“Үүрдийн гэрээ,” Сэдэв ба асуулт (2023)
Сайн мэдээг судлах удирдамж
Үүрдийн гэрээ
Бурхантай байгуулсан бидний шинэ бөгөөд үл дуусах гэрээ
Хайртай хүн тань таны амьдралыг үнэхээр адислах ямар нэг зүйлийг хийж өгнө гэж амлаж байсан уу? Тэднийг уг амлалтдаа хүрэх үед танд ямар санагдсан бэ?
Тэнгэрлэг Эцэг мөн адил бидэнд гайхалтай амлалтуудыг өгдөг. Энэ нь биднийг Түүний сайн мэдээний аврал, өргөмжлөлийн ёслолуудыг хүлээн авах үед Түүнд ариун нандин амлалт өгөх буюу гэрээ байгуулах үед тохиолддог. Дэлхий бүтээгдэхээс бүр өмнө, Бурхан Түүний Хүү Есүс Христийг дагавал бид эргэн очиж, Түүнтэй хамт амьдрах болно хэмээн амласан. Энэхүү үүрдийн гэрээг эхлээд Адамтай байгуулж, хожим нь дараагийн эрин үеүдэд шинэчилжээ.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бид Бурхантай гэрээ байгуулахаар сонгохдоо хэрхэн адислагддаг тухай заасан юм. “Бид Бурхантай гэрээ байгуулснаар төвийг сахихаа бүрмөсөн больдог. Бурхан Өөртэй нь ийм холбоо тогтоосон хүмүүстэй харилцаагаа хэзээ ч тасалдаггүй. Үнэндээ Бурхантай гэрээ байгуулсан бүх хүн онцгой хайр, нигүүлсэл хүртэх эрхтэй. … Бид Бурхантай гэрээ байгуулсны учир Тэр бидэнд туслахаар хичээж чармайхаа хэзээ ч болихгүй бөгөөд Түүний бидэнд хандсан нигүүлсэнгүй тэвчээр хэзээ ч дундрахгүй.”
Үүрдийн гэрээ гэж юу вэ?
Абрахамын гэрээ гэж нэрлэгддэг үүрдийн гэрээ нь Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдал бөгөөд энэ нь аврал, өргөмжлөлийг хүлээн авахад бидэнд хэрэгтэй бүх ёслол, гэрээг багтаадаг (Сургаал ба Гэрээнүүд 66:2-ыг үзнэ үү). “Их Эзэнийг үүнийг шинэчлэх юм уу сэргээх бүрд энэ нь ‘шинэ’ болж, хэзээ ч үл өөрчлөгдөх тул ‘үүрдийн’ болдог.” Мөнхийн гэрээ нь Адамтай хамт дэлхий дээр байгуулагдсан бөгөөд хамгийн сүүлд хожмын өдрүүдэд сайн мэдээний Сэргээлтийн нэг хэсэг болгон бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Бурханаар сэргээгдсэн юм (Сургаал ба Гэрээнүүд 1:17–23-ыг үзнэ үү).
Сэдвийн тойм: Абрахамын гэрээ
Холбогдох сайн мэдээг судлах удирдамж: Сайн мэдээний сэргээлт, Гэрээ ба ёслол, Ариун сүм, Гэрлэлт, Патриархын адислал, Израилын цугларалт
1-р хэсэг
Шинэ бөгөөд үүрдийн гэрээг сахих нь биднийг мөнх амьдралд бэлтгэдэг
Их Эзэн Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдал болох үүрдийн гэрээг “дэлхийн гэрэл байж” Түүний ирэх “замыг бэлтгэхээр” (Сургаал ба Гэрээнүүд 45:9) сэргээсэн юм. Бид үүрдийн гэрээг хүлээн авахын тулд Бурханыг эн тэргүүнд тавьж, Түүнтэй сайн мэдээний гэрээнүүдийг байгуулж, тэдгээрийг сахидаг. Баптисм дээр байгуулдаг гэрээнээс эхлэн гэрээнүүд маань “[Бурханд] биднийг улам ойртуулах болно” мөн тэдгээр нь биднийг Түүнтэй “үүрдийн холбоогоор” холбож чадна хэмээн ерөнхийлөгч Нэлсон заажээ.
Бид Бурхантай байгуулсан мөнхийн гэрээгээ сахивал энэ нь үүрд мөнхөд хүчин төгөлдөр болно. Хэрэв бид амьдралынхаа турш энэхүү гэрээндээ итгэлтэй хэвээр үлдвэл өргөмжлөгдөж, гэр бүлтэйгээ хамт Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд амьдрахаар эргэн очиж чадна.
Бодох зүйлс
-
Их Эзэн Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлыг сэргээх тухай Сургаал ба Гэрээнүүд 133:57–62-ыг судал. Энэ нь “тодорхой бөгөөд энгийн байдлаар” гарч ирсэн гэсэн нь ямар утгатай байж болох вэ? Энэхүү энгийн атлаа гайхалтай мөнхийн гэрээ нь таныг мөнх амьдралыг хүлээн авахад хэрхэн бэлтгэдэг талаар бодож үз. Энэхүү чадавхыг ойлгох нь Их Эзэний аврал, өргөмжлөлийн ажилд туслахад та нарыг хэрхэн урамшуулдаг вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Сургаал ба Гэрээнүүд 22:1–4-т Их Эзэн эхэн үеийн гэгээнтнүүдтэй байгуулсан мөнхийн гэрээгээ шинэчилсэн хэмээн өгүүлсэн байдаг. Хэсгийн гарчиг болон эдгээр шүлгийг хамт уншаад, “шинэ” гэрээний ач холбогдлын талаар юу сурснаа ярилц. “Үхмэл ажлууд” гэдэг нь ямар утгатай вэ? 3-р шүлгээс сайн мэдээний Сэргээлт болон үүрдийн гэрээний ач холбогдлын тухай юу сурснаа ярь.
-
Есүс Христ болон Түүний Цагаатгалын ачаар, хэрэв бид Түүнтэй байгуулсан гэрээнүүдээ сахивал мөнх амьдралыг олж авч чадна. Ерөнхийлөгч Нэлсон: “Ариун гэрээнүүдэд нэгдэн орж, эдгээр гэрээгээ сахидаг хүмүүст ‘Бурханы бүх бэлгүүдээс хамгийн агуу нь’ (Сургаал ба Гэрээнүүд 14:7) болох мөнх амьдрал хийгээд өргөмжлөл амлагдсан билээ. Есүс Христ бол эдгээр гэрээний батлан даагч мөн (Еврей 7:22; 8:6-г үзнэ үү). Бурханыг хайрладаг, Түүнийг амьдралынхаа бусад бүх зүйлд ялуулдаг, гэрээгээ сахигчид Түүнийг амьдралынхаа хамгийн хүчтэй нөлөөгөө болгосон байдаг” гэж заасан. Амьдралдаа хэрхэн “Бурханыг бусад бүх зүйлд ялуулдаг” байх тухай ярилц. Энэ нь мөнх амьдралыг хүлээн авахад танд хэрхэн туслах вэ? Өргөмжлөлийг хүлээн авахад яагаад хүчин чармайлт гаргах хэрэгтэй вэ?
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Исаиа 55:1–3; Иеремиа 32:37–40; 2 Нифай 31:17–21; Сургаал ба Гэрээнүүд 49:9–14
-
Marcus B. Nash, “The New and Everlasting Covenant,” Ensign, Dec. 2015, 40–47
2-р хэсэг
Бурхан бидний үед Абрахамын гэрээний амлалтуудыг сэргээсэн
Абрахамын гэрээ гэдэг нь үүрдийн гэрээний өөр нэг нэр юм. Энэ нь дэлхийн сууринаас өмнө байгуулагдсан, Бурханы хүүхдүүдтэйгээ байгуулдаг гэрээнүүдийг хэлдэг. Түүний нэрийг Абрахамтай байгуулсан Иеховагийн гэрээнээс авчээ (Эхлэл 17:1–8; Абрахам 2:6–11-ийг үзнэ үү). Энэ гэрээний дагуу амьдарвал асар их ивээл хүртэхээ Бурхан Абрахамд амласан. Эдгээр адислалд мөнхийн үр удам, санваарын эрх, мөнхөд өвлөх нутаг орсон (Эхлэл 13:14–17; Абрахам 2:8–11-ийг үзнэ үү).
Абрахамын гэрээ Абрахамын хүү Исаакаар (Эхлэл 26:1–4-ийг үзнэ үү), дараа нь Исаакийн хүү Иаковаар дамжин (Эхлэл 28:1, 13–14-ийг үзнэ үү) байгуулагдсан юм. Их Эзэн Иаковын нэрийг Израил болгон өөрчилсөн (Эхлэл 32:28-ыг үзнэ үү) нь Иаков болон түүний үр удамтай байгуулсан түүний байнгын гэрээний тэмдэг юм. Бурхан өнөө үед Абрахамын гэрээний амлалтуудыг сэргээсэн (Сургаал ба Гэрээнүүд 38:17–20; 86:8-11; 132:29–33-ыг үзнэ үү).
Бодох зүйлс
-
Абрахамын гэрээний нэг хэсэг байх нь таны хувьд ямар утга учиртай вэ? Дараах үнэнүүдийг авч үз. Та баптисм хүртэхдээ Бурхантай гэрээ байгуулсан. Та ариун ёслолоос хүртэх болгондоо уг гэрээгээ шинэчилж, шинэ гэрээ байгуулдаг. Та сайн мэдээний бүрэн байдалд илүү бүрэн дүүрэн оролцохын тулд ариун сүмийг хэрхэн амьдралынхаа төв болгож чадах вэ?
-
Абрахам 1:2-ыг уншаад, Абрахамын зан чанарын талаар юу мэдэж авснаа эргэцүүлэн бод. Өнөө үед “зөв шударга ёсыг илүү агуу дагагч” байна гэдэг нь ямар утгатай байж болох вэ? Абрахам яагаад “өвөг дээдсийн адислалуудыг эрэлхийлсэн” гэж та нар бодож байна вэ? Та нар Абрахамын гэрээгээр дамжуулан хэрхэн адислагдаж байсан бэ? Энэ гэрээний адислалуудыг хүлээн авахын тулд та нар юу хийх хэрэгтэй вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Абрахам, Сара хоёрын болон тэдний зөв шударга гэр бүлийн сайн мэдээний дагуу амьдрах итгэлийн жишээнүүдийг судал (жишээ нь: Эхлэл 17:1–19; 18:1–19; 22:1–18; 24; 32:1–28; 33; 46:1–7; Исаиа 51:1–3; Галат 3:27–29; 2 Нифай 8:1–3). Дараа нь Иохан 8:39-ийг унш. Та нар ирж хүлээн авсан адислалууддаа болон Абрахам, Сара хоёр шиг үүрдийн сайн мэдээний гэрээг сахиснаар ирэх адислалууддаа талархаж байгаагаа илэрхийлсэн зураг зурж эсвэл шүлэг бичиж болно. Дараа нь зураг эсвэл шүлгээ нэг нэгэнтэйгээ хуваалцаж болно.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Дэд хууль 7:6–9; 2 Нифай 29:14; Абрахам 2:6–12
-
Рассэлл M.Нэлсон, “Гэрээнүүд,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 103
-
“The Abrahamic Covenant,” Liahona, Feb. 2022, 47
-
“Abraham” (video), Gospel Library
3-р хэсэг
Баптисм хүртсэн хүмүүс гэрээний хүүхдүүд болдог
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд баптисм хүртсэн бүх хүн Абрахамын хүүхдүүд буюу “гэрээний хүүхдүүд” (3 Нифай 20:25–26-г үзнэ үү) болдог. Эдгээр Сүмийн гишүүн Их Эзэний өргөөнд ариун гэрээнүүдийг байгуулж, сахихыг эрэлхийлэхдээ Абрахам, Исаак, Иаков (Израил) нарт өгөгдсөн амлалтуудыг өвлөн авах боломжтой (Сургаал ба Гэрээнүүд 132:29–32-ыг үзнэ үү).
Абрахамын үр удам нь бүх хүнд авралын болон мөнх амьдралын адислалуудыг хүртээх үүднээс Бурханы хүүхдүүдэд үйлчлэх үүрэг хариуцлагыг тээж явдаг (Aбрахам 2:9–11-ийг үзнэ үү). Бид Израилыг хөшигний хоёр талд цуглуулахад туслах бүрдээ хувь хүмүүст үүрдийн гэрээний адислалуудыг хүлээн авахад нь тусалж, Абрахамд өгсөн Бурханы амлалтыг биелүүлэхэд тусалдаг (1 Нифай 22:8–12; 3 Нифай 20:29–31-ийг үзнэ үү).
Бодох зүйлс
-
Мозая 5:1–8-аас бид Хаан Бенжамины хүмүүс Есүс Христийн сайн мэдээний талаарх түүний сургаалуудыг хэрхэн хүлээн авсныг мэдэж авдаг. Тэр үед тэд юу хийхэд бэлэн байсан бэ? “Христийн хүүхдүүд”-ийн нэг байна гэдэг нь таны хувьд ямар утгатай вэ? Христ “та нарыг сүнслэг байдлаар тань төрүүллээ” гэдэг нь юу гэсэн утгатай байж болох вэ? Таны зүрх “Түүний нэрд итгэх итгэлээр [хэрхэн] өөрчлөгдсөн” бэ?
-
Ерөнхийлөгч Эмили Бэлл Фрийман Христтэй гэрээт харилцаатай байхын ач холбогдлын талаар ярьж, Иаковт өгсөн Бурханы амлалтыг ийн дүгнэн хэлсэн. “Би чамтай хамт байна. Би чамайг хамгаална. Би чамайг гэртээ буцааж авчирна. Би чамайг орхихгүй. Би чамд амласнаа биелүүлэх болно.” Тэгээд тэр: “Иаков сонгох хэрэгтэй болсон. Тэр эцгийнхээ Бурханыг мэддэг төдий амьдрах эсвэл Бурхантай байгуулах гэрээнийхээ харилцаанд тууштай амьдрахын аль нэгийг сонгож болох байв” хэмээн тайлбарлажээ. Христтэй байгуулах гэрээнийхээ харилцаанд тууштай амьдрах гэдэг нь таны хувьд ямар утгатай талаар тунгаан бод. Та Түүнтэй байгуулсан гэрээний харилцаагаа хүчирхэгжүүлэхийн тулд юу хийж эхлэх эсвэл юуг хийхээ болиход бэлэн байна вэ?
Хамтдаа суралцахад зориулсан үйл ажиллагаа
-
Хиламан 5:12 болон Жан Э.Нюмэн ахын дараах үгсийг унш. “Бид хүүхдүүддээ ариун нандин ёслол, гэрээнүүдээр дамжуулан Аврагчтай холбогдохыг заадаг ба гарцаагүй ирэх дайсны шуурган дайралт, үер болоход ‘[тэд] үүний дээр баривал унах аргагүй суурь болох хадны учир’ тэдэнд нөлөөлөх аюул бага байна.” Бидний замд тохиох “дайсны шуурган дайралт, үер” юу байж болох вэ? Таны гэрээнүүд таныг болон гэр бүлийг тань дайсны “хүчит шуурганаас” хамгаалахад хэрхэн тусалж болох талаар ярилц.
-
Ахлагч Нийл Л.Андэрсэны дараах үгсийг унш. “Бид бүгдээрээ тив тивийн олон улс орон, соёлоос бүрдсэн сая саяар тоологдох ‘гэрээний хүүхдүүд’ бөгөөд өөрсдийн Их Эзэн, Аврагчийг сүр жавхлантай эргэн ирэхийг нь хүлээж байна. Эргэн тойрныхондоо гэрэл гэгээ болсноор бид өөрсдийн хүсэл эрмэлзэл, бодол санаа, сонголт, үйлдлийг ухамсартайгаар төлөвшүүлж байдаг. Бид бүх зүрх сэтгэлээрээ Аврагчийг таньж мэдэж, хайрлахыг эрэлхийлснээр Бурхантай байгуулсан гэрээгээрээ дамжуулан мөн Түүнийг болон Түүний сургаалыг хүндлэн дээдлэхдээ өвөрмөц, ер бусын, онцгой байж, өөрсдийгөө өөр итгэл үнэмшилтэй хүмүүсээс тусгаарлалгүйгээр дэлхийгээс ангид байлгадаг.” Бид хэрхэн “бүх зүрх сэтгэлээрээ Аврагчийг таньж мэдэж, хайрлахыг [эрэлхийлж]” мөн Бурхантай байгуулсан гэрээнүүдээ сахих талаар ярилц.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Эхлэл 12:1-3; Галат 3:7–9; 1 Нифай 15:13–18; Сургаал ба Гэрээнүүд 124:58
-
Russell M. Nelson, “Children of the Covenant,” Ensign, May 1995, 32