“Золиослол,” Сэдэв ба асуулт (2023)
Сайн мэдээг судлах удирдамж
Золиослол
Бид хамгийн чухал зүйлээ хэрхэн харуулдаг вэ?
Өөр хэн нэгний төлөө ямар нэг зүйлийг орхиж байсан үеэ бод. Энэ нь амаргүй байсан байж болох юм. Гэхдээ та тухайн золиослолыг хийснээр тэр хүний хэрэгцээ шаардлагыг өөрийнхөөсөө дээгүүр тавихад бэлэн гэдгээ харуулсан.
Үүнтэй адил, бид Бурханы төлөө ямар нэг зүйлийг золиосолсноор Түүнийг хайрлаж амьдралдаа нэгдүгээрт тавих хүсэлтэй гэдгээ харуулдаг. Золиослол хийхийн хамгийн дээд илрэл нь өөрийнхөө бус, Бурханы хүсэл тааллыг биелүүлэх явдал юм. Бид золиослол хийснээр бидэнд Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт амьдрахаар эргэн очих боломжийн төлөө Өөрийн амийг золиосолсон Есүс Христийг хайрлах хайр, талархлаа харуулж чадна.
Золиослол гэж юу вэ?
Золиослол гэдэг нь аливаа зүйлээс өөр зүйлийн төлөө татгалзах үйлдэл юм. Бурханы хүмүүс эрт дээр үеэс Түүнд тахил өргөдөг байсан. Өнөөдөр бид өөрсдийн хүслийг Бурханд өгч, нүглээ харууссан зүрх, гэмшсэн сэтгэлээр наманчилснаар тахил өргөдөг. Бид мөн Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг дэмжихийн тулд цаг зав, авьяас чадвараа золиосолдог (Maтай 6:33-ыг үзнэ үү). Бид золиослолоороо дамжуулан Бурханыг амьдралдаа нэгдүгээрт тавихад бэлэн байгаагаа харуулдаг (Maтай 19:29-ийг үзнэ үү).
Сэдвийн тойм: Золиослол
Холбогдох сайн мэдээг судлах удирдамж: Дуулгавартай байдал, Аравны нэг, Бүхнээ зориулах, Сүмийн дуудлагад үйлчлэх
1-р хэсэг
Бурхан Христийн золиослолыг сануулж золиослолын хуулийг өгсөн
Бурханы Хурга тэднийг Уналтаас гэтэлгэх болно гэдгийг сануулахын тулд амьтнаар тахил өргөх замаар Бурханы хүүхдүүд эрт дээр үеэс золиослолын хуулиар амьдарчээ (Колоссай 1:13–18; Мосе 5:6–7-г үзнэ үү). Есүс Христ загалмай дээр Өөрийн хүслээр амиа золиосолсны дараа амьтнаар тахил өргөх шаардлагагүй болсон (Лук 23:46; 3 Нифай 9:19; 4 Нифай 1:12-ыг үзнэ үү). Аврагчийн золиослол нь хайрын хамгийн агуу үйлдэл байсан бөгөөд хүн төрөлхтөнд гэтэлгэл, авралыг авчирсан юм (Исаиа 53:7; 2 Нифай 2:7-г үзнэ үү).
Аврагчийн золиослолын талаар илүү ихийг мэдэхийн тулд “Есүс Христийн Цагаатгал” гэсэн судлах удирдамжийг үзнэ үү.
Бодох зүйлс
-
Бурхан Абрахамд хүү Исаакаа тахил болгон өргөхийг зарлиглаж түүний итгэлийг сорьжээ. Бурханы Абрахамаас хүссэн золиослолын талаар Эхлэл 22; Еврей 11:17–19; Иаков 4:5-аас унших талаар бодож үз. Та ийн үйлдэх үедээ, Өөрийн Төрсөн Ганц Хүү Есүс Христийг өргөхөөр үйлдсэн Бурханы золиослолыг болон амиа өгөхдөө Аврагчийн үйлдсэн золиослолыг тунгаан бод. Эдгээр эшлэлийг унших үед Сүнс танд Эцэг болон Аврагчийн золиослолын талаар юу зааж байна вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Есүс Христийг Өөрийн Цагаатгалыг гүйцэтгэх үед “ариун ёслолын ёслол нь золиослолын ёслолыг орлосон.” “Калварийн загалмай дээр” эсвэл “Хайр, ухаан нь агуу” зэрэг ариун ёслолын дууллуудыг дуулах талаар бодож үз. Та нар мөн дуулал бүртэй холбоотой судруудыг уншиж, долоо хоног бүр ариун ёслолд хэрхэн бэлтгэх талаар ярилцаж болно. Ариун ёслолыг Их Эзэнд аливааг золиослох боломж гэж бодох нь шүтлэг бишрэлийг тань хэрхэн илүү утга учиртай болгож болох вэ?
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Леви 1:2–3, 10; Алма 34:8–14; Итгэлийн тунхаг 1:3
-
Жэффри Р.Холланд, “Бурханы Хургыг харагтун,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 51–53.
-
Трэйси Ю.Браунинг, “Есүс Христийг амьдралдаа илүү их харах нь,” Лиахона, 2022 оны 11-р сар, 13–15
2-р хэсэг
Бурхан биднээс харууссан зүрх, гэмшсэн сэтгэлийн өргөлийг хүсдэг
Өнөөдөр ч гэсэн бид харууссан зүрх, гэмшсэн сэтгэлийг Бурханд өргөх замаар золиослолын хуулийн дагуу амьдарсаар байна (3 Нифай 9:19–20; Сургаал ба Гэрээнүүд 59:8-ыг үзнэ үү). Бид хэрхэн ийм төрлийн золиослолыг өргөж чадах вэ? Христэд итгэж, өөрсдийгөө даруусгаж, нүглээ чин үнэнээр наманчилж, Түүнд ирснээр ингэж чадна (3 Нифай 12:19; Моронай 6:1–3; Сургаал ба Гэрээнүүд 20:37-г үзнэ үү). Ийм төрлийн золиослол гаргаснаар бид Бурханыг хайрладгаа мөн Түүний хүссэн зүйлийг хийхэд бэлэн байгаагаа харуулдаг. Бид бүхий л бодгалиа Бурханд өгч, эцсээ хүртэл тэвчсэнээр аврагдаж, мөнх амьдралыг хүлээн авч чадна (Омнаи 1:26-г үзнэ үү).
Бодох зүйлс
-
Их Эзэн Өөрийг нь дагахын тулд таны гаргадаг золиослолуудыг анзаарч, хүлээн авдаг эсэхэд эргэлзэх нь энгийн зүйл юм. Сургаал ба Гэрээнүүд 132:49–50 дээр Иосеф Смитэд хэлсэн Их Эзэний үгсийг тунгаан бод. Иосефт гаргасан золиослолынх нь төлөө ямар адислалууд амласан бэ? Бурханы төлөө гаргасан золиослолуудын ачаар та хэрхэн адислагдаж байсан бэ? Та хүлээн авсан адислалуудаа жагсаан бичээд, долоо хоногийн турш эргэцүүлэн бодож болно.
-
Бурханд ирэхийн тулд золиослол гаргах нь Түүнд хайртайгаа харуулах нэг арга зам юм. Ахлагч Дийтр Ф.Угдорф “Сэтгэлийнхээ угаас” хэмээх хэлсэн үгэндээ бидний золиослол Аврагчийг илүү бүрэн дүүрэн дагахын тулд хувийн хүсэл, тав тухаа орхихтой адил энгийн зүйл байж болно хэмээн тайлбарласан. Ахлагч Угдорфын хэлсэн үгийг уншиж, бүх зүрх сэтгэлээ Есүс Христэд хэрхэн зориулах талаар тунгаан бод. Аврагчийг дагахын тулд та урьд өмнөхөөсөө илүү юуг золиосолж чадах вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Ахлагч Нийл Л.Андэрсэн “A Broken Heart, Contrite Spirit, and Godly Sorrow” (3:58) видеон дээр, Их Эзэнд харууссан зүрх, гэмшсэн сэтгэлээ өргөх нь “хүүхэд шиг болох” гэсэн утгатай гэж тайлбарлажээ. Та энэ видеог үзээд, өөрийн хүслийг Бурханд өргөхийн тулд бидний эрэлхийлэх ёстой зан чанаруудын талаар ярилцаж болно. Мөн та тэдний зан чанараас бидний юу сурч болохыг үлгэрлэсэн туршлагуудаа хүүхдүүдтэй хуваалцаж болно.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Дуулал 51:16–17; Иохан 6:38; 2 Нифай 2:6–7; 4:32
-
Нийл Ф.Марриотт, “Зүрх сэтгэлээ Бурханд зориулах нь,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 14–16
3-р хэсэг
Өдөр тутмын золиослолоор дамжуулан бид Есүс Христтэй адил ариун болж чадна
Бурханы төлөө золиослол хийх нь үүгээр дамжуулан бид ариун болох Түүний хүчийг хүлээн авахад бидэнд тусална. Бид Их Эзэний төлөө золиослол гаргаснаар Түүнд болон бусдад хайртайгаа харуулдаг. Бид золиослолыг хэцүү зүйл эсвэл золиослол гаргах нь хүнд гэж бодож болох ч энэ нь ихэнхдээ “Христийн жинхэнэ шавийн хувьд өдөр тутмынх нь амьдрал” гэсэн үг. Бид гэрээгээ сахиж, Есүс Христийг дагахын тулд өдөр бүр золиослол гаргах үедээ Бурханы ажлыг урагшлуулахад тусалж байгаа.
Бодох зүйлс
-
Өдөр бүр бидний золиослол гаргах нэг арга зам бол цаг заваа Их Эзэнд зориулах явдал юм. Үүнд дуудлагаа биелүүлэх, нэг нэгэндээ тохинуулах зэрэг нь багтаж болно. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: “Бидний үйлчлэл, золиослолын амьдрал бол Эзэнд болон найз нөхдөдөө үйлчлэх бидний амлалтын хамгийн тохиромжтой илэрхийлэл юм.” Та Их Эзэнд цаг заваа хэрхэн тогтмол золиосолдог вэ? Энэ нь таныг Христэд илүү ойртож, илүү ариун болоход хэрхэн тусалсныг тунгаан бод.
-
Христийн шавийн хувьд бидний хийдэг өдөр тутмын золиослолууд зарим үед бидэнд өчүүхэн бөгөөд ач холбогдолгүй мэт санагддаг. Гэвч эдгээр золиослол Их Эзэнд чухал юм. Сургаал ба Гэрээнүүд 64:33-ыг уншаад, Тэрээр хэрхэн хичээл зүтгэлийг маань өчүүхэн гэлтгүй хүлээн авдгийг мэдэж ав. Энэ шүлэг танд Их Эзэний төлөө өдөр тутмын жижиг золиос гаргах зоригийг хэрхэн өгч байна вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “A Sacrifice of Time” (2:53) видеон дээр “Бидний өвөг дээдэс бидэнгүйгээр төгс болгогдохгүй, мөн тэдэнгүйгээр бид төгс болгогдох боломжгүй” хэмээн заасан. Бид ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг тогтмол хийснээр Есүс Христтэй адил илүү ариун болдог. “A Sacrifice of Time” видеог хамтдаа үзээд, ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг хийхэд цаг заваа зориулах нь таныг хэрхэн адисалж байсныг хуваалц. Та иймэрхүү байдлаар цаг заваа золиосолж эхлэхэд эсвэл үргэлжлүүлэхэд тань сүнслэгээр нөлөөлдөг бусад хүний туршлагаас юу сурч болох вэ?
-
Их Эзэний төлөө болон бусдын төлөө ямар нэгэн зүйлийг анзааралгүй золиосолж болох олон арга зам байдаг. Та гэрээнүүдээ сахиж, найздаа эсвэл гэр бүлийнхээ гишүүнд үйлчлэх, аравны нэгээ төлөх эсвэл авьяас чадвараа хуваалцах үедээ Бурханы төлөө болон Түүний хүүхдүүдийн төлөө золиослол хийж байгаа. Христийн шавь байхын тулд өдөр бүр золиослол хийх тодорхой арга замуудын жагсаалт гарга. Дараа нь эдгээр зүйлийг золиослол гэж бодох нь шавь болоход тань хэрхэн нөлөөлж, Түүнд илүү ойртоход тань хэрхэн тусалдаг тухай ярилцаж болно.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
1 Шастир 16:29; Лук 18:22; Ром 12:1; Сургаал ба Гэрээнүүд 138:12–13
-
Jeffrey R. Holland, “Called to Serve,” Liahona, Nov. 2002, 36–38