлийн улмаас дэлхий хэрхэн өөрчлөгдсөн бэ? Бодол санаагаа хуваалцаад, дараа нь “#HearHim: Listen to the Voice of Jesus Christ” (1:47) видеог бүлгээрээ үз. Та Аврагчийн дуу хоолойг хэрхэн сонсдог вэ? (мөн Сургаал ба Гэрээнүүд 6:22–24; 8:2–3; 9:8–9; 11:12–13-ыг үзнэ үү). Бодол санаагаа ярилцаад, Иосефын адил Аврагчийг сонссоноор таны гэрчлэл бусдад хэрхэн нөлөөлж болох талаар ярь.

  • Аврагчийн тухай Иосефын гэрчлэл “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл”-д багтсан байгаа. Тунхаг дахь бошиглогчийн гэрчлэлийг хамтдаа уншаад, хүлээн авсан үзэгдлүүдийнх нь түүхэн нөхцөл байдлын талаар ярилц. Та мөн бошиглогчийн гэрчлэлийг бүлгээрээ цээжилж болох юм. Та үгсийг чангаар уншиж, Сүмийн Номын сан дээрх зургуудыг ашиглаж эсвэл тус болох бусад үзүүлэн материалыг хийж болно. Бошиглогчийн гэрчлэлийг цээжлэх нь хэрхэн Есүс Христэд итгэх итгэлийг тань нэмэгдүүлж, хүч чадал, урам зориг, сүнслэг өдөөлт, тайтгарлын эх сурвалж болж чадах тухай ярилц.

Илүү дэлгэрэнгүй судлах

2-р хэсэг

Иосеф Смит Есүс Христийн сайн мэдээг сэргээхээр Бурханаар сонгогдсон

Иосеф Смит Ариун төгөлд өвдөг сөгдөж байгаа нь

Бурхан дэлхий дээр Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлыг сэргээлгэхээр бошиглогч Иосеф Смитийг сонгосон (Сургаал ба Гэрээнүүд 1:17; 27:13; “Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын сэргээлт: Дэлхий дахинаа өргөх хоёр зуун жилийн ойн тунхаг,” Gospel Library-ийг үзнэ үү). Иосеф Бурханы хүчээр Мормоны Номыг орчуулж, нэмэлт судруудыг гаргаж ирсэн (Мормоны Номын удиртгал; Сургаал ба Гэрээнүүд 135:3-ыг үзнэ үү). Тэр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг зохион байгуулж, санваарын эрх мэдлийг хүлээн авч, Сионыг байгуулахад гэгээнтнүүдийг бэлтгэсэн (Сургаал ба Гэрээнүүд 20:1; Гэгээнтнүүд, 1:108–109-ийг үзнэ үү).

Иосеф Смитийн үйл хэргийн ачаар бид Бурханд хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөө байдаг талаар мөн бид Их Эзэний өргөөнд ёслолуудыг хүлээн авч, Түүнтэй гэрээ байгуулж болно гэдгээ мэдсэн. Иосефын ажил хожмын өдрүүдэд Есүс Христийн сайн мэдээ байх үндэс суурийг тавьж, бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн сүнслэгээр өдөөгдсөн удирдлаган доор урагшлах боломжийг Сүмд олгосон юм (Гэгээнтнүүд, 1:519–520-ийг үзнэ үү).

Бодох зүйлс

  • Ерөнхийлөгч Жэффри Р.Холланд ийн гэрчилжээ. “Иосеф Смит өөрийгөө төгс биш гэдгийг ойлгож байсан хэдий ч Бурхан түүнийг үүрдийн сайн мэдээг дэлхий дээр дахин авчрахад зэмсэг болгон ашигласан гэдгийг би мэднэ. Түүнчлэн ийн үйлдэхдээ, нэн ялангуяа Мормоны Номыг орчуулснаар амьдралдаа миний уншиж, сонсож, мэдэж байсан бүх бошиглогчдын дундаас Бурханы хайр, Христийн тэнгэрлэг заяа мөн санваарын хүчийг хамгийн ихээр надад ойлгуулсан нэгэн байсан юм гэдгийг би мэддэг.” Есүс Христийн сайн мэдээний сэргээлтээр дамжуулан Иосеф Смит Бурханы хайр, Христийн бурханлаг байдал, санваарын хүч зэргийн талаар та нарт юу заасан бэ? Эдгээр заавар нь Иосеф Смит Бурханаар сонгогдсон талаар хэрхэн танд гэрчилдэг вэ? Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ.

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Бурхан Иосеф Смитээр дамжуулан сайн мэдээг сэргээсний ачаар бид олон адислал хүлээн авдаг. Бүлгээрээ тэдгээр адислалын жагсаалтыг гаргахыг хичээ. Та Сургаал ба Гэрээнүүд 135:3-т дурдсан адислалуудаас эхэлж болно. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах үгс санаа өгч болох юм. “[Сайн мэдээ сэргээгдсэн] нь та гэр бүлтэйгээ лацдан холбуулж, үүрд хамтдаа амьдарч чадна гэсэн үг! Энэ нь Есүс Христээс эрх мэдэл хүлээн авсан хэн нэгэн танд баптисм хүртээж, таныг Түүний Сүмийн гишүүнээр баталсан тул та Ариун Сүнстэй байнга нөхөрлөх боломжтой гэсэн үг. Ариун Сүнс та нарыг чиглүүлж, хамгаалах болно. Энэ нь та хэзээ ч түгшүүрт байдалд автахгүй эсвэл танд туслах Бурханы хүчээс ангид үлдэхгүй гэсэн үг. Энэ нь чухал ёслолуудыг хүлээн авч, Бурхантай гэрээ байгуулж, тэдгээрийг сахих юм бол санваарын хүч та нарыг адисалж чадна гэсэн үг.” Дараа нь Их Эзэний Өөрийн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан танд өгсөн зүйлд хэрхэн талархлаа илэрхийлж болох талаар ярилц.

  • Эрт дээр үед амьдарч байсан Иосеф хэмээх өөр нэгэн бошиглогч Иосеф Смитийн үйл хэргийг урьдчилан харсан гэдгийг та мэдэх үү? 2 Нифай 3:6–15-ыг уншаад, Иосеф Смитийн тухай болон түүний чухал ажлын талаар Египетийн Иосеф юу гэж бошиглосныг олж мэд. Эдгээр шүлэгт Иосеф Смитийг дүрслэхдээ ямар үгсийг ашигласан байна вэ? Бурхан юу хийлгэхээр түүнийг бэлтгэсэн бэ? Олж мэдсэн зүйлийнхээ талаар нэг нэгэнтэйгээ ярилц. Та мөн энэ бошиглолд амласан адислалуудын талаар, тэдгээр нь хэрхэн Сэргээлтээр дамжин гүйцэлдсэн талаар ярилцаж болно.

Илүү дэлгэрэнгүй судлах

3-р хэсэг

Та Иосеф Смит Бурханы бошиглогч байсан тухай өөрийн гэсэн гэрчлэлтэй болох боломжтой

Өвдөг сөгдөн залбирч буй хүү

Иосефын 14 настай хөвгүүн байхдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг харсан явдал урам зориг өгдөг. Харин Иосефыг Анхны үзэгдлээ хүлээн авахаас өмнө юу болсон бэ? Тэр судруудын талаар тунгаан бодож, Бурханаас мэргэн ухаан хүсэн, Түүний удирдамж зааврыг хүлээн авахын төлөө залбирсан (Иосеф Смит—Түүх 1:10–19-ийг үзнэ үү). Иосефын түүх бид ч мөн адил Аврагч болон Түүний сайн мэдээний талаар, түүний дотор үүнийг сэргээлгэхээр Иосеф Смитийг дуудсан тухай хувийн гэрчлэлтэй болох боломжтой гэдгийг сануулдаг. Хэдийгээр энэ гэрчлэл нэгэн онцгой үйл явдлаар биш, харин цаг хугацааны явцад ирж болох ч бид Ариун Сүнсээр дамжуулан бүх зүйлийн үнэнийг үүний адил баттай мэдэж чадна (Moронай 10:5-ыг үзнэ үү).

Бодох зүйлс

  • Иосеф Смит бошиглогч байсан гэдэг хувийн гэрчлэлтэй болох олон арга зам бий. Ахлагч Нийл Л.Андэрсэн: “Таныг өвдөглөн суугаад түүнийг жинхэнэ бошиглогч байсан эсэхийг Бурханаас асууж залбирах үед энэ гэрчлэл ирж болох юм. Энэ нь таныг бошиглогчийн Анхны үзэгдлийн тухай гэрчлэлийг унших үед ч ирж магадгүй. Мормоны Номыг дахин дахин унших явцад гэрчлэл таны бодгальд дусал дуслаар ирэн, хуримтлагдаж болно. Таныг Иосеф Смитийн талаар гэрчлэлээ хуваалцах үед эсвэл лацдан холбох хүч Иосеф Смитээр дамжин дэлхийд сэргээгдсэн гэдгийг ариун сүмд байхдаа ухааран ойлгох тэр мөчид ч энэ гэрчлэл ирж болно” хэмээн хэлсэн. Бурханы бошиглогчийн хувьд Иосеф Смитийн гүйцэтгэсэн үүргийн талаарх гэрчлэлийнхээ тухай бод. Түүний тэнгэрлэг дуудлагад итгэхэд юу танд тусалсан бэ? Тэр бошиглогч болох талаар гэрчлэлтэй болохын тулд эсвэл уг гэрчлэлээ бататгахын тулд та өөр юу хийж болох вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Иосеф Смит Бурханы бошиглогч байсан тухай хувийн гэрчлэлийг зүгээр сууж байгаад авах боломжгүй. Үүнийг хүлээн авахын тулд бид хөдөлмөрлөх хэрэгтэй. Та нар Мормоны Номоос авсан нэг судраа бүлгийнхэнтэйгээ хуваалцаж, Иосеф хэрхэн уг судрыг бидэнд өгөх Бурханы мутар дахь зэмсэг байсан тухай ярилцах замаар Иосефын дуудлагын талаарх хувийн гэрчлэлээ хүчирхэгжүүлж болно. Бас та нар хамтдаа Агуу Үнэт Сувд дахь бошиглогчийн гэрчлэлийг ээлжлэн бичлэг үйлдэж аваад, дараа нь үүнийгээ сонсож эсвэл бусадтай хуваалцаж болно. Мормоны Ном болон Иосефын гэрчлэл хэрхэн Иосеф Бурханаар дуудагдсан талаарх итгэлийг тань хүчирхэгжүүлж байна вэ?

  • Бид амьдралынхаа туршид Иосеф Смитийн тэнгэрлэг дуудлагын тухай гэрчлэлээ өсгөн нэмэгдүүлж чадна. Түүний гүйцэтгэсэн үүргийн тухай таны гэрчлэл заримдаа өөр бусад үеэс илүү хүчтэй мэдрэгдэж болох юм. Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын “Би та бүхнийг нэг алхам ухраад, амьдралаа үнэлж цэгнэн, шавь байх алхмаа илүү энгийн хялбар болгоход урьж байна” гэсэн зөвлөгөөг та нар хамтдаа уншиж болно. Нэгэн зургийн хэсгийг томруулан харуулсан зургийг үзээд, ерөнхийлөгч Угдорфын зөвлөгөө Иосеф Бурханы бошиглогч байсан гэсэн гэрчлэлд тань хэрхэн хамаатай талаар судлахыг бод. Тэр зураг юу шиг харагдаж байгаа талаар хамтдаа ярилц. Дараа нь уг зургийг холоос бүхэлд нь хар. Зураг өмнөхөөсөө юугаараа өөр байна вэ? Энэ жишээ бошиглогч Иосеф Смитийн тэнгэрлэг дуудлагын талаар гэрчлэлтэй болох талаар танд юу зааж байна вэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

Эх сурвалж

  1. Гэгээнтнүүд: Хожмын үе дэх Есүс Христийн Сүмийн түүх, 1-р боть, Үнэний жишиг, 1815–1846 (2018), 384–390-ийг үзнэ үү.

  2. Рассэлл М.Нэлсон, “Түүнийг сонс,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 88-ыг үзнэ үү.

  3. Жэффри Р.Холланд, “Эзэн минь, би итгэж байна,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108

  4. Рассэлл М.Нэлсон, “Түүнийг сонс,” 88.

  5. Нийл Л.Андэрсэн, “Иосеф Смит,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 33.

  6. Л.Витни Клэйтон, “Итгэхийг сонго,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 20-ийг үзнэ үү.

  7. Нийл Л.Андэрсэн, “Иосеф Смит,” 33-ыг үзнэ үү.

  8. Дийтр Ф.Угдорф, “Сайн мэдээ ашиг тусаа өгдөг!2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 22.