“Ариун сүм,” Сэдэв ба асуулт (2023)
Сайн мэдээг судлах удирдамж
Ариун сүм
Бид Их Эзэний өргөөнд шүтэн биширснээр адислагддаг
Өөрийн очиж үзсэн хамгийн үзэсгэлэнтэй, амар тайван газруудын талаар бод. Тэдгээрийн юу нь таалагдсан бэ? Тэнд ямар мэдрэмж төрсөн бэ? Бид Их Эзэний ариун сүмд очих эсвэл орох боломж олдох үед тэнд мөн амар амгаланг мэдэрч чадна. Гэхдээ энэ нь ариун сүм бидний хувьд чухал болох гол шалтгаан биш юм. Ариун сүм Их Эзэний өргөө учраас дэлхий дээрх бусад ямар ч газартай адилгүй. Ариун сүмийн дотор бид Түүнтэй ойр байж, мөнх амьдралд бэлтгэх гэрээнүүдийг байгуулж болно.
Ерөнхийлөгч Жэффри Р.Холландын хэлсэнчлэн, “Бид онцгойлон адислагдсан ариун сүмүүд болон тэнд гүйцэтгэгддэг нэн чухал, өргөмжлөгдөх ёслолуудыг хайрлан, эрхэмлэн дээдэлдэг. Тэднээс олон нь баригдаж, бидний хүн нэг бүрд тэдгээрийг илүү сайн ашиглах боломж олгож байгаад бид тэнгэрт талархдаг. Их Эзэний ариун сүмүүд бол үнэхээр Бурханы хаант улсын хамгийн ариун, хамгийн нандин барилга байгууламж юм.”
Ариун сүм гэж юу вэ?
Ариун сүм бол чухамдаа Их Эзэний өргөө юм. Эдгээр ариун барилга дотор Сүмийн зохистой гишүүд ариун нандин ёслолуудад оролцож, Их Эзэнтэй гэрээ байгуулдаг. Жишээлбэл: Хэрэв бид гэрээнүүдээ сахивал, лацдан холбох ёслол нь гэр бүлтэйгээ үүрд мөнх хамт байх боломжийг бидэнд олгодог. Ариун сүмд бид бас нас барсан өвөг дээдсийнхээ өмнөөс ёслолуудыг хүлээн авч болно. Их Эзэн Өөрийн ариун сүмүүдэд айлчилдаг бөгөөд тэдгээр нь дэлхий дээрх хамгийн ариун газруудын нэг юм.
Сэдвийн тойм: Ариун сүм
Сайн мэдээнээс суралцах удирдамж: Гэрээ ба ёслол, Хишиг ба лацдан холбох ёслол, Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцох, Нас барагсдын өмнөөс төлөөлөн гүйцэтгэх ёслол
1-р хэсэг
Их Эзэн ариун сүм барихыг өөрийн хүмүүст зарлигласан
Их Эзэн ариун сүм барихыг өөрийн хүмүүст үргэлж зарлигласаар ирсэн. Сүмийн өнөөгийн ариун сүмүүд эртний сударт дурдсан ариун сүмтэй олон талаараа төстэй бөгөөд дэлхийн олон улс оронд байдаг. Тэдгээр нь онцгой гэрээнүүд байгуулж ариун нандин ёслолуудад оролцдог газар учраас Сүмийн цуглааны байруудаас өөр юм. Түүнчлэн ариун сүм дотор Сүмийн гишүүд нас барсан өвөг дээдсийнхээ болон энэ амьдралдаа хүлээн авах боломжгүй байсан бусад хүний өмнөөс төлөөлөн гүйцэтгэх ёслолуудыг гүйцэтгэж болно. Нас барагсад дараа нь тэдгээр ёслолыг хүлээн авч, аврагдаж, өргөмжлөгдөхийг сонгож болно.
Их Эзэний өргөөн дэх бүх зүйл бидэнд Тэнгэрлэг Эцэг, бидний Аврагч Есүс Христ хоёрын тухай болон Бурханы авралын төлөвлөгөөний талаар заадаг. Ариун сүм бол Бурхан Эцэг, Түүний Хүү хоёрт илүү ойртох газар юм. Тэдгээр нь бишрэн шүтэх, удирдамж заавар авахад зориулагдсан онцгойлон адислагдсан ариун газрууд. Ариун сүмд бид Бурханы Сүнсийг болон Түүний хайрыг мэдрэх боломжтой.
Бодох зүйлс
-
Көртландын ариун сүм нь хожмын үеийн гэгээнтнүүдийн барьсан хамгийн анхны ариун сүм юм. Үүнийг барихад олон золиослол гаргах хэрэгтэй байсан ч тэдгээр золиослолынх нь төлөө гэгээнтнүүдэд олон адислал амлагдсан. Сургаал ба Гэрээнүүд 97:8–16 дээрх эдгээр амлалтын талаар унш. Дараа нь Сургаал ба Гэрээний 110 дахь болон Гэгээнтнүүд: Хожмын үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн түүх номын 1-р боть Үнэний жишиг, 1815–1846 (2018)-ийн 232–233-р хуудасны 21-р бүлэг дэх Көртландын ариун сүмд гэгээнтнүүдэд тохиолдсон сүнслэг үйл явдлуудын тухай уншиж болно. Та Их Эзэний оршихуйг Өөрийнх нь ариун өргөөнд хэрхэн мэдэрч байсан бэ? Өнөө үед ариун сүмүүд баригдсанаар та өөр ямар ямар адислал хүлээн авсан бэ? Та мөн Их Эзэний өргөөнд адислалууд хүлээн авахын тулд ямар ямар золиослол гаргаж болохоо тунгаан бодож болох юм.
-
Хоёр ариун сүм яг адилхан байхгүй ч ариун сүм бүр дэх удирдамж заавар хүлээн авах, ариун нандин ёслолуудад оролцох, гэрээ байгуулах чухал өрөөнүүд нь ижил. Та “Inside Temples” (ChurchofJesusChrist.org) богино нийтлэлийг уншсанаар эдгээр өрөө ямар зориулалттай талаар илүү ихийг мэдэж авч болно. Ариун сүмд шүтэн бишрэхэд эсвэл өмнөхөөсөө илүү олон удаа шүтэн бишрэхэд сүнслэгээр өдөөсөн ямар зүйлийг та уг нийтлэлээс мэдэж авсан бэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Хэрэв боломжтой бол ойролцоох ариун сүм рүү хамтдаа яв. Та ариун сүмийн эргэн тойрны газраар чимээгүй алхаж эсвэл ариун сүмийн зургуудыг харж болно. Ийн үйлдэхдээ, “Би ариун сүм харах дуртай” дууны үгсийг унших юм уу аяархан дуулаарай. Дараа нь ариун сүмийн тухай бодол санаа, мэдрэмжээ бие биетэйгээ хуваалц. Их Эзэн яагаад өнөө үед ариун сүм барихыг бидэнд зарлигласан талаар бүлгээрээ ярилцаж болно. Илүү олон ариун сүм барьснаар хувь хүн, гэр бүл болон хамт олон ямар арга замаар адислагддаг вэ?
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Гэтлэл 26–27; 40; 2 Шастир 5; 2 Нифай 5:16; Сургаал ба Гэрээнүүд 88:119; 95:8–17; 124:38–42
-
“Why Latter-day Saints Build Temples,” ChurchofJesusChrist.org
-
“Welcome to the House of the Lord” (видео), youtube.com
-
Church History Topics, “Temple Building,” Gospel Library
-
Church History Topics, “Temple Dedications and Dedicatory Prayers,” Gospel Library
2-р хэсэг
Бид Их Эзэний өргөөнд сүнслэг хүч, удирдамж хүлээн авах боломжтой
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Ариун сүм бол илчлэлтийн газар юм. Тэнд та нарт селестиел амьдралын зүг хэрхэн өсөж хөгжихийг үзүүлдэг. Тэнд та нар Аврагчид илүү ойртож, Түүний хүчнээс илүү ихээр хүртэх боломжтой. Тэнд амьдралынхаа асуудлыг, бүр хамгийн төвөгтэй асуудлаа шийдэх удирдамж зааврыг хүлээн авна” хэмээн заасан. Ариун сүмд та нар сүнслэг тусламж, хүчийг олж авч чадна. Та нар мөн зовлон бэрхшээл, сорилтын дундуур урагшлах тайтгарал, хүч чадлыг олж чадна.
Түүнчлэн өөрийгөө бэлтгэж, “цэвэр гартай, ариун зүрхтэй” (Дуулал 24:4) байхыг эрэлхийлснээр Их Эзэний өргөөнд сүнслэг тусламж, удирдамж заавар хүлээн авах чадвараа өсгөн нэмэгдүүлж чадна. Энэхүү амар амгалан, ариун нандин, ариулан адислагдсан орон зайд Түүнтэй ойр байгаагаа мэдэрч, Түүний Сүнсний өдөөлтийг сонсох нь үргэлж илүү хялбар байдаг.
Бодох зүйлс
-
Танд чухал асуулт эсвэл хүнд асуудал байж болох юм. Та Их Эзэний удирдамж зааврыг эрэлхийлэхээр ариун сүмд цагийг өнгөрүүлэх талаар бодож үзсэн үү? Ариун сүмийн ёслолуудад оролцох нь таны асуулт эсвэл сорилт бэрхшээлийн талаар тодорхой ойлголттой болоход тань хэрхэн тусалж болох тухай бодож үз. Хэрэв ариун сүмийн зөвшөөрлийн бичиг байхгүй бол ариун сүмийн газраар тойрон алхаж, алхангаа залбирч, тунгаан бодож цагийг өнгөрүүлж болно. Хүлээн авсан аливаа өдөөлтөө бичиж авах талаар бод.
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Ерөнхийлөгч Нэлсон: “Хүндэт ах, эгч нар аа, та бүхэн ариун сүмд урьд өмнөхөөсөө илүү анхаарлаа төвлөрүүлэх болтугай. Би та бүхнийг Бурхан, Есүс Христ хоёрт өдөр бүр илүү ойртохын тулд өсөж хөгжихөөр адисалж байна” хэмээн заасан. Ариун сүмд анхаарлаа төвлөрүүлэх гэдэг нь юу гэсэн утгатайг ойлгохын тулд та нар харааг маань сайжруулахад бидэнд туслах зэмсгүүдийн тухай ярилцаж болно. Та нүдний шил, дуран эсвэл од эрхсийн дурангаар ээлжлэн харж болно (эсвэл эдгээрийн нэгнийх нь зургийг хар). Дараа нь ариун сүмд урьд өмнө байгаагүйгээрээ хэрхэн анхаарлаа илүү их төвлөрүүлж болох тухай ярилц. Мөн дараагийн хэдэн сарын турш ариун сүмд анхаарлаа төвлөрүүлснээр хүлээн авсан адислалуудаа тунгаан бодож, бичиж авч болох юм.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Рассэлл М.Нэлсон, “Ариун сүм ба таны сүнслэг байдлын суурь,” Лиахона, 2021 оны 11-р сар, 93–96
-
Дэйл Г.Рэнланд, “Гэрээнүүдээр дамжуулан Бурханы хүчийг авах нь,” Лиахона, 2023 оны 5-р сар, 35–37
3-р хэсэг
Их Эзэн хүн нэг бүрийг ариун сүмд ирэхийг урьдаг
Их Эзэн хүн бүрийг Өөрийнх нь ариун өргөөнд ирж, Өөртэй нь гэрээ байгуулаасай хэмээн хүсдэг. Гэхдээ Тэр эхлээд өөрсдийгөө бэлдэхийг биднээс хүсдэг. Бэлэн болохоосоо өмнө эдгээр гэрээг байгуулах нь үнэндээ ариун сүмийн адислалуудыг хүртэх бидний чадварыг хязгаарлана гэдгийг Тэр мэддэг. Тиймээс Тэрээр Өөрийнх нь адислалуудыг хүлээн авахын тулд хүн бүр дагаж амьдарвал зохих жишгийг, ариун сүмд ороход тавигдах сүнслэг байдлын жишгүүдийг тогтоосон юм.
Ариун сүмд орохын тулд ариун сүмийн зөвшөөрлийн бичигтэй байх хэрэгтэй бөгөөд үүнийг санваарын удирдагчидтайгаа ярилцлагад орсныхоо дараа хүлээн авдаг. Тэдний сүнслэг удирдамж заавар ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахад хэрхэн бэлтгэхийг мэдэхэд тань тусална. Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг тань Их Эзэний өргөөнд орох хувийн бэлтгэлээ хангасны бодит тэмдэг юм. Энэ нь та Бурханы зарлигуудад дуулгавартай байхыг хичээж байгаагийн тэмдэг юм. Энэ нь мөн та өөрөө, Их Эзэн болон Түүний төлөөлөгчид таныг Их Эзэний өргөөнд орохыг “зөвшөөрч байна” гэсэн үг.
Тэгээд хишиг хүртэх болон бусад ариун сүмийн ёслолыг хүлээн авсан бол түүгээр битгий зогс! Их Эзэний өргөө рүү буцаж очин, илүү ихийг олж мэдэхэд бэлтгэ. Силвиа Х.Оолрэд эгч: “Бид бүгдээрээ ижил зааврыг хүлээн авдаг, гэхдээ бид тэнд заагддаг мөнхийн үнэнүүдийг мэдэж, бясалган бодох хүсэл эрмэлзэлтэйгээр ариун сүмд олон удаа явах юм бол ёслолууд болон гэрээнүүдийн утга учрыг ойлгох бидний ойлголт өсөн нэмэгдэх болно” хэмээн заасан.
Бодох зүйлс
-
Сургууль дээр өгөх шалгалт, ажлын ярилцлага, сүм дээр заах хичээл гэх мэт ямар нэгэн чухал зүйлд бэлтгэх хэрэгтэй байснаа бод. Та хэрхэн бэлдсэн бэ? Бэлтгээгүй байсан бол юу болох байсан бэ? Дараа нь бид яагаад Их Эзэний өргөөнд орохын тулд бэлтгэх хэрэгтэй талаар тунгаан бод. Та Гэтлэл 40:7–15-ыг уншаад, Аарон болон түүний хөвгүүд мөргөлийн асарт орохоор бэлтгэхийн тулд юу хийснийг бодож үзэж болно. Та бас Сургаал ба Гэрээнүүд 97:15–16-г уншаад, зүрх сэтгэлээрээ цэвэр ариун байна гэдэг нь таны хувьд ямар утгатайг тунгаан бодож болох юм. Зүрх сэтгэлээрээ илүү цэвэр ариун байж, Их Эзэний өргөөнд шүтэн бишрэхэд сүнслэг байдлын хувьд илүү сайн бэлтгэх арга замууд байгаа эсэхийг эргэцүүлэн бод.
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Аврагч нас барж, амилсныхаа дараа Америк тивүүд дэх хүмүүс дээр айлчлан ирсэн. Тэрээр хамгийн түрүүнд Өгөөмөр нутаг дахь ариун сүмд ирсэн юм. 3 Нифай 11:1–10-ыг уншаад, Их Эзэн яагаад тэр газрын хүмүүст үзэгдэхийг сонгосон гэж бодож байгаагаа ярилц. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон тэрхүү айлчлалын талаар ийн хэлжээ. “Аврагч ариун сүмд хүмүүст харагдахыг сонгосон нь чухал ач холбогдолтой. Энэ бол Түүний өргөө. … Ариун сүмд илүү их цагийг өнгөрүүлэх нь юу юунаас илүүтэй амьдралыг тань адислах болно гэдгийг би амлаж байна.” Их Эзэн яагаад биднийг ариун сүмд ороосой гэж хүсдэг талаар ярилц. Хэрэв та ариун сүмд орж байсан бол орсныхоо төлөө хүлээн авсан адислалуудынхаа талаар бод. Хэрэв ойрхон ариун сүм байхгүй эсвэл өөр ямар нэгэн шалтгаанаар ариун сүмд шүтэн бишрэх боломжгүй бол ариун сүмд шүтэн биширч, ариун сүмийн гэрээнүүдээ дурсан санаснаар хүлээн авдаг адислалуудаа тогтмол тунгаан бодох зэргээр ариун сүм амьдралын тань чухал хэсэг хэвээр байж болох арга замуудын талаар ярилцаж болно.
-
Та Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч товхимлын 36–37-р хуудсан дээрээс ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн асуултуудыг олж болно. Ариун сүмд ороход тавигддаг Их Эзэний жишгүүдийг ойлгоход нь бие биедээ туслахын тулд нэг асуултыг судлахаар сонгож болох юм. Та асуултынхаа сэдвийн талаар илүү ихийг мэдэхийн тулд Судруудын удирдамж болон Сүмийн бусад материалыг ашиглаж болно. “Энэ нь яагаад ариун сүмд орох бэлтгэлийн чухал хэсэг болдог вэ?” гэж өөрөөсөө асуугаад, дараа нь сурсан зүйлээ нэг нэгэнтэйгээ хуваалц.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Дуулал 122:1; Исаиа 2:2–3
-
Роналд А.Расбанд, “Их Эзэнд зөвшөөрөгдсөн,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 22–25
-
“Prepare for the House of the Lord,” ChurchofJesusChrist.org
-
“Preparing to Enter the Holy Temple,” Gospel Library