Номын сан
Аравны нэг


“Аравны нэг,” Сэдэв ба асуулт (2023)

Бишоптоо аравны нэгээ өгч байгаа эмэгтэй

Сайн мэдээг судлах удирдамж

Аравны нэг

Дэлхий дээр Их Эзэний хаант улсыг байгуулахад тусалж орлогынхоо аравны нэгийг өгөх нь

Энэ нь тийм ч их байсангүй. Бусад хүний эрдэнэсийн санд өргөсөн эд баялагтай харьцуулахад бэлэвсэн эмэгтэйн хоёр зоос өчүүхэн жижиг хандив байлаа. Гэвч түүний золиослолын үнэ цэн агуу байв. “Үнэнээр би та нарт хэлье. Ядуу бэлэвсэн энэ эмэгтэй эрдэнэсийн санд өгсөн бүх хүнээс ихийг өглөө” (Марк 12:43). Бэлэвсэн эмэгтэйн өргөл ямар учраас тийм үнэ цэнтэй байсан бэ? Яагаад гэвэл тэр “өөрт байсан бүгдээ, амь зуулгадаа хэрэгтэй байсан бүхнээ өгсөн” (Марк 12:44).

Өнөөдөр бид Бурханы хаант улсыг байгуулахад туслахын тулд аравны нэгээ төлөхдөө өөрт байгаа бүхнээ өгдөггүй. Тэр биднээс орлогынхоо ердөө 10 хувийг л өгөхийг хүсдэг. Гэвч бид бэлэвсэн эмэгтэйн золиослолоос их зүйлийг сурч болно. Бидний 10 хувь хэр хэмжээтэй байхаас үл хамааран, золиослол гаргахад амаргүй байсан ч бид аравны нэгийг итгэлийн үйл болгож, байгаа зүйлээ Их Эзэнд зориулж чадна.

Аравны нэг гэж юу вэ?

Аравны нэг нь орлогынхоо арав хуваасны нэгийг Сүмээр дамжуулан Их Эзэнд өргөхийг хэлдэг. Бурханд энэ өргөлийг өгөх нь “Их Эзэнийг амьдралдаа өөрсдийн хүсэл сонирхлын дээгүүр, бүхний түрүүнд тавих хүслээ харуулж буй” нэг арга зам юм. Аравны нэг нь дэлхий дээр Бурханы хаант улсыг байгуулахад тусалдаг. Үүнийг ариун сүм болон цуглааны байруудыг барих, засварлах, номлогчийн ажлыг дэмжих, Сүмийн боловсролын байгууллагуудыг ивээн тэтгэх зэрэг олон зориулалтаар ашигладаг. Их Эзэн хожмын үеийн гэгээнтнүүдэд эдийн засгийн нөхцөл байдлаасаа үл хамааран аравны нэгийн хуулиар амьдрахыг зарлигласан. Хэрэв бид Бурханд энэхүү арга замаар итгэлээ харуулах аваас Тэр биднийг агуу ихээр адислах болно гэж амладаг (Малахи 3:10-ыг үзнэ үү).

Сэдвийн тойм: Аравны нэг

Холбогдох сайн мэдээг судлах удирдамж: Зарлигууд, Мацаг барих, Есүс Христэд итгэх итгэл, Дуулгавартай байдал

1-р хэсэг

Аравны нэг бол өнөө үед сэргээгдсэн эртний зарлиг

Аравны нэгээ төлж буй хүүхэд

Эрт үед Бурханы хүмүүс аравны нэгийн хуулиар амьдарч байсан ба энэ нь бошиглогч Иосеф Смитээр сэргээгдсэн юм (Эхлэл 14:18–20; 3 Нифай 24:8–12; Сургаал ба Гэрээнүүд 119:3–4). Энэ хууль нь гэгээнтнүүдээс дэлхий дээр Бурханы хаант улсыг байгуулж, Түүний хүүхдүүдийн хэрэгцээг хангахад туслахын тулд жил тутмын орлогынхоо аравны нэгийг Их Эзэнд өгөхийг шаарддаг.

Аравны нэг нь материаллаг хуулийн зэрэгцээ сүнслэг хууль юм. Орлогынхоо тодорхой хэсгийг Их Эзэнд өгөх буюу зориулах нь Түүнийг амьдралдаа нэгдүгээрт тавих нэг арга зам билээ. Түүний ажлыг хувийн хүслээсээ дээгүүр тавих нь биднийг илүү ариун болоход мөн Түүнд илүү ойртоход тусалдаг.

Бодох зүйлс

  • Эхлэл 14:18–20; 28:20–22-ыг уншингаа яагаад эрт дээр үеэс Бурханы хүмүүсээс аравны нэгийн хуулиар амьдрахыг хүсдэг байсан тухай тунгаан бод. Дараа нь ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны их мөнгө олдоггүй байсан ч аравны нэгээ бүрэн төлж, Их Эзэнийг нэгдүгээрт тавихыг сонгосон хувийн түүхийг “Селестиел ухаанаар бодогтун!” захиаснаас унш. Тэрээр “аравны нэгээ төлөхөд итгэл шаарддаг төдийгүй энэ нь Бурханд болон Түүний Хайрт Хүүд итгэх итгэлийг мөн өсгөн нэмэгдүүлдэг хэмээн заасан. Аравны нэгийн хуулиар амьдрах нь хэрхэн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэлтэй байхыг шаарддаг вэ? Энэ нь Тэдэнд итгэх итгэлийг тань хэрхэн өсгөдөг вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Аравны нэгийн хуулийг эрт цагт хэрхэн мөрддөг байсан талаар Леви 27:30–32 болон 1 Шастир 31:5–6-аас уншаарай. Та яагаад аравны нэгийг Их Эзэний хувьд ариун нандин гэж бодож байна вэ? Сургаал ба Гэрээнүүд 97:10–12-ыг уншиж, аравны нэг нь эхэн үеийн гэгээнтнүүдэд Их Эзэний ажлыг гүйцэлдүүлэхэд хэрхэн тусалсныг олж мэд. Тэд энэ хуулийг сахиснаар хэрхэн адислагдсан бэ? Аравны нэгийг төлөх нь Бурханы хаант улсыг байгуулах хүслийг маань бэхжүүлэхэд хэрхэн тусалж болох талаар ярилц.

  • Аравны нэг хэрхэн материаллаг хийгээд сүнслэг хууль болдог тухай ярилц. Дараа нь Марк 12:41–44-ийг хамтдаа уншаад, аравны нэгийг төлөх нь хэрхэн итгэлийн асуудал болох талаар ярилц. Та бас “The Widow’s Mite” (1:57) эсвэл “Jesus Teachings about the Widow’s Mites” (1:14) видеог хамт үзэж болно. Аравны нэгээ Их Эзэнд өгөх үедээ сүнслэг байдлын хувьд бүхнээ зориулна гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Түүнд бүхнээ зориулах нь хэрхэн итгэлийг тань хүчирхэгжүүлж, сүнслэг байдлын хувьд таныг өөрчилж болох вэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

  • Еврей 7:1–2, 9; Алма 13:13–15

  • Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 34.3.1, Gospel Library

  • Church History Topics, “Tithing,” Gospel Library

  • Steven C. Harper, “The Tithing of My People,” in Revelations in Context (2016), 250–55

2-р хэсэг

Их Эзэн аравны нэгийн хуулийг дагадаг хүмүүст адислалуудыг амладаг

Инээмсэглэж буй эмэгтэй

Бид аравны нэгийн хуулиар амьдарснаар Их Эзэнээс олон адислал хүлээн авдаг. Ахлагч Нийл Л.Андэрсэн: “Тэнгэрийн цонх олон арга замаар нээгддэг. Зарим нь түр зуурынх байдаг бол олон нь сүнслэг байдаг. Зарим нь үл мэдэгдэм бөгөөд анзаарагдахгүй өнгөрөх нь бий. Их Эзэний цаг хугацаанд итгэ; адислалууд үргэлж ирдэг” гэж хэлжээ. Бид ажигч гярхай байж, аравны нэгээ төлснөөр ирдэг мэдэгдэхүйц болон гэнэтийн адислалуудын аль алиныг нь таньж мэдсэнээр зүрх сэтгэлдээ хайр, талархлыг мэдэрч, Есүс Христэд илүү ойртож чадна.

Бодох зүйлс

  • Малахи 3:8–12 дээр, аравны нэгийн хуулийг дуулгавартай сахиснаар бидэнд агуу адислал амлагдсан байдаг. Та өнөөдөр амьдралдаа эдгээр адислалыг хэрхэн илүү сайн анзаарч чадах вэ? Ахлагч Дэвид А.Бэднарын “Тэнгэрийн цонхнууд” захиасыг эргэн харж, аравны нэгээ төлснөөр адислалуудыг хүлээн авсан эсвэл хүлээн авч болох энгийн арга замуудын талаар бодож үз. Та Их Эзэний өөрт тань өгсөн адислалуудыг жагсаан бичээд, аль адислалууд нь аравны нэгийн хуулийг дуулгавартай дагасны үр дүнд ирснийг тунгаан бодож болно. Аравны нэгийн хуулиар амьдарснаар адислагддаг гэдгээ мэдэх нь аравны нэгээ бүрэн төлж, Христэд ирэх хүслийг тань хэрхэн нэмэгдүүлдэг вэ?

  • Бид итгэлээ хөгжүүлж, аравны нэгээ төлснөөр Их Эзэнээс адислалуудыг хүлээн авах боломжтой. Ерөнхийлөгч Жэффри Р.Холланд “Усалсан цэцэрлэг адил” хэлсэн үгэндээ Мэри Фийлдинг Смит нөхөр Хайрум Смитээ бусдын гарт алдсаныхаа дараа аравны нэгээ үргэлжлүүлэн төлж байсныг тайлбарлажээ. Ерөнхийлөгч Холландын захиаснаас энэ түүхийг уншихыг бод. Та Мэригийн жишээнээс юу ойлгож авсан бэ? Та аравны нэгийн хуулиар амьдарч эхлэх юм уу үргэлжлүүлэн амьдарснаар ямар адислалуудыг хүлээн авч болох вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Хэрэв бид аравны нэгийн хуулиар амьдрах аваас Их Эзэн бидний дээр “тэнгэрийн цонхыг нээж … ивээлийг хальтал асгах” (Малахи 3:10) болно гэж амласан. Бид энэ хуулийг дуулгавартай сахивал тэнгэрийн цонхнууд нээгдэнэ гэсэн нь юу гэсэн утгатай вэ? Ахлагч Бэднарын хэлсэн дараах үгсийг хамтдаа унш. “Цонх барилга байгууламж дотор байгалийн гэрэл орох боломжийг олгодог. Үүнтэй адилаар, бид аравны нэгийн хуулийг хүндэтгэх аваас сүнслэг тусгал мөн ирээдүйн төлөв нь тэнгэрийн цонхоор бидний амьдралд асгаран ирэх болно.” Та өрөөнд цонх эсвэл өөр нэг онгорхойгоос орж ирэх гэрлийг хааж байгаад эргээд гэрэл оруулж болох юм. Гэрэл орчныг хэрхэн өөрчилж байгааг болон аравны нэгийг төлөх нь танд хэрхэн гэрэл, сүнслэг гэгээ авчирч болох тухай ярилц. Та нар аравны нэгийн хуулийг дагаснаар сүнслэг гэрлийг амьдралдаа хэрхэн хүлээн авсан тухайгаа нэг нэгэнтэйгээ хуваалцаж болно.

Илүү дэлгэрэнгүй судлах

  • Robert D. Hales, “Tithing: A Test of Faith with Eternal Blessings,” Liahona, Nov. 2002, 26–29

  • Sheldon F. Child, “The Best Investment,” Liahona, May 2008, 79–81

  • Yoshihiko Kikuchi, “Will a Man Rob God?,” Liahona, May 2007, 97–98

  • Валэри В.Кордон, “Сайн мэдээний хэл, ”2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 42–45

3-р хэсэг

Аравны нэгийн сан Их Эзэнийх бөгөөд Түүний үйлчлэгчид үүнийг захиран зарцуулдаг

Арван хоёр төлөөлөгчийн чуулга

Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдал дэлхий даяар түгэхийн хэрээр Бурханы хүүхдүүдийг материаллаг болон сүнслэг байдлаар адислахад аравны нэгийг ашигладаг. Гишүүд аравны нэгээ Сүмд хандивласнаар энэ нь боломжтой болдог билээ. Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулга, Тэргүүлэх бишопын зөвлөлөөс бүрдсэн зөвлөл аравны нэгийн санг хэрхэн хамгийн сайнаар зарцуулахыг шийддэг (Сургаал ба Гэрээнүүд 120:1-ийг үзнэ үү).

Ахлагч Нийл Л.Андэрсэн ийн заажээ. “Энэ ариун сан нь Сүмийн удирдагчдынх биш юм. Эдгээр нь Их Эзэнийх билээ. Түүний үйлчлэгчид өөрсдийн үүрэг хариуцлагын ариун нандин мөн чанарыг гүнээ ухамсарладаг.” Сүмийн удирдагчид Их Эзэний тааллыг эрэлхийлж, Их Эзэнээс хүлээн авсан удирдамжийнхаа дагуу аравны нэгийн талаар шийдвэр гаргадаг.

Бодох зүйлс

  • Их Эзэний сонгосон үйлчлэгчид, аравны нэгийн хандивын даамлууд юм. Бишоп Жэралд Коссэй тайлбарлахдаа: “Сайн мэдээний нэр томьёонд ажил үүрэг гэдэг үг бидний хариуцлага хүлээдэг, Бурханд харьяалагддаг аливаа зүйлийг халамжлах сүнслэг эсвэл түр зуурын ариун үүрэг хариуцлагыг илэрхийлдэг” гэсэн. Аравны нэгийн ажил үүрэг нь Их Эзэний үйлчлэгчдийн хувьд хэрхэн сүнслэг болон материаллаг үүрэг хариуцлага болдог вэ? Сургаал ба Гэрээнүүд 104:11–17-г унш. Та эдгээр шүлгээс ажил үүргээр дамжуулан “Өөрийн гэгээнтнүүдийг хангах” Их Эзэний хүслийн талаар юу сурсан бэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Сүмд бидний хүлээн авдаг олон адислал нь Бурханы хаант улсыг дэлхий даяар байгуулахад ашигладаг аравны нэгийн хандивын ачаар ирдэг. Ерөнхийлөгч Жэффри Р.Холланд гишүүдийн хандивладаг аравны нэгийн ачаар “ариун сүм, цуглааны байр, семинар болон нийгмийн арга хэмжээнүүд” боломжтой болдог ба эдгээр “адислал өөр ямар ч замаар ирэх аргагүй юм” хэмээн заасан. Аравны нэгийн ачаар боломжтой болдог адислалуудын талаар нэг нэгэнтэйгээ ярилц. Эдгээр адислал хэрхэн мөнхийн алсын харааг өгч, Бурханд илүү ойртоход тусалж чадах вэ? Эдгээр нь аравны нэгээ бүрэн, шударгаар төлөх амлалтыг маань хэрхэн гүнзгийрүүлж болох вэ?

Илүү дэлгэрэнгүй судлах